​Т.Түмэнжаргал: Илүүдэл жинтэй хүүхэд ч шим тэжээлийн дутагдалд ордог



- Хүүхдийн таргалалт Улаанбаатар хотод хамгийн их байна-

 

БШУЯ-ны  Суралцагчийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтсийн дарга Т.Түмэнжаргалтай ярилцлаа.

 

-ЕБС-ийн болон сургуулийн өмнөх насны хүүхдийн хоолны төсвийг Засгийн газар нэмэгдүүлсэн. Ирэх хичээлийн жилд хэдэн төгрөг төсөвлөхөөр байна вэ?

-2024 онд сургуулийн өмнөх насны хоол хүнсэнд нийт 79.2 тэрбум төгрөг төсөвлөсөн. Сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгийн нэг хүүхдийн өдрийн хоол 2475 төгрөг байсан. Өнгөрсөн зургадугаар сард Засгийн газрын тогтоол гарч, нэг хүүхдийн хоолны мөнгийг 526 төгрөгөөр нэмэгдүүлснээр 3000 төгрөг болсон. 24 цагийн тусгай цэцэрлэгийн хүүхдийн нэг өдрийн хоолны үнэ 3600 төгрөг байсныг 500 төгрөгөөр нэмэгдүүлж 4100 төгрөг болгоод байна.

Хүүхдийн хоолны нэмэгдсэн төсөв ирэх хичээлийн жил буюу есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Энэ нь БШУ-ы сайдын 2024 оны  батлагдсан төсвийн хүрээнд нэмсэн. Цаашдаа Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулиар цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлын тодорхой хувийг эцэг, эх хариуцахаар заасан. Эцэг, эхээс  хүүхдийн хоолны зардлын хэдэн хувийг гаргуулах талаар Засгийн газрын тогтоол батлагдсанаар хэрэгжих юм.  Засгийн газрын хуралдаанд танилцуулах төслийг бэлтгэж байна.

Өдрийн хоолны тухайд 2021 оноос нэг хүүхдэд ногдох зардлыг 1500 төгрөгөөр тооцож ирсэн. 2025 онд энэ зардлыг шинэчлэн тогтооно. Дотуур байрны хүүхдийн хоолны зардлыг мөн нэмэгдүүлэх төслийг Сангийн яаманд хүргүүлэхээр бэлтгэж байна.

-Сүүлийн үед хүүхдийн таргалалт нэмэгдсэн нь олон нийтийн санааг зовоох болсон. Таргалалт нь шим тэжээлийн дутагдалтай холбоотой юу?

-Өнгөрсөн жил ЭМЯ-наас “Хүн амын хоол, тэжээлийн  байдал” үндэсний зургадугаар судалгааг хийсэн. Энэ оны есдүгээр сард тайлангаа гаргана.  Таван жил тутам энэ судалгааг гаргадаг. Хамгийн сүүлд явуулсан судалгаагаар сургуулийн насны хүүхдүүд хоол, шим тэжээлийн дутагдлаас зарим нь хэт таргалалттай, зарим нь хэт тураалтай байгаа нь илэрсэн. Хэдийгээр таргалалттай ч шим, тэжээлийн дутагдалд орсон талаар судалгааны дүн гарсан байдаг. Сургуулийн хүүхдийн дунд илүүдэл жин ба таргалалтын тархалт огцом нэмэгдсэн байна. Тодруулбал, 6-11 насныхны дунд таргалалт өмнөх судалгаанаас  28.6 хувиар  нэмэгдсэн. Түүнчлэн таргалалттай хүүхдийн эзлэх хувь 0.6-6.4 хувь болж ихэссэн нь илүүдэл жинтэй хүүхдийн тоо нэмэгдээд зогсохгүй, хүүхэд насандаа таргалалттай болж байгааг илтгэж байгаа юм. Насанд хүрсэн хойноо таргалалттай болох магадлал нь илүүдэл жин ба таргалалттай хүүхдэд өндөр байдаг бөгөөд зүрх судасны өвчин, багтраа, II хэв шинжийн чихрийн шижин зэрэг архаг өвчнөөр өвчлөх эрсдэл нь ихэсдэг. Илүүдэл  жинтэй 6-11 насны хүүхдийн эзлэх хувь хөдөө орон нутагтай харьцуулахад хот суурин газар өндөр, ялангуяа Улаанбаатар хотод хамгийн их байсан.

Илүүдэл жин ба таргалалтын тархалт хөвгүүдийн дунд илүү түгээмэл, тарган эрэгтэй хүүхдийн эзлэх хувь ижил насны охидын үзүүлэлтээс  хоёр  дахин их байв.

Өнгөрсөн онд явуулсан “Хүн амын хоол, тэжээлийн  байдал” үндэсний зургадугаар судалгаагаар  “Үдийн хоол” хөтөлбөр хэрэгжиж байгаатай холбоотой сурагчдын  дунд эрдэс, амин дэм ямар байгааг нэмэлт үзүүлэлтээр гаргаж өгөх хүсэлтийг  БШУЯ-наас тавьсан. Энэ судалгааны тайлангаас дээрх үзүүлэлт нарийвчлан гарна.

-Хоолны амт, чанарт хэрхэн анхаарч байна вэ?

-Нэг хүүхдэд ногдох хоолны зардал бага. Тиймээс хүүхдүүд шим тэжээл авч чадахгүй байгаа. Сургуулийн өмнөх насны хүүхдүүд цэцэрлэгтээ өдрийн найман цаг болон 24 цагаар байдаг. Тиймээс цэцэрлэгийн хоолоор тухайн хүүхэд 80-100 хувь шим тэжээлээ авах ёстой гэж үздэг. Энэ үүднээс эхний ээлжид цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлыг нэмэгдүүлэх шаардлагатай.

“Үдийн хоол”-ыг сургууль дээр нэг удаа өгдөг. Ингэхдээ тухайн хүүхдийн шим тэжээлийн 35 хувийг “Үдийн хоол”-оор, үлдсэн 65 хувийг гэрийн хоолоор авна. Үүнтэй холбоотой хүүхдийн хоолны шим тэжээл дутмаг, цаашид сайжруулах шаардлагатай. Нөгөө талаасаа хүүхдийн хоолны шим тэжээлийг сайжруулах үүднээс орчныг нь бий болгох хэрэгтэй. Орчноосоо хамаарч тухайн сургууль, цэцэрлэгийн хоолны чанар, хүртээмж ялгаатай байдаг. Адилхан төсөв хуваарилагдсан байхад сургууль, цэцэрлэгийн хоолны амт чанар өөр өөр байдаг. Энэ нь зориулалтын тоног төхөөрөмжийн хангамж,  мэргэжлийн боловсон хүчингүй, тогоочийн ур чадвар дутмаг зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалж байна. Тиймээс зөвхөн төсөв нэмэгдүүлснээр хүүхдийн хоолны чанар сайжрахгүй. Цогцоор нь шийдвэрлэвэл хүүхдийн хоолны шим тэжээл сайжрах нөхцөл бүрдэнэ. БШУЯ-наас хүүхдийн хоолны шим тэжээлийг сайжруулж,  чанаржуулах зорилгоор олон улсын төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, хүний нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байна.

-Өнгөрсөн онд “Хүүхдийн хоол” үндэсний чуулган болсон. Чуулганы хүрээнд ямар ажил хэрэгжиж байна вэ?

-ЕБС-ийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийг 2019 онд баталж, 2020 оноос хууль хэрэгжиж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар зөвхөн бага ангийн сурагчид “Үдийн хоол” хөтөлбөрт хамрагдаж байна.

Цаашид бүх сурагчийг “Үдийн хоол” хөтөлбөрт хамруулах зорилт тавин ажиллаж байна. Хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой Өнгөрсөн жил улсын хэмжээнд анх удаа “Хүүхдийн хоол” үндэсний чуулганыг зохион байгуулсан. Үндэсний чуулганы хүрээнд 20 гаруй заалттай зөвлөмж гарсан. Зөвлөмжийг зөвхөн БШУЯ бус ЭМЯ, Сангийн яам, ХХААХҮЯ, аймаг, нийслэлийн Засаг дарга, сургуулийн захирлуудад чиглэл өгч, үүрэг болгосон байгаа. “Хүүхдийн хоол” чуулганы үр дүнгээр тодорхой ажлууд хэрэгжлээ. Нийслэлийн ЕБС-ийн бага болон дунд ангийн сурагчдад “Сүү” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Нийслэлийн хэмжээнд 20 гаруй мянган сурагч энэ хөтөлбөрт хамрагдаж байна. Өөрөөр хэлбэл, “Үдийн хоол” дээр нэмж “Сүү” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Ирэх есдүгээр сарын 1-нээс Дундговь, Өмнөговь, Орхон аймагт энэ хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

-Цэцэрлэг, сургуулийн орчинд хүүхдийн хоолыг бэлтгэхэд ямар стандарт мөрддөг вэ?

-Сургууль, цэцэрлэгийн хоол, хүнсэнд тавигдах үндэсний стандартыг бий болгосон. Тухайн  сургууль, цэцэрлэг хүүхдийн тооноосоо хамаарч ямар гол тогоотой, ямар тоног төхөөрөмжтэй, хэчнээн хүний нөөцтэй ажиллах стандартыг баталсан. Энэ стандарт 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Бусад эрүүл ахуйн болон чанартай холбоотой асуудлууд Хүнсний тухай мөн Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай хуулиар мөрдөгддөг.

Н.Энхлэн

Эх сурвалж: Монголын үнэн сонин №025/24605/

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 2024/11/22
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 2024/11/22