Л.Нямсүрэн: Хүрээлэн буй орчны эрүүл мэндтэй холбоотой дэлхийн тэмдэглэлт ажлуудыг хэрэгжүүлж байна


НЭМҮТ-ийн Орчны эрүүл мэнд, нөлөөллийн үнэлгээний албаны дарга Л.Нямсүрэнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Энэ зун хэт халах цаг агаарын төлөв гарчээ. Үүнээс үүдэн нарших, түүнчлэн үер усны дараа гардаг халдварт өвчний тохиолдол нэмэгдэх эрсдэлтэй байдаг. Үүнд танай байгууллагаас хэрхэн анхаарч ажиллахаар төлөвлөөд байна вэ?

-Манай байгууллага энэ жил нүхэн жорлон, үерийн асуудалд онцгойлон анхаарч ажиллаж байна. ДЭМБ, ЭМЯ-тай хамтраад үерийн үеийн бэлэн байдлын цуврал мэдээ, мэдээллийг боловсруулан, айл өрхүүдэд гарын авлага  тараана. Өнгөрсөн жилийн үерийн дараагаар гэдэсний халдварт өвчин өмнөх жилүүдээс гурав дахин нэмэгдэж, 6000 тохиолдол бүртгэгдсэн. Энэ бүхэн нүхэн жорлонгоос үүдэлтэй.

Гэр хорооллын айлууд нүхэн жорлонгоо үерт автахаас сэргийлж, шуудуу татах, соруулах зэргээр халихгүй, усанд автуулахгүй байлгахад анхаарах хэрэгтэй.

Хэт халалтад өндөр настан, цусны даралттай болон жингийн илүүдэлтэй хүмүүс илүү өртөмтгий байдаг.  Мөн бага насны хүүхдийг гадаа олон цагаар наранд тоглуулахгүй байхад  анхаарал хандуулах шаардлагатай. Түүнчлэн гадаа олон цагаар ажилладаг хүмүүс эрүүл мэнддээ анхаарч,  цэвэр ус ууж, нарны малгай, шилээ зүүж, сэргийлэх хэрэгтэй.

-Гэр хорооллын айл өрхүүд хувиараа бохирын цооног гаргуулж, нүхэн жорлонгоос  татгалзаад эхэлсэн. Энэ нь хөрсний бохирдлыг бууруулахад нөлөө үзүүлж байна уу?

-Тэгэлгүй яах вэ. Улаанбаатар хотын хэмжээнд 150 мянга гаруй нүхэн жорлон байдаг. Үүний цаана ашиглаад орхисон нүхэн жорлонгууд ч бий. Энэ нь газар доорх усны бохирдлыг үүсгэдэг. Тиймээс гэр хорооллын иргэд хавар, намартаа нэг удаа мэргэжлийн байгууллагаар нүхэн жорлондоо ариутгал хийлгэж, халдваргүйжүүлж байх нь чухал юм.

-Нүхэн жорлон зөвхөн гэр хорооллын айл өрхүүдэд хамаарахгүй. Орон нутагт  ч “00”-ын асуудал хүндрэлтэй байдаг. Үүнд танай байгууллагаас хэрхэн анхаарч байна вэ?

-Аялал жуулчлалын бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн хүрээнд “Жорлонгоо сайжруулах аян”-ыг энэ жил зохион байгуулна. Бид БОАЖЯ-наас аялал жуулчлалын байгууллагын жагсаалтыг авсан. Тэднийг бүсчилсэн байдлаар сургалтад хамруулна. Дотоод, гадаадын жуулчид ирэхэд жорлонгийн бэлэн байдлыг хангаж, засвар, үйлчилгээ хийх талаар зөвлөмж хүргүүлнэ. Учир нь, аялал жуулчлалын баазад очиход гурван тасалгаатай жорлонгийн хоёр нь цоожтой, нэг нь онгорхой, дараалал үүсгэсэн байдалтай байдаг.

-Улаанбаатар хотын хөрсийг бохирдол ихтэй гэдэг.  Хөрсний бохирдлоос үүдэлтэй өвчлөлөөс хэрхэн  сэргийлэх вэ?

-Хавар, намрын улиралд хөрсний бохирдол ихэсдэг. Нийслэлийн хэмжээнд хөрсний бохирдлын 74 тогтсон цэгээс шинжилгээ авдаг. Нийслэлийн дүүргүүдээс хамгийн их хөрсний бохирдолтой нь Баянзүрх байгаа бол  Сонгинохайрхан удаалж байна. Харин хөрсний бохирдол багатай дүүрэгт Сүхбаатар орж байна.  Хөрсний бохирдлын эх үүсвэр нь  гэр хорооллын нүхэн жорлон, ил задгай хог хаягдал болдог.  Улаанбаатар хотын тухайд хүн амын төвлөрөл ихтэй гэр хорооллын орчин, үйлдвэр, үйлчилгээний газар олонтой зах, худалдааны төвийн орчинд хөрсний бохирдол их бий. Тогтвортой хөгжлийн зорилтод гэдэсний халдварт өвчнийг хөрсний бохирдолтой холбоотой гэж тодотгосон байдаг. Хөрсний бохирдлоос шалтгаалж бага насны хүүхдүүд цусан суулгалтаас эхлээд халдварт өвчнөөр халдварладаг. Бага насны хүүхдүүдийн дунд тохиолдох гар, хөл, амны өвчин, халдварт шар өвчин голчлон хөрсний бохирдолтой холбоотой байдаг.

-Нийслэлчүүд зуны улиралд улиасны цагаан хөвөнд “дарагддаг”. Үүнээс  үүдсэн харшлыг хэрхэн эмчлэх вэ?

-Хүн амын дунд харшил төрүүлэгч шалтгааны хэд хэдэн хүчин зүйлс байдаг. Тухайлбал ургамлын тоосонцор, сул шороо тоос, нарны хэт ягаан туяа, хэт халуун, хэт хүйтэн цаг агаар, ахуйн хэрэглээний бодис, гоо сайхны бүтээгдэхүүн, зарим төрлийн хоол хүнс, эм тариа, гэрийн тэжээвэр амьтан мод, цэцэгний тоосноос харшил их үүсдэг. Манай улсын хувьд таван  хүн тутмын нэг нь харшилтай гэсэн судалгааны үр дүн байдаг бөгөөд үүний 80 хувь орчим нь ургамлын тоосны харшилтай байна.

Тухайн мод, цэцэгний тоосноос харшил их үүсдэг. Харшлын хугацаа таваас есдүгээр сар хүртэл үргэлжилнэ . Ургамал өглөөний 04:00-09:00 цаг хүртэл,  орой 17:00-22:00 цагийн хооронд тоосоо гөвдөг. Энэ үер ханиалгах, багтрах, нүднээс нулимс гоожих зэргээр харшил сэдэрдэг. Тиймээс харшилтай иргэд дээрх цагуудад цонх, салхивчаа онгойлгохгүй байх хэрэгтэй. Энэ үеэр гадуур явах шаардлага гарвал амны хаалт зүүгээрэй.

-Дэлхийн байгаль  орчны өдөр зургадугаар сарын 5-нд тохиолоо. Манай улс энэ өдрийг ямар зорилтын хүрээнд тэмдэглэн өнгөрүүлэв?

-НҮБ-аас энэ жилийн Дэлхийн байгаль орчны өдрийг “Газрын доройтол, цөлжилтөөс сэргийлье” уриан дор тэмдэглэн өнгөрүүллээ. Бидний хувьд Монголд байгаа цөлжилттэй холбоотой судалгаа мэдээллийг иргэдэд хүргэж, хэрхэн сэргийлэх шийдлийг хүргэж ажиллалаа.

Өнгөрсөн жил “Хуванцрын бохирдлыг бууруулъя” уриатай тэмдэглэсэн. Энэ хүрээнд бид нийслэлийн есөн дүүрэгт анхан шатны байгууллагын ажилтнуудад хуванцрын бохирдлын талаар заавар, зөвлөгөө өгч ажилласан.

-Хотжилттой холбоотой дуу чимээний сөрөг нөлөөллөөс үүдсэн өвчлөл их байдаг. Түгжрэл, тээврийн хэрэгслийн дуу чимээнд иргэд бухимдсанаас стресст орлоо гэдэг. Энэ сөрөг нөлөөллийг бууруулахад юуг анхаарах вэ?

-Манай орны онцлогоос хамаарч дулааны улиралд барилга, бүтээн байгуулалтын ажил өрнөдөг. Хотжилттой холбоотой тээврийн хэрэгсэл олшрохын хэрээр дуу чимээ ихэсдэг. Дуу, шуугиантай холбоотой чихэнд ачаалал ирснээс эхний ээлжид сонсгол буурах, сонсголоо алдах эрсдэлтэй.

-Орчны бохирдолд ямар хүчин зүйлс  хамаардаг вэ? 

-Манай байгууллага орчны эрүүл мэндийн тандалт хийдэг. Улаанбаатар хотод Монгол Улсын хүн амын талаас илүү хувь нь амьдарч байна. Ус, хөрс, агаар, уур амьсгалын өөрчлөлт, хог хаягдал, химийн хортой бодис, хотжилт гээд орчны бохирдол маш өргөн ойлголт.  Дэлхийн нийт хүн амын өвчлөл, нас баралтын 4/1 буюу 24 орчим хувь нь орчны бохирдлоос үүдэлтэй гэсэн тооцоо судалгааг ДЭМБ-аас гаргасан байдаг. 2021 онд явуулсан судалгаагаар манай улсад сүүлийн жилүүдэд агаарын бохирдолтой холбоотой уушгины хатгалгаа  18 хувиар, уушгины архаг бөглөрөл 13, тархины судасны өвчин 30, зүрхний өвчлөл 30, томуу өвчин 20-30 хувиар нэмэгдсэн гэсэн дүн гарсан.  Улаанбаатар хотын хүн амын нас баралтын 9.1 хувь нь агаарын бохирдолтой холбоотой гэсэн судалгааны үр дүн гарсан.

Агаарын бохирдлыг бууруулахын тулд яндангийн тоог цөөлөх, агаар бохирдуулагч тээврийн хэрэгслийн тоог багасгах арга хэмжээг төр, засгаас бодлого гарган хэрэгжүүлж ирсэн. Аж ахуйн нэгж өрөө тасалгаандаа цонхны хаалт хийх, машины  янданд шүүлтүүр тавихыг шаарддаг. Өндөр настан, архаг хууч өвчтэй хүмүүс,  жирэмсэн эхчүүд, 0-5 насны хүүхдүүд агаарын бохирдолд илүү өртөмтгий байдаг. Тиймээс эдгээр бүлэг болон иргэдэд  өвлийн улиралд гадаад орчинд явахдаа шүүлтүүртэй амны хаалтыг тогтмол зүүж, гараа угаахыг зөвлөж ирлээ. Мөн дотоод орчны агаараа цэвэршүүлж, чийгшүүлэх хэрэгтэй. Дархлаагаа дэмжиж хүнсэндээ ногоон навчит хүнсний ногоо тогтмол хэрэглэх нь чухал.

БОАЖЯ-наас гаргасан агаарын чанарын аппликейшнийг гар утсандаа татаж, суулгах хэрэгтэй. Гэртээ хүүхдээ асарч байгаа эхчүүд агаарын чанарын аппликейшнээ хараад, бохирдол бага үед нь хүүхдээ салхилуулах боломжтой юм.

-Улаанбаатар хотын агаарын бохирдлын хэдэн хувийг угаарын хий бүрдүүлж байна вэ?

-Угаарын хийн хордлого яндан зуухны битүүмжлэл алдагдсантай холбоотой гарч байна.  Агаарын бохирдлыг бид тогтмол хянадаг. Сайжруулсан түлш үйлдвэрлэх болсноор тоосонцрын хэмжээ хоёр дахин багассан. Харин хүхэрлэг хийн агууламж нэмэгдсэн. Хүхэрлэг хий хүний биед нэвтэрснээр  харшил, астма, зүрх судасны өвчлөл үүсгэх аюултай.  Нөгөөтэйгүүр дархлааны системийг дарангуйлснаар  харшил, багтрааг сэдрээх,  бага насны хүүхдийн томуу, томуу төст өвчнийг нэмэгдүүлэх эрсдэлтэй.

-Манайхан ковидын үеэр орчны ариун цэврийг чанд сахиж, ил задгай хогоо  хаяхаа больсон байсан. Харин одоо энэ нь эргээд суларч, гудамж, талбайд ил задгай хог хаяж байна. Үүнийг хянадаг уу?

-Эрүүл мэндийн сайдын 2021 онд баталсан Орчны арга хэмжээний талаар төлөвлөгөө байдаг. Дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлэх уг төлөвлөгөөний дагуу суурьшлын бүсэд хоггүй орчин бүрдүүлэх талаар уриалга гаргаж, мэдээлэл, зөвлөмж хүргүүлж ажиллаж байна. Эрүүл ахуйн тухай хуульд “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага өөрийн эзэмшлийн 50 метрийн радиуст газрыг хоггүй, цэвэр байлгах талаар хариуцна” гэж заасан. Тиймээс Эрүүл ахуйн тухай хууль болон Эрүүл мэндийн сайдын баталсан төлөвлөгөөний дагуу 21 аймаг, нийслэлд тодорхой чиглэл өгч ажилладаг.  Олон улсад хог хаягдлыг багасгах, дахин боловсруулах, дахин ашиглах “Гурван R”-ийн зарчим байдаг. Энэ нь манайд дутагдалтай байдаг. Тиймээс хөгжилтэй орнуудын жишгээр хог хаягдлын хэмжээг багасгах  зарчим баримтлахыг уриалдаг.

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 15-наас тавдугаар сарын 31-нийг дуустал “Хоггүй орчин-бидний хариуцлага” үндэсний хэмжээний аяныг зохион байгууллаа. Иргэд, аж ахуйн нэгж энэ аянд идэвхтэй оролцсон.

-Энэ онд орчны эрүүл мэндийн чиглэлээр ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байна вэ?

-Хүрээлэн байгаа орчны эрүүл мэндтэй  холбоотой Дэлхийн зургаан тэмдэглэлт арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна. Жил бүрийн гуравдугаар сарын 22-нд Дэлхийн усны өдрийг НҮБ-аас гаргасан “Ус  ба энхтайван” уриан дор ЕБС-уудад усаа хамгаалах талаар ажил өрнүүллээ.  Манай улс усны аюулгүй байдлын төлөвлөгөөг арав гаруй жил хэрэгжүүлж байна. Энэ сарын 5-нд Дэлхийн байгаль орчны өдөр тохиолоо. Есдүгээр сард Дэлхийн орчны эрүүл мэндийн өдөр тохиодог. Энэ өдөр бид салбар хоорондын хэлэлцүүлэг зохион байгуулна. Мөн аравдугаар сард болох Дэлхийн гар угаах өдрөөр нийтийн хоолны газруудад гарын ариун цэврийн талаар заавар, зөвлөгөө өгч ажиллана. 

Хар тугалганы хордлогоос сэргийлэх дэлхийн долоо хоног аравдугаар сарын 12-19-нд болдог. Энэ өдөр хар тугалга агуулсан будагны төрлийг багасгах, хар тугалга агуулсан хүүхдийн тоглоом, батерей зургийг багасгахаар зөвлөгөө өгч ажиллана. Түүнчлэн арваннэгдүгээр сарын 19-нд Дэлхийн “00”-ын өдрөөр нүхэн жорлонг  сайжруулах чиглэлээр ажилладаг.

Н.Энхлэн



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 2024/11/22
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 2024/11/22