Монгол Улс гепатитын вирусийн халдварын тархалт, нас баралт өндөртэй орны тоонд ордог бөгөөд энэхүү халдвараас үүдэлтэй элэгний хатуурал, хорт хавдар нь хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаан болж байна. Тухайлбал, манай улсад гепатитын D вирусийн халдвартай 60 гаруй мянган иргэн байх магадлалтай гэх тооцоог ДЭМБ-аас гаргажээ. Харин холбогдох төрийн бус байгууллагынхны тооцооллоор элэгний B, D вирустэй 150 мянга орчим иргэн байгаа аж. Гепатитын D вирусийн халдвар дангаар байдаггүй бөгөөд В, D вирусийн хавсарсан халдварын 80 хувь нь элэгний архаг үрэвсэл, хатуурал, хорт хавдраар хүндэрдэг байна.
ДЭМБ-аас мэдээлж буйгаар дэлхийн хэмжээнд гепатитын B вирусийн халдварын улмаас жилд 820 мянга буюу энэ төрлийн халдвартай дөрвөн хүн тутмын нэг нь элэгний хорт хавдар, дутагдлын улмаас нас бардаг байна. Тус байгууллагын тооцоолсноор арван монгол хүн тутмын нэг нь гепатитын В вирусийн, 20 хүн тутмын нэг нь С вирусийн архаг халдвартай аж. Тиймээс салбар яамнаас гепатитын D вирусийн эмчилгээнд хэрэглэх зорилгоор импортлох булевиртид эмийг Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг өргөн барьж, батлууллаа. Ингэснээр D вирусийн халдварын эмчилгээг эхлүүлэхэд нэг алхам ойртов.
D вирусийн эмчилгээнд хэрэглэх эмийг худалдан авахад 12.8 тэрбум төгрөг зарцуулна
Эрүүл мэндийн тухай хуульд “Хүн амд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг ялгаварлан гадуурхахгүйгээр тэгш, хүртээмжтэй үзүүлэх” гэж заасан тул гепатитын В ба D вирусийн хавсарсан халдвартай үед хэрэглэх эмийн үнийг бууруулж иргэдэд учрах санхүүгийн дарамтыг багасгах зорилгоор энэхүү хуулийн төслийг боловсруулан батлуулсан тухай мэдээллийг салбар яамнаас өглөө.
Засгийн газраас хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг болж байгаа гепатитын вирусийн халдвараас сэргийлэх, оношлох, эмчлэх зэрэг олон талт арга хэмжээг авч хэрэгжүүлж буй. Тухайлбал, 2011-2015 онд Халдварт өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөр, Вируст гепатиттай тэмцэх, сэргийлэх зорилтот хөтөлбөр, 2017-2021 онд “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлсэн юм. Түүнчлэн Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд “Элэг бүтэн Монгол” арга хэмжээг хэрэгжүүлэн гепатитын D вирусийн халдвартай иргэдийг эмчилгээнд хамруулахаар тусгасан. Энэхүү арга хэмжээний 2023-2024 оны санхүүжилтээс 12.8 тэрбум төгрөгийг гепатитын D вирусийн эмчилгээнд хэрэглэх булевиртид эмийг худалдан авахад зарцуулахаар төсөвлөсөн байна.
Иргэний эрүүл мэндийг хамгаалах нь хоёр талтай асуудал. Нэг нь нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, нөгөөх нь эмнэлгийн тусламж үйлчилгээ байдаг. Сүүлийн жилүүдэд бид нэг дэх асуудлыг орхигдуулж, өвчилсөн хойно нь эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх гэж асар их цаг хугацаа, хөрөнгө мөнгө зарж ирсэн. Бусад улс орны туршлагаас харахад нийгмийн эрүүл мэнд, анхан шатны тусламж үйлчилгээндээ дийлэнх хөрөнгө мөнгөө хуваарилж байна. Гэтэл манайх олон улсын жишгийн эсрэг бүтцээр явж байна. Тиймээс бид холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна Иргэдийг аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд жил бүр эрт илрүүлэх оношилгоо шинжилгээнд хамруулах арга хэмжээг авахаас гадна хамгийн чухал нь иргэний эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх асуудал юм. Иргэний эрүүл мэндийн асуудлын 50-60 хувь нь тухайн хүний амьдралын хэв маяг, дадал зуршлаас хамааралтай гэдгийг судалгаа шинжилгээгээр тогтоосон байдаг. Тиймээс цаашид бид иргэний эрүүл мэндийн боловсролыг сайжруулах, зөв дадал хэвшил суулгахад анхаарч ажиллана” гэлээ.
С.Юмсүрэн
Эх сурвалж: Монголын үнэн сонин №020/24599/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна