Технологийн салбарын “Алтан луужин”



 

Нар баруун тийш хэлбийж, ханын цаг 16:00 руу өнгийсөн байв. Анир чимээгүй нам гүм орчныг байсхийгээд дуугарах чаг чаг гэх чимээ эвдэж байлаа. Үе үе дуугарахыг бодоход цаг лав биш. Төд удалгүй гутлын өсгийний чимээ гарч, хаалга зөөлөн онгойв. Бичиг цаас, багаж төхөөрөмж нямбайлан барьсан, буржгар богино үстэй эмэгтэй орж ирэх даруйд хэсэг хүүхэд түүнтэй мэндчилж, танхим сая “амь” орлоо. Түүнийг Д.Болормаа гэдэг бөгөөд хүмүүс “МУИС-ийн” гэдэг тодотголоор нь андахгүй мэднэ.

МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны инженерчлэлийн сургуулийн Электроникийн инженерийн хоёрдугаар дамжааны оюутнуудад Хагас дамжуулагч элемент гэдэг хичээл заахаар орж ирээд буй нь тэр. Нөгөөх чаг чаг гэх чимээ оюутнууд компьютерын хулгана товшихоос гарч байж. Хичээл үргэлжлэх хугацаанд асуулт, хариулт буюу харилцан яриа давамгайлж байлаа.

Технологийн мэргэжлийн хичээлд анх удаа сууж буй тул баахан тоо, томьёо уншиж, түүнийг нь ойлгохгүй, толгой эргэх болов уу гэх битүүхэн айдас маань замхрав. Бодит байдал төсөөллөөс эсрэг өрнөж, сониуч зан хөдөллөө. Хагас дамжуулагч материал нь цахилгаан сайн дамжуулдаг дамжуулагч ба дамжуулдаггүй тусгаарлагч хоёрын дундах саармаг шинж чанарыг үзүүлдэг материал бөгөөд үүгээр нарны зай, гэрэл мэдрэгч зэрэг электроникийн суурь элементүүдийг хийдэг байна. Хурдтай өсөж буй хагас дамжуулагчийн  зах зээлийн нийт хэмжээ 500 тэрбум орчим ам.долларт хүрчээ. Нэг л мэдэхэд завсарлах цаг болж, хонх дуугарав.

Д.Болормаа багш оюутнуудад хагас дамжуулагч элемент, электрон хэлхээ, инженерийн удиртгал гэдэг гурван хичээлийн мэдлэг олгодог. Ойлгуулах гэсэн зүйлээ нийт дунд нь ганц нэг хэлээд орхих биш оюутан бүртэй тулж ажиллаж буй дүр зураг харагдав. Мөн өмнө нь өгсөн үүрэг даалгаврынхаа биелэлтийг заавал шалгахын зэрэгцээ асуудалтай тохиолдолд зөвлөгөө өгч  чиглүүлэн дахин гүйцэтгэх боломж олгодог аж. Оюутнууд ч багшийнхаа энэ арга барилыг ам уралдан онцолж байв. Тэдний нэг Электроникийн инженерийн оюутан С.Уртнасан “багш хичээлээ маш сонирхолтой байдлаар заахаас гадна оюутан бүрд юм ойлгуулж үлдээхийг хичээдэг” гэв.

Электроникийн инженер мэргэжил эзэмшсэнээр hardware, software гээд аль аль талдаа ажиллах боломжтой учраас Уртнасан ийм сонголт хийжээ. Гэхдээ малчны хотонд өссөн сэргэлэн шар охин эрэгтэй, эмэгтэй хүний мэргэжил гэдэг улиг болсон хэвшмэл ойлголтыг сөрж зогссондоо хааяа эргэлзэж, шантрахад нь Болормаа багш урам зориг өгч, мэргэжилдээ илүү сонирхолтой, дуртай болоход нь нөлөөлжээ.

 

Сониуч зан түлхүүр, тооны олимпиад ташуур болов

 

Болормаа бага байхын л сониуч, мөн тооны хичээлдээ сонирхолтой байсан учир электроникийн инженер мэргэжил сонгожээ. Дөрөвдүгээр ангиасаа тооны олимпиадад хүч сорьж чамлахааргүй амжилт атгадаг байсан нь түүнд ташуур болдог байж. Улмаар долоодугаар ангидаа сонгоны ангитай гурван сургуулийн нэг болох 48 дугаар дунд сургуульд  шалгалт өгч, тэнцэн инженер болох сууриа тавьжээ.

Тухайн үед ангийн багш нь  их, дээд сургуулийн багш нарыг урьж лекц уншуулж, давтлага өгүүлдэг байсан нь Болормааг мэргэжлийн чиг баримжаатай, анхан шатны ойлголттой болгож чадсан байна. Мөн 48 дугаар дунд сургууль Монголд угсарсан хамгийн анхны “Монел” компьютерын лаборатори байгуулсан бөгөөд ямар нэгэн доголдол, эвдрэл гарахад инженерүүд очиж заадаг нь түүний сониуч занг улам их хөдөлгөдөг байсан тухай эргэн дурслаа.

Болормаа 1989 онд дунд сургуулиа төгсөж, нэг жил инженерийн бэлтгэлд сурч, оюутнуудын жагсаалтыг тэргүүлэн хамгийн түрүүнд сонголт хийх алтан боломж атган авч, Украин улсын Львов хотыг зорьсон байна. Тус хотын Политехникийн дээд сургуульд электроникийн инженер мэргэжлээр хоёр эмэгтэй, хоёр эрэгтэй оюутан сурахаар очсон бөгөөд түүнээс хоёр эмэгтэй нь сургуулиа амжилттай дүүргэжээ. Тэр үед Украинд суралцахаар очсон гадаад оюутнуудаас зөвхөн тэр хоёр л эмэгтэй байж. Тэднийг багш нар нь “Үйлдвэрлэл дээр эрэгтэйчүүдээс илүү эмэгтэй хүн маш сайн инженер болдог” гэж урамшуулдаг байсан тухай дурсав.

Ийнхүү алс холоос эрдэм өвөртлөн эх орондоо ирсэн ч тухайн үед тосоод авах ажлын байр байсангүй. Ямар ч зүйлд цаг хугацаа, хүч хөдөлмөр, зүрх сэтгэлээ зориулсан л бол үр дүнг нь үзэх ёстой гэсэн зарчимтай тул тэр дахин Львов хотыг зорьж, төгссөн сургуульдаа лаборантаар ажиллахын сацуу зэрэг ахиулсан байна. Тодруулбал, шингэн кристалтай электрон оптик тоног төхөөрөмжийн загвар гаргах бүтээлээр 2003 онд докторын зэрэг хамгаалжээ. Тухайн үед ганцаарчилсан болон хамтарсан гурван судалгааны бүтээлээр патент авч байж. Тэдгээр бүтээлийн нэг буюу холбооны свич төхөөрөмжид шингэн кристал ашиглах технологийг 2009 онд үйлдвэрлэлд нэвтрүүлж, том амжилт гаргажээ.

 

Багшийн сэтгэл+оюутны итгэл

 

Тэрбээр 14 жилийн дараа эх орондоо эргэн ирж, сурсан мэдлэг, хуримтлуулсан туршлагаа харамгүй хуваалцах, оюуны хөрөнгө оруулалт хийх чинхүү хүсэлдээ хөтлөгдөн МУИС-ийн багш хэмээх эрхэм алдрын эзэн болоод 20 гаруй жилийг үджээ. Энэ хугацаанд оюутнуудаа удирдаж, олон тэмцээн уралдаанд оролцон ганзага дүүрэн буцдаг байж. Тухайлбал, өнгөрсөн онд МУИС-аас оюутнуудын дунд зохион байгуулсан гарааны бизнесийн төсөл хэрэгжүүлэх тэмцээнд багштайгаа нэг баг болон өрсөлдөж, хоёрдугаар байр эзэлсэн тухай Электроникийн ангийн оюутан Ч.Маралмаа ярилаа. Зургаан сарын турш үргэлжилсэн тэрхүү тэмцээнд юмсын интернетэд суурилсан гэрийн автоматжуулалт гэсэн сэдвээр төсөл хэрэгжүүлжээ.

Багшийнхаа тухайд тэрбээр “Оюутнуудаа гэсэн чин сэтгэлтэй. Асуудлын гарц шийдлийг шууд хэлэхгүй, өөрсдөөр нь заавал олуулдаг арга барилаараа бусдаас ялгардаг” гэлээ. Харин тус ангийн оюутан А.Жигжид “Багш аливаа зүйлийн эцсийн үр дүнг л хардаг. Хийх явцдаа хэдэн удаа алдах нь ямар ч хамаагүй гэсэн зарчим баримталдаг нь бидэнд том хөшүүрэг болдог” гэв.

Түүний шавь нар дэлхийн өнцөг булан бүрд оч, од болон гялалзаж яваа. Тэдний нэг болох О.Баасанжаргал 2013 онд МУИС-ийг Электроникийн инженер мэргэжлээр төгссөнөөс хойш одоог хүртэл мэргэжлээрээ ажиллахын сацуу зэрэг ахих, мэдлэгээ тэлэх зорилгоор суралцаж байна. “Болормаа багш өөрийн гэсэн өвөрмөц арга барилтай. Аливаа зүйлийг тойруу байдлаар илэрхийлдэггүй. Ямар ч үед санаагаа шулуухан, ойлгомжтой хэлчихдэг. Энэ зан нь заримдаа хатуу юм шиг санагдах боловч, дараа нь бодоход маргах зүйлгүй зөв байдаг. Нөхцөл байдлыг бодитоор харах чадвараас нь үргэлж суралцдаг” хэмээн Баасанжаргал хэлээд, салбарынхаа чиг хандлагын талаар бодлоо хуваалцлаа. Тэрбээр “Сүүлийн жилүүдэд мэдээлэл, технологийн салбар руу эмэгтэйчүүд нэлээд хүч түрэн орж ирж байна. Эмэгтэйчүүд ажил, мэргэжлийн ур чадвараараа эрчүүдээс дутахааргүй сайн болсон. Ажлын талбарт зарим үед эрчүүдээс илүү хариуцлагатай, нухацтай, бүтээлч cэтгэлгээтэй байх хандлага нэлээд ажиглагдаж байна” гэв.

Багшаар ажиллаж эхлэх үед нэг ангид нэг юм уу хоёр л эмэгтэй оюутан сурдаг байсан бол энэ тоо бага багаар нэмэгдэж, гарын арван хуруу давах болжээ. “Эмэгтэй оюутнууд аливаа зүйлд илүү нямбай, хариуцлагатай ханддаг. Бүтээлээ хийхээс өгсүүлээд схемны зураг тооцоо гаргах, бичиг баримт боловсруулах гэх мэт бүх шат дамжлагад анхаардаг” хэмээн тэрбээр тодорхойлов.

Одоо харин мэргэжлийн технологийн хичээл заах боловсон хүчний асуудал сэтгэлийг нь чилээж эхэлжээ. Гэхдээ гарц шийдлийг нь аль хэдийнэ олсон байна. Тодруулбал, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн дэмжлэгтэйгээр мэргэжлийн боловсролын салбарын багш бэлтгэх хөтөлбөр боловсруулах багийг Болормаа ахлан ажиллаж буй. Тус баг ШУТИС, МУБИС, ХААИС-ийн багш нараас бүрдсэн ба ТТДС-д Багш, мэргэжлийн боловсрол, сургалт магистрын хөтөлбөрөө хэрэгжүүлж, мэргэжлийн технологийн хичээл заах боловсон хүчний хомсдолыг арилгах боломжтойг тэрбээр онцлов.

 

Үнэлэшгүй үнэт хөрөнгө оруулагч

 

Дэд профессор, доктор Д.Болормаа тоолж үл барам олон оюутны мэргэжлийн чиглүүлэгч, зөвлөгч, дэмжигч нь байж, ажил амьдралын зам руу нь хөтөлсөн тухай түүний удирдлага дор төгссөн оюутнууд ярьдаг. Тэдний төлөөлөл бол 2007 онд Электроникийн инженер мэргэжлээр төгссөн Ө.Нармандах. “Эргээд бодоход Болормаа багш маань яг цагийг нь олж, хэрэгтэй зөвлөгөө өгөөгүй бол тухайн үед буруу сонголт хийх байсан” хэмээн тэрбээр дурслаа. “Багш биднээс хариуцлагатай байхыг шаардахаас гадна  ээж шиг минь дэмжиж, эгч шиг минь тусалж, найз шиг минь зөвлөдөг байсан. Одоо ч гэсэн дандаа холбоотой байж мэргэжлийн зөвлөгөө авдаг” хэмээн Өмнөд Солонгос улсад хагас дамжуулагчийн технологийн чиглэлээр магистрийн зэрэг хамгаалж байгаа Нармандах тэмдэглэсэн. 

Болормаа багш шавь нарынхаа тухай ярихдаа нүд нь сэргэж, сэтгэл нь хөдөлж байлаа. Технологийн салбарыг сонгосон оюутнууд суралцаж байх явцдаа л ажлын байртай болчихдог. Гадаад, дотоодын компаниуд, банк санхүү, эмнэлэг, уул уурхай гээд бүх чиглэлийн салбарт ажиллаж буй талаар омогшин ярих нь ёстой л багш хүний бахархал аж.

Технологийн салбар гэхээр тоо, физикээр толгой цохидог байх ёстой гэсэн нийтлэг ойлголт бий. Тэгвэл Болормаа багш “Аливаа зүйлийг томоор нь харж сэтгэж чаддаг, бодох үйл ажиллагаа бусдаас арай илүү байхыг л шаарддаг. Хамгийн гол нь сэтгэл зүтгэлтэй байхад л болно доо” гэв. Дэлхийн хаанаас ч цахимаар ажиллах боломжтой технологийн салбарт хөл тавьж, бусдыгаа манлайлж, түүчээлж ажиллахыг тэрбээр мөн уриалсан. Өөрөө ч ийм жанжин шугамтай нэгэн ажээ. Болормаа багш олон оюутны “луужин” болж, тэдний эргэлзээг тайлж, ажил мэргэжилдээ эзэн болоход эергээр нөлөөлж явааг оюутнуудынх нь яриа гэрчилнэ. 

Болормаа багш технологийн салбарт мөнгөөр үнэлж, үгээр илэрхийлэмгүй үнэ цэнтэй, том хөрөнгө оруулалт хийж яваа нэгэн. Хүсэл сонирхол, мөрөөдөлдөө хөтлөгдөн их, дээд сургуульд хөл тавьж буй залуусыг гараа дэлгэн авч, мэдлэг боловсролтой, сэтгэл зүтгэлтэй, чадварлаг боловсон хүчин болгон “ургуулж” яваа чимээгүй баатар ажээ. Товчхондоо, технологийн салбарын “Алтан луужин”.

С.Юмсүрэн

Эх сурвалж: Монголын үнэн сонин №043/24622/ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Нийслэлийн хэмжээнд хүүхдийн 22 амбулатори уртасгасан цагаар ажиллаж б… 19 цагийн өмнө
Үндсэн хуулийн ойн хүрээнд зохион байгуулдаг Шатар сонирхогчдын Улсын … 20 цагийн өмнө
Улаанбаатарт 4 хэм дулаан байна 21 цагийн өмнө
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Өчигдөр
Ж.Гомбожав: 1924 онд улс төр, эдийн засаг, нийгмийн нөхцөл байдал маш … Өчигдөр
Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахтай холбоотой хяналтын сонсгол болж бай… Өчигдөр
Ерөнхийлөгч 2025 оны улсын төсөвт бүхэлд нь ХОРИГ ТАВИЛАА Өчигдөр
Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал болло… Өчигдөр
Улаанбаатарт 2 хэм дулаан байна Өчигдөр
Тусгай хэрэгцээт 29 дүгээр сургуулийн барилга, дотуур байрны их засвар… 2024/11/19
Дүүжин тээврийн эхний чиглэлийг ирэх онд ашиглалтад оруулна 2024/11/19
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх хоёр үйлдвэрийн тендерийг арванхоёрдуг… 2024/11/19
Х.Нямбаатар: Сэлбэ, Баянхошуу дэд төвүүдийн барилгын ажилд төрийн өмчи… 2024/11/19
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Парламентын хяналтыг үйл ажиллагааныхаа … 2024/11/19
Оюуны олимпоос ганзага дүүрэн ирлээ 2024/11/18
Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн салбарт зун цаг ирж байна 2024/11/18
Д.Дэмбэрэлдаш: Миний өвөө Ш.Найдансүрэн анхдугаар Үндсэн хуулийг болов… 2024/11/18
"Бадмаарсан зул" Хоролын Зандраабайдий 2024/11/18
Технологийн салбарын “Алтан луужин” 2024/11/18
Г.Номин: Нэгдүгээр ангийн сурагчдын шүдийг эмчилж, цоорохоос сэргийлэх… 2024/11/18