Жил бүрийн арваннэгдүгээр сард томуу, томуу төст өвчний дэгдэлт эхэлдэг. Оргил үе нь арванхоёрдугаар сарын сүүлч, нэгдүгээр сарыг хамардаг байна. Ханиад, томууны шинж тэмдэг ойролцоо учир эцэг, эхчүүд бага насны хүүхдийнхээ өвчнийг хүндрүүлдэг аж. Тэгвэл энэ жил томуугийн улирал урт хугацаанд үргэлжилж байгаа төдийгүй хүүхдүүдээс гадна 25-40 насныхны өвчлөл нэмэгджээ. Цаашид дэгдэлт улам нэмэгдэх төлөвтэй байгаа учир Хан-Уул Эрүүл мэндийн төвийн Яаралтай түргэн тусламжийн тасгийг зорин, эмч нарын зөвлөөг сонслоо. Томуугийн вирусээр насанд хүрэгчид хөнгөн өвдөж байгаа ч хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, чихрийн шижинтэй болон архаг хууч өвчтэй хүмүүс өвчнөө хүндрүүлж байна. Гэхдээ томуугийн хүндрэлээс сэргийлэх, эмчилгээг богино хугацаанд үр дүнтэй хийх боломжтой. Ялангуяа бага насны хүүхэд, ахмад настан, жирэмсэн эмэгтэйчүүд, архаг хууч өвчтэй зэрэг дархлаа султай хүмүүс томуугийн халдвар авснаар богино хугацаанд хатгаа болж хүндрэх эрсдэлтэйг эмч нар анхааруулж байна. Эцэг эхчүүд фэйсбүүк группуудэд нийтлэгдсэн нэгнийхээ постын дагуу хүүхдээ эмчлэх гээд байдаг. Хэн нэгэн “Манай хүүхэд ханиад хүрээд энэ эмийг уугаад эдгэлээ” гэж бичихэд бусад нь “Хаанаас авсан бэ, өдөрт хэдэн удаа уулгах вэ” гэх мэтээр асуусан байдаг. Тухайн постны эзний хүүхэд тэр эмийг нь уугаад эдгэсэн байж болно. Харин таны хүүхэд яг тэр эмчилгээгээр эдгэнэ гэж бодох нь өрөөсгөл. Нэгнийхээ ам дамжсан яриагаар янз бүрийн эм хэрэглэж явсаар улирал дамнаад хүүхдээ хүндрүүлж эмнэлэгт хандсан тохиолдол олон. Хэдийгээр улсын хэмжээнд вакцинжуулалт өрнөсөн ч насанд хүрсэн хүмүүс амны хаалт зүүхгүй, агаар дуслын замаар дамжих өвчнийг зөөвөрлөж, бага насны хүүхдэдээ дамжуулах эрсдэлтэй. Ханиалгаж байгаа тохиолдолд амны хаалтаа тогтмол зүүж, ам, хамраа зайлах нь чухал. Шинж тэмдэг илэрч л байвал өрхийн эмнэлэгтээ үзүүлж, эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй. Томуугийн шинж тэмдэг ханиаднаас илүү хүнд явцтай ч хурдан илэрдэг. Томуугийн халдварын үед хоолой хөндүүрлэж өвдөх, халуурах, толгой өвдөх, булчин зангирч өвдөх, хамар битүүрэх, ханиалгах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Шинж тэмдэг 2-5 хоногийн хугацаанд аажим намждаг. Гэсэн хэдий ч долоо ба түүнээс дээш хоногоор биеийн байдал сайжрахгүй байгааг эмч нар сануулсан. Томуугийн түгээмэл тохиолдох хүндрэл нь уушгины хатгаа бөгөөд бага насны хүүхдүүд, ахмад настан, уушги, зүрхний өвчтэй хүмүүс илүү өртөмтгий байдаг. Амьсгаадах шинж тэмдэг илэрвэл эмчид хандах шаардлагатай. Хатгааны үед халуурах нь түгээмэл бөгөөд халуун буусан ч 1-2 өдрийн дараа дахин халуурдаг аж. Ханиадны адилаар томуугийн вирус хамар, нүд, амны салстаар дамжин биед нэвтэрдаг. Иймд гараа тогтмол угааж, халдваргүйжүүлж, нүд, хамар, амандаа гараараа хүрэхгүй байх нь ханиад, томуугаас сэргийлэх үр дүнтэй аж. Ханиад, томууны үед хүүхдийн дархлааг хэрхэн дэмжих, урьдчилан сэргийлэх талаар Хан-Уул Эрүүл мэндийн төвийн Яаралтай түргэн тусламжийн их эмч Б.Халиунаас тодрууллаа.
Б.Халиун: Томуу, томуу төст өвчнөөр 0-5 насныхан хүнд өвчилж байна
-Томуу, томуу төст өвчний оргил үе эхэлсэн. Аль төрлийн вирусийн халдвар зонхилж байна вэ?
-Нийслэлд өнгөрсөн сарын сүүлч, энэ сарын эхнээс томуугийн оргил үе эхэлсэн. Томуу, томуу төст өвчнөөр 0-5 насныхан илүү хүндээр өвчилж байна. Одоогоор Аденовирус, КОВИД-19-ийг нөхцөлдүүлдэг “SARS-CoV” вирус, Реновирус, томуугийн H вирус, амьсгалын замын Синцитиал вирус голчлон томуу, томуу төст өвчний шалтгаан болж байна.
-Эдгээр вирүсээр үүсгэгдсэн тохиолдолд ямар шинж тэмдэг илэрч байна вэ?
-Томуугийн дэгдэлтийн үед амьсгалын замын вирусийн халдварт өвчний 25-30 хувийг Аденовирусийн халдвар эзэлдэг. Энэ бол амьсгалын зам, нүд ба гэдэсний салст бүрхүүл, тунгалгийн эдүүдийг гэмтээж халуурах, бага зэргийн хордлогын шинжээр илэрдэг цочмог халдварт өвчин. Реновирус нь хамрын салстад байрладаг. Даарсан үед хүний биеийн хэм 33-35 хүрэхэд вирүс идэвхжиж эхэлдэг. Улмаар бага насы хүүхдэд дунд чихний үрэвсэл, чихээр хатгуулж өвдөх, булаг гарах шинж тэмдэг илэрнэ. Харин томуугийн H вирусээр халдварлахад ханиах, хамар битүүрч, нус гоожих, нүд загатнах, нулимс цийлэгнэх, хоолой өвдөх, ядарч сульдах, бага хэмтэй халуурах шинж илэрч байна. Синцитиал вирус нь амьсгалын доод зам, уушгинд хүрч, цочмог бронхиолит (амьсгалын доод замын үрэвсэл), хатгалгаа үүсгэдэг. Халдвар нь хамар, ам, нүдний салст бүрхэвчээр дамждаг. Халуурах, хоолны дуршил муудах, нус гоожих, найтаах ханиалгах амьсгал бачуурах шинж зонхилон илэрч байна. Халдвар авсан хүн ханиах, найтаах үед вирус агуулсан тоосонцор агаарт цацагддаг.
-Ханиад, томуугаар өвдөх дархлаатай шууд холбоотой гэдэг. Хүйтэн сэрүүний улиралд дархлаагаа хэрхэн сэргээх вэ?
-Дархлаагаа сайжруулж, ханиаднаас салах энгийн үр дүнтэй арга бол халуун, бүлээн шингэн зүйл сайн уух хэрэгтэй. Өдөрт хүүхэд 1.5 литр, том хүн 2.5-3 литр шингэн заавал уухыг зөвлөдөг. Хүний биед вирус орсон ч шингэнээр хөөгдөж гарах, эмчилгээ хурдан авахад дэмтэй байдаг. Өвлийн цагт шимт бодисоор баялаг хүнс болох өндөг, мах, дүпү, шар тос, гурвалжин будаа, шар будаа, хөц будаа, гурилан бүтээгдэхүүн, эх орны хөрсөнд ургасан төмс, лууван зэрэг хүнсний ногоо, аньс, нэрс, чацаргана зэргийг тохируулан хэрэглэх хэрэгтэй.
-Танай эмнэлэг ачаалалтай ажиллаж байна уу?
-Манай Хан-Уул Эрүүл мэндийн төвийн хүлээн авахад өдөрт 150-200 хүүхэд хандаж, ачаалалтай ажиллаж байна. Эхлээд өрхийн эмнэлэгт хандаж, эмчийн зааврын дагуу эмчилгээ хийж, давтан үзлэгээ хийлгэсний дараа тухайн эмч хоёрдугаар шатлалын эмнэлэгт хандах бичиг өгдөг. Гэтэл энэ дарааллыг алгасаж, өрхийн эмнэлгийг тоохгүй шууд түргэн тусламж дуудах эсвэл хоёрдугаар шатлалын эмнэлэгт хандах нь ачаалал нэмэгдүүлдэг. Ийм шалтгаанаар хэвтэн эмчлүүлэх ор хүрэлцэхгүй байна. Хамраас нь нус гоожсон шинж тэмдэгтэй ирсэн хүүхэд эмнэлэгт хандаад буцахдаа ханиад авдаг гэж ярьдаг. Эцэг, эхчүүдэд зөвлөхөд, эмнэлэгт ирэхдээ хүүхдийнхээ хамарт вирусээс сэргийлэх оксолин түрхэж, амны хаалт зүүлгэж хэвшээрэй.
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: Монголын үнэн сонин №044/24623/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна