УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхантай ярилцлаа.
-Та үүрэгт ажлаа хүлээж аваад хамгийн түрүүнд эрүүл мэндийн салбарын тоон мэдээлэл болон бодит байдалтай танилцсан байх. Ямар ахиц дэвшил, алдаа дутагдалтай салбар хүлээж авсан бэ?
-Ажлаа хүлээж авахад ахиц дэвшилтэй тал, алдаа дутагдалтай ч зүйл байлаа. Тухайлбал, өнгөрсөн хугацаанд Нийгмийн эрүүл мэндийн тухай хуулийг баталсан нь нэг том дэвшил. Гэхдээ энэ хуулийн хүрээнд хийж гүйцэтгэх ёстой ажлуудыг эхлүүлээгүй байна. Нийгмийн эрүүл мэнд буюу урьдчилан сэргийлэх асуудал чухал гэдгийг би өмнө нь сайдаар ажиллаж байх үедээ хөндөж байсан ч хэрхэн яаж тэргүүлэх чиглэл болгон авч явах вэ гэдэг нь тодорхойгүй хэвээр байна. Бас нэг авууштай зүйл нь урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийг улс орон даяар зохион байгуулж буй явдал. Энэ бол маш зөв тогтолцоо. Гэхдээ одоо байгаа хүний нөөц, тоног төхөөрөмжийн хүрэлцээ, хүчин чадал зэргийг тооцоолоогүй, мөн бага зардлаар өвчлөлийг илрүүлж, эмчлэх цогц, оновчтой бодлого хийж чадаагүй. Ямартай ч тухайн хөтөлбөр арга хэмжээг улс орон даяар хэрэгжүүлснээр хүн амын дундах өвчлөлийн дүр зураг, дата мэдээлэлтэй болсон. Тиймээс мэдээлэлд тулгуурлан цаашид ямар бодлого хөтөлбөр хэрэгжүүлэх вэ гэдэг нь тодорхой болж байгаа юм.
-Эрүүл мэндийн яам санхүүгийн хувьд хэр сахилга баттай байсан бэ?
-Санхүүгийн хувьд хүнд нөхцөл байдалтай байна. Бид 2021 оноос гүйцэтгэлийн санхүүгийн тогтолцоо руу шилжсэн бөгөөд энэ шинэчлэлийг хийсний хүчинд “COVID-19” цар тахлын хүнд хэцүү үеийг даван туулж чадсан. Цар тахлыг даван туулахад зарцуулсан мөнгийг эргүүлж, төсвөөс эрүүл мэндийн даатгалын санд төвлөрүүлэх ёстой байсан. Гэтэл үүнийг төвлөрүүлэхгүй, тэр нь хуримтлагдсаар 218 тэрбум төгрөгийн өр үүсээд байна. Санхүүгийн ийм асуудал бий болсноор иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлж буй эрүүл мэндийн байгууллагуудад санхүүжилтийг нь сар бүр олгож чадахааргүй нөхцөл байдалд хүрчихсэн байна.
-Нэгэнт санхүү, төсөв хөрөнгөтэй холбоотой асуудал ярьсных УИХ-ын чуулганаар хэлэлцэж буй 2025 оны төсвийн төсөлд тусгасан эрүүл мэдийн салбарт хийгдэх хөрөнгө оруулалтаас онцолбол?
-Эрүүл мэндийн салбарт 2025 онд зарцуулах төсвийг энэ оныхоос 20 орчим хувиар нэмэгдүүлж, төсөлд тусгасан. Тухайлбал, төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд аймаг, орон нутгийн эмнэлгүүдийг, мөн гадаадад эмчлүүлдэг өвчнийг Монголдоо эмчилдэг болох бодлогын хүрээнд зарим эмнэлэгт шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авч хангах төсөв мөнгийг суулгасан. Түүнчлэн дээр дурдсан хуримтлагдсан 218 тэрбум төгрөгийг ирэх оны төсвийн төсөлд тусгасан.
-Тэгвэл цаашид ямар бодлого, хөтөлбөрийн хүрээнд энэ мэт алдаа дутагдлыг засаж залруулах боломжтой гэж үзэж байна вэ?
-Гурван том бодлогыг цогцоор нь хэрэгжүүлж байж тодорхой, бодит үр дүнд хүрнэ. Нэгдүгээрт, аливаа өвчин үүсгэж буй шалтгаан нөхцөлийг хэрхэн арилгах вэ, ард иргэдээ яаж эрүүл байлгах вэ гэдэгт анхаарна. Хоёрдугаарт, урьдчилан сэргийлэлтийн буюу өвчнийг эрт илрүүлж, оношилж, улмаар эмчлэх цогц тогтолцоог бий болгоно. Гуравдугаарт, иргэд амьдарч буй бүс нутгийнхаа эмнэлгээс чанартай тусламж үйлчилгээ авах боломжийг бүрдүүлнэ. Үүний тулд аймаг, сум, өрхийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулж, төвлөрлийг сааруулна. Үүний нөгөө талд лавлагаа шатлалын том эмнэлгүүдэд Монголд эмчлэгдэх боломжгүй өвчнийг эмчлэх боломжийг бүрдүүлнэ. Хүн ардаа өвдсөнийх нь дараа эмчлэх бус өвчин тусгахгүй байхад, эрт илрүүлж, Монголдоо эмчлэх бодлого барьж ажиллаж байна.
-Тухайн гурван бодлогыг бодит үр дүнд хүргэх арга зам нь ямар байх вэ. Өөрөөр хэлбэл, тухайлсан ямар ажил, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна вэ?
-Энд дурдсан бодлогын хүрээнд таван зүйлийг чухалчилж байгаа.
Нэгдүгээрт, санхүүжилтийн асуудлаа шийдвэрлэх. Эрүүл мэндийн салбарын санхүүжилт хүрэлцэхгүй байгаа нь даатгалын системийн тогтолцоотой холбоотой. Тиймээс энэ тогтолцоог эргэж харах ёстой. Мөн даатгалын санд төвлөрч буй мөнгийг үр ашигтай зарцуулах чиглэлд бодлогын өөрчлөлт хийх шаардлагатай. Нэг талаас эх үүсвэрээ нэмээд нөгөө талаас зарцуулалтаа үр ашигтай, оновчтой, зөв болгож хэмнэлт бий болгох нь зүйтэй. Үүнээс гарсан зөрүү төсөв мөнгөөрөө эмч, мэргэжилтнүүдийнхээ цалин урамшуулал, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэх боломжтой гэж үзэж байгаа юм.
Хоёрдугаарт, хүний нөөцийн бодлогын асуудал. Ялангуяа орон нутагт эмч мэргэжилтнүүд дутагдалтай байна. Тиймээс лицензийн шалгалт, резидентийн сургалтын хөтөлбөрт өөрчлөлт хийх, эмч нарыг ахлах, тэргүүлэх, зөвлөх зэрэг авахад нь орон нутагт ажилласан байх ёстой гэсэн тодорхой шалгуур тавих зэрэг зохицуулалт хийх замаар хүний нөөцийн асуудлыг шийдвэрлэх боломж бий.
Гуравдугаарт, чанаргүй, үнэтэй эмийн асуудлыг цэгцлэх. Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийг баталж, үүний хүрээнд холбогдох ажил, арга хэмжээг авч хэрэгжүүлж эхэлсэн. Тодруулбал, чанартай эмийг нэгдсэн журмаар улсын хэмжээнд нийлүүлэх бодлогыг хэрэгжүүлж, эхний ээлжийн эм тариануудыг ирэх сараас Монголд оруулж ирэх гэж байна. Ингэснээр иргэд ижил үнэтэй, чанартай эм хэрэглэх боломж бүрдэнэ.
Дөрөвдүгээрт, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч буй иргэдийн төвлөрлийг сааруулах чиглэлд тодорхой ажлуудыг хийж гүйцэтгэнэ. Тодруулбал, аймаг, сум, дүүрэг, өрхийн эмнэлгийн хүчин чадал, чадавхыг сайжруулж, улмаар тоног төхөөрөмжөөр хангахад шаардлагатай хөрөнгө зардлыг ирэх жилийн төсөвт тусгаж байгаа.
Тавдугаарт, эмч, эмнэлгийн ажилтнуудын харилцаа хандлагыг сайжруулах. Иргэд амьдарч буй газрынхаа харьяа эмнэлэгтээ үзүүлж, хяналтад нь байх, хэрэв шаардлагатай бол дараагийн шатны эмнэлэгт үзүүлэх цагийг нь өгч, шилжүүлдэг байх. Тухайн иргэн аль ч эмнэлэгт хандсан өвчний онош, өмнө нь ямар эмнэлэгт үзүүлсэн, ямар эмчилгээ үйлчилгээ хийлгэсэн гэх мэт мэдээллийг нь харах боломжийг бүрдүүлэх, эмнэлгүүдийн цахим мэдээллийн уялдаа холбоог сайжруулах нь зүйтэй. Цахим системээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан иргэний бүртгэл мэдээллийг харахаас гадна эргээд санхүүжилт, хүний нөөц гээд бүх зүйлтэй уялдаа холбоотой байж, эмч, мэргэжилтнүүдийн цаг завыг хэмнэхэд чиглэсэн байх ёстой.
-Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг оношилгоог зохион байгуулаад багагүй хугацаа өнгөрлөө. Ер нь цаашид энэ хөтөлбөр, арга хэмжээг үргэлжлүүлэх үү?
-Энэ ажлыг сургуульд суурилсан, нярайн өвчлөл, хавдрын илрүүлэгт илүү чиглүүлж үргэлжлүүлэхээр төлөвлөж байна. Энэ сард зургаан настнуудад нүд, шүд, зүрхний өвчлөлийг илрүүлэх үзлэг оншилгоо хийж, эмчлэх цогц ажлыг эхлүүлээд байна. Харин арван насанд нь амьсгалын, 14 насанд нь хоол боловсруулах, 18 насанд нь шээс, бэлгийн замын эрхтэн тогтолцооны өвчлөлийг илрүүлэх үзлэг оношилгоонд хамруулах юм. Хүүхдүүд аль насандаа ямар өвчлөлөөр өвдөх эрсдэлтэй байна, түүн рүү нь чиглэсэн үзлэг оношилгоо, мөн эмчилгээг хийгээд явах нь зүйтэй юм. Бид ирээдүй болсон хүүхдүүдээ төрөхөөс нь эхлээд үзлэг оношилгоонд хамруулж, улмаар эмчилж чадвал Монгол Улс 10, 20 жилийн дараа эрүүл үндэстэн болох боломж бүрдэнэ.
-Манай улс дэлхийд хорт хавдрын өвчлөл, түүнээс үүдэлтэй нас баралтын тоогоор дээгүүрт бичигддэг. Тиймээс зонхилон тохиолдож буй хавдрын асуудалд бодлогын түвшинд анхаарах шаардлагатай байгаа юм. Энэ төрлийн өвчнийг эрт илрүүлэх, эмчлэх, урьдчилан сэргийлэх чиглэлд ямар бодлого, шийдэл байна вэ?
-Иргэдийн дунд хамгийн түгээмэл тохиолдож буй элэг, ходоод болон улаан хоолой, уушги, умайн хүзүү, хөхний хавдрыг оношлох, эрт илрүүлэх, эмчлэх, урьдчилан сэргийлэх чиглэлд анхаарч ажиллах үндэсний хэмжээний багуудыг бүрдүүлсэн. Эдгээр баг ирэх сараас ажлаа эхлүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж байна. Үндэсний багийнхан зарим аймагт ажиллаж, тусламж үйлчилгээ үзүүлж, хүн хүчээ сургаж дадлагажуулж эхэлсэн.
Мөн улсын томоохон эмнэлгүүдийг хавдрын төвтэй болгох ажлыг шат дараатай зохион байгуулж байна. Одоогоор Хоёрдугаар эмнэлэг хавдрын төвтэй болж, иргэдэд энэ төрлийн тусламж үйлчилгээг үзүүлж байна. Түүнчлэн ХСҮТ-д тодорхой үүрэг чиглэл өгсний хүрээнд тус төвийнхөн дотоод зохион байгуулалтынхаа асуудалд анхаарч, шийдвэрлэсэн. Ингэснээр олон хоног хүлээдэг очер дарааллын асуудал цэгцэрч, дунджаар 20 орчим хувиар буурсан.
-Монголд эмчлэх боломжгүй өвчний жагсаалтыг багасгах тухайд ямар ажлыг санаачлан хэрэгжүүлж байна вэ?
-Гадаадад эмчилдэг 26 өвчнийг эх орондоо эмчилдэг болох зорилгын хүрээнд зарим ажлыг хийж хэрэгжүүлж байна. Тус жагсаалтад байгаа гурван өвчнийг Монголд эмчлэх гурван багийг гадаадад сургалтад хамруулж мэргэшүүлэхээр явуулсан. Тус багийнхан аль улсад хэдий хэр хугацаанд суралцаж, ямар өвчнийг эмчлэх боломжтой вэ, ямар тоног төхөөрөмж шаардлагатай гэх мэт тодорхой мэдээллийг тусгасан нарийн төлөвлөгөөтэй танилцаж байж явуулж байна. Энэ онд багтаж 12, дараа жил 14 багийг гадаадад сургаж бэлтгэхээр төлөвлөсөн. Харин бид тухайн багийг эх орондоо буцаж ирэхэд нь эмчилгээнд шаардлагатай тоног төхөөрөмж, ажиллах орчин нөхцөлөөр хангах ёстой.
-Та ажлаа хүлээж авснаас хойш орон нутагт нэлээд ажилласан. Бодит байдалтай танилцахад тухайн аймаг, сумын эмнэлгүүдэд ямар асуудал тулгарч байна вэ?
-Орон нутгийн эмнэлгүүдэд хүний нөөц болон тоног төхөөрөмж дутагдалтай байна. Зарим эмнэлэг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангагдсан хэдий ч ажиллуулах эмч, мэргэжилтэн байхгүй байх жишээтэй. Мөн шүдний тасаггүй, эмчгүй гэх мэт асуудал байна. Бас нэг тулгамдсан зүйл бол эмч мэргэжилтнүүдийг сургалтад хамруулж, богино хугацаанд чадавхжуулах асуудал байна. Тиймээс үүнийг хэрхэн яаж зохион байгуулах талаарх төлөвлөгөөг Эрүүл мэндийн хөгжлийн төвд боловсруулж байна. Мөн аймгуудын нэгдсэн эмнэлгүүдэд хавдрын тусламж үйлчилгээг өргөжүүлэх, химийн эмчилгээг хийдэг болгох, дөрвөн сумын дунд шүдний нэг эмнэлэг байгуулах гэх мэт асуудлыг ярихаар зохион байгуулалттай холбоотой зүйлүүд нэлээд гарч ирж байна. Тиймээс тухайн асуудлуудыг бүсийн хэмжээнд хэрхэн яаж, ямар байдлаар зохион байгуулах вэ гэдэгт бодлогын хэмжээнд анхааран ажиллаж байна.
-Эрүүл мэндийн салбарт эмч, сувилагчаар ажиллах боловсон хүчин хомсдож байгаа гэдэг. Тэгвэл энэ асуудлыг хэрхэн, ямар бодлогоор шийдвэрлэх вэ?
-Манай улс 10 мянган хүнд ногдох эмчийнхээ тоогоор дэлхийд дээгүүрт ордог. Тиймээс үүнд хуваарилалт, зохион байгуулалтын асуудал байгаа юм. Харин сувилагч бүх шатанд дутагдалтай байна. Үүнийг нөхөхийн тулд гурван түвшний зохион байгуулалт хийх ёстой. Нэгдүгээрт, сувилагч бол эмчийн туслах биш, эмчилгээний явцад оролцдог, эмчтэй адилхан үнэлгээ үнэлэмжтэй дээд мэргэжил гэдгийг хүүхэд багачуудад ойлгуулж, энэ мэргэжлийг сонгох сонголтыг нь нэмэгдүүлэх хэрэгтэй. Хоёрдугаарт, сувилагч мэргэжлээр суралцах гэж буй хүүхэд залуусын сургалтын төлбөрийг хөнгөлөх, чөлөөлдөг байх. Гуравдугаарт, сувилагчаар төгссөн оюутнуудыг мэргэжлээр нь ажиллуулах хөшүүрэг бий болгох нь чухал. Яагаад гэвэл, сувилагчаар төгссөн оюутнуудын 50 хувь нь л мэргэжлээрээ ажилладаг. Тиймээс цалин урамшууллыг нь нэмэгдүүлж нийгмийн баталгааг нь бий болгох хэрэгтэй. Мөн сувилагчаар сурах явцад нь цалин урамшуулалтай дадлагажуулах нөхцөлийг бүрдүүлэх ёстой.
-Аль нэг салбарт боловсон хүчний хомсдол үүсэж байгаа нь нэг талаараа цалин урамшуулалтай холбоотой байдаг. Тиймээс эмч, мэргэжилтнүүдийн цалин урамшууллыг нэмэгдүүлэх боломж нөөц бий юү?
-Эхний ээлжид бид эрүүл мэндийн салбарынхаа санхүүжилтийг нэмэгдүүлэх ёстой. Үүний тулд даатгалын тогтолцоог өөрчлөх, салбарын хэмжээнд тавигдаж буй санхүүжилтийг хамгийн багадаа ДНБ-ий зургаан хувьд хүргэх нь чухал. Нөгөө талдаа бид санхүүжилтийнхээ зарцуулалтын хяналтыг сайжруулах ёстой. Ингэснээр эмч, сувилагч нарын цалин урамшууллыг нэмэгдүүлэх бүрэн боломжтой. Ямартай ч ирэх жилд тодорхой хувиар нэмэгдүүлэх зорилго тавин ажиллаж байна.
-Таны ярьж буй бодлого хөтөлбөр, арга хэмжээний эцсийн үр дүн хэзээ гарах вэ?
-Зарим нь үр дүнгээ өгч эхэлсэн. Салбарын хэмжээнд хэрэгжүүлэх ерөнхий гурван бодлого, таван арга хэмжээг 2025 он гэхэд бодит үр дүнд хүргэж, ард иргэд үр өгөөжийг нь хүртэж эхэлнэ.
-Тантай уулзсаных зарим нэг томилгооны асуудлыг тодруулмаар байна. Та үнэхээр ямар ч үндэслэлгүй, мэргэжлийн бус томилгоо хийсэн үү. Нэгдүгээр эмнэлэг, Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн тухай олон нийт багагүй ярьж байна?
-Би үндэслэлгүй, мэргэжлийн бус томилгоо хийсэн зүйл байхгүй. Нэгдүгээр эмнэлэг бол Төлөөлөн удирдах зөвлөлтэй байгууллага. Тиймээс тухайн зөвлөл нь эмнэлгийнхээ удирдлагыг шийддэг. Харин Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн тухайд удирдлагатай нь холбоотой санал гомдол яаманд удаа дараа ирсний дагуу би газар дээр нь очиж ажиллан, эмч ажилтнуудынх нь санал хүсэлтийг сонссон. Тус төвд өнгөрсөн хугацаанд ямар ч өөрчлөлт шинэчлэлт, ахиц дэвшил гараагүй, ажилтнууд нь сэтгэл ханамжгүй гэх мэт маш олон асуудал байсан учраас солих шийдвэр гаргасан. Бид юуны түрүүнд салбарынхаа хөгжил дэвшил, ирээдүйг бодох хэрэгтэй. Эрүүл мэндийн салбар хөгжиж, ард иргэд чанартай тусламж үйлчилгээ авах боломжийг бүрдүүлэхэд тухайн байгууллагын удирдлагын манлайлал, чадвар, хандлага туйлын чухал шүү дээ.
С.Юмсүрэн
Эх сурвалж: Монголын үнэн сонин №038/24617/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна