МАН-ын дэргэдэх Социал Демократ Монголын оюутны холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Н.Лхагвабаяртай ярилцлаа.
-Их сургуулиудын дотуур байрны орчинтой холбоотой шуугиан цахим орчинд өрнөж байна. Цаг үеийн энэ сэдвээр ярилцлагаа эхлүүлэх үү?
-ШУТИС-ийн оюутны нэгдүгээр дотуур байрны орчин нөхцөл муу байгааг олон нийтийн сүлжээ, мэдээллийн хэрэгслээр шүүмжиллээ. Улсын хэмжээнд 64 их, дээд сургуульд 145 мянга гаруй оюутан суралцаж байна. Бид 2023 онд “Хүний эрхэд ээлтэй их, дээд сургууль, дотуур байр төсөл” гэж санаачилсан юм. Ер нь жил бүрийн наймдугаар сард оюутны дотуур байрны хүрэлцээтэй холбоотой асуудал хөвөрдөг. Сургуулиас хүрэлцээндээ тохируулан цөөхөн квот олгодог учраас оюутнууд түрээсийн байр хайдаг. Нийт 84 оюутны дотуур байранд 6700 оюутан амьдардаг гэсэн судалгаа бий. Эдгээр оюутны байртай холбоотой тулгамдсан таван асуудал байна. Нэгдүгээрт, барилгын ашиглалтын хугацаа дууссан. Хоёрт, сургалтын төлбөр нэмэгдсэн ч орчин нөхцөл сайжирдаггүй. Гуравт, оюутны дотуур байрнуудын дотоод тохижолтын асуудал. Нэг байранд 400 гаруй оюутан амьдардаг атал давхартаа гурван хөргөгчтэй, цагийн хуваариар дугаарлаж шүршүүрт ордог гэхээр зарим хүн итгэдэггүй. Дөрөвт, курсийн ялгаанаас үүдсэн үе тэнгийн дээрэлхэлт дотуур байранд одоо ч бий. Тавд, төгсөх дамжааны болон хөдөлмөр эрхэлдэг оюутнууд орой 00:00 цагаас хойш байрандаа орж чаддаггүй учраас тодорхой хэмжээний зохицуулалт шаардлагатай болдог. Энэ таван асуудлыг шийдэхийн тулд "Хүний эрхэд ээлтэй их, дээд сургууль, дотуур байр" төслөө эхлүүлэхээр судалж байна. Үүний тулд бид Стандарт хэмжилзүйн газартай хамтран ажиллаж дотуур байрны бүс, амьдрах орчин, тусгай хэрэгцээт оюутнуудад тохирсон эсэхэд хэмжилт хийнэ. Дараа нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Боловсролын яам, Хүний эрхийн үндэсний комисс, их, дээд сургуулиудын оюутны холбоодтой хамтран Хүний эрхэд ээлтэй их, дээд сургууль, оюутны байрны чек лист гаргана. Олон улсад ийм чек лист байдаг. Үүнийгээ оюутнууд нь өөрсдөө үнэлдэг болцгооё гэж байгаа юм.
-Амьдрах байрнаас гадна чөлөөт цагаа өнгөрүүлэх зөв орчин үгүйлэгдэж байгааг үе үеийн оюутнууд ярьсаар ирсэн. Нэгэнт залуучуудын дагнасан яамтай болсных хамтарч ажиллахаар төлөвлөж байна уу?
-Оюутны холбоод урлаг, спортын арга хэмжээ зохион байгуулахаас илүүтэй оюутнуудын эрхийг хамгаалахад чиглэсэн бодлогын үйл ажиллагаанд анхаараасай гэж хүсдэг. Оюутнуудтай уулзаж, судалгаа авахад чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхийг дэмжсэн Хаб-центр хомс байгаад сэтгэл дундуур явдгаа илэрхийлдэг. Гэтэл Филиппин улсын Ерөнхий сайд дэргэдээ залуучуудын Хаб-центртэй, старт-апыг дэмждэг. Татвараас тусгайлан хөрөнгө оруулалт татдаг байх жишээтэй. Энэ нь эргээд залуучуудын старт-ап, хиймэл оюун ухааны төслүүдийг дэмждэг. Бид “байхгүй юм чинь” гэж хойш суулгүй Соёл, спорт, залуучуудын яамтайгаа хамтран ирэх есдүгээр сард “Youth development hub” гэх старт-ап, техник, шинжлэх ухаан, судлаач оюутан бэлтгэдэг, сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг нэгдсэн төвтэй болохоор төсвийн тодотголд суулгасан. Энэ төвөө их сургуулиудын дунд оршдог IT паркийг түшиглэн байгуулна. Олон улсын оюутны эрхийг хамгаалах өдөр буюу арваннэгдүгээр сарын 17-нд нээлтээ хийхээр товлосон. IT паркийг сонгосон нь учиртай. Яг энэ бүсэд нийт оюутнуудын 70 хувь нь сурч, амьдардаг. Төсөлдөө орон нутгийг хамруулж өргөжүүлэх бодолтой байна. Манай холбоо төрийн гурван өндөрлөгийн Залуучуудын асуудал эрхэлсэн зөвлөхүүдтэй хамтран ажилладаг. Ингэхдээ гурван тийш харсан тусдаа биш нэг чиглэлд нэгдмэл бодлого шийдвэр гаргадаг байгаасай гэсэн хүсэлт илэрхийлсэн. Эдгээр байгууллага оюутан хоорондын гүүр болж ажиллахыг манай холбоо зорьдог. Тулгамдсан асуудлууд нь эхнээсээ шийдэгдээд ирэхээр оюутнуудын хандлага, харилцаа ч өөрчлөгдөж байна.
-Их, дээд сургуульд суралцагчид, залуучуудын дунд социологийн судалгаа явуулдаг юм байна. Хамгийн сүүлд хийсэн судалгааныхаа үр дүнгээс танилцуулна уу?
-Түүврийн аргаар судалгаа явуулахад хөдөлмөр эрхлэлттэй холбоотой асуудал зонхилсон. Цагийн зохицуулалтгүй учраас оюутнууд хөдөлмөрийн мөлжлөгт өртөж байна. Нийгмийн даатгалын шимтгэл өндөр төлдөг, цалингаа цагтаа авч чаддаггүй, ажил олгогч илүү цагаар ажиллуулсан тохиолдолд нэмэлт цалинг тооцдоггүй, хичээлийн цагтай ажиллах цаг нь давхацдаг, хөдөлмөрийн хөлсний цагийн үнэлгээ харилцан адилгүй байдаг гээд олон сэдэв сөхөгдөж байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтарч цагийн хөдөлмөр эрхлэхтэй холбоотой ажлын хэсэг байгуулж ажиллалаа. Энэ төсөл бэлэн болсон. Одоо бид оюутны цагаар хөдөлмөр эрхлэх журмыг УИХ-аар батлуулах гэж байна. Гадаад улс орны оюутнуудын цагийн хөдөлмөр эрхлэлтийг судлахад долоо хоногт 20-25 цаг ажиллах зохицуулалттай байдаг. Ингэснээр оюутныг хөдөлмөрийн мөлжлөгөөс хамгаалдаг. Бид төсөлдөө тухайн оюутан сонгосон кредит цагаасаа хамаараад 20-30 цаг ажиллах зохицуулалт оруулсан.
-Оюутнуудын хөдөлмөр эрхлэлтийг аж ахуйн нэгжүүд дэмжиж, ээлтэй ханддаг уу?
-2017 онд баталсан Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн 11.1.9 заалтад зуугаас олон боловсон хүчинтэй аж ахуйн нэгжийн ажилтнуудын таван хувь нь оюутан байхаар заасан. Дөнгөж төгссөн оюутнаас ажлын туршлага шаарддаг. Тэгвэл цагаар хөдөлмөр эрхэлж, дадлага хийнэ гэдэг оюутныг чадавхжуулж, ажлын туршлагатай болгоно. Мөн НДШ бага төлж, хөдөлмөр эрхэлснээр оюутнууд хэрэглээний мөнгөө олж, өрхийн санхүүгээ бага ч гэсэн хөнгөвчилж байгаа юм. Манай холбоо дэргэдээ Оюутны хөдөлмөрийн биржтэй. Биржээрээ дамжуулан арга хэмжээ зохион байгуулдаг. Цагийн ажил зуучлалын экспо зэрэг арга хэмжээнд байнга хамтран ажилладаг. Бид өнгөрсөн онд “Student incubator” төслийг зохион байгуулсан. Гарааны бизнес эрхлэх, өөрсдийн ажлын байраа бэлтгэх сургалт явуулдаг. Мөн судлаач оюутныг бэлтгэх, Оюутны цахим биржийг ажиллуулна. Мөн оюутнууд тулгамдсан асуудал гарвал хаана хандахаа мэддэггүй. Тиймээс оюутны тулгамдсан асуудлыг холбогдох байгууллагад нь уламжилж, шийдвэрлэхүүлэхээр Оюутантай харилцах мэдээллийн төвийг ажиллуулахаар төлөвлөж байна.
-Төрийн байгууллагуудтай холбоотой бичиг баримт бүрдүүлэлт иргэдийг багагүй бухимдуулдаг. Тэгвэл оюутнуудад тулгамдсан чирэгдлийг шийдвэрлэхэд төр, засагтай хамтран ажиллаж байна уу?
-Социал демократ Монголын оюутны холбоо 2023 онд Засгийн газартай хамтран Оюутны талаар авах зарим арга хэмжээний тогтоол батлуулж байлаа. Энэ хүрээнд бид “И-Монголиа” цахим платформ дээр “E-student” цэс үүсгэн оюутны цахим үнэмлэхтэй болгосон. Оюутнууд цахим үнэмлэхээр үйлчилгээ авна. Мөн Оюутан цэсэнд цагийн ажлын бусад платформыг холбосон.Энэ холбоосоор ажил олгогч байнга мэдээлэл хүргэдэг. Ялангуяа төрийн захиргааны байгууллагууд сул, чөлөөтэй ажлын мэдээллийг оруулна. Ингээд оюутнууд маань цахимаараа цагийн ажлын мэдээллээ авах бүрэн боломж нээгдсэн. Цэсэнд оюутан цэргийн бүртгэл, автобусны карт захиалах зэрэг үйлчилгээнүүдийг цахимжуулсан. Оюутнууд нийтийн тээврээр зорчих картаа цэнэглэхэд 44 секунд зарцуулж байна. Үүнээс гадна бакалаврын дипломын хуулгаа авах, ЭМД-аа төлсөн эсэхээ шалгах, үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлэхдээ хөнгөлөлт, урамшуулал авах боломжтой. Бид оюутны бүх төрлийн үйлчилгээг “E-student”-д нэгтгэхийг зорьж байна.
-Социал Демократ Монголын оюутны холбоо хэр өргөн хүрээнд үйл ажиллагаа явуулж байна вэ?
-Манай холбоо 21 аймаг, нийслэл, есөн дүүрэг, БНСУ-д салбартай. Оюутны эрх, хувь хүний хөгжил, нийгэмд залуусын оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг. Нийт 30 мянга гаруй гишүүнтэй. Тухайн цаг үедээ оюутнуудтай холбоотой шийдвэр гаргах, оюутны эрх ашгийг хамгаалах, чадавхжуулах сургалт зохион байгуулж ирсэн. Намын дэргэдэх холбоо гэж өрөөсгөл харж болохгүй. Бид том зургаараа Монгол Улсад суралцаж байгаа оюутнуудынхаа эрх ашгийг хамгаалахыг зорьдог.
-Оюутнууд гэлтгүй залуус улс төрөөс жийрхэх болсон шиг санагддаг. Та энэ талаар ямар үзэл бодолтой явдаг вэ?
-Залуучуудыг намын харьяаллаас зугтах биш харин ч элсэж, дотор нь орж ирээсэй гэж боддог. Социал Демократ Монголын оюутны холбоо бусад намын дэргэдэх залуучуудын байгууллагатай хамтран ажиллахад бэлэн. ХҮН намыг ч гэсэн оюутны холбоотой болооч гэсэн хүсэлт хүргүүлэхээр төлөвлөж байна. Оюутны асуудал дээр намын харьяаллаараа тусдаа хана босгох шаардлагагүй гэж хувьдаа боддог. Улс төрийн соёлтой байж бодлогоор өрсөлдөж, зарим зүйл дээр гар барин нэгдэцгээе. Улс төр бол муухай зүйл биш харин залуус бид оролцож байж асуудлыг дотроос нь харж хамтдаа өөрчлөх хэрэгтэй.
УИХ-д GenZ үеийнхний төлөөлөл С.Цэнгүүн, 1990-ээд оны төлөөлөл М.Ганхүлэг, Э.Болормаа гишүүн сонгогдсон. Цаашид тэднийг залуучуудын асуудлаар парламентад дуу хоолой болж ажиллахыг хүсэж байгаагаа танай сониноор дамжуулан хэлье.
Х.Заяа
Эх сурвалж: Монголын үнэн сонин №032/24611/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна