ЭМД-аа төлсөн иргэн та эмнэлэг, сувиллын газраар үйлчлүүлэхдээ ямар үйлчилгээнд хөнгөлөлт эдлэх вэ? ЭМДҮЗ-өөс 2024 оны Жагсаалт, төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, журам шинэчлэн батлах тухай тогтоолыг ЭМБ баталжээ. Үүнтэй холбоотой ЭМД-ын хөнгөлөлттэй үйлчилгээнд ямар өөрчлөлт оруулсныг хүргэе.
Эмч нэг иргэнд 10 минутаас багагүй хугацаагаар үйлчилнэ
Та аль нэг эмнэлгээр үйлчлүүлээд сэтгэл ханамжийн баталгаа хэр авдаг вэ? Өнөөдөр эмчид үзүүлэхдээ урьдчилан цаг авч, очиж үйлчлүүлдэг болсон нь дугаарлаж зогсох цагийг хэмнэж байна. Гэхдээ л өрхийн эмнэлгээс эхлээд иргэд эмчид үзүүлэхдээ дугаарласан хэвээр. Ийн дугаарлан хүлээж, эмчдээ үзүүлээд сэтгэл дундуур буцах тохиолдолд бишгүй байдаг. Судалгаагаар нэг үйлчлүүлэгч эмчид үзүүлэхэд 2-6 минут зарцуулдаг байна. Харин ЭМДҮЗ-ийн шинэчилсэн тогтоолоор нэг иргэн эмчид үзүүлэх цагийн хугацаа 10 минутаас багагүй байхаар тусгажээ. Ингэснээр эмч тухайн иргэнд эмнэлгийн тусламж үйлчилгээ, зөвлөмжийг өгч чадна гэж үзжээ.
Өндөр өртөгтэй оношилгоо хийлгэхэд төлбөрийн 30 хувийг иргэн хариуцна
ЭМДЕГ өнөөдрийн байдлаар 328 лавлагаа шатлалын буюу эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг эмнэлэгтэй гэрээ байгуулжээ. Гэрээ байгуулсан амбулаторийн тусламж үйлчилгээ үзүүлдэг эмнэлгээр үйлчлүүлэхдээ ЭМД-аа төлсөн иргэн нэмэлт төлбөр төлөх шаардлагагүй. Харин өндөр төлбөртэй шинжилгээ, оношилгоо хийлгэхэд хамтын төлбөрийн 30 хувийг төлөх юм. Өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээ гэдэгт 45 мянга буюу түүнээс дээш төлбөртэй тохиолдолд хамтын төлбөрийн талаар ЭМДҮЗ-ийн тогтоолд тусгажээ. Гэхдээ энэ заалт өндөр настан, хоёр хүртэлх насны хүүхдээ асарч байгаа эхчүүд, 18 нас хүрээгүй хүүхдэд хамаарахгүй.
Давхардуулан төлсөн ЭМД-ийн шимтгэлийг буцааж олгоно
ЭМД-ийн буцаан олголтыг ямар нөхцөлд олгодог вэ. ЭМДС-гаас олгож байгаа санхүүжилтийг эмнэлэгтэй гэрээлэн хийдэг байна. Ингэснээр тухайн иргэнд эмнэлгээс үзүүлсэн тусламж, үйлчилгээг худалдан авч байгаа юм. Харин иргэн шимтгэлээ давхардуулан төлсөн тохиолдолд буцаан олголт хийдэг байна. Иргэд E-Mongolia цахим хуудсаараа дамжуулан ЭМД-аа төлдөг болсон. Харин иргэд E-Mongolia цахим хуудсанд нэвтрээд, бусад хүний ЭМД-ийг төлөх үедээ андуурч, өөрийнхөө регистрийн дугаараар төлөлтийг давхардуулан хийх тохиолдол гардаг байна. Энэ тохиолдолд ЭМДЕГ-т албан хүсэлтээ өгч, давхардуулан төлсөн шимтгэлийн буцаан олголтоо авах боломжтой аж.
Хэвтэн эмчлүүлж байгаа иргэн гаднаас эм тариа авсан бол төлбөрөө буцаан авна
Иргэд эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлж байгаа тохиолдолд хамтын төлбөр гэх зэрэг нэмэлт төлбөр төлөх ёсгүй аж. Харин иргэн өөрийн ая тухтай байдлыг хангаж, төлбөрт өрөөнд хэвтэх тохиолдолд тухайн эмнэлгээс хамаарч нэмэлт төлбөр бодогдоно. Эм тариа авах, эмнэлгийн хэрэгсэл авах, хэвтэн эмчлүүлж байх тохиолдолд лабораторийн шинжилгээ өгөхдөө төлбөр төлөхгүй зохицуулалт хийжээ. Харин хэвтэн эмчлүүлж байгаа иргэний эм тариа тухайн эмнэлэгт байхгүй тохиолдолд гаднаас худалдан авна. Ингэснээр тухайн эм худалдан авсан баримтаа үндэслэн хэвтэн эмчлүүлж байгаа эмнэлгээс мөнгөө буцаан авах юм.
Зарим сувилал 100 хувь хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
Улсын хэмжээнд 2024 онд нийт 47 сувилал ЭМДЕГ-тай гэрээ байгуулжээ. Үүнээс нийслэлд 22, орон нутагт 25 байгууллага сувиллын тусламж үйлчилгээг үзүүлж байна.
Сувиллаас үзүүлэх тусламж, үйлчилгээг ЭМДҮЗ-ийн тогтоол шинэчлэлийн хүрээнд гурван гол оношийн хамрах бүлгийн өөрчлөлтийг тусгажээ. Үүнд:
1.Сувиллын байгууллагаас үзүүлэх сувиллын тусламж, үйлчилгээнээс 260 мянган төгрөг,
2.Сувиллаас үзүүлэх сэргээн засахын тусламж, үйлчилгээнээс 400114 мянган төгрөг,
3.Сувиллаас үзүүлэх уламжлалтын тусламж үйлчилгээнээс 416 мянган төгрөгийн хөнгөлөлтийг тус тус эдлэх юм байна.
Энэ нь хамтын төлбөргүйгээр 100 хувь ЭМДС-гаас хөнгөлдөг аж. Иргэн, даатгуулагч ЭМД-д хамрагдсан бол сувиллаас үзүүлэх тусламж үйлчилгээг жилд нэг удаа авах боломжтой. Мөн сувиллын байгууллагаас үзүүлэх сэргээн засах болон уламжлалын хэвтэн эмчлүүлэх тусламж, үйлчилгээний зардалд оношилгоо шинжилгээний зардал багтсан байна. Тиймээс оношилгоо, шинжилгээ хийхтэй холбоотой нэмэлт төлбөр авахгүй байх зохицуулалтыг тусгажээ. Сувиллаас үзүүлэх тусламж, үйлчилгээ харилцан адилгүй. Тиймээс зарим сувилал нэмэлт төлбөртэй бол зарим нь 100 хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчлэх аж.
Н.Энхлэн
Эх сурвалж: Монголын үнэн сонин №022/24601/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна