Сөүлийн бүсгүй ба "Ягсүг"



Найз нөхөд,  Амуулайгаар бахархсан нь

1990-ээд оны дунд үеэс монголчууд БНСУ-д ажиллаж, амьдрах болсон явдал манай улсын хүн амын хөгжилд жинтэй хувь нэмэр оруулна гэж хэн санах билээ. Солонгост очоод ажиллачих юм бол айл гэр, ах дүү хамаатан садны амьдрал тэр чигтээ сайжирчихна гэсэн ойлголт төртөл хошуурцгаасан. Үнэхээр ч олон өрхийн амжиргаа дээшилсэн явдал энэ улс оронтой зайлшгүй холбоотой. Тэр утгаараа маш ээлтэй улс шүү гэж хувьдаа биширдэг юм. Улс эх орондоо ажлын байр нэмэгдүүлэх, хувийн хэвшлүүдийн тогтвортой хөгжил, ялангуяа үндэсний үйлдвэрлэгч, бичил бизнес эрхлэгчдээ дэмжихийн оронд УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хүртэл тойргоосоо тодорхой тоо зааж “Солонгос руу гэрээт ажилтнаар явуулна” гэсэн амлалт өгдөг байв. Тэр үеийг бодоход өнөөдөр Солонгост аялах, суралцах, ажил хэргийн уулзалтаар зорчигсод харьцангуй олширчээ. Солонгосоос зөвхөн хүнсээ зөөдөг гэсэн хүнтэй ч таарсан юм. БНСУ-ын Сөүл хотын Сонгүг дүүргийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, “Бяцхан мисс” олон улсын хүүхдийн байгууллага хамтран зохион байгуулсан “Kids fashion week” арга хэмжээг сурвалжлах үүрэг даалгавар надад оногдлоо. Солонгосоос төрийн байгууллагын урилга хүсэхтэй зэрэгцээд зохион байгуулагчдын нэг Э.Оюунтунгалаг “Чиний нэрийг өгчихсөн шүү. Гадаад паспортоо аваад ирээрэй” хэмээсэн нь зун, намар бүр тохиолддог гэнэтийн аяллын дохио байж. 25 орчим хүүхэд, таваас зургаан том хүн тус бүрэлдэхүүнд багтсан тухай товчхон мэдээллээс өөр сураг ажиггүй. Хэдхэн хоногийн дараа “виз зөвшөөрчээ” гэдгийг сонсож, Солонгос улсыг баараггүй зорих болсноо мэдлээ. “Монголоо кийдс” хувцас загварын урлангийн захирал Г.Ундрам, охин Э.Гэгээлэн нартай миний бие МИАТ-ын нислэгт хуваарилагдав. Бусдад нь хоёр цагийн дараа хөөрөх Аэромонголиагийн онгоцны тийз оногджээ. Хаа сайгүй шинэ хичээлийн жил эхлэх үе тохиосон тул тасалбар олдоц муутай, бүгд нэг дор зорчих боломжгүй нөхцөл бүрджээ. Өндөр үнэтэй буюу 1.950.000-2.350.000 төгрөгийн хооронд хэлбэлзэнэ. Хаанаас нь ч харсан дизайнерийн цутгамалтай хүн байдаг л юм. Тэр бол “Монголоо кийдс”-ээрээ овоглосон Ундрам. Жижигхэн нүүрний хэлбэрт зохицсон богино үс, давхраагүй өвөрмөц нүдээ тойруулан, урлагтай нь аргагүй зурсан контур, зүрмэн бүсгүйн хамар, хайш яйш өмссөн нимгээн, хэлхгэр саарал өмд, цамц, сүүлийн зунуудын трэнд болох зузаан ултай шаахай гээд бүх зүйл нь төгс зохицолтой. Түүний охин бид гурав зэргэлдээ суудалд тухлав. Хүүхдэд зориулсан загварын ертөнцөд хүчээ авч буй эл бүсгүйн багын найз угтах гэнэ. Боломж гарвал намайг замаараа хүргэж өгөх аж. Би бээр хаана ч хоёр байтугай гуравдугаар хувилбарыг төлөвлөөд заншчихаж. “Хэрэв боломжгүй бол Жагаа, Амулай хоёртоо тохирсон ёсоороо хэл дуулгана даа” гэж бодно. Жарантайн Жаргалсайхан бол сэтгүүл зүйн салбарт олон жил ажиллаж, Монголын сайтын холбооны даргын алба хашиж явсан бүсгүй, бидний найз. Охинтойгоо Сөүлд амьдардаг түүнтэй ажлын далимаар уулзах нь чухал байлаа. Тэр Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн ажилтан. Бид амьдралдаа хэчнээн ч хүнтэй нөхөрлөж болох ч амин найзын орон тоонд цөөнх нь үлдчихсэн байх нь бий. Тийм л цөөнхийн нэг агаад охин Амуулайг бүгд үрсээсээ дутахгүй хайрладаг билээ. Амуулай бол бүхний хайрыг татаж өссөн, өдгөө ээжийнхээ өмөг түшиг болж яваа ер бусын ухаантай, хичээл зүтгэлтэй үр билээ. 
Ундрамын найзууд альфард машин унасан монгол жолооч хөлсөлжээ. Нэг хүн 25 мянган вон төлбөл хүссэн газарт нь хүргээд өгчихнө гэв. Миний хувьд замын туршид “Солонгост ирж буй сүүлчийн монгол хүн байна аа” хэмээн маазарч явахаа яахин мартах билээ. Жаргалсайхан бүсгүйгээр заалгасаар гэрийнх нь гадаа буумагц харь газрын бүгчим, эхүүн үнэр хамар нэвт цоргихуйд ер бусын таагүй мэдрэмжид эзэмдүүлэх нь тэр. Түндэмүн дүүргийн төв цэгт байрлах эл гудамжнаас Жагаа маань хоёрхон минут алхаад ажилдаа хүрчихдэг тухай хүүрнэнэ. Ганц хоногийн дараа найз, Амуулай хоёр хамгийн нам жим, тун таатай газарт амьдардаг юм байна даа гэж дүгнэхэд хүрсэн юм. Зах хязгааргүй үргэлжлэх гудмуудаа даган зайгүй шигсэн таваас зургаан давхар, түүнээс намхан барилгуудын насжилт удаан ч, мань хоёрын байр маш цэвэрхэн, цөөн оршин суугчтай аж. Ээж, охин хоёр надад үүднийхээ кодыг хэлж өгөх нь “Эзгүйд дур зоргоор ирээд байж болно оо” хэмээн итгэл хүлээлгэж буй хэрэг. Амуулай бид гурав шөнийн дэлгүүр орж амттан авч идэнгээ тэрхүү гудамжаар алхав. Хүргэлтийн компанийн ажилтнууд энд тэнд жижигхэн уут, савтай зүйлс хаячихаад, зургийг нь дараад яваад өгч байхтай хоёр удаа таарлаа. Жагаа “Энд хүргэлтийн компаниуд сүүлийн үеийн утас ер нь бүгдийг ингээд л орхидог. Хогоо ангилан ялгаж хаядаг. Явуут тамхи татвал торгодог” гэх мэтээр тайлбарлалаа. Тэднийд бид гурав үүр цайтал элдвийг хүүрнэхийн зэрэгцээ Америкт амьдардаг, "Зиндаа" сонины эрхлэгч байсан Ариунаа дүүтэйгээ холбогдов. Биднийг уулзсанд баярласан түүний нулимс урсаж харагдана. “Та гурав яриад бай. Би эндээс харья” гэхдээ харц нь эвийлсэн янзтай. Түүнийг Чойжамц хамба “Гуйгаад байгаа юм шиг харцтай, сонин хүүхэд шүү” гэсэн удаатай. Жагаа бөөрний эмчийн байнгын хяналтад байдаг тул Ариунаа түүнтэй ярих тоолондоо асгартал уйлсаар сүүлдээ Жагаа холбогдохоо больсон гэх. Жагаа: “Ариунаа үргэлж санаагаа чилээж, намайг өрөвдөхийг харах мөн ч хэцүү” гэв. Жагаа надад эртнээс “Сөүлд ирээч ээ, найз минь. Манайд байхаар амар шүү дээ” гээд л бид биес рүүгээ яаран тэмүүлдэг байв. Хэрэгт дурлаж Жагаагаас хэдэн зүйл лавлахдаа сэтгүүл зүйн салбарын найз нөхдөө бишрэн дээдэлсэн юм даа. МСНЭ-ийн дарга Ө.Отгонбаатар, Э.Болортулга, С.Хоролгарав, Б.Цоожчулуунцэцэг, Л.Оюунтунгалаг, Д.Элбэрэлт, Э.Батхүү, П.Энхжаргал. Бүгд Амуулай, Жагаа хоёрыг зорьж ирдэг. Гэхдээ Амуулайдаа урам хайрладаг, гэрт нь ихдээ л ганц хоёрхон цаг саатна уу гэхээс хонон, өнжиж хүндрэл учруулдаггүй юм байна. Энэ бүгдийг сонссон би эрх биш нэгийг тунгаах нь лавтай. Бид үүр цайлгаад Амуулайгийн уриалснаар ээж, охин хоёрын үргэлж зочилдог цэцэрлэгт хүрээлэнгээр зугаацав. Гурвуул модот ногоон гудмаар нэн таатай алхав. Хөгшчүүл эртлэн босоод дасгал хийнгээ зөрөлдөнө. Энэ нь зөвхөн нэг их сургуулийн ногоон гудамж гэчихэв үү дээ. Ингээд дугхийхээгүй ч усанд орчихоод тус тусын ажилдаа гарцгаалаа. Үдээс хойхно Жагаа, Амуулай хоёртойгоо таарч, охиныг бассейнд нь хүргэж өгөв. Сүүлийн сар Сөүлийн цаг агаар онц халалттай буюу +36,+37 хүрчээ. Жагаа “Ойрд харин ч гайгүй байна. 30 орчим л...” гэхээр миний уур унтуу хүрч “Харийн нутаг давчдаад байна. Харсан зүгтээ гүймээр байна” гэдэг шиг орох байх газраа олж ядна. Жагаагийн толгой өвдөн дүйнгэтэж, Амуулай хэдэн улирал, хэдэн он дамнаж сурснаараа уламжлалт эмнэлгийн эмч аятай эхийнхээ толгойн тушаа эвлэгхэээн гэгч нь иллэг хийхийг харлаа. Яг энэ үедээ алдрай бяцхан Амуулай минь том хүн шиг болчихно. Царай нухацтай, үг товчхон. “Кондишноо ингэж тавьж болохгүй шүү” гэх үгс нь маш хэрсүү сонстоно. Амуулай минь дээ. Манай Э.Болортулгын “Амуулай, Жагааг их сайн авч явна аа” гэх үг санаанд ормогц түсхийтэл инээд алдав. Бидний амьдралыг өвчин, эдгэрэл, жаргал, зовлон ээлжлэн эрхшээдэг хойно, алинд нь талархаж, гомдохоо мэдэхгүй нь ээ.  

Сэвшээ салхитай Согчу хот

Яармагийн түгжрэлээс хотын төв орох хооронд хоёрхон цаг нисээд хүрчихдэг Сөүлийн амьдрал түмэн өнгөтэй. “Kids fashion week” арга хэмжээний үеэр охид байрлах апартмент түрээслэхийн зэрэгцээ эмэгтэйчүүдийн Донкдук их сургуулийн соёлын танхим руу тэднийг болон ачааг нь зөөж яваа бүсгүйтэй танилцсан юм. П.Болорзаяа Солонгост олон жил амьдарсан гэдгээ охидын харахаас халшрам хүнд ачааг зөөлцөхдөө хэлж билээ. П.Болорзаяа Сөүлтэй ойр хотод амьдардаг, эх нутгаас ирсэн хүн бүхэнд элгэмсүү ханддаг бололтой. Данагар жийп уначихсан, авхаалж самбаатай, ажилсаг, тусархуу нэгэн гэдэг нь үг, үйлдэл бүрээс нь илт мэдрэгдэнэ. Арга хэмжээ дуусаж, зохион байгуулагч Э.Оюунтунгалаг хүүхдүүдийг монгол руу үдэн гаргачихаад буудалдаа байж байтал Болорзаяа залгаад “Далай үзүүлье. Гараад ир, эгч нар аа” гэж сандаргалаа. Д.Солонго гэх бүсгүйтэй ханьсаад авчээ. Солонгын ажиллаж, амьдардаг Согчү хотын далайн эргээр зугаална гэлцэв. Нүхэн гарцуудаар шунгинатал давхисаар сэвшээ салхитай Согчуд ирэхэд ойр орчмыг саран авхай үзэсгэлэнтэйеэ гэрэлтүүлж, эргийн элс шаргалтаад ер бусын. Тархи, оюун сая нэг амарлив. Дороос халуун элс төөнөх нь юутай сайхан. Энд л унтчихалтай билээ. Далайн эргийн хажуу дахь өндөөр байранд Солонго амьдардаг гэнэ. Атаархмаар ч юм шиг. Энэ хот аялал жуулчлалынх учир олон орны жуулчид хөлхөлдөнө. Охид биднийг оросын гахайн утсан мах, хиам талхаар дайллаа. Маргааш нь бид далайн эргээр хангалттай зугаалахын зэрэгцээ алсыг харагчинд сууж Согчу хотыг тольдов. Д.Солонго өдөртөө хоёроос гурван ажил хийдэг бололтой юм. Оюунтунгалаг хожим “Солонго шиг ингээд ажиллаж байгаа хүмүүс нь их боломжийн амьдардаг” гэж шивнэн хэрэгт дуртай чихийг минь мялаасан. Дүн нуруутай, яс тас зантай, хичээнгүй охин юм аа. Нэг өдрийн энэ аялал Сөүлд ирснээс хойш сэтгэлийн амгаланг бэлгэлсэн, хамгийн сайхан өдөр боллоо. Үүнээс хойш боломжийн өдөр хоног угтаж байгаа биз ээ, үндсэн ажил дууссан юм чинь гэсэншүү юм бодсоор буцаж ирэв. Болорзаяа машины хөгжмөө тэнхээ мэдэн чарлуулж, “Хар сарнай”-н аянд гараа савчуулан дүрсгүйтнэ. Хоёр сайхан дүүтэй боллоо. 

Dracell гүнж

“Бяцхан мисс” олон улсын хүүхдийн байгууллагын захирал Э.Оюунтунгалаг бид танилцсанаас хойш бараг хориод жилийн нүүр үзэж байна. Дуучин Н.Гантулгын “Торгон хилийн зүг” тоглолтод барагл хэвлэлийн төлөөлөгч шахам ажилтай яваад тоглолт тарсны дараа хүлээн авалтын үеэр Э.Оюунтунгалагтай танилцсан нь саяхан мэт. Гэвч он цаг талийжээ. Тэр Сөүлд ажиллаж, амьдарч явсан анхдагчдын нэг. Карго гэдэг үг ихэнх нь мэдэхгүй явахад эл бизнесийг эхлүүлж явсан түүхтэй. Түүнд Сөүл хот, Түндэмүн дүүрэг, Монгол таун гэх олны газар танил олон. Дуучин Э.Гантулга Сөүлд суурьшжээ. Бид гурав хальт уулзахдаа тэрхүү түүхийг сөхөхгүй өнгөрвөл алдас болох биз ээ. Монгол таунд зоогийн газар, утасны дугаар, гар утас зардаг, бэлэн хувцасны дэлгүүр ажиллуулдаг нь дийлэнх. Гүрэн ресторан, Хишиг карго гэсэн хаягнууд ирийнэ. Олон жил хаа сайгүй ажилласнаас гадна орон гэрээд орхиод дөнгөж ирсэн залуус ажил хайн хөлхөлдөнө. Болорзаяа солонгос хөгшчүүлийг заагаад “Эгч ээ, солонгос улс энэ хөгшчүүдийн нуруун дээр тогтож байна даа. Залуус нь ажил хийхээ больчихсон юм” гэх нь энэ дэлхийн хүмүүс хаана ч адилхан хандлагатай болж дээ гэж бодоход хүргэв. Түүний хуурай эгч гэх З.Энх-Амгалан гэдэг бүсгүйг мөн Болорзаяа бидэнтэй танилцуулсан. Монголдоо ирсэн хойно түүнийг би фэйсбүүкт олон дагагчтай, анхаарлын төвд байдаг бүсгүй гэдгийг мэдсэн. Ажил хэрэгч, ёстой нэг түс тас түмпэн шанага бүсгүй байна билээ. Бид зар сурталчилгааны тал дээр хамтран ажиллахаар тохиролцов. Dracell гэдэг нүүрний иж бүрдлийг Сөүлээс дэлхийн өнцөг булан бүрт худалдаалан, түгээж суудаг юм байна. Болорзаяа түүнийг эгч гэж яриад байхаар нь өөрсдийн үеийн бүсгүйтэй уулзах мэтээр төсөөлж суув. Гэтэл жижигхээн толгойтой, гоо бүсгүй кофе шоп руу орж ирэхэд нь бага зэрэг балмагдлаа. Гоо сайхан ертөнцийг аварна гэж юутай үнэн үг вэ ч гэж бодогдох шиг. Ер бусын эрхэмсэг дүр төрхөндөө зохицуулж, үнэтэй биш ч яг өөртөө тохируулаад донжтой хувцаслажээ. Солонгост байдаг монголчууд ягсүг гэх хэллэгийг үе үе ашиглана. “Ягсүг л хийвэл яах вэ” гэхдээ яг л ярьсандаа хийж гүйцэтгэх гэдэг санааг цухуйлгадаг бололтой. Гэхдээ З.Энх-Амгалан надтай миний баримталдаг ганц минутын зарчмаар дор нь ойлголцохдоо тийм үг нэгийг ч цухуйлгасангүй. Монголчуудад түрээсэлдэг хоёр ортой, цэлгэр апартментдаа биднийг хоёр хонуулав. Би ирсэн хойноо бүтээгдэхүүнийх нь тухай ярилцлагыг манай сэтгүүлч Эрдэнэзаяатай хийсэн дугаараа илгээхэд тэр хүүхэд шиг хөөрөн баясав. Энх-Амгалан, Болорзаяа, Солонго нарт баярлаж, талархсанаа, та бүгдтэй таарсан явдал амьдралын гэрэлт өдрүүдийн нэг мөнөөс мөн гэдгийг үүгээр дамжуулан уламжилмаар байна. Ж.Жаргалсайханаас “Ягсүг гэж яг юу гэсэн үг вэ” гэж чаатаар асуухад “Амлалт” гэж товчхон хариулжээ.




 Н.Энхцэцэг

Эх сурвалж: Монголын үнэн сонин №034/24613/ 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 15 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 18 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 18 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 18 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 18 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 19 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 19 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 20 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 20 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 20 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 20 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 20 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 20 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 20 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 20 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 20 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 20 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 20 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 21 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 21 цагийн өмнө