Одоогоос 25 жилийн өмнө жүдо болон чөлөөт бөхийн холбооныхон халз барилдаан зохион байгуулж байв. Монголын үндэсний бөхийн холбооноос санаачилж байсан уг барилдаан энэ сарын 15-нд дахин болох нь. “Хийморь” төслийн хүрээнд зохион байгуулах халз барилдаанд хэн хэн оролцох нь тодорч эхлээд байна. Жүдогийн багт улсын заан Б.Серик, начин Л.Отгонбаатар, аймгийн начин Б.Гончигсүрэнгээс гадна Гавьяат тамирчин Д.Төмөрхүлэг, Э.Ариунболд, Ё.Басхүү нар багтжээ. Тэдний дасгалжуулагчаар Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар ажиллах юм. Харин чөлөөт бөхийн багт улсын харцага Г.Ганхуяг, начин Э.Батмагнай, аймгийн заан Б.Бат-Эрдэнэ нараас гадна Гавьяат тамирчин Т.Тулга, олон улсын хэмжээний мастер З.Занабазар, О.Сүлдхүү нарыг нэрлэжээ. Чөлөөт бөхийн багийн дасгалжуулагчаар Гавьяат дасгалжуулагч Б.Баттулга ажиллана. Олон нийтийн сонирхлыг татаж байгаа халз барилдааны тасалбарыг ирэх долоо хоногоос худалдаанд гаргахаар болжээ.
* * *
Цахим спортын шилдгүүдийг Монголд урьжээ
Монголд анх удаа 100 мянган ам.долларын шагналын сантай олон улсын Dota2-ын “MESA Invitational 2024” тэмцээн болох гэж байна. Монголын электрон спортын холбооноос зохион байгуулах уг тэмцээн энэ сарын 14, 15-нд болно. Ази, Европ, Монголын төлөөлөл болсон найман багийн тамирчид Улаанбаатар хотын “Аса Арена” цогцолборт өрсөлдөх юм. Тэмцээнд дэлхийн шилдэг Клемент “Puppey” Иванов тэргүүтэй “Team Secret”, Ануча “Jabz” Жиравон ахлагчтай “Aurora Gaming”, Карло “Kuku” Палад ахлагчтай “Talon Esports” болон байгуулагдаад удаагүй байгаа “The MongolZ” баг оролцохоор мэдүүлэг өгчээ. Найман баг дөрвөөрөө хоёр хэсэгт хуваагдан тоглох бөгөөд хэсгийн тоглолтууд Bo2 журмаар болж, хэсэг тус бүрээс гурван баг хасагдах шатанд шалгарна. Харин хасагдах шатны тоглолтууд Bo3 журмаар болох юм. Цахим спортын олон улсын багуудыг эх орондоо урьсан DOTA2-ын энэхүү тэмцээнд түрүүлсэн баг 50 мянган ам.долларын эзэн болох бол мөнгөн медалийг 25 мянган ам.доллар дагалдана. Гурав, дөрөвдүгээр байрт шалгарсан багийн тамирчид 12500 ам.доллар халааслах ажээ.
Эх сурвалж: Монголын үнэн сонин №046/24625/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна