Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханы санаачилгаар эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөнийг зохион байгууллаа.
Улсын хэмжээнд хүүхдийн амны хөндийн эрүүл мэнд хангалтгүй байгаа нь олон өвчний үндэс болдог тул хүүхдийн амны хөндийн эрүүл мэндэд салбарын хэмжээнд онцгой анхаарал хандуулах шаардлагатайг Эрүүл мэндийн сайд зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ онцоллоо. Тэрбээр “Үүний тулд жилд хоёр удаа хүүхдүүдэд шүдний үзлэг хийж, эцэг, багш, хүүхдэд амны хөндийн эрүүл мэндийн боловсрол олгох цогц тогтолцоог бий болгох шаардлагатай. Шүдний салбарын 95 хувь нь хувийн хэвшлийнхэн. Тиймээс хувийн эмнэлгүүдтэй хамтарч, гуравлсан гэрээгээр Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилтээр байнгын үзлэг, оношилгоо, эмчилгээ хийх тогтолцоог бий болгоно. Энэ жил шүдээ эмчлүүлсэн зургаан настай хүүхэд ирэх жил хоёр удаа шүдээ үзүүлнэ. Хэрэв шүд нь өвдөж, цоорсон байвал эцэг эх болон багшийн урамшуулалтай ярих хариуцлагын тогтолцоо ажиллаж эхэлнэ. Ингэж зургаан наснаас нь эхлэн жил бүр урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулбал 12 жилийн дараа ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амны хөндийн эрүүл мэнд сайжирна” гэлээ.
Хүүхдийн өвчлөлийг эрт үед нь илрүүлж, эмчилгээ үйлчилгээг сайжруулахад 29.8 тэрбум төгрөг зарцуулах тооцоолол гаргажээ. Тухайлбал, зургаан настай бүх хүүхдийг нүд, шүд, зүрх судасны өвчний эрт илрүүлэгт хамруулахад 3.5, цэцэрлэг сургуулийн хүүхдэд эрүүл мэндийн цогц боловсрол олгоход хоёр, томуу, суулгалт зэрэг хүүхдийн өвчний өдрийн болон гэрийн тусламжийг бий болгож, эмнэлэгт хэвтэх үзүүлэлтийг 20 хувиар бууруулахад чиглэсэн ажилд 8.8, хувийн хэвшилтэй хамтран хүүхдийн шүдний цогц тусламж үйлчилгээ үзүүлэхэд 15.5 тэрбум төгрөг зарцуулах талаар танилцуулав.
С.Аз
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна