БНСУ-ын Сөүл хотноо “Grest72” хэмээх урлаг соёл, хурим найрын үйлчилгээний томоохон цогцолборт Монгол Улсын Гавьяат жүжигчин Төмөрийн Ариунаагийн “Нандин учрал” тоглолтыг “Айнко энтертайнмэнт групп” ХХК энэ сарын15-нд амжилттай зохион байгууллаа. Эл танхимд зохион байгуулагдсан анхны монгол дуучны тоглолт гэдгээрээ бас нэгэн шинэ хуудсыг нээв. Үзэгчдэд цагаан дресс код санал болгосон. Цагаан хувцастнууд тоглолтын тов зарласан цагаас харьцангуй эрт уван цуван ирж буй нь нууранд чуулж буй цагаан хунгуудыг өөрийн эрхгүй санагдуулна. Битүү шилэн танхим халуун орныг зорихоор нисэх шувуудаа тосох нуурын эргийг, шилэн сандлууд тогтмол усыг, эргэн тойрны унжлага, засалтууд байгалийн тансаг дүр төрхийг өөрийн эрхгүй бодогдуулах ажээ. 1000 орчим үзэгч хүлээн авах хүчин чадал бүхий гол танхимд вип ширээнүүдийг тайзны урд хэсэгт засжээ. Энгийн тасалбартай хүмүүст ч угтах хэсэгт байрлуулсан текнээс уух зүйлсээ худалдан авах боломж олгожээ. Үүдээр ороход цэцгийн худалдаа явагдаж, тэрүүхэндээ дараалал үүсэж байв. Т.Ариунаагийн тоглолт учраас эхнээсээ дэг журам, хариуцлага, баяр хөөр мэдрэгдэнэ. “Яг л цагтаа эхлэх байх” гэсэн бат итгэлтэй үгс хэдэнтээ сонстов. “Хунгууд” Бусан, Согчу, Сөүлийн дүүрэг бүрээс нисэлдсээр танхим биесээ тэвэрсэн, уулга алдсан, хаа сайгүй хамтдаа зургаа татуулсан ер бусын халуун дулаан уур амьсгалд автлаа. Зүрхнийхээ гэрлийг асаахад бэлхэн монголчууд...
...Оддын гэрэл минь
битгий уйл
Одоохондоо тэр юу ч
ойлгохгүй, охин
минь
Олон зуны дараах нэгэн
намраар
Охин чамайг тэр үгүйлэх
болно
Гэрэлтэй мөнхийн хайр
ирнэ.
58-тай Ариунааг тайзнаа гарахад л орилолдож эхлэв. Ийм гал халуун оршилтой тоглолтын хувь заяаг тааж ядах юусан билээ.
Хайраараа, харцаараа
Хайрлаж харамлаж явъя даа
Зүүдээрээ зөнгөөрөө
Зүрхээн жаргааж явъя даа би.
15 настайгаасаа бүх насны үзэгчдийг байлдан дагуулж буй Ариунаа, хамтдаа дуулж, уярч, жарган шүтэж буй эдгээр хүмүүс эцэстээ нэг том галт шувуу болж хувирав. Он цагийн явцад огтоос мартагдаагүй хит дуунуудыг даган дуулах явц нь даамжирсаар томоос том далавчаараа цас, бороо, салхи, шуурга, халуун, хүйтэн бүгдийг сийх ч үгүй сөрөх нэгэн цул биет болчихлоо. Дөрвөн цагийн турш амьдаар дуулах явцад үзэгчид заримдаа дэндүү түрэмгий орж ирнэ. Гэвч үүн шиг сайхан түрэмгийлэл хаа байх вэ. Дөрвөн цагийн туршид түүнд тайзны ард бачимдах зүйл мэр сэр гарах хэдий ч талбараа эзэгнэх явцдаа дэвэн дүүлэн нисэж, гэр бүлийнхэн, ойр дотнынхноо “Хайр аа” хэмээн чин сэтгэлээсээ эрхлүүлдэг шигээ бүгдийн самсааг шархируулчихаад гүйж одно.
Ямар азаар Сөүлд ирж дуучин бүсгүйн тоглолтыг үзэв ээ. Улаанбаатараас, Дарханаас ч зорьж ирсэн үзэгчид байв. Энэ мэдрэмж, дотор сэтгэлд цалгилан буй үй олон дурсамжгүй үлдсэн бол яана даа.
“Итгэл, найдвар, хайр гурав үлдэхэд хамгийн агуу нь хайр. Хайр бол энэ дэлхийн төгс холбоос юм” гэж тэр тайзнаа цангинатал хашгирав.
Сөүлд ажиллаж амьдарч буй Г.Гантуяа гэх урлагт элэгтэй бүсгүй “Нандин учрал” тоглолтыг зохион байгуулах санаачилга гаргаагүй бол энэ олон хүн хэдэн арван жилдээ мартагдахгүй сэтгэл зүйн цэнэгээр дутах байлаа. Тоглолтын дараах уулзалтад Ариунаа гавьяат түүнийг “Мөс зүсэгч” хэмээн тодорхойлсон юм. Хөтлөгч Э.Гантулга, Бурнааш, дуучин П.Баярцэнгэл, дуучин Б.Нацагдорж, тэдний эхнэрүүд, Р.Алтанзул, П.Болорзаяа, Алтансүх /Аки/, make up artist Үүлэн, үсчин Дөлгөөннаран, Эйнкогийн найз Нараа, Нарангарав, Рома, бүжигчид болон тоглолтын арын албанд ажилласан хүмүүсийн хамтын хүчин чармайлт “Нандин учрал” тоглолтын бахархал байлаа.
Н.Энхцэцэг
Эх сурвалж: Монголын үнэн сонин №045/24624/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна