Сирийн зэвсэгт сөрөг хүчин Дамаскийг эзлэн авснаар Башар аль-Асадын дэглэм нуран уналаа. Засгийн газрын цэргүүд өмнөх өдөр нь зугтан зайлсан учир Исламын суннит Хаят Тахрир аш-Шам бүлэглэл, жихадист сөрөг хүчний дайчид нийслэлд төвөггүй хяналтаа тогтоожээ. Ерөнхийлөгч Башар аль-Асад эх орноо орхин зугтсан. Нэг шөнийн дотор босогчид эдийн засгийн зангилаа Хомс хотыг эзлэн, Сейдная шоронгийн хоригдлуудыг сулласан байна. Ийнхүү Сирид эрх мэдлийн шилжилт эхэллээ. Хаят Тахрир аль-Шам намын дарга Абу Мохаммад аль-Жулани төв телевизээр дамжуулсан шууд мэдэгдэлдээ “Дарангуйлагч Башар Асадыг түлхэн унагалаа. Эх орноо хамгаалах ариун үйлсэд нэгдэхийг ард иргэдээсээ хүсэж байна. Сири улс мөнх оршиг” хэмээжээ. Тэрбээр шилжилтийн Засгийн газрыг 2025 оны гуравдугаар сарын 1 хүртэл удирдахаар болсон. Түр Засгийн газрын гишүүд зөвхөн нэг бүлгийн ашиг сонирхлыг төлөөлдөг гэсэн санаа Сирийн зарим иргэнийг түгшээж байна. Хотын оршин суугчид түүнийг дэмжин Асадын дэглэмтэй холбоотой хөшөө, дурсгалын самбаруудыг эвдэн сүйтгэсэн. Ард түмэнд баярлах шалтгаан бий. Засгийн газар 2011 оноос хойш хэлмэгдүүлэлт, харгислал үйлдэж, олон сая хүн эх орноосоо дайжжээ.
“Арабын хавар” ба Сирийн иргэний дайн
“Хамас” бүлэглэл өнгөрсөн аравдугаар сард Израил руу дайрсны дараа Ойрхи Дорнодод геополитикийн чичиргээ үүссэн. Энэ удаагийн Сирийн нөхцөл байдал хүчтэй газар хөдлөлтийн дохио байж магадгүйг шинжээчид анхаарууллаа. Башар аль-Асадын талд зогсох улс орон, нөлөө бүхий удирдагч байгаагүй учир эрх мэдлээ алдан, эх орноосоо зугтсан гэж барууны ажиглагчид дүгнэж байна. Башар Асадын гэр бүл Москвагаас орогнох эрх авсан нь тодорхой болсон. ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Сергей Рябков уг мэдээллийг баталжээ. Асадын гэр бүл Сирийг 50 гаруй жил удирдсан. Хафез Асадын бүтээсэн систем Сирийг хянах харгис хэрцгий хүчийг агуулж байлаа. “Арабын хавар” буюу 2011 оны жагсаал Египет, Йемен, Ливи, Сири, Бахрейн, Алжир, Иордан, Марокко, Ирак, Судан, Кувейт, Ливан, Мавританд өрнөж цаашлаад арай бага эрчимтэйгээр Саудын Араб, Оман хүртэл тархсан. “Арабын хавар”-т ялагч байхгүй ч олон оронд төрийн эргэлт болсон. “Арабын хавар” нь нэг талаас либерал ардчиллын үзэл санааг тэтгэсэн мэт эхэлсэн ч эцэстээ исламын тулгуур үзэл суртлыг бүр түгээн дэлгэрүүлснээр Сири, Иракийн нутагт “Исламын улс” бүлэглэлийг бий болгожээ. Энэхүү үймээнээр Асадын гэр бүл л эрх мэдлээ алдаагүй. Харамсалтай нь Асад шаардлагатай шинэчлэл, бусад улс төрийн хүчнийг засаглалын тогтолцоонд нэгтгэж, хүртээмжтэй Засгийн газар байгуулах оролдлого хийгээгүй юм. Мөргөлдөөнийг улс төрийн замаар зохицуулж болох байтал өрсөлдөгчдөдөө ширүүн ханджээ. Иргэний дайны улмаас Сири улс тусгаар тогтнолоо алдахад гадаадын томоохон гүрнүүд цэргийн хүчээ бэхжүүлж, байршуулахад ашигласан. Ливаны нөхцөл байдал ч тодорхой нөлөө үзүүлсэн. “Хезболла” тэргүүтэй Ираныг дэмжигч бүлэглэлүүд Башар Асадын холбоотон байсаар ирсэн ч сүүлийн саруудад тэдний нөөц шавхагдсан.
Гадаадын тоглогчид нөлөөлөх үү
Сирийн цагийн байдлыг геополитикийн сонирхолдоо нийцүүлэн эргүүлэх гэж ОХУ, АНУ, Турк улс хичээл зүтгэл гаргасан. Одоо шинэ эрх баригчид ямар замналаар удирдахаас тус улсын ирээдүй хамаарна. Хамгийн гол нь дэглэм нурсны дараа харгис хэрцгий эмх замбараагүй байдалд хүрсэн Арабын хоёр дарангуйллын жишээг давтахгүй байх. Муаммар Каддафийг унагасан Ливи, Саддам Хуссейны дараах Иракт гадны хүчний оролцоо нөлөөлж, дээрэм, өс хонзон, эрх мэдлийн тэмцэл, иргэний дайны хөлд нэрвэгдсэн билээ. Тэгвэл энэ удаад Турк улс Сирид нөлөөгөө мэдэгдэхүйц нэмэгдүүлнэ. Ойрхи Дорнодын шинжээчдийн үзэж буйгаар Анкара исламистуудын нөлөөнд байгаа Засгийн газрыг дэмжиж ажиллана. Турк улс НАТО-ийн гишүүн, АНУ болон Баруун Европын орнуудын цэрэг-улс төрийн холбоотны статусаа чадамгай ашиглаж, стратегийн сонтрхлоо бэхжүүлж магадгүй. Тэр ч байтугай Сирийг сэргээн босгоход Туркийн барилгын компаниуд гол үүрэг гүйцэтгэнэ гэж хөрөнгө оруулагчид мөрийцөж байна. Асадыг эх орноосоо зугтсаны дараа Туркийн барилгын компаниудын хувьцааны ханш огцом өсжээ. Гагцхүү курдуудтай зөрчилдөх нь Туркийн талд сорилт болж магадгүй. Иран улс Башар Асадтай олон жил мөр зэрэгцэн босогчдын эсрэг тулалдаж, иргэний дайнд чухал хувь нэмэр оруулсан.
Улмаар Тегеран тус улсад цэргийн байр сууриа бэхжүүлж, Израилын нутаг дэвсгэрт ойртож, шийтийн “Хезболла” хөдөлгөөнд зэвсэг нийлүүлэх таатай орчин бүрдүүлсэн. Асадын дэглэм унасан нь Израилыг сөрөх "эсэргүүцлийн тэнхлэг" гэгддэг Иранд ямар нэгэн байдлаар нөлөөлнө. Ассад 12 хоногийн хувьсгалыг тогтоож чадсан бол Иран улс дэмжлэг үзүүлэх боломжтой байсан. Сири дэх Тегераны ялагдлыг Афганистан дахь ЗХУ-ын ялагдалтай харьцуулж болох юм. Босогчдын эсрэг тэмцэлд 2015 оноос хойш Дамаскийг дэмжиж ирсэн ОХУ-ын ашиг сонирхол ч хөндөгдөж байна. Орос улс батлан хамгаалах тусламжийнхаа хариуд Тартус дахь тэнгисийн цэргийн бааз, Газар дундын тэнгисийн эрэг дэх Хмеймим агаарын баазыг авсан юм. Эдгээр нь логистикийн чухал ач холбогдолтой бааз. Цэргийн түүхч, хурандаа Маркус Райснерын хэлснээр, Хмеймим бол Газар дундын тэнгис дэх армийн хүчийг төлөвлөх цэг. ОХУ-ын хувьд стратегийн байршил аж. “Путиний дайн” номын зохиолч, Британийн улс төр судлаач Марк Галеотти “Эдгээр бааз Газар дундын тэнгис, Африк дахь Оросын үйл ажиллагаанд чухал үүрэгтэй. Тиймээс Кремлийн эрх баригчид Хаят Тахрир аль-Шам бүлэглэлтэй яаралтай тохиролцоонд хүрэхийг хичээж байна” гэжээ.
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: Монголын үнэн сонин №047/24626/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна