20 минутын буюу гэрт ойр эмнэлэг



Тусламж хүсэж, аврал эрэн орж ирэх хүмүүсийн цуваа тасрахгүй. Тэд гар, хөлөө гэмтээсэн, халуурсан, бөөлжиж суулгасан, ханиалгасан, хоолой нь өвдсөн, толгой нь эргэж, даралт нь ихэссэн гэх мэт янз бүрийн зовиуртай, тархи, зүрхний асуудалтай, сонсгол, хараа муутай зэрэг төрөл бүрийн шалтгаантай. Хаалгыг нь татсан хөгшин, залуу, хүүхэд багачууд, эрэгтэй, эмэгтэй гээд нас, хүйс үл харгалзан хүн бүр хэрэгцээтэй тусламж үйлчилгээгээ авч, сэтгэл хангалуун, итгэл дүүрэн гарах нь тэр. Бас оршин суугаа хаяг ч үл хамаарна. Тэгш, хүртээмжтэй үйлчилгээний бодит бөгөөд тод жишээ болсон газрыг бид энэ удаагийнхаа дугаартаа онцлон сурвалжиллаа.  Энэ газар бол Чингэлтэй дүүргийн 19 хороо, Санзайн зам дагуух гэр хорооллын айл өрхүүдийн дунд байрлах “Universal Clinic” буюу “UC эмнэлэг” юм. Тус эмнэлгийн шавыг өнгөрсөн оны зургадугаар сард тавьж байсан бол энэ оны наймдугаар сард  тууз хайчилжээ. Ийнхүү тус эмнэлэг албан ёсоор үүд хаалгаа нээснээр тухайн бүсийн оршин суугчдын хувьд эмнэлгийн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ авахын тулд хоёр гурван цаг түгжирч, хотын төвийг зорьдог хүндхэн үе ард хоцорсон байна. Харин тухайн бүсэд оршин суудаг 160 гаруй мянган иргэд арав, хорин минут алхаж очоод л эрүүл мэндийн бүх төрлийн тусламж үйлчилгээг нэг дороос авах бүрэн боломжтой болжээ. 

70 гаруй төрлийн болон найман төрлийн хавдрын шинжилгээ хийдэг 

Тус эмнэлэгт одоогоор 13 чиглэлийн нарийн мэргэжлийн эмч үзлэг оношилгоо хийж, мөн шинжилгээ авч, шаардлагатай эмчилгээ үйлчилгээг үзүүлж байна.

Тодруулбал, дотор, мэдрэл, хүүхэд, эмэгтэйчүүд, мэс засал, гэмтэл согог засал, нүд, чих, хамар, хоолой, яаралтай тусламж, лаборатори, дүрс оношилгоо, сэргээн засах, уламжлалт эмчилгээ гэсэн кабинеттай бөгөөд рентген зураг, эмэгтэйчүүдийн болон хэвлий, зүрхний эхо, сонсгол, тархи, зүрхний цахилгаан бичлэг хийхээс гадна хараа зүйн цогц тусламж үйлчилгээг мөн үзүүлж байлаа. Тус эмнэлэгт таван төрлийн аппаратаар 70 гаруй төрлийн шинжилгээ хийдэг байна. Тухайлбал, цус, шээсний дэлгэрэнгүй, биохими, иммунологи, бүлэгнэлт, эрдэс, даавар, үе мөч, хеликобактер, өөх тосны солилцоо, үтрээний наац, шимэгч хорхойн гэх мэт шинжилгээнээс гадна монголчуудын дунд зонхилон тохиолдож буй найман төрлийн хавдрын шинжилгээ хийдэг талаараа “UC эмнэлэг”-ийн эмнэлзүйн лабораторийн эмч Б.Баясгалан онцлон танилцуулаа. Мөн эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд ч хамруулж байв.

“UC эмнэлэг” яаралтай тусламж болон эмийн сангийн үйлчилгээг 24 цагаар үзүүлэхээр тооцоолж, зохион байгуулсан ч одоогоор ЭМДЕГ-ын сонгон шалгаруулалтад ороогүй байгаа учраас эхлүүлж чадаагүй байгаа аж.

 

М.Баттүвшин: Бидний зорилго төрөөс баримталж буй бодлого зарчимтай уялдаж, нийцэж байгаа

  НҮБ-ын гишүүн орнуудын баталсан Астанагийн тунхаглалд бүх нийтийн эрүүл мэндийн хамралтад хүрэх тулгын чулуу нь эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ гэдгийг баталгаажуулсан байдаг.  Бүх нийтийн эрүүл мэндийн хамралт гэдэг нь эрүүл мэндийн чанартай тусламж үйлчилгээг хүн бүр хэрэгцээтэй үедээ, хаана амьдарч байгаагаас үл хамаарч санхүүгийн хүндрэлгүйгээр авах боломжтой байхыг хэлдэг. Тэгвэл “UC эмнэлэг”-ийн чиглэл, үйл ажиллагаа олон улсын энэхүү зарчим, тунхаглалд нийцэхийн зэрэгцээ Монгол Улсын Засгийн газраас баримталж буй бодлого, зорилтуудтай ч уялдаж буй. Тухайлбал, “Алсын хараа-2050”, Эрүүл мэндийн тухай хууль, төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого, “20 минутын хот” концепц, тэгш байдал, хүртээмжийг сайжруулах, төвлөрлийг сааруулах зорилтуудтай нийцэж буйг “UC эмнэлэг”-ийн гүйцэтгэх захирал М.Баттүвшин тодотголоо. Тэрбээр яагаад заавал гэр хорооллын бүсэд эмнэлэг байгуулахаар шийдсэн тухайгаа “2021 оны байдлаар нийслэлд хувийн 2485 эмнэлэг үйл ажиллагаа явуулж байгаагийн 2067 нь орон сууцны хороололд байрладаг. Улаанбаатар хотын хүн амын 50 хувь нь гэр хороололд амьдарч байхад энэ бүсэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлдэг нэг ч эмнэлэг байдаггүй. Тиймээс бид гэр хорооллын иргэдэд чанартай, нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг санхүүгийн дарамтгүй үзүүлэх, өрхийн эрүүл мэндийн төвийн ачааллыг хуваалцах, хотын төвийн төвлөрлийг сааруулах зорилгоор энэ бүсийг сонгож, эмнэлгээ барьж байгуулсан юм. Одоогоор өөрсдийн боломжоороо тусламж үйлчилгээгээ үнэ төлбөргүй үзүүлж байгаа. Цаашид бид ямар нэгэн нэмэлт төлбөргүйгээр Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлөөс баталсан тарифаар эмчилгээ үйлчилгээ үзүүлэх зорилго, төлөвлөгөөтэй байгаа. Энэ асуудал шийдэгдчихвэл эрүүл мэндийн үйлчилгээг тэгш бөгөөд хүртээмжтэй хүргэх зорилт бүрэн дүүрэн хэрэгжих юм” хэмээв.

 

Өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмж+чадварлаг эмч мэргэжилтнүүд=чанар

 

“Хотын захын орхигдсон баг, хорооны иргэдэд эрүүл мэндийн нэн шаардлагатай тусламж үйлчилгээг хүргэдэг эмнэлгийн сүлжээг бий болгох” гэсэн алсын хараатай тус эмнэлгийнхний үнэт зүйлсэд “чанартай, оношилгоо эмчилгээний стандарт” гэсэн үгс багтаж буй. Тийм ч учраас эмнэлгийн удирдлагууд чанартай үзлэг, оношилгоо, шинжилгээ, эмчилгээ үйлчилгээг нэг дороос авах боломжийг бүрдүүлэхдээ тоног төхөөрөмж болон боловсон хүчнийнхээ сонголтод ихээхэн ач холбогдол өгчээ. Тодруулбал, үзлэгийн өрөөнүүдээ олон улсын стандартад нийцсэн, сүүлийн үеийн дэвшилтэт, өндөр хүчин чадалтай техник, тоног төхөөрөмжөөр тоноглосон бол боловсон хүчнээ ахмад, дунд, залуу гэсэн гурван үеийн туршлагатай, мэдлэг чадвартай эмч, мэргэжилтнүүдээр бүрдүүлэхдээ харилцаа хандлага, сэтгэл зүтгэлийг гол шалгуураа болгосон байна.


Ингэж шаардлагатай тоног төхөөрөмжөөр бүрэн хангаж, чадварлаг эмч мэрэгжилтнүүдээр багаа бүрдүүлснээр хотын төвөөс алслагдсан гэр хорооллын иргэдэд эрүүл мэндийн цогц тусламж үйлчилгээг санхүүгийн дарамтгүй үзүүлэх боломж нөхцөл бүрджээ. Жишээлбэл, уушгины хатгалгаатай хүүхэд тухайн эмнэлэгт хандахад хүүхдийн мэргэжлийн эмчид үзүүлж, цээжний зураг авахуулж, цусны шинжилгээ өгч, улмаар өдрийн эмчилгээнд хамрагдах бүрэн боломжтой. Ингэхдээ шаардлагатай бол физик эмчилгээнд ч хамрагдаж болох аж.


Бас нэгэн онцлох цогц тусламж үйлчилгээ бол нүдний өрөө. Тухайн өрөөг “Орбис” олон улсын байгууллагатай хамтран Япон, Англи, АНУ, Хятад улсад үйлдвэрлэсэн нүдний биомикроскоп зэрэг хамгийн сүүлийн үеийн шаардлагатай бүх тоног төхөөрөмжөөр тоноглосон талаар нүдний эмч Х.Бундархи танилцууллаа. Тэрбээр “Бид нүдний бүх төрлийн тусламж үйлчилгээг үзүүлж байгаа. Тухайлбал, нүдний өмнөд болон арын сегмэнтийн үзлэг, нүдний даралт хэмжих, нүдний уг дурандуулах, зургийг нь авахуулах боломжтой. Мөн нүдний үзлэгийн өрөөнд суурилууулсан тоног төхөөрөмж, аппарат зөөврийн хувилбараар байгаа учраас бид өндөр настан, бага насны хүүхдээ харж буй ээжүүд, хэвтрийн дэглэмтэй зэрэг эмнэлэгт ирэх боломжгүй хүмүүсийн гэрт нь очиж үзлэг оношилгоонд хамруулахаар төлөвлөж байна” хэмээгээд тун удахгүй хараа зүйн кабинетыг ашиглалтад оруулахаар бэлтгэл ажлаа базааж буйгаа хэллээ.


Ингэснээр тухайн хүн хараагаа шалгуулчихаад шил тохируулж, хийлгэх боломжтой болох юм. Энэ төрлийн үйлчилгээг ингэж цогц байдлаар шийдэж буй нь харааны асуудалтай хүмүүст цаг хугацаа, эдийн засгаа хэмнэх боломж олгохоос гадна мэргэжлийн хүний үзлэг оношилгоонд үндэслэн шил тааруулж зүүх нь эрүүл мэндийн хувьд том давуу талтай гэдгийг тодотгоод нэгэн жишээ татаж анхааруулсан юм. Өндөр хасахтай шил зүүдэг нэгэн иргэн тухайн эмнэлэгт хандаж, эмчийн зөвлөсний дагуу нүдний угаа дурандуулахад өөрчлөлттэй гарсан байна. Тэр хүн харааны шил зардаг дэлгүүрийн худалдагчаар хараагаа шалгуулаад л шил тааруулаад авчихдаг байж. Ийм байдлаар арав гаруй жил харааны шил зүүхдээ нэг ч удаа нүдний угаа дурандуулаагүй, энэ төрлийн үзлэг оношилгоо хийлгэх шаардлагатайг ч мэдээгүй явжээ. Тийм учраас мэргэжлийн байгууллагад хандаж, мэргэжлийн эмчээр үзлэг оношилгоо хийлгэж, өөрт тохирсон шилээ зүүхийг зөвлөж байлаа.

 

Сэтгэл хангалуун, итгэл дүүрэн үйлчлүүлэгчид

 

Ханиад томууны улирал эхэлсэн учраас хүүхэд багачууд ялангуяа цэцэрлэгийн насныхан эмнэлэг, эмийн сангийн хаалга татах нь нэмэгджээ. Ээжүүд хүүхдээ тэвэрч, эхлээд өрхийн эмнэлэг, дараа нь дүүргийн эмнэлэг,  цаашлаад  ийм тийм шинжилгээ өг, рентген зураг авахуулаад ир гэдэг зааврын дагуу дахиад гурав, дөрөв дэх эмнэлэг, лабораторийн хаалга татах бол энгийн үзэгдэл. Ингэхдээ түгжирч хоёр, гурван цаг зарцуулж зорьсон эмнэлэгтээ хүрэх хэдий ч дарааллаа хүлээж хоёр, гурван өдөр болох нь ч бий. Гэр хорооллын иргэдийн ийм асуудлыг мэдэрч, цаг хугацаа, эдийн засгаа хэмнэж, эрүүл мэндийн чанартай тусламж үйлчилгээг тэгш, хүртээмжтэй авах боломжийг бүрдүүлж өгсөнд  иргэд, үйлчлүүлэгчид сэтгэл хангалуун буйгаа илэрхийлж байв. Тухайлбал, В.Шүрэнчимэг “Бие өвддөг учраас би олон эмнэлгээр явж эмчилгээ үйлчилгээ авч байсан. Улсын эмнэлгүүд оочир дараалал ихтэй, өндөр настнууд бид удаан хүлээж барахгүй. Хувийн эмнэлгийн үнэ тарифыг нь тэтгэврийн бид төлж дийлэхгүй. Улсын эмнэлгүүд бол өвдөж зовоод явж байхад урдаас “цаг байхгүй, нэмэлтээр үзэхгүй, хэдэн хоног хүлээ, тэдэн төгрөг төл, тийшээ яваад ийм, тийм шинжилгээ өгөөд ир” гээд л гаргадаг, хэцүү шүү дээ. Харин энэ эмнэлгийн талаар сонсоод ирж үзлэг шинжилгээнд хамрагдсан. Үүднээсээ л инээж угтан шаардлагатай үзлэг шинжилгээнд хамруулж эмчилгээ үйлчилгээ үзүүлээд үдсэнд үнэхээр сэтгэл хангалуун байгаа. Эднийх одоогоор үнэ төлбөргүй эмчилгээ үйлчилгээ үзүүлж байгаа юм билээ. Гэхдээ хувийн эмнэлэг учраас дандаа үнэ төлбөргүй үзэх боломжгүй шүү дээ. Тиймээс  Эрүүл мэндийн даатгалд хамрагдаад, даатгалаар үздэг болчихвол аль аль талдаа амар болно доо” хэмээн сэтгэгдлээ хуваалцаад тус эмнэлгийн хамт олонд ажлын амжилт хүслээ.


“...Ямар аятайхан эмнэлэг вэ. Цэвэрхэн, тав тухтай, тоног төхөөрөмж сайтай, мэргэжлийн мэргэшсэн эмч, мэргэжилтнүүдтэй юм. Гэрийнхээ хаяанд эмнэлэгтэй болчих гэж, энэ бүсийнхэн азтай юм аа. Хоёр, гурван цаг түгжирч хотын төвийн эмнэлэг орох ч шаардлага алга, гэрээсээ гараад арав, хорин минут алхаад л ирчих юм байна...” зэрэг сэтгэл хангалуун, итгэл дүүрэн сэтгэгдэл хөвөрч байлаа. 


Гэхдээ тэдэнд нэг л зүйл дутуу. Тэр нь Эрүүл мэндийн даатгалд хамрагдах. Эмнэлгийнхний туйлын зорилго, иргэдийн чин хүсэл бодит биеллээ олох цаг ойрхон байг.


 С.Юмсүрэн

Эх сурвалж: Монголын үнэн сонин №043/24622/ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 2024/11/22
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 2024/11/22