Т.Баасансүрэн: “Монголын үнэн” сонин өнгөрсөн зууны толгой, өнөө зууны манлай хэвлэл


МУСГЗ, доктор, профессор Т.Баасансүрэнтэй ярилцлаа.

-Танд “Монголын үнэн” сонины 105 жилийн ойн мэнд дэвшүүлье. Та  “Монголын үнэн” сонинтой анх хэзээ “танилцаж” байсан бэ? Энэ тухай дурсамжаас яриагаа эхэлье.

-Баярлалаа, та бүхэнд, нийт уншигчдадаа тасралтгүй 105 дахь жилдээ хэвлэгдэн гарч буй “Монголын үнэн” сонины баярын мэндчилгээг дэвшүүлье. Энэ бол Монголын оюун санааны амьдралд тохиож байгаа тэмдэглэлт чухал үйл явдал. Ийм урт түүхтэй сонин манайд өөр байхгүй.

Сайхан асуулт тавилаа, хариулъя. Арван жилийн сурагч байх үеэс би төвийн сонин хэвлэлд, түүний дотор “Үнэн” /хуучнаар/ сонинд мэдээ мэдээлэл бичиж эхэлсэн юм. 1968 онд арван жилийн сургуулиа төгсөөд “Үнэн” сонины нэр дээр Гэрээ байгуулж ЗХУ-д /одоогийн ОХУ/ сэтгүүлчийн мэргэжлээр суралцахаар явсан. Эрхүүд нэг жил орос хэлний бэлтгэл ангид, залгуулаад Москва хотноо таван жил М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн улсын их сургуулийн сэтгүүлчийн ангид суралцаад 1974 онд төгсөж ирээд “Үнэн” сонины Үйлдвэр, худалдааны хэлтсийн сурвалжлагчаар хөдөлмөрийн гараагаа эхэлсэн билээ. 1974-1976 онд тус сонинд ажилласан, тэгэхлээр би 50 жилийн өмнө “Үнэн” сонин, тэнд ажиллагч уран бүтээлчидтэй танилцсан болж таарч байна. Тэр үед БНМАУ-ын яам газрууд арван жилийг төгссөн хүүхдүүдээс шилж сонгож аваад өөрсдийн нэр дээр сургадаг, сургуулиа төгсөөд ирэхээр нь үндсэн ажилтнаар авч ажиллуулдаг байлаа. Надад аз таарч би хөдөлмөрийн гараагаа “Үнэн” сониноос эхэлж тухайн цаг үеийн хамгийн шилдэг тэргүүний сэтгүүлчдийн хүрээлэлд багтаж, тэднээс их юм сурч дадлагажих боломж бүрдсэнд хувь заяандаа талархаж явдаг даа.


-Тэгвэл та “Монголын үнэн” сонины үе үеийн эрхлэгч нартай хамт ажиллаж, нөхөрлөж ирсэн байх нь. Хэнтэй нь нь илүү ойр хамтарч ажиллаж байсан бэ?

-Цэндийн Намсрай, Лодонгийн Түдэв нартай, бас Өлзийсайханы Энхтүвшин, Гэндэнгийн Төртогтох зэрэг бусад эрхлэгч нартай ч ойр дотно хамтран ажиллах аз завшаан надад тохиосон. Ц.Намсрай гуай бол “Үнэн” сонины эрхлэгчээр 21 жил тасралтгүй ажилласан байдаг юм. Намайг 1974 оны долдугаар сарын 14-нд сурвалжлагчаар ажилд авахдаа “Чамд сард 700 төгрөгийн цалин олгоно. Энэ бол Гэгээрлийн яамны сайд байхдаа миний авч байсан цалин шүү хө” гэж хэлж байж билээ. “Өндөр цалин олголоо, өндөр хариуцлагатай ажиллаарай” гэж хэлж байгаа нь тэр. Алтай, Хангай шиг нөмөр нөөлөгтэй, залуус бидэнд түшигтэй  сайхан хүн байсан юм. Дараа нь Лодонгийн Түдэвийг “Үнэн” сонины эрхлэгч бөгөөд МСХ-ны даргаар ажиллаж байх үед би Монголын сэтгүүлчдийн холбооны орон тооны орлогч даргаар хамтарч ажилласан. Уран бүтээлчдийг цаг ямагт урагш дуудаж, хөдөлгөж чаддаг удирдагч байлаа. Онгод хийморийг нь оргилуулан бадрааж байв.

МАХН /хуучнаар/ түүхэндээ анх удаа 1996 оны сонгуульд ялагдаж, УИХ-д цөөнх болсон хүнд бэрх он жилүүдэд Намын нарийн бичгийн дарга, “Үнэн” сонины Ерөнхий эрхлэгч Өлзийсайханы Энхтүвшин, тэрчлэн эрхлэгч Гэндэнгийн Төртогтохтой МАХН-ын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байхдаа санаа бодол, гар нийлэн хамтарч ажилласан. Өөрчлөлт шинэчлэлийн он жилүүдийн зовлон, жаргалыг хамтдаа туулж, уйгагүй шаргуу ажиллацгаасны үр дүнд 2000 онд УИХ-ын сонгуульд намаа ялуулж, 72 суудал авахад нь өөрсдийн өчүүхэн боловч хувь нэмрийг оруулж хамтдаа магнай тэнийн баярлацгааж явлаа.

Өнөөдрийг хүртэл “Үнэн” сонинтойгоо холбоо тасраагүй. “Монголын үнэн” сонины 30 дахь эрхлэгч Баянмөнхийн Цоожчулуунцэцэг бол миний шавь байгаа юм. “Үнэн” сонины түүхэн дэх цорын ганц эмэгтэй эрхлэгч, эрчүүдээс ер дутах юмгүй эрэмгий, шаламгай ажиллаж байна. Өнгөрсөн жил “Монголын үнэн” сонины 1920-1921 оны зургаан дугаарын эмхэтгэлийг бүрэн эхээр нь хэвлүүлж гаргасан. Энэ жил тус сонины талаарх миний шинэ судалгааг ном болгож хэвлүүллээ. “Үнэн” сонины өнгөрсөн түүхэн замнал, түүний үнэн бодит түүхийг бүтээж байгаа чухал үйл ажиллагаа гэж талархаж байна.

-“Монголын үнэн” сонин монголчуудын оюун санааны үнэт өв, монгол үндэстний өмч мөн”  хэмээх шинэхэн ном тань хэвлэгдэн гарлаа. Юуны учир яагаад ийм ном бичих болов?

-Ийм судалгаа шинжилгээний ном бичнэ гэж бодоогүй явсан. Яагаад гэвэл би “Монголын үнэн” сонины талаар хэлэх гэсэн санаагаа урьд нь ямар нэг байдлаар илэрхийлчихсэн гэж бодож байв.

“Монголын үнэн” сонины 1920-1921 оны зургаан дугаарын нийтлэлд 2008 онд хийсэн ажиглалт шинжлэлээ миний бие “Монголд чөлөөт ардчилсан хэвлэл бүрэлдэн төлөвшсөн нь” цувралынхаа дэд дэвтэр болох “1921 оны Ардын хувьсгал ба Монголын хэвлэлийн хөгжил” /УБ.2009/ номынхоо нэгдүгээр бүлэгт “Монголын үнэн” сонин нийгмийг шинэчлэх хувьсгалт тэмцэлд уриалан дуудсан нь” гарчгийн дор бичиж нэгэнт уншигчдын хүртээл болгочихсон байсан билээ. Тэр номын хоёрдугаар бүлэг нь “Үнэн” сонин Монгол дахь намч, ангич хэвлэлийн эхлэлийг тавьж хөгжүүлсэн нь” хэмээх гарчигтай. Цуврал судалгаанууд. Үүнээс өөр “Үнэн” сонины талаар өгүүлсэн цөөнгүй судлаачдын бүтээл, тухайлбал доктор Г.Дэлэгийн “Монгол тогтмол хэвлэлийн түүхэн тэмдэглэл” /УБ. 1965/, доктор Л.Норовсүрэнгийн “Монголын нийтлэл” /дэд дэвтэр УБ.2005/, “Монголын сэтгүүл зүйн түүхэн тойм” /УБ. 2011/ номууд гарсан. Хангалттай олон ном зохиол гарсан байгаа биз? “Монголын үнэн” сонины талаар энэ мэт чамгүй олон ном зохиол, эрдэм шинжилгээний өгүүлэл бий.

-Тийм байна, тэгтэл та ахиад шинэ ном бичжээ?

-Тэгсээн, бичих шаардлага гарсан юм. Учир нь 2021 онд доктор Б.Галааридын “Монголын үнэн” сонины бодит түүх /УБ. 2021/ нэг сэдэвт бүтээл хэвлэгдсэн. Бусад судлаач, түүний дотор намайг өдөж мэтгэлцээнд уриалж дуудсан гэж хэлж болно. Аль нэг сэдвээр ингэж мэтгэлцэх нь аль ч салбарт байдаг энгийн үзэгдэл. Тухайн сэдвээ тодотгох, олон өнцгөөс олж харах бололцоог олгодог.

Монголын сэтгүүл зүйд “Монголын үнэн” сонин шиг олон судлаачдын анхаарал татаж судлагдсан хэвлэл нэг талаас үгүй мэт. Нөгөө талаас тэр хэмжээгээр маргаан мэтгэлцээн дагуулсан нь бас л эл сонин юм. 1990-ээд оноос “Монголын үнэн” сонинтой холбоотой Коминтерний зарим бичиг баримт нууцаас гарч, судалгааны шинэ эх үүсвэрүүд гарч ирсэн зэргээс энэ бүгд үүдэлтэй юм. Тиймээс “Монголын үнэн” сонины 1920-1921 оны  зургаан дугаартай холбоотой үнэн бодит үйл явдал, түүхэн эх сурвалжууд, тэдгээр дугаарын нийтлэлийн утга агуулга, хэл хэллэг, дүр дүрслэл зэрэгт ахин нэгэнтээ анхаарал хандуулж өөрийн санаа бодлыг ил тодоор илэрхийлэх нь зүйтэй юм байна гэж үзсэн болно. Үр дүнд нь “Монголын үнэн” сонин монголчуудын оюун санааны үнэт өв, монгол үндэстний өмч мөн” нэртэй зохиол төрж гарлаа. Эл нэг сэдэвт зохиолдоо би болж өнгөрсөн бодит үйл явдлууд, баримт материалуудад тулгуурлаж зарим нэг маргаантай зүйлийг нэг мөр болгож  баталгаажуулахыг зорьсон. Өөрөөр хэлбэл  “Монголын үнэн” сонины үүсэл хөгжил, харьяалал, голлох нийтлэлийн зохиогчдын талаар өөрийн санал бодлыг илэрхийлсэн гэх үү дээ.

-Монголын хэвлэлийн хөгжлийн асуудлаар та судалгааны ажил хийдэг хүн. Заримаас нь нэрлээч, Монгол дахь хэвлэлийн хөгжил дэвшилд “Монголын үнэн” сонины гүйцэтгэсэн үүргийн талаар юуг онцолж хэлэхсэн бол. Хөдөлмөрийн баатар Л.Түдэв “Монголын үнэн” сониныг “Зүсээ биш, сэтгэлгээгээ харах толь” гэж нэрлэсэн байдаг. Үүнтэй та санал нийлэх үү?

-Аятайхан асуулт байна. Ах нь Монголын сэтгүүл зүй, утга зохиолд тасралтгүй яг 50 жил зүтгэж явна. “Монголд чөлөөт ардчилсан хэвлэл бүрэлдэн төлөвшсөн нь” хэмээх цуврал долоон боть /2009-2020/, “Монголын нууц товчоо”-нийтлэлийн дурсгалт бичиг мөн” /2014/, “Сономбалжирын Буяннэмэхийн уран бүтээл, бичлэгийн арга барил, сэтгэлгээний онцлогт хийсэн ажиглалт шинжилгээ” /2019/, “Сэтгүүл зүйн шүүмж судлал, телевизийн хөтөлбөрийн судалгаа” /2021/, “Нэгэн жарны сударласан сургамж” /Утга зохиол, сэтгүүл зүй, орчуулгын бүтээлийн шүүмж судлал, 2022/, “Сэтгүүлчид эрин цаг үеийнхээ түүхийг бичдэг, үнэ цэн нь үүгээр тодорхойлогддог” /Утга зохиол, сэтгүүл зүй, орчуулгын бүтээлийн шүүмж судлал, 2023/ зэрэг судалгааны ном зохиол бичиж хэвлүүлжээ.

“Монголд чөлөөт ардчилсан хэвлэл бүрэлдэн төлөвшсөн нь” хэмээх цуврал долоон ботийн дэд дэвтэр-“1921 оны Ардын хувьсгал ба монголын хэвлэлийн хөгжил” номын бүтэн хоёр бүлэг нь “Монголын үнэн” сонины тухай болохыг түрүүнд би хэлсэн. Уг цувралын бусад боть, нэн ялангуяа “Монголын чөлөөт хэвлэлийн хөгжилд үндэсний сэтгүүлчдийн уран чадвар нөлөөлсөн нь” хэмээх дөрөвдүгээр ботид  “Үнэн” сонинд ажиллаж байсан үе үеийн уран бүтээлчид, тэдний бичлэгийн арга барил, уран чадварын байдалд шинжлэл хийсэн байгаа. Тухайлбал Бямбын Ринчен, Цэндийн Дамдинсүрэн, Чадраабалын Лодойдамба, Дондогийн Цэвэгмид, Санжмятавын Дашдэндэв, Мөнгөний Бизьяа, Өвгөөдэй Дамдинсүрэн, Лодонгийн Түдэв, Жа.Пүрэв... гээд цуварна. Дунд хийгээд сүүлийн залуу үеийнхнээс ч олон хүний бүтээлийг авч үзэж задлан шинжлэл хийсэн.

“Монголын үнэн” сонины 100 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хуралд /2020/ миний бие “Нийтлэл зүйн бичлэгийн төрөл, зүйлийг хөгжүүлэх, чөлөөт сэтгэлгээг Монголд дэлгэрүүлэхэд “Үнэн” сонины уран бүтээлчдийн гүйцэтгэсэн үүрэг, оруулсан хувь нэмэр” сэдэвт илтгэлийг бэлтгэж хэлэлцүүлсэн. /“Үнэн” сонин ба чөлөөт сэтгэлгээ” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал, илтгэлийн эмхэтгэл. УБ. 2020/, “Анхдагч ариун үйлсээрээ сод манлай соён гэгээрүүлэгч Сономбалжирын Буяннэмэх” сэдэвт илтгэлийг мэндэлснийх нь 120 жилийн ойд зориулан тавьж байв. Энэ хүн бол 1920 онд анхных нь дугаар хэвлэгдсэн “Монголын үнэн” сонины эрхлэгч юм. Орчин цагийн монголын утга зохиол болоод сэтгүүл зүйн шүүмж судлалыг үндэслэгч, монголын хувьсгалт хэвлэлийг үүсгэн хөгжүүлэгчдийн нэг юм. /“Нэгэн жарны сударласан сургамж” УБ. 2022, “Анхдагч ариун үйлсээрээ сод манлай соён гэгээрүүлэгч Сономбалжирын Буяннэмэх” өгүүллийг харна уу/. Утга зохиол, сэтгүүл зүйн шилдэг шүүмж судлалд олгодог Монгол Улсын Засгийн газрын шагналыг /Д.Нацагдоржийн шагналтай эн зэрэгцэхүйц/ буй болгох санааг ч нэг бус удаа гаргаж байлаа. Эдгээр ном зохиол, эрдэм шинжилгээний илтгэл, өгүүлэлд таны асуултын хариулт маш дэлгэрэнгүйгээрээ байж байгаа. Би товчхон гол санааг л илэрхийллээ.

“Монголын үнэн” сонинд ажиллаж ирсэн үе үеийн уран бүтээлчдээс монголын сэтгүүл зүйн хөгжилд оруулсан хувь нэмэр бол аугаа юм. “Хоёр хувьсгалыг мандуулахад хосгүй гавьяа байгуулсан сонин” гэж би судлаачийн хувьд тодорхойлсон. 1921 оны Ардын хувьсгалыг мандуулахад ч, 1990 оны ардчилсан хувьсгалыг эхлүүлэх нийгмийн сэтгэл зүйг бэлтгэж өөрчлөлт шинэчлэлтийг хэрэгжүүлэхэд ч “Монголын үнэн” сонин үнэнхүү гарамгай үүрэг гүйцэтгэсэн нь түүхэн бодит үнэн юм. Хэвлэл мэдээллийн бүх хэрэгсэл сонин сэтгүүлд үлгэр жишээ үзүүлж араасаа дагуулсан сонин. Монголын хэвлэлийн хөгжилд хөтчийн үүрэг гүйцэтгэсэн хэвлэл. Тийм ч учраас Л.Түдэв “Монголын үнэн” сонин бол монголчуудын зүсээ биш сэтгэлгээгээ харах толь” гэж нэрлэсэн байдаг, санал нийлэлгүй яахав.

-Монголын нийгмийн хөгжилд “Монголын үнэн” сонины гүйцэтгэсэн ба гүйцэтгэж байгаа үүрэг, ач холбогдлыг товчоор тодорхойлж хэлээч гэвэл та юуг онцлохсон бол?

-Сая би бараг хэлчихлээ дээ, тэгэхдээ тодруулж санаагаа тодотгоё. Монголд 1920-1921 онд үүсэн байгуулагдсан улс төрийн анхны хүчин МАН  /МАХН/ дэлхийн хөгжлөөс холын холд гээгдэж, Манж-Хятадын дарлалд нэрвэгдэж хүлэгдсэн боолчлолын гинжийг тас цохиж  Монгол Улсынхаа тусгаар тогтнолыг сэргээн мандуулаад дундад зууны харанхуй бүдүүлгийн бэлээхэн үлгэр жишээг үзүүлэгч хоцрогдсон Монгол орныг аж үйлдвэр, хөдөө аж ахуй бүхий  орчин үеийн эмнэлэг, боловсрол, соёл, шинжлэх ухаан цэцэглэн хөгжсөн улс болгон хөгжүүлж НҮБ-ын тэнгэрт алтан соёмбот далбаагаа намируулж чадсаныг хэнбугай ч үгүйсгэж эс чадна. Сүүлийн гуч гаруй жилд зах зээлд шилжих нийгмийн шилжилтийг мөн л амжилттай гардан хийлцэж хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн ардчилсан Монгол Улсыг бүтээн байгуулахад энэ улс төрийн хүчин өөрийн жинтэй хувь нэмрийг оруулж байгааг ч эрхбиш хүлээн зөвшөөрөх буй заа. Энэ бүхний түүчээ болж нэгэн зуун илүү хугацаанд Монголын нийгмийг танин мэдүүлж соён гэгээрүүлж ирсэн “Монголын үнэн” сониноос нийгмийн хөгжилд гүйцэтгэсэн үүрэг нэн өндөр юм.

105 дахь жилдээ хэвлэгдэж эхлээд байгаа “Монголын үнэн” сонин бол хорьдугаар  зууны Монгол Улсын нэр төртэй толгой хэвлэл, өнөө зууны манлай хэвлэлийн нэг, өчигдрийн  монголын нийгмийн амьдралын нэвтэрхий толь байсан, тэр уламжлалаа хэвээр  нь цаашид хадгалан үргэлжлүүлж урагшлаарай  гэж онцолж хэлэхийг хүсэж байна. “Монголын үнэн” сонин хорин нэгдүгээр зуунд Монгол Улсын манлай хэвлэлийн нэг байж өмнөх түүхэн замналаа улам баяжуулж хөгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Та бүхэн уран бүтээлийн улам өндөр амжилт гаргаарай.

-Баярлалаа, таны ажил үйлс, уран бүтээл, эрдэм судлалын ажилд тань амжилт хүсье.

Эх сурвалж: Монголын үнэн сонин №042/24621/  


0
angry
1
care
0
haha
4
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 26 минутын өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 3 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 3 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 3 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 3 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 4 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 4 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 5 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 5 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 5 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 5 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 5 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 5 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 5 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 5 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 5 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 5 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 5 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 6 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 6 цагийн өмнө