Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэлэлцэж эхэллээ. Тодруулбал, нийслэлийн ИТХ-ын ээлжит II хуралдаанаар Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төслийн танилцуулгаас гадна төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх төслийн жагсаалт батлах, “Дун-Өргөө” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай болон Хотын стандартыг батлуулах, хэрэгжилтийг зохион байгуулах журам, заавар батлах тухай, Зорчигч тээврийн үйлчилгээний бүлэгт хамаарах хотын стандартад нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Нийслэлийн нутаг дэвсгэрт мөрдөх таксинаас бусад нийтийн тээврийн үйлчилгээний төлбөрийн хэмжээ тогтоох тухай, “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай, “Агро-сити”, “Налуу-Ухаа” эдийн засгийн тусгай бүсийн Захирагчийг томилох асуудлын танилцуулга зэрэг 16 асуудлыг хэлэлцсэн юм. Эхний асуудал болох Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр танилцуулж, төлөөлөгчид асуулт асууж, хариулт авсан юм. Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баярын хувьд Улаанбаатар хотыг хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ агаарын бохирдол, авто замын түгжрэл, дэд бүтэц рүү чиглүүлнэ гэдгийг онцолж байлаа. Энэ тухайд тэрбээр “Агаарын бохирдлын эсрэг хийх ёстой ажил бол хамгийн түрүүнд иргэдээ орон сууцжуулах ажил байгаа юм. Тиймээс “Сэлбэ” дэд төвийн хүрээнд ирэх дөрвөн жилд 12 мянган айлыг орон сууцжуулах үндсэн төсвийг бүтэн баталсан. 2025 оны нийслэлийн төсвийн 50 орчим хувийг иргэдээ орон сууцжуулахад зориулна гэсэн үг. Энэ бол урт болон дунд хугацаанд хэрэгжүүлэх мега төслүүдийн дөнгөж эхлэл нь” гэдгийг онцолсон. Харин нийслэлийн Ерөнхий архитекторын танилцуулснаар 20 жилийн дараах Улаанбаатар ухаалаг, цогц, цомхон цоо шинэ нийслэл болно гэдгийг мэдэгдсэн. Шинээр байгуулагдах хотуудын хувьд замын сүлжээний бүтэц нь хэвтээ найм, босоо 12, тойрог гурван замын бүтэцтэй байхаар төлөвлөж, 1.738.8 км замыг шинээр байгуулж, оргил ачааллын үеийн дундаж хурд есөн км/цаг-аас 22.5 км/цаг болж нэмэгдэнэ хэмээн тооцоолжээ. Түүнчлэн багтаамж ихтэй нийтийн тээврийн сүлжээг бий болгож, өдөрт 1.2 сая зорчигч тээвэрлэж, нийтийн тээврийн хүртээмжийг хоёр дахин нэмэгдүүлэх бөгөөд метро, дүүжин тээвэр, LRT, BRT гэх мэт нийтийн тээврийн шугам, төрлүүдийг үе шаттайгаар нэмэгдүүлэхээр төлөвлөсөн байна. Улаанбаатар хотын дулааны ачаалал 3.820 МВт байгаагаас 7.480 МВт болж нэмэгдэх бөгөөд үүнийг хэсэгчилсэн дулааны эх үүсвэр 15 байршилд байгуулж шийдэх бөгөөд 20 мянган өрхийг хийн түлшинд холбож, 50 мянган өрхийг “Ногоон” сууц төсөлд хамруулан, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрт 30 мянган айл өрхийг холбохоор тооцоолсон байна. Зам талбайн борооны ус зайлуулах шугам 2024 онд 209 км байгааг 2040 онд 644.5 км болгох бол Улаанбаатар бүсийн цахилгааны эх үүсвэр 1.169 МВт байгаа бол 2040 онд 5.408Мвт болж нэмэгдэнэ. Өсөн нэмэгдэх цахилгаан эрчим хүчний хэрэглээний 30 хувийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс, үлдсэн хувийг дулааны цахилгаан станцаас хангана. “Ногоон” сууц төслийн хүрээнд сайжруулсан амины орон сууц бүсэд 49.6 мянган өрхийн сууцыг дулаалж, дулааны эрчим хүчний хэрэглээг сэргээгдэх эрчим хүч болон хийн түлшний системээр шийдэхээр төлөвлөжээ. Ийнхүү 243.9 их наяд төгрөгийн бүтээн байгуулалт хийнэ. Гэр хороололын айл өрхүүдийн бохир усны хэрэглээг төвлөрсөн шугамд ойр бохир усны цуглуулах станцад татан зайлуулна. Улаанбаатар хотын хэмжээнд 20-30.000м3-ын хүчин чадалтай таван цэвэрлэх байгууламжийг төлөвлөж байна. Шинээр төлөвлөж буй хотхон, хорооллууд саарал ус, борооны ус ашиглах бие даасан системтэй байх нь зүйтэй гэж үзсэн байна.
“Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г
баталж, хэрэгжүүлснээр:
-Нийслэл Улаанбаатар хот нэг төвт төвлөрсөн хотоос олон төвт хот болно. Ингэснээр нийгмийн болон төрийн үйлчилгээ иргэнд ойртоно.
-“20 минутын хот” үзэл баримтлалаар улсын зэрэглэлтэй хоёр, орон нутгийн зэрэглэлтэй 14, дагуул дөрвөн хоттой болно.
-Бүсүүдийн тэргүүлэх чиглэлүүд: Агро сити дагуул хот (Фермер АА, Хүлэмж АА, Зоорь, Агуулах, Аялал жуулчлал, Оюутны хотхон)
-Багануур хот (Уул уурхай /өргөжуулэлт/, ҮТП, АҮП, ХАА, Газар тариалан, Аялал жуулчлал, ЦС 400 мВт)
-Шинэ Зуунмод дагуул хот (Нисэх буудал, Чөлөөт бүс, Хуурай боомт, Логистик төв, Оюутны хотхон, Аялал жуулчлал)
-Налайх хот (ҮТП -Барилгын материал, Бөөний төв /барилгын материал/, Шил шаазангийн үйлдвэр, Аялал жуулчлал)
-Хонхор (Аялал жуулчлал, ХАА, ЖДҮ, Худалдаа үйлчилгээ)
-Эмээлт дагуул хот (ҮТП, Малын гаралтай түүхий эд агуулах худалдаа, ХАА дэмжих)
-Тэрэлж тосгон (Аялал жуулчлал, ЖДҮ, Фермер АА /үхэр, сүүн бүтээгдэхүүн/)
-Туул-Сонгино-Өлзийт тосгон (Үйлдвэрлэл /Био.тех, хог боловсруулах/, Фермер АА /гахай, тахиа, үхэр/, Хүлэмж АА, Зоорь, ХАА, ЖДҮ, Аялал жуулчлал)
-Багахангай дагуул хот (ҮТП -хөнгөн үйлдвэр, Тээвэр логистик, Агуулах, Худалдаа үйлчилгээ, ЖДҮ, Газар тариалан, Цэргийн АҮП, Оюутны хотхон)
Х.Өлзийжаргал
Эх сурвалж: Монголын үнэн сонин №004/24631/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна