“Ухаанаа ажиллуулдаг...” хэмээн хэрсүүхэн ярих энэ хүүг Б.Ариунбаяр гэдэг. Тэр Говьсүмбэр аймгийн зургадугаар цэцэрлэгийн бэлтгэл Б бүлэгт сурдаг бөгөөд төрөл бүрийн амьтан болон боржгон байшин угсарсан тухайгаа өгүүлсэн юм. Энэ хүү бол “Mongolia GreenMech” тэмцээнд нэгдүгээр байрт шалгарсан багийн гишүүн. Тус тэмцээнийг “Маргаашийн ирээдүйг хамтдаа бүтээе” уриатай, бүтээмжтэй, хүртээмжтэй боловсролын цогц шийдлийг хөгжүүлэх зорилготой “ШИМТ+ Боловсрол” компанийнхан Монгол Улсад анх удаа зохион байгуулав. “Mongolia GreenMech” тэмцээнд аймаг, нийслэлийн 30 цэцэрлэгийн 30 баг оролцож, ногоон дэлхий, монгол ахуй, ухаалаг хот, ирээдүйн инженерүүд, эх дэлхийгээ хайрлая гэсэн таван сэдвийн хүрээнд бүтээлч шийдэл, хурд хүч, авхаалж самбаа оюун ухаанаа уралдуулсан юм. Ингээд тэргүүн байрын эзнээр Говьсүмбэр аймгийн зургадугаар цэцэрлэгийн баг тодорч, Индонез улсад болох “World GreenMech” олон улсын тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох эрхийн эзэн болсон юм. Хоёрдугаар байрт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын хоёрдугаар, Увс аймгийн Улаангом сумын XI цэцэрлэг шалгарсан бол гуравдугаар байрт Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 291, Өмнөговь аймгийн Сэврэй сумын 20 дугаар цэцэрлэг, Хөвсгөл аймгийн “Гранд” цэцэрлэг орлоо. Нэг баг таван настай дөрвөн хүүхдээс бүрдэх бөгөөд тэд Улаанбаатар хот төдийгүй улсын хэмжээнд тулгамдаж буй олон асуудлыг хөндөж, түүнийг хэрхэн шийдвэрлэх тухай гарц шийдлийг бүтээлээрээ харуулсан юм. Тавхан настай хэрнээ тэд агаарын бохирдол, түгжрэл, автомашины осол аваар, цахилгаан эрчим хүч, байгаль экологийн асуудалд эмзэглэж явдгийг бүтээлүүд нь илтгэж байлаа. Тиймээс энэ мэт олон асуудлыг бяцхан инженерүүд шинжлэх ухаанч байдлаар шийдвэрлэж, харуулсанд тэмцээний утга учир оршиж байв.
Боржгон байшинтай “Ухаалаг хот”-ыг бүтээгчид тэргүүлэв
Тэргүүн байрын эзэд 2000 ширхэг блок ашиглаж, 30 төрлийн 72 барилга, байгууламжтай “Ухаалаг хот”-ыг сүндэрлүүлсэн байлаа. Тухайлбал, нэг ширхэг ч хадаас ашиглахгүй барьдаг боржгон байшин, автомашингүй тоглоомын талбай, нар болон салхин сэнс гэх мэтээр цааш хөвөрнө. Ингэж бүтээлээ урлахдаа тэд Монгол үндэснийхээ соёл, уламжлалыг шингээсэн тухай Говьсүмбэр аймгийн зургадугаар цэцэрлэгийн багш Д.Урантөгс ярилаа. Тэрбээр “Хүүхдүүд өөрсдийн аймаг, угсаатны онцлогийг илтгэдэг, нэг ширхэг ч хадаас ашиглахгүй барьдаг боржгон байшингаа бүтээж чадсан. Манай цэцэрлэг “STEAM” хөтөлбөрийг 2023-2024 оны хичээлийн жилд хэрэгжүүлж байгаа. Бид тэмцээний удирдамжтай танилцаад таван сэдвээс “Ухаалаг хот”-ыг сонгон авч, зохиол бичиж, эхний шатанд тэнцсэн. Харин хоёрдугаар шат буюу тэмцээнийхээ талбай дээр зохиолд дүрслэгдсэн бүх дүр, барилга, байгууламжийг хүүхдүүд өөрсдийн гараар угсарлаа. Энэхүү “STEAM” хөтөлбөр бол хүүхдүүдийг танин мэдэхүй, математик, инженер, шинжлэх ухаанч байдал, оюун ухаан, бие бялдар гээд бүх талаар цогцоор нь хөгжүүлдгээрээ онцлогтой. Хүүхэд тоглонгоо суралцдаг, бас хөгждөг” хэмээгээд хөтөлбөрийг түгээн дэлгэрүүлж буй “ШИМТ+Боловсрол” компанийн хамт олонд талархал илэрхийлж, илүү олон цэцэрлэг, сургуульд хэрэгжүүлэхийг хүсэж буйгаа уламжиллаа.
Тэд олон улсын тэмцээнд оролцохдоо “Ухаалаг хот”-оо Монгол үндэснийхээ соёл, уламжлалт ахуйтай холбож, илүү өргөн хүрээнд баяжуулахаар төлөвлөж буйгаа хэллээ.
“ШИМТ+Боловсрол” компаниас хэрэгжүүлж буй “STEAM” буюу “ШИМТ Kinder” хөтөлбөрт хүүхдүүд хамрагдахаас гадна тухайн байгууллагын удирдлага, багш, эцэг эхийн оролцоо чухал үүрэгтэй болохыг аль аль нь тодотгон хэлж байлаа. Тухайлбал, Говьсүмбэр аймгийн зургадугаар цэцэрлэгийн бэлтгэл Б бүлгийн суралцагч Ц.Тэнгисийн аав О.Цэрэнжаргал тус хөтөлбөр болон тэмцээний талаар: “Хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн цагаас цэцэрлэгийн удирдлага, багш, эцэг эх бид бүхэн уялдаа холбоотой хамтарч ажилласан. Угсардаг тоглоомоо худалдаж авахаас өгсүүлээд тэмцээнд орох бэлтгэл хангах гээд бүх шатандаа төлөвлөгөөний дагуу бид хамтарч ажиллаж чадсан учраас хүүхдүүд амжилт гаргалаа гэж бодож байна. “Ухаалаг хот” сэдвийг сонгосон учраас хүүхдүүд маань энэ хүрээнд аюул эрсдэлгүй, амар тайван бөгөөд байгальд ээлтэй хотыг бүтээсэн. Хүүдүүдийн хийсэн барилга, байгууламжаас онцлох нь боржгон байшин, морин хуур байлаа. Тэмцээний талбай дээр байхдаа хүү маань илүү гарсан блокоороо морин хуур хийчихсэн байсан. Зохиолд нь морин хуур хийх талаар дурдаагүй байсан. Энэ бол хүүхдүүд сэтгэн бодох, бүтээлч чадвартай болж байгаагийн илэрхийлэл” хэмээгээд үр дүнтэй, өгөөжтэй хөтөлбөр хэрэгжүүлж буй “ШИМТ+Боловсрол” компани болон Говьсүмбэр аймгийн зургадугаар цэцэрлэгийн хамт олонд талархаж буйгаа илэрхийллээ.
Сансар судлалын хүрээлэн болон нисдэг автомашин бүтээгчид
“Mongolia GreenМech” тэмцээнд нэг аймаг, дүүргээс хэд хэдэн цэцэрлэг оролцож байлаа. Тухайлбал, нийслэлийн Баянгол дүүргийн улсын тэргүүний 161 дүгээр цэцэрлэгийн “Золбоо” багийнхан “Ухаалаг хот” сэдвийн хүрээнд бүтээлээ угсрахдаа байгальд ээлтэй, тав тухтай амьдрах цогц орчин нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарчээ. Тухайлбал, усан парк, цэцэрлэгт хүрээлэн барьж, эрчим хүчээ нар, салхиар шийдэхээс гадна метроны зам байгуулсан байлаа. Мөн жилийн дөрвөн улиралд олон улсын спортын тэмцээн уралдаан зохион байгуулах бүрэн хэмжээний хотхон, дэлхийн хэмжээний сансар судлалын хүрээлэнтэй болох мөрөөдлөө дүрсэлсэн байв. Тэмцээний эхний шалгаруулалтад хэрхэн оролцсон талаараа тус цэцэрлэгийн бэлтгэл Б бүлгийн багш Ч.Болормаа “Бид хүүхдүүдтэйгээ ярилцаад “Ухаалаг хот” сэдвийг сонгон авч, 3000 он дахь Улаанбаатар хотын тухай зүүдэлж буй хүүгийн тухай зохиол бичсэн. Хүүхдүүд зохиолынхоо дагуу 1646 блок ашиглан 70 гаруй барилга, байгууламж бүхий “Ухаалаг хот” босгосон” гэлээ.
“ШИМТ” хөтөлбөрийг Монгол орны өнцөг булан бүрд хэрэгжүүлж буй. Тухайлбал, Увс аймгийн Улаангом сумын XI цэцэрлэг тус хөтөлбөрийг хоёр жилийн өмнөөс хэрэгжүүлж байгаа бөгөөд бага бүлгээс бусад ангид долоо хоногт хоёр удаа ордог байна. Алс баруун хязгаараас ирсэн багийнхан “Ухаалаг хот” сэдвийн хүрээнд 510 ширхэг блок ашиглан 23 төрлийн 46 барилга, байгууламж угсарчээ. Ингэхдээ Улаанбаатар хотын автомашины түгжрэлийг шийдэх шийдлүүдийг дэвшүүлсэн байв. Тухайлбал, нисдэг автомашин, олон давхар автозам, мөн газар доогуурх метроны замыг хүртэл бүтээсэн байлаа. Нисдэг автомашин нь Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад нөлөөлөхөөс гадна орон нутаг руу ялангуяа хот, суурин газраас алслагдсан аймаг, сум руу цаг алдахгүй, түргэн шуурай зорчих боломжтой гэдэг агуулгаар бүтээсэн талаар багийн хүүхдүүд ам уралдан ярих нь тэдний сэтгэлгээ хязгааргүйг илтгэж буй. Тус цэцэрлэгийг төлөөлөн оролцож буй “Хөөрхөн дэлхий” багаа жендэрийн тэнцвэрт байдлыг хангаж хоёр эрэгтэй, хоёр эмэгтэй хүүхдээр бүрдүүлсэн гэдгийг бэлтгэл бүлгийн багш Г.Мөнхгэрэл хэллээ. Тэрбээр “Хүүхдүүд “ШИМТ” хөтөлбөрөөр хичээллэснээр сэтгэн бодох чадвараа хөгжүүлэх, сууж сурах, тэвчээртэй байх, багаар ажиллах чадвартай болох гэх мэт маш олон давуу талыг бий болгож байгаа” гэв.
“Mongolia GreenMech” тэмцээнийг “ШИМТ” хөтөлбөрийг хэрэгжүүлж буй цэцэрлэгүүдийн дунд зохион байгуулж эхний шатанд 103 цэцэрлэг дээр дурдсан сэдвийн хүрээнд зохиол бичиж оролцсон бөгөөд үүнээс шалгарсан 30 баг буюу “ШИМТЭЙ” бяцхан инженерүүд бүтээлээ “амилуулж” өрсөлдөн шилдгүүдээ тодруулсан юм.
Ц.Хос-Очир: Бидний зорилго боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх
Тайванийн “Gigo” брэндийн албан ёсны төлөөлөгч “ШИМТ-Боловсрол” компанийн хэрэгжүүлж буй хүүхдүүд цэцэрлэг болон сургуульдаа тоглонгоо шинжлэх ухаан, технологи, инженерчлэл болон математик, гоо зүйн боловсролыг эзэмших боломж бүхий “ШИМТ Kinder” хөтөлбөрийн талаар тус компанийн гүйцэтгэх захирал, физикийн ухааны доктор Ц.Хос-Очиртой цөөн хором ярилцлаа.
-Та бүхний хэрэгжүүлж буй хөтөлбөр болон зохион байгуулж буй тэмцээний зорилго, ач холбогдол юу вэ?
-Бид 2019 онд “ШИМТ+Боловсрол” компанийг үүсгэн байгуулж, түүнээс хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. “ШИМТ” хөтөлбөр бол олон улсын “STEAM” хөтөлбөрийн монгол хувилбар гэж ойлгож болно. Энэхүү хөтөлбөрөөр хүүхдүүдийн шинжлэх ухаан, инженерчлэл, математик, технологийн мэдлэг, ур чадварыг хөгжүүлдэг. Хүүхдүүд ямар ч сэдвээр чөлөөтэй, хязгааргүй сэтгэж, түүнийгээ блокоор угсарч зохион бүтээх боломжтой. Тэмцээний тухайд гэвэл, хүүхдүүдийн бүтээл урлаж буй энэхүү угсардаг тоглоомыг үйлдвэрлэгч болох Тайвань “World GreenMech” тэмцээнийг зохион байгуулдаг. Бид энэхүү тэмцээний эрхийг албан ёсоор авч, хөтөлбөр хэрэгжүүлж буй цэцэрлэгүүдийнхээ бэлтгэл бүлгийнхний дунд “Mongolia GreenMech” тэмцээнийг энэ жил анх удаа зохион байгууллаа. Тэмцээнд оролцож буй багууд зохион байгуулагчдын зүгээс өгсөн таван сэдвээс сонгон түүнийхээ хүрээнд олон төрлийн загвар ашиглан амьтан, барилга, байгууламж угсарч өрсөлдлөө. Ингэхдээ тухайн байгууламж хэрхэн яаж ажилладаг вэ гэдгийг мөн давхар харуулж буйгаараа онцлогтой.
-Тэмцээнд оролцож буй багууд буюу хүүхдүүд бүтээлээрээ ихэвчлэн ямар зүйлийг томчуудад хэлж ойлгуулахыг хүсэж байна вэ?
-Хүүхдүүд томчууд бидэнд санаа авч хэрэгжүүлмээр олон чухал шийдлийг бүтээлээрээ хэллээ. Улаанбаатар хот автомашины түгжрэлтэй. Маш олон цагийг түгжрэлд зарцуулдаг учраас эцэг, эхчүүд хүүхдүүддээ цаг зарцуулж чаддаггүй гэдгийг бүтээлээрээ хөндөж, гарц шийдэл дэвшүүлж байх жишээтэй. Мөн агаарын болон төмөр замын шийдлүүдийг бүтээлдээ тусгаж өгч байна. Ингэснээр Улаанбаатар хот түгжрэлгүй болж, эцэг эхчүүд илүү их цагийг хүүхдэдээ зориулах боломжтой болно гэдгийг харуулж байна. Мөн автомашин байгаль дэлхийд ямар хор нөлөөтэй байдаг вэ гэх мэт олон асуудлыг хөндөж, гарц шийдлийг харууллаа.
-Танайх одоогоор хэчнээн цэцэрлэг, сургуульд хөтөлбөрөө хэрэгжүүлж байна вэ?
-Улсын хэмжээнд сургалтын 200 гаруй байгууллагатай хамтарч ажиллаж байна. Орон нутгийн тухайд бүх аймагт хэрэгжүүлж байгаа.
-Цэцэрлэг, сургуулиуд “ШИМТ” хөтөлбөрийг үр дүн, үр бүтээлтэй хэрэгжүүлж чадаж байгаа юу?
-Хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлж буйн нэг бодит жишээ бол энэхүү тэмцээн юм. Анх удаа зохион байгуулж байгаа гэхэд цэцэрлэгүүд идэвхтэй, маш их хичээл зүтгэлтэй оролцлоо. Хүүхдүүд ч дуртай, сонирхолтой байгаа нь харагдаж байлаа. Тэд бүтээлээ дурлаж, жаргаж хийхээс гадна ямар асуудал хөндөж, түүнийгээ хэрхэн шийдвэрлэсэн тухайгаа өөрсдөө чөлөөтэй тайлбарлаж чадаж байгаа нь хөтөлбөрийн үр дүн. Өөрөөр хэлбэл, бүтээлч байдал нь сайжрахаас гадна өөрийгөө илэрхийлэх чадвартай болж байна.
-Та бүхний цаашдын зорилго, зорилт юу вэ?
-Бидний зорилго бол боловсролын чанарыг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэж байгаа юм. Тодруулбал, орон нутгийн сургууль, цэцэрлэгт сурч хүмүүжиж буй хүүхдүүд Улаанбаатар хотынхтай адил боловсрол, мэдлэг эзэмших нөхцөл боломжийг бүрдүүлэх зорилгоор энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм. Одоогоор хөтөлбөрөө цэцэрлэгүүдэд нэлээд амжилттай хэрэгжүүлж байна. Харин цаашид ерөнхий боловсролын сургуульд ялангуяа бага ангийнханд зориулсан хөтөлбөрөө илүү сайжруулж, хамрах хүрээ хүртээмжийг нь нэмэгдүүлэхэд анхааран ажиллаж байна.
С.Юмсүрэн
Эх сурвалж: Монголын үнэн сонин №020/24599/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна