Хүн төрөлхтөнд урам өгсөн эмэгтэйчүүд


BBC агентлаг 2024 онд хүн төрөлхтөнд  урам зориг өгсөн, нөлөө бүхий 100 эмэгтэйн жагсаалт гаргажээ. Тэдний дунд Нобелийн шагналт Надиа Мурад, охидын эрхийн тэмцэгч Жизель Пелико, жүжигчин Шарон Стоун, олимпын тамирчин Ребека Андраде, Аллисон Феликс, дуучин Рэй, зураач Трейси Эмин, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэгч Аденике Оладосу, зохиолч Кристина Ривера Гарза нар багтжээ. Газын зурвас, Ливан, Украин, Судан дахь зэвсэгт мөргөлдөөн, хүмүүнлэгийн хямралаас эхлээд 2024 он олон орны эмэгтэйчүүдэд сорилттой жил байлаа.  BBC-ийн жагсаалтаас харвал даян дэлхийн эмэгтэйчүүд  бэрхшээлийг үл харгалзан орон нутагтаа анхдагч үүрэг гүйцэтгэж, нийгмийн өөрчлөлт, уур амьсгалын өөрчлөлтийн төлөө тэмцсээр байна.

 

Үндэсний бүхнээ дээдлэгчдийг “Соёл, боловсрол”-д нэгтгэжээ

 

Адал явдал дүүрэн амьдралыг туулсан Вьетнамын найруулагч, зохиолч, галерейн эзэн Суан Фонг Соёл, боловсролын жагсаалтад багтсан хамгийн ахмад хатагтай. Тэрбээр 95 настай.  Вьетнамд болсон хоёр дайнд оролцож,  16 настайдаа Францаас салан тусгаарлах  тэмцэлд нэгджээ. Дайны сурвалжлагч, баримтат кино найруулагчаар ажиллахдаа “Сайгоны уналт” зэрэг түүхэн үйл явдлын гэрч болсон. Тэтгэвэрт гарсныхаа дараа Хо Ши Мин хотын анхны хувийн галерей “Лотус”-ыг  байгуулжээ. Тэрбээр Вьетнамын урлагийг дэлхийд таниулахаар орон нутгийн уран бүтээлчдийг нэгтгэсэн нь өнөөдөр үр дүнд хүрчээ. Сомалийн  сэтгүүлч Хинда Абди Мохамуд хүүхэд ахуйдаа хүчирхийллийн золиос болж, тосгон дамжин дайжжээ. Хүүхэд насныхаа бараан дурсамжийг бичсэн өдрийн тэмдэглэл нь цахим сүлжээнд алдаршуулсан.  Одоо тэрбээр зөвхөн эмэгтэйчүүд ажилладаг “Билан” сэтгүүлийн ерөнхий редактор юм. Түүний нийтлэлүүд сомали эмэгтэйчүүдэд тулгардаг бэлгийн дарамтыг хөнддөг, НҮБ-ын тайлангийн чухал эх сурвалж болсон. “Билан” сэтгүүлд нийгмийн асуудлыг хөндсөн сурвалжилга,  ХДХВ-ийн халдвартай дүрвэгсдийн амьдрал, өнчин хүүхдүүд, гологдсон альбинуудыг хэрхэн  ялгаварлан гадуурхдаг талаар бичдэг. ВВС-ийн жагсаалтад  багтсан содон төлөөлөл бол Узбекистаны оёдолчин Дилором Юлдошева. Ахуйн ослоор хоёр хөлөө тайруулсан ч залуу бүсгүйчүүдийг орлогын эх үүсвэртэй байлгах зорилгоор оёдлын бизнесээ эхлүүлжээ. Аж ахуй эрхлэх, нөөцийн менежментийн анхан шатны мэдлэг эзэмшсэнийхээ дараа 40 гаруй эмэгтэйд оёдлын хичээл заав.  Хэдхэн сарын дотор компани нь томорч, ажилчид болон сурагчдын дүрэмт хувцас оёх тендерт шалгарчээ. Түүний санаачилсан бизнес эмэгтэйчүүдийг ажилтай болгоод зогсохгүй, урам зориг өгсөн байна. Киргизстаны “Угсаатны цогцолбор”-ын захирал Жанылсынзат Турганбаевагийн зорилго нь үндэсний соёлын өвөө сэргээх. Нийслэл Бишкект үндэсний соёлоо тусгасан “Угсаатны цогцолбор” музейгээрээ гадаадын жуулчдыг татдаг. Мөн Киргизийн 40 овог аймгийг нэгтгэсэн дайчин эрийн тухай өгүүлдэг “Манас” туулийг ЮНЕСКО-гийн жагсаалтад  оруулж, залуучууддаа сурталчилжээ.

 

Манай гаргийг хамгаалагчид

 

Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэгчдийн жагсаалтад буурай, хөгжингүй орны төлөөлөгчид багтжээ. Тухайлбал, Балба улсын тогтвортой бизнес эрхлэгч Шилшила Ачария хуванцар дахин боловсруулах сүлжээг үүсгэн байгуулсан. Түүний хог хаягдлын менежментийн  “Avni Ventures” компани гадуурхагдсан иргэдээр хүний нөөцөө бүрдүүлж, ногоон эдийн засагт илүү олон эмэгтэйчүүдийг татан оролцуулдаг.  Ачария 2014 онд “Би даавуун тортой”   олон нийтийн кампанит ажил санаачилж, Балбын Засгийн газар гялгар уутыг хориглох шийдвэр гаргахад  нөлөөлсөн. Мөн уулчдын Гималайн нуруунд  үлдээсэн хог хаягдлыг жил бүр цэвэрлэх ажлыг санаачилж, 119 тонн хог хаягдал уулнаас буулгажээ. Палестины агрономич Энас Аль Гул Газын зурвас дахь усны хомсдолыг шийдэх гарц олсон гавьяатай.  Тэрбээр мод, шил, брезент зэрэг дахин боловсруулсан материалыг ашиглан далайн усыг ундны ус болгох нарны эрчим хүчээр ажилладаг төхөөрөмж бүтээжээ. 2023 онд байлдааны ажиллагаа эхэлснээс хойш Израилын армийн ажиллагааны үеэр усан хангамж, ариутгах татуургын систем эвдрэхэд түүний бүтээсэн төхөөрөмж Хан Юнис хотын оршин суугчдад өгөөжээ өгсөн. Энас Аль Гул нүүлгэн шилжүүлсэн палестинчуудад туслахаар нарны эрчим хүчээр ажилладаг пийшин бүтээж, гудас, уут хийх материалыг дахин боловсруулжээ. Тэгвэл Туркийн тосгоны дарга, ой хамгаалагч Незла Ишик 2020 оноос байгаль орчны тэмцэлд нэгджээ. Акбелений ойд нүүрсний уурхай байгуулахад Ишик нутгийн эмэгтэйчүүдтэй нэгдэн олборлолтоо зогсоохыг шаардан тэмцжээ. Тэд уурхайн хамгаалагчидтай ширүүн мөргөлдөөн хийсэн ч парламент, Засгийн газартаа удаа дараа нэхэмжлэх хуудас илгээсний хүчин чармайлтаар уурхайг хаасан.  Тэрбээр “Эмэгтэйчүүд тэмцвэл дэлхийг аварна” гэжээ.

 

Улс төрийн зөөлөн хүч

 

Улс төр, хүний эрхийн тэмцэгчдийн нэрсийн эхэнд Нобелийн энх тайвны шагналт, ирак бүсгүй Надиа Мурад бичигджээ. Бэлгийн хүчирхийллийн хохирогчдод туслагч,  хүний эрхийн төлөө тэмцэгч тэрбээр 2014 онд “Исламын улс” бүлэглэл Ирак дахь язидчуудыг хоморголон устгахад амьд үлдсэн цөөн иргэний нэг. Зэвсэгт мөргөлдөөний сүүдэр болсон бэлгийн хүчирхийллийн бодит жишээг олон нийтэд ярьж, “Исламын улс” бүлэглэлийг шүүхэд өгчээ. Түүнийг хэвлэлүүд тэсвэр хатуужлын охин тэнгэр хэмээдэг. Шинэ Зеландын улстөрч, 22 настай  Хана-Равити Майпи-Кларк бол парламентад сонгогдсон хамгийн залуу маори эмэгтэй. Тус улсын хууль тогтоох болон гүйцэтгэх байгууллагуудад уугуул иргэдийн төлөөллийг нэмэгдүүлэхийг уриалахдаа үндэснийхээ ёслолын бүжиг болох хака бүжиглэсэн нь цахим ертөнцийг шуугиулсан. Тэрбээр өнгөрсөн сард маргаантай хуулийн төслийг эсэргүүцэн хака бүжиглэж парламентын үйл ажиллагааг түр  зогсоожээ.  Майпи-Кларк маоричуудын эрхийг хамгаалж, уугуул соёлоо хадгалахыг уриалдаг.  Дэлхийн залуу улстөрчийн шагнал хүртэхдээ “Эмэгтэйчүүд орон нутаг, үндэсний болон дэлхийн түвшинд шүгэл үлээгч байх ёстой” гэж мэдэгджээ. Энэтхэгийн ядуучуудын эрхийн төлөө тэмцэгч Аруна Рой ард түмний төлөө төрийн албаны карьераа орхисон. Засгийн газрын ил тод байдал, цалин хөлсний хүртээмжид анхаарч “Маздор Кисан Шакти Сангатхан”  төрийн бус байгууллагаа үүсгэн байгуулсан. Түүний санаачилгаар 2005 онд Иргэд төрөөс хариуцлага тооцохыг шаардах хуулийг батлуулжээ. Тэгвэл АНУ-ын улстөрч Сюзан Коллинз Мэн мужаас Сенатад таван удаа дараалан сонгогдсон.  Бүгд найрамдах намын эмэгтэйчүүдээс хамгийн олон жил төрийн алба хашжээ. Тэрбээр Дунд насны эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн тухай хуулийг боловсруулсан бөгөөд ирэх таван жилийн хугацаанд олон нийтийн  эрүүл мэндийн мэдлэгийг дээшлүүлэхэд 275 сая ам.долларын төсөв батлуулсан. Коллинз Альцгеймерийн эсрэг үндэсний төслийн хуулийн зохиогч юм. Тэрбээр уг төслийг 2035 он хүртэл санхүүжүүлж, дауны хам шинжтэй хүмүүсийг оролцуулаад тусламж үйлчилгээ шаардлагатай хүн амд хүргэхээр ажиллаж байна.

 

Шинжлэх ухааныг хөгжүүлэгчид

 

Шинжлэх ухаан, эрүүл мэнд, технологийн салбарт эмэгтэйчүүд давамгайлах болсон. Технологийн чиглэлээр ажилладаг, бизнес эрхлэгч Нур Эмам Ойрхи Дорнод болон Хойд Африкийн эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэндийн чиглэлээр мэргэшсэн. Каир дахь эмнэлэг болон онлайн платформоор дамжуулан үйлчилгээ үзүүлдэг “Motherbeing” компанийн үүсгэн байгуулагч юм. Компанийн зорилго нь орчин үеийн технологийг ашиглан эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах. Эмэгтэйчүүдэд шинжлэх ухааны үндэслэлтэй эрүүл мэндийн мэдлэг олгохыг  эрмэлздэг байна. Жирэмслэлтээс хамгаалах арга хэрэгслийн мэдлэггүйгээсээ болж Хойд Африкт олон сая эмэгтэйчүүд амиа алддаг. Бангладешийн Сувилахуйн сургуулийн үүсгэн байгуулагч Рикта Ахтер Бану алслагдсан нутагт амьдардаг  аутизмтай эсвэл хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг. Тэрбээр аутизм, тархины саажилттай охиноо өсгөж байхдаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан сургууль байгуулжээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургуульд одоогоор 300 гаруй хүүхэд суралцаж байна. Түүнчлэн тус байгууллага бүхэлдээ хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн талаарх олон нийтийн хандлагад эерэг нөлөө үзүүлсэн. Өмнөд Солонгосын тэргэнцэртэй бүсгүй Пак Су Бин Сөүл хотыг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй болгоход чухал үүрэг гүйцэтгэсэн. Олон нийтийн газруудаар тэргэнцэртэй хүмүүс хүссэнээрээ үйлчлүүлэх боломжгүй байдаг. Иймд мэдээллийн технологийн салбарт хуримтлуулсан туршлагаа ашиглан Пак Су Бин асуудлыг шийджээ. Ингээд налуу зам болон дэд бүтэцгүй бусад газрын талаарх мэдээллийг цуглуулах ашгийн бус “Stair Crusher” клубээ байгуулжээ. Төслийн мэдээллийн санг бүрдүүлэхэд хоёр мянга гаруй хүн оролцож, улсын хэмжээнд 14 мянга орчим газар тэргэнцэртэй иргэдэд зориулсан налуу зам хийжээ.  АНУ-ын хиймэл оюун ухааны мэргэжилтэн Снеха Реванур 1300 гаруй хүнийг хамарсан дэлхийн залуучуудын хөдөлгөөнийг байгуулж чадсан юм. Шинэ технологи нэвтрүүлэхэд үүсэх болзошгүй аюулыг хязгаарлах, хиймэл оюун ухаантай холбоотой асуудлаар залуучуудыг хэлэлцүүлэгт татан оролцуулсан нь үр дүнгээ өгсөн.  Стэнфордын их сургуулийн оюутан тэрбээр “Тайм” сэтгүүлээс шалгаруулдаг энэ жилийн “Оны 100 хүн” жагсаалтад багтжээ.

 

Шоу бизнес, спортын баатрууд

 

Энэ жил шоу бизнес, спортын салбарт мэргэжлийн карьераас илүү хүмүүнлэгийн үйлсэд анхаарал хандуулдаг уран бүтээлч, тамирчдыг онцолжээ. Гватемалын дуучин, ая зохиогч Габи Морено Латин Америкт нэн алдартай, энэ жил Грэмми хүртэж дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсөн.  Тэрбээр НҮБ-ын Хүүхдийн сангийн элч бөгөөд Гватемалын цагаачдад туслах аяныг санаачилжээ.  Мөн эх орондоо чанартай боловсролын хүртээмжийг нэмэгдүүлж, сургууль завсардсан 2.7 сая хүүхдэд туслахыг уриалсан юм. Тэгвэл Афганистаны паратаеквондогийн тамирчин, Парисын олимпын медальт Закия Худадади дүрвэгсдийн багаас анх медаль хүртэн спортын  түүхэнд бичигджээ. Закия Афганистаны баруун нутгийн Херат хотод төрсөн. 11 наснаасаа таеквондогоор нууцаар хичээллэсэн гэдэг. Талибууд засгийн эрхэнд эргэн ирсний дараа эрх баригчид түүний Токиогийн паралимпод оролцох эрхийг нь хассан юм. Гэвч Олон улсын паралимпийн хорооны оролцоо, Францын дэмжлэгээр Афганистаныг орхижээ.  Тэрбээр “Миний олимпын медаль бол афганистан эмэгтэй  бүрийн хүч чадал, тэсвэр хатуужлын гэрч юм. Бүсгүйчүүдэд хүрч чадахгүй зүйл гэж байдаггүй, бид бууж өгөхгүй” гэжээ. Холливудын од Шэрон Стоун сүүлийн гучин жилийн хугацаанд дэлгэцийн бүтээлд дүр бүтээгээгүй ч буяны үйлсэд идэвхийлэн оролцдог. Ялангуяа ХДХВ-ийн халдвартай хүмүүсийн төлөө олон ажил санаачилжээ.  Мөн жагсаалтад “Оскар”-ын шагнал хүртсэн гурав дахь эмэгтэй найруулагч Хлое Жао багтсан. Бээжинд төрсөн, Их Британид суралцаж,  АНУ-д амьдарч буй тэрбээр өөрийгөө нүүдэлчин гэж тодорхойлдог.  Жао хүмүүсийн мөн чанарыг уран бүтээлээрээ тод томруун харуулсан. Тэрбээр “Бид ажиллаж байгаа салбараа өөрчилж чадахгүй бол ямар ч үнэ цэнгүй болно. Бидэнд хүч бий” гэжээ.

Х.Эрдэнэзаяа

 Эх сурвалж: Монголын үнэн сонин №046/24625/ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
197.211.61.99
2024/12/07
0
0
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.MANIPALHOSPITAL@G MAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.MANIPALHOSPITAL@G MAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Хариулах
Шинэ мэдээ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар мега төслүүдийн эхэнд эрэмбэ… 19 цагийн өмнө
Геополитикийн сорилтод удирдагчид бүдэрлээ 23 цагийн өмнө
Х.Нямбаатар: Ойрын хоёр жилд 100 мянган айлын “Утаагүй бүс” байгуулна 23 цагийн өмнө
Э.Хишгээ: Бизнесмэнүүдэд менторлож, заримыг нь зах зээлд гаргаад байна 23 цагийн өмнө
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн 23 цагийн өмнө
Улаанбаатарт 15 хэм хүйтэн байна 23 цагийн өмнө
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулал… Өчигдөр
Стратегийн ач холбогдолтой Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам, Мон… Өчигдөр
Шатрын шинэ хаан Өчигдөр
Хийморийн дарцаг хатгахад сайн 2024/12/25
Улаанбаатарт 17 хэм хүйтэн 2024/12/25
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Байгалийн баялгийн үр өгөөжийг цөөн хэдэн … 2024/12/24
БНХАУ-ын Засгийн газар Гашуунсухайт-Ганцмод боомтын төслийг олон улсын… 2024/12/24
"ДЦС-III"-ыг өргөтгөнө 2024/12/24
Ерөөлөөр мялааж, бэлгээр бялхсан Уулын цагаан өвгөн 2024/12/24
А.Түвшинбаяр: “Чимээгүй хотын жолооч” болохын тулд өөртөө хэтэрхий их … 2024/12/24
Шинэ гэр ба байр авах сайн 2024/12/24
Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн 2024/12/24
Хэлэлцээрт оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч, соёрхон батла… 2024/12/23
Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад ороход бэлэн боллоо 2024/12/23