БНСУ-ын улс төрийн байдал халуун байна. Ерөнхийлөгч Юн Сок Ёол дайны байдал тогтоох гэнэтийн шийдвэр гаргаж, парламентын эсэргүүцэлтэй тулж зургаан цагийн дараа хүчингүй болгожээ. Дайны байдал зарласны дараа Үндэсний ассамблейн байрны гадна талбайд олон нийт цуглан эсэргүүцлээ илэрхийлсэн. Жагсагчид “Дайны байдлаа зогсоо”, “Цэргийнхэн Ерөнхийлөгчийг биш иргэдээ сонсох ёстой”, “Дарангуйлагч дэглэмийг устга”, “Юн Сок Ёолыг баривчлах хэрэгтэй”, “Хаалгаа нээ” гэсэн уриа лоозон барьжээ. Засгийн газар шуурхай хуралдаж, байлдааны бэлэн байдлыг цуцлан, цэргийн алба хаагчдыг анги, хуаран руу нь эргүүлэн татжээ. Улмаар өнгөрсөн лхагва гарагт Ерөнхийлөгчийн штаб бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон. Хөх ордны тэргүүн Умард Солонгосын талыг баримтлагч хүчнийг устгах, Үндсэн хуулиа хамгаалах зорилгоор ийм шийдвэр гаргаснаа тайлбарлажээ. Ингэхдээ либерал Үндсэн хуулийн дэг журмыг коммунист хүчнээс хамгаалах шаардлагатайг дурдсан. Сөрөг хүчин болох Ардчилсан намын өргөн барьсан Төсөв хумих тухай хуулийн төслийг парламентын хороо дэмжиж, Улсын аудитор болон Ерөнхий прокурорыг огцруулах санал гаргасны дараа Ерөнхийлөгч эсэргүүцсэн нь энэ юм.
Хувь заяагаа парламентад даатгалаа
Үндэсний ассамблейн сонгуульд Ерөнхийлөгчийн Ардын хүчний нам ялагдсан. Улс төрийн хүрээнийхэн БНСУ-д 1950-1980-аад онд тогтсон авторитар дэглэмийн сүүдэр арилаагүй гэдэг. Дэглэмийн нэг талд бизнесийн конгломератуудаас гаралтай консерватив эвсэл байсан. Консервативуудыг БНХАУ, Умард Солонгост харгис ханддаг, Америкийн талыг баримтлагч, Японтой эвлэрдэг, Христийн хөдөлгөөнтэй нягт холбоотой гэж үздэг. Дотоод бодлогын тухайд парламентын 300 суудлаас 196-г нь сөрөг хүчинд алдсан нь Ерөнхийлөгч Юн Сок Ёол болон түүний консерватив намд хүчтэй цохилт юм. Тэрбээр Өмнөд Солонгосын түүхэнд бүрэн эрхийнхээ хугацаанд олонхын суудал аваагүй анхны Ерөнхийлөгч болсон. Энэ удаад дайны байдал зарлаж, “галзуу” шийдвэр гаргасан хэмээн Өмнөд Солонгосын зургаан намын удирдах зөвлөл түүнд импичмент зарлах төслийг парламентад хүргүүллээ. Ардчилсан намын төлөөлөгч Пак Чан Дэ “Ерөнхийлөгч төр удирдах чадамжгүй, үүрэгт албаас нь огцруулж, баривчлах шаардлагатай” гэжээ. Үндсэн хуулийн дагуу парламентаас зөвшөөрөл авалгүй ийм тогтоол гаргасан нь хууль бус юм. БНСУ 40 гаруй жилийн дараа дайны байдал тогтоосон нь орчин үеийн ардчиллын түүхэн хямрал. Консерватив чиг хандлагатай “Чосун Илбо” сонинд “Ерөнхийлөгчийн тунхаг нь улс төрийн зөвшөөрөгдөх хил хязгаарыг давсан. Хариуцлага тооцох бүрэн нөхцөлтэй. Ардчиллын нүүр царай болсон дэлхийн шилдэг 10 орны хувьд “үндэсний ичгүүр" боллоо” гэжээ. Үүний зэрэгцээ зүүний үзэл баримтлалтай “Ханкёре”-гийн нийтлэлд “Ерөнхийлөгч ард түмнээсээ урвав. XXI зууны БНСУ-д сонгогдсон Ерөнхийлөгч нь “Төрийн эсрэг хүчнүүд бослого зохион байгуулахаар төлөвлөж байна" гэж шалтаглалаа.
Цэргийн дэглэмийг бид 45 жилийн өмнө туулсан. Ерөнхийлөгч Юн Сок Ёол төрийн тэргүүнд байх ёстой хамгийн наад захын шалгуурыг хангасангүй” гэжээ. Юн Сок Ёол ард түмэндээ хандаж хэлсэн үгэндээ “Сөрөг хүчин төрийн үйл ажиллагааг санаатайгаар доголдуулж байна. Шинэ Засгийн газар байгуулагдаж эхэлснээс хойш Үндэсний ассамблей нэр бүхий прокурорууд, Дотоод хэргийн сайд, Батлан хамгаалахын сайд зэрэг 22 төрийн албан хаагчид хариуцлага хүлээлгэхээр сүрдүүлсэн. Үндсэн хуулиар тогтоосон төрийн хууль ёсны байгууллагуудыг устгаж, иргэний дайн дэгдээхийг оролдсон төрийн эсрэг илэрхий үйлдэл. Үндэсний ассамблей гэмт хэргийн бүлэглэлийн үүр болж, хууль тогтоох дарангуйллаар дамжуулан тус улсын шүүх засаг захиргааны либерал ардчиллын тогтолцоог халахыг оролдсон. Одоо бослогод зэхэж, төрийн эсрэг үйл ажиллагаа явууллаа” гэж буруутгасан.
Мөн тэрбээр сөрөг хүчнийг хар тамхины наймаатай тэмцэхээс эхлээд хүүхдийн мөнгө хүртэлх чухал зардлын төсвийг танасан гэж шүүмжиллээ. Өмнөд Солонгос АНУ-ын Ази дахь гол холбоотон хэдий ч Вашингтон Юн Сок Ёолын цэргийн дэглэм тогтоох төлөвлөгөөний талаар урьдчилан мэдэгдээгүй гэжээ. АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн мэдэгдэлд “Ерөнхийлөгч Юн Сок Ёол байр сууриа өөрчилж, БНСУ-ын Үндэсний ассамблейн шийдвэрийг хүндэтгэсэн нь зөв” гэжээ. “Ёнхап” агентлагийн мэдээлснээр, төрийн тэргүүний шийдвэр ард түмний дургүйцлийг төрүүлж, нийгэмд эмх замбараагүй байдал үүсгэсэн хэмээн импичментийн ажиллагааг түргэсгэж магадгүй. Шинжээчдийн үзэж байгаагаар БНСУ улс төрийн хямралд орсон. Ялангуяа төрийн тэргүүн Япон улстай ойр байж, колоничлолын үе улс орны хөгжилд тийм ч муу байгаагүй гэсэн нь иргэдийн дургүйцлийг төрүүлжээ. Үндэсний ассамблей Юн Сок Ёолыг огцруулахаар санал хураавал Үндсэн хуулийн шүүхийн есөн шүүгчээс зургаагийнх нь дэмжлэгийг авах ёстой.
Пак Гын Хэг огцруулсан түүхээ өөрөө давтах уу
Хэрвээ албан тушаалаас нь буулгавал Юн Сок Ёол Өмнөд Солонгос ардчилсан улс болсноос хойш үүрэгт хугацаанаасаа өмнө огцорсон хоёр дахь Ерөнхийлөгч болно. Анхных нь Пак Гын Хэ байсан бөгөөд 2017 онд албан тушаалаасаа огцорсон. Хачирхалтай нь Пакийг эрх мэдлээ алдахад хүргэсэн авлигын хэргийг тухайн үед ерөнхий прокурор байсан Юн Сок Ёол удирдсан юм. Тэрбээр төрийн тэргүүнээр сонгогдоод хоёр жил болсон ч орон сууцны үнийн өсөлт, орлогын тэгш бус хуваарилалт, залуучуудын ажилгүйдэлтэй тэмцэх, ажлын цагийн хязгаарлалтыг арилгах, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэх амлалтаа биелүүлээгүй. Мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж чадаагүй нь нэг талаар ардчилагчдын хяналтад байдаг хууль тогтоох байгууллагын гацаа, шахалттай холбоотой. Азийн дөрөв дэх том эдийн засагтай тус улсад хүнсний бүтээгдэхүүний үнэ огцом өссөн. KBS телевизийн судалгаагаар сонгогчдын 73 хувь нь орон сууцны ханш, инфляц, хилийн чинад дахь Элчин сайд нарын маргаантай томилгоонд Ерөнхийлөгчийг буруутгасан билээ. Үүн дээр төрийн тэргүүний эдийн засгийн бодлого, төрөлт түүхэн доод түвшинд хүрсэн, тэргүүн хатагтай Ким Кеон Хитэй холбоотой дуулиан шуугианаас болж Ерөнхийлөгч удаа дараа шүүмжлүүлсэн. Сөрөг хүчин Үндэсний ассемблэйд олонх болсноор Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн үлдсэн хугацаа бүрхэг болж байна. Өмнөд Солонгосын улс төрийн тогтолцооны дагуу Ерөнхийлөгч хориг тавих эрхтэй. Тиймээс Хөх ордон Ардчилсан намын санаачилсан ажлуудыг мухардалд оруулж, царцаах магадлалтай. Японы Засгийн газраас олгох дайны нөхөн олговор, Фүкүшимагийн атомын станцаас цацраг идэвхт бодистой бохир ус далайд нийлүүлэхийг хүлээн зөвшөөрснөөр Юн Сок Ёол солонгосчуудын эсэргүүцлийг өдөөсөн. Түүний засаг захиргааг “Японы талыг баримтлагч” гэж хэвлэлүүд бичиж байв. Улс төрийн шилжилтүүд нь Пхеньян болон Бээжингийн эдийн засгийн шахалт, бүс нутгийн түрэмгийллийн өдөөн хатгалгыг эсэргүүцэх зорилгоор холбоотнуудтайгаа бодлогоо уялдуулах зорилготой Юны дипломат хүчин чармайлтад сөргөөр нөлөөлж болзошгүйг шинжээчид анхааруулсан. Төвийг сахих байдал нь Өмнөд Солонгосын өөрийгөө "дэлхийн гол улс" гэж харуулах хандлагатай шууд зөрчилддөг. АНУ-ын аюулгүй байдлын чухал холбоотон, Азийн үйлдвэрлэлийн хүчирхэг төв, шинэ үеийн технологийн хөгжүүлэлтээр дэлхийд тэргүүлэх амбицтай улсыг удирдах амаргүй. БНСУ-ын улс төр дотооддоо тэмцэлтэй байсан нь үнэн. АНУ, БНХАУ-ын тэнцвэргүй байдал, Умард Солонгостой шийдэгдээгүй зөрчилдөөн, үл хөдлөх хөрөнгийн үнийн өсөлт, төрөлт эрс буурсан, конгломератууд болон ЖДҮ-үүдийн зөрүү, залуучууд, эмэгтэйчүүд, цөөнхийн эрхийн жагсаал гээд олон сорилттой тулгарчээ. БНСУ-ын Ерөнхийлөгч бүрийн хувь заяаг цөөхөн хэдэн компани шийдсээр ирсэн. Чеболиудын эрх мэдэл эдийн засгийг гажуудуулж, нийгмийн амьдралыг завхруулсныг ард түмэн хүлээн зөвшөөрдөг. Том компаниудын өсөлт Хөх ордонд харьяалагддаг зохицуулагч, прокуроруудын “сайхан сэтгэл”-ээс хамаарна. Тиймээс барууны ажиглагч нар “БНСУ-д Ерөнхийлөгчийн үүрэгт хугацаа таван жил байдаг ч тэд чеболиудад үүрд захирагддаг” гэж ёжилдог юм.
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: Монголын үнэн сонин №046/24625/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна