Монгол Улсын Засгийн газраас 2024-2025 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн сурагчдын дунд нүд, шүд, зүрхний эмгэгийн эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгийг орон даяар зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Энэ нь Эрүүл мэндийн яам Боловсролын яамтай хамтран хэрэгжүүлж буй “Эрүүл, аюулгүй сургууль” арга хэмжээний эхлэл гэдгийг холбогдох албаныхан тодотгож буй. Энэхүү эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгийн талаар ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын газрын Халдварт бус өвчний хэлтэс, Амны хөндий, нүд, сонсголын эрүүл мэнд хариуцсан мэргэжилтэн Г.Номинтой ярилцлаа.
-Нэгдүгээр ангийн сурагчдыг хамруулж буй эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгийн явцын талаар тодорхой мэлээлэл өгнө үү?
-Эрүүл мэндийн болон Боловсролын сайдын хамтарсан тушаалын хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн сурагчдыг нүд, шүд, зүрхний эмгэгийн эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж, эмчлэх ажлыг зохион байгуулж байна. Мөн үзлэгт хамруулаад ямар нэгэн асуудалгүй, эрүүл гарвал цаашид хэрхэн, яаж урьдчилан сэргийлэх тухай зөвлөгөө, мэдээллээр хангах юм. Нэгдүгээр ангийн сурагчдын дунд зохион байгуулж буй энэхүү арга хэмжээ бол өвчлөлийг эрт илрүүлж, хүндрэхээс нь өмнө эмчилгээнд хамруулахад чиглэж цаашид анхаарч ажиллана. Тодруулбал, сургуулийн насны хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн үзлэг нь хүүхдийн амь нас, амьдралын чанар, суралцах чадварт нөлөөлөх өвчнийг эрт үед нь илрүүлэх, түүнийг үр дүнтэй эмчилж, ирээдүйд учирч болзошгүй хүндрэл, нас баралт, санхүүгийн дарамт, суралцахад саад болохоос сэргийлэх зорилгоор зохион байгуулж байгаа юм.
-Ерөнхий боловсролын сургуулиуд нэгдүгээр ангийн сурагчдаа тухайн үзлэгт хамруулаад эхэлсэн. Эхний байдлаар ямар үзүүлэлтүүд гарч байна вэ. Өөрөөр хэлбэл, зургаан настнуудын дунд нүд, шүд, зүрхний өвчлөл ямар түвшинд байна вэ?
-2024-2025 оны хичээлийн жилд 39804 хүүхэд нэгдүгээр ангид элсэн орсон. Эдгээр хүүхдийг эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах ёстой. Одоогоор 24 орчим хувийг нь хамруулаад байна. Үзлэгт хамрагдсан хүүхдүүдийн дунд шүдний өвчлөл түгээмэл байна. Тодруулбал, шүдний үзлэгт хамрагдсан 7365 хүүхдийн 80 гаруй хувь нь шүдний өвчлөлтэй гэж гарсан. Арван хүүхэд тутмын найм нь шүд, амны асуудалтай гэсэн үг. Нүдний үзлэгт хамрагдсан 8429 хүүхдийн 24 орчим хувь нь, зүрхний үзлэгт хамрагдсан 6719 хүүхдийн 1.41 хувь нь өөрчлөлттэй гарсан.
-Тухайн үзлэгт хамруулж, өвчлөл илэрсэн тохиолдолд эмчилгээ үйлчилгээ үзүүлэх цогц арга хэмжээ гэдгээрээ онцлогтой. Өвчлөлтэй гарсан хүүхдүүдийг шаардлагатай эмчилгээнд нь хамруулж эхэлсэн үү. Ямар байдлаар хэрхэн хамруулж байгаа вэ?
-Эхнээсээ эмчилгээндээ хамрагдаж эхэлсэн. Үзлэгээр ямар өвчлөл илэрснээс шалтгаалж, дараа дараагийнхаа шатлал руугаа илгээж байна. Тухайлбал, зургаан настнуудын дунд шүдний өвчлөл өндөр учраас шүдний эмнэлгүүдтэй гэрээлэх байдлаар эмчилгээ үйлчилгээг үзүүлж байна. Ингэхдээ нэг хүүхдийн тав хүртэлх шүдний төлбөрийг улсаас дааж, үнэ төлбөргүй эмчилгээнд хамруулж байгаа юм.
-Эмчлэхээс гадна урьдчилан сэргийлэхэд анхаарах ёстой. Тухайлбал, өвчлөл өндөр гарч байгаа шүдний тухайд урьдчилан сэргийлэхэд ямар үйлчилгээ үзүүлж байна вэ?
-Зургаан наснаас холимог зуултын үе эхэлдэг. Энэ үе бол хамгийн чухал үе. Яагаад гэвэл, энэ үед байнгын их араа шүдэлдэг. Гэтэл эцэг эхчүүд үүнийг сүүн шүдтэй андуурч, анхаарахгүй орхих тохиолдол бий. Хэрэв байнгын нэгдүгээр их араа шүдийг хамгаалахгүй бол эрт үедээ цоорох эрсдэл өндөртэй байдаг. Тийм учраас цоорсон шүдийг нь эмчлэхээс гадна цоорлоос хамгаалах ховил битүүлэгч ломбо тавьж өгч байгаа. Мөн эрдэсжүүлэх, фоторжуулах арга хэмжээ авч байна.
-Эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгт нэгдүгээр ангийн бүх сурагчийг оноос өмнө хамруулах уу. Ямар төлөвлөгөө, зохион байгуулалттай явж байгаа вэ?
-Энэ онд багтаад нийслэлийн ерөнхий боловсролын бүх сургуулийн нэгдүгээр ангийн сурагчдын энэхүү эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулна. Харин он гараад орон нутгийн сургуулиудын нэгдүгээр ангийн сурагчдыг тухайн үзлэгт хамруулахаар төлөвлөсөн.
-Зургаан настнуудын дунд нүд, шүд, зүрхний үзлэгийг ямар шалтгаан үндэслэлээр зохион байгуулахаар болсон бэ?
-Улсын хэмжээнд бүх хүн амын дунд зохион байгуулсан эрт илрүүлгийн тоо баримтад үндэслэж, тухайн гурван асуудлыг сонгож, зургаан настнуудыг хамруулж байгаа юм. Өөрөөр хэлбэл, бага насны хүүхдүүдийн дунд нүд, шүд, зүрхний өвчлөл өндөр байна гэсэн үг. Тухайлбал, энэ онд шүдний үзлэгт хамрагдсан нийт хүний 520 гаруй мянга нь 0-5 насных, 150 гаруй мянга нь 6-17 насны хүүхдүүд. Энэхүү үзлэгийн тоо баримтаас харахад гурван хүүхэд тутмын хоёр нь шүдний цооролтой, тархалт нь 77.8 хувьтай байна. Тэгэхээр 6-17 настнуудын дунд шүд цоорох өвчлөл 82.6 хувьтай байгаа нь өндөр үзүүлэлт. Тиймээс эл асуудалд бодлогоор анхаарч, арга хэмжээ авах шаардлагатай.
-Энэхүү эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх арга хэмжээг цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулах уу. Өмнө нь хэрэгжүүлж байсан арга хэмжээ, хөтөлбөрүүдээс юугаараа онцлог байх вэ?
-Сурагчдын дунд зонхилон тохиолдож буй өвчлөлийг илрүүлээд орхих бус эмчлэх, дараа нь хянах, урьдчилан сэргийлэх, шаардлагатай мэдлэг боловсролыг нь олгох замаар цогц байдлаар хэрэгжүүлж буй гэдгээрээ онцлог, давуу талтай. Тиймээс үүнийг нэг жил зохион байгуулаад орхих асуудал биш. Эрүүл сургууль бий болгох концепц, агуулгын хүрээнд цаашид сургуульд суурилсан эрт илрүүлэг зохион байгуулж, эрт үеийн эмчилгээнд хамруулах, мөн аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэг боловсрол олгох зэргээр тогтолцоог нь бүрдүүлэх зорилго руу чиглэж байгаа юм. Тиймээс сурагчдын эрүүл мэндийг дэмжих ажлуудыг шат дараатай зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Тухайлбал, дөрөвдүгээр ангийн хүүхдүүдийг амьсгалын эрхтэн тогтолцоо, наймдугаар ангийн хүүхдүүдийг хоол боловсруулах эрхтэн тогтолцоо, 12 дугаар ангийн хүүхдүүдийг шээс, бэлгийн замын эрхтэн тогтолцооны үзлэгт жил бүр хамруулж байх боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна.
-Ерөнхий боловсролын сургуулиуд шүд угаах өрөө, цагтай болох талаар яригдаж байсан. Энэ ажил, арга хэмжээ ямар шатандаа явж байна вэ?
-Туршилт буюу загвар байдлаар Чингэлтэй дүүргийн 50 болон 37 дугаар сургууль дээр шүд угаах өрөө тохижуулсан. Тухайн сургуулийн хүүхдүүд хоолоо идсэнийхээ дараа эсвэл хүссэн үедээ шүдээ угаах боломжтой. Зөвхөн ерөнхий боловсролын сургуулиуд гэлтгүй их, дээд сургуулиуд энэ ажлыг өрнүүлж байна. Тухайлбал, АШУҮИС-ийн Нүүр, ам судлалын сургууль шүд угаах өрөөтэй болох аяныг өрнүүлж, ажил хэрэг болгосон. Хүүхдүүд шүдээ угаах ёстой гэдгийг мэддэг ч түүнийгээ дадал болгож чаддаггүй. Тиймээс гэртээ, сургууль дээрээ шүдээ угааж дадал болгож чадвал шүд цоорох болон бусад төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой.
-Мэргэжлийн хүнтэй уулзсаных уншигчдад анхааруулга, сэрэмжлүүлэг болгох үүднээс тодруулъя гэж бодлоо. Ер нь шүдний өвчлөл ямар эрсдэлтэй вэ?
-Шүдний цоорол нь 200 гаруй өвчлөлийн шалтгаан болдог гэсэн судалгаа бий. Шүд цоорох өвчлөл бол зөвхөн шүдний асуудал биш. Тухайн хүүхдийн биеийн өсөлт хөгжилд сөргөөр нөлөөлдөг. Шүд нь цоорч, өвдөж эхлэхээр хүүхэд хоолоо бүрэн боловсруулж идэж чаддаггүй. Хоол боловсруулах замын анхан шатны боловсруулах механик үйл ажиллагаа бол амны хөндийд явагддаг. Зажилж идвэл хоол, залгиж идвэл хор гэдэг үг байдаг даа. Хэрэв хоолыг зажлахгүйгээр залгиж идсэн тохиолдолд ходоодонд ачаалал өгч, улмаар асуудал үүсэх эрсдэлтэй. Хоолоо бүрэн зажилж иддэггүй хүүхдүүд ирээдүйд хоол боловсруулах замын эмгэгтэй болох магадлал 70 гаруй хувьтай байдаг гэсэн судалгаа бий. Мөн шүд, нүүр амны өвчлөлөөс хамаарч хүүхдийн амьдралын чанар өөрчлөгдөх гэдэг асуудал байдаг.
Шүд нь цоорсон, амнаас нь эвгүй үнэр гарч буй хүүхэд инээхгүй, хүнтэй чөлөөтэй ярилцаж чадахгүй, өөртөө итгэх итгэл муутай байх жишээтэй. Тиймээс эцэг эхчүүд хүүхдээ хэвийн өсөлт хөгжилтэй байлгах, амьдралын чанарыг нь дээшүүлэх, нийгэмд эзлэх байр суурийг нь бэхжүүлэх, ерөнхий биеийн өвчлөл үүсгэх эрсдэлээс сэргийлэх зорилгоор амны хөндийн эрүүл мэндэд нь зайлшгүй анхаарах ёстой.
С.Юмсүрэн
Эх сурвалж: Монголын үнэн сонин №043/24622/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна