Т.Мөнхсайхан: Хавдрын эмнэлэг барих 12 га газрын зөвшөөрөл гарсан


Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл /ЭМДҮЗ/-ийн 2023 оны үйл ажиллагааны тайланг УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хурлаар сонслоо. Тус зөвлөл Эрүүл мэндийн даатгалын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, хяналт тавих чиг үүрэг бүхий хамтын удирдлагын бүтэц бөгөөд Засгийн газар, ажил олгогч, даатгуулагчдыг төлөөлсөн тус бүр гурав, нийт есөн гишүүнтэй бөгөөд үйл ажиллагааны үндсэн хэлбэрийнхээ хүрээнд өнгөрсөн онд зургаан удаа хуралдаж, 12 тогтоол баталжээ. Өнгөрсөн онд эрүүл мэндийн даатгалд хамрагдвал зохих иргэдийн 92.5 хувь буюу  3240.0 даатгуулагч хамрагджээ. Мөн тус сангийн тухайн жилийн төсвийн орлогыг 15640 их наяд төгрөгөөр төлөвлөснөөс 97.5 хувьтай биелсэн гэдгийг Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн дарга, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан танилцуулгадаа онцоллоо. Төсөвт төвлөрүүлсэн орлогын 43 хувийг төр хариуцах тусламж үйлчилгээний санхүүжилт, 41 хувийг ажил олгогч, даатгуулагчаас төлөх шимтгэл, 16 хувийг даатгалыг нь төрөөс хариуцах иргэдийн улсын төсвөөс төлөх шимтгэлийн орлого эзэлсэн байна.

Эрсдэлийн сангийн 40 тэрбум төгрөгийг тусламж үйлчилгээний зардалд зарцуулжээ

Эрүүл мэндийн даатгалын сангаас өнгөрсөн онд 1785.0 тэрбум төгрөгийн санхүүжилтийг эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардалд зориулан гэрээ бүхий 2349 байгууллагад олгожээ. Үүний 974 тэрбум төгрөгийг улсын эмнэлэгт, 359 тэрбум төгрөгийг анхан шатын эрүүл мэндийн байгууллагад, 249 тэрбум төгрөгийг хувийн эмнэлэгт, 99 тэрбум төгрөгийг эмийн санд олгосон бол 43 тэрбумыг урьдчилан сэргийлэх тусламж үйлчилгээний зардалд, 39 тэрбумыг сувилалд, 11 тэрбумыг төр хариуцах эмийн зардалд зарцуулсан байна. Төсвийн зарлагын гүйцэтгэл 222 тэрбум төгрөгөөр давсан учир өнгөрсөн оны эрсдэлийн сангийн 40 тэрбум төгрөгийг төрийн болон хувийн хэвшлийн эмнэлэг, сувиллын тусламж үйлчилгээний зардалд зарцуулжээ.  Түүнчлэн 2022 оны 60.5 тэрбум төгрөгийн өрийг Эрүүл мэндийн даатгалын сангийн өнгөрсөн оны төсвөөс барагдуулж ажилласан тухай танилцууллаа. Мөн Засгийн газрын 2023 оны 241 дүгээр тогтоолоор төрийн албан хаагчийн цалинг 27-45 хувиар нэмэгдүүлсэн, мөн иргэнд үзүүлсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний нэхэмжлэлийн тоо хэмжээ өмнөх онтой харьцуулахад 36.8 хувиар өссөн зэрэг хүчин зүйлсээс шалтгаалан сангийн зарлага батлагдсан төсвөөс 218.3 тэрбум төгрөгөөр хэтэрсэн гэдгийг танилцуулгадаа онцлов.

Иргэний халааснаас төлөх төлбөрийн хэмжээг бууруулжээ

Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжих тусламж, үйлчилгээг өргөжүүлж, иргэдэд учрах санхүүгийн эрсдэлийг бууруулах зорилгоор ЭМДҮЗ-ийн тогтоолоор 1500-гаас доош хүн амтай, 23 сумын эрүүл мэндийн төвийн хүн амаас хамаарсан тэгш байдлын коэффициентыг хоёр дахин, амбулаториор үзүүлэх тусламж үйлчилгээ болон өдрийн эмчилгээний нэр төрлийг олшруулж, тарифыг 20 хувиар нэмэгдүүлжээ.  Мөн жирэмсний хяналтын багцад өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээ хийлгэх, шүдний тусламж үйлчилгээ авах зэргийг багтааж, лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагаас үзүүлж буй тусламж үйлчилгээний тарифыг ялгаатай байдлаар шинэчлэн тогтоож, хоёрдогч шатлалын тусламж үйлчилгээг гуравдагч шатлалын эмнэлгээс авсан тохиолдолд тухайн эмнэлгийн гүйцэтгэлээр авах санхүүжилтийн тариф буурахаар, түүнчлэн иргэн өөрийн хүсэлтээр хоёр дахь шатлалын эмнэлгээс авах боломжтой үйлчилгээг лавлагаа шатлалын эмнэлгээс авсан тохиолдолд хамтын төлбөрийг илүү өндөр төлөхөөр зохицуулж, энэхүү хамтын төлбөрийг өндөр өртөгтэй тусламж үйлчилгээнд хувиар тооцдог байсныг тогтмол мөнгөн дүнгээр төлөх хэлбэрт шилжүүлсэн байна.

Өрхийн болон сумын Эрүүл мэндийн төвийн гүйцэтгэлийг үнэлж байсан 14 шалгуур үзүүлэлтийг цөөрүүлж, мэдээллийн эх сурвалж, тооцох аргачлалыг нэг эх үүсвэртэй болгожээ. Урьдчилан сэргийлэх багцын төлбөрийн хэмжээг инфляц, үнийн өсөлттэй уялдуулан шинэчилж, тарифыг дунджаар 40 хувиар нэмэгдүүлсэн байна. Эрүүл мэндийн байгууллагаас шинээр буюу өмнө огт үзүүлж байгаагүй төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг шинээр үзүүлэх тохиолдолд харгалзах шалгуур үзүүлэлтээр чадавхыг үнэлэхээс гадна мэргэжлийн салбар зөвлөлийн дүгнэлтээр тухайн тусламж үйлчилгээг үзүүлэх эрхтэй болгох зохицуулалтыг бий болгосон байна. Эдгээр бодлогын арга хэмжээ нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахад иргэний халааснаас төлөх төлбөрийн хэмжээ буурахад ихээхэн ач холбогдолтой болжээ. Жишээлбэл, хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээний 800 мянган төгрөг хүртэл тарифын тусламж үйлчилгээнд 50 мянган төгрөгийн тогтмол хамтын төлбөр тогтоож, тарифыг тогтмол дүнтэй болгосон болон элэг шилжүүлэн суулгах өндөр өртөгтэй тусламж үйлчилгээний төлбөрийн 113.6 сая төгрөгөөс иргэн 28.4 сая төгрөг төлдөг байсан бол шинэчилсэн тогтоолоор иргэний төлөх төлбөрийн хэмжээг 5.7 дахин бууруулж, таван сая төгрөг болгосон байна.

Амбулаториор тусламж үйлчилгээ авсан иргэдийн тоог 2022 онтой харьцуулахад 40.3 хувиар, өдрийн эмчилгээнд хамрагдсан иргэд 57 хувиар тус тус нэмэгджээ.

Цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ ба санал шийдэл

Цаашид авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээний талаарх саналыг ЭМДҮЗ-ийн дарга, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан танилцуулав. Тухайлбал, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулж, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, цалин хөлсийг нэмэгдүүлэхдээ ЭМД-ын сангийн төсвийг давхар нэмэгдүүлж байх, даатгалын шимтгэлийг нь төрөөс хариуцдаг иргэд сангийн орлогын 27.4 хувийг бүрдүүлэх атлаа тусламж үйлчилгээний зардлын 77 хувийг зарцуулж байгааг үндэслэн тэдний улсын төсвөөс төлөх шимтгэлийн хувь хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатайг тодотголоо.  Капитал банкнаас авах 136.1 тэрбум төгрөгийн авлагын 44 хувь буюу 59.9 тэрбум төгрөгийн авлагыг барагдуулж, 76.2 тэрбум төгрөгийн, Чингис Хаан банкнаас авах 30.5 тэрбум төгрөгийн авлагатай байгаа аж.  Энэ тухайд  ЭМДҮЗ-ийн дарга, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан тэрбээр “Эрүүл мэндийн даатгалын санд үүсээд байгаа өр авлага бол 2021 оноос буюу “COVID-19” цар тахлаас шалтгаалан үүссэн бөгөөд буцааж санд төвлөрүүлэх байсан боловч энэ ажиллагаа гүйцэт хийгдээгүйгээс хуримтлагдсан. Мөн хавдрын эмнэлэг барих 12 га газрын зөвшөөрөл гарсан, зураг төслийг боловсруулах гүйцэтгэгч шалгараад байгаа. Урьдчилсан байдлаар 140 сая ам.доллар шаардлагатай гэсэн тооцоолол гарсан. Хавдрын өвчлөлөөс хэрхэн сэргийлэх, яаж эрт оношлох вэ, нэгэнт хавдраар өвчилсөн бол иргэдэд хүндрэл учруулахгүйгээр тухайн амьдарч байгаа бүс нутагт нь чанартай эмнэлгийн тусламж үйлчилгээг хүргэх вэ гэдэг бодлого руу төвлөрч үндэсний таван баг байгуулсан. Монгол Улсад тэргүүлж буй элэг, ходоод, уушги, умайн хүзүү, хөхний хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх бодлого барьж байна. Бид одоо цогц системтэй бодлогын тухай ярих ёстой” гэсэн мэдээллийг өглөө.

С.Юмсүрэн

Эх сурвалж: Монголын үнэн сонин №042/24621/  


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 2024/11/22
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 2024/11/22