О.Дашпагам: Папиллома вирусийн эсрэг вакцин ирээдүйн эрсдэлээс урьдчилан сэргийлнэ


Монгол Улс товлолт вакцины жагсаалтдаа хүний папиллома вирусийн халдварын эсрэг вакциныг нэмж, улмаар өнгөрсөн оноос 11 настай хүүхдүүдийг энэ төрлийн дархлаажуулалтад албан ёсоор хамруулж эхэлсэн. Энэхүү дархлаажуулалтын хүрээнд ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагамтай ярилцлаа.

-Хүний папиллома вирусийн эсрэг вакцины дархлаажуулалт ямар түвшинд явагдаж байна вэ. Одоогоор хэчнээн хүүхэд энэ төрлийн вакцинд хамрагдаад байна вэ?

-Юуны түрүүнд бодлогын ямар баримт бичигт тулгуурлан энэхүү дархлаажуулалтыг зохион байгуулж буй талаарх тодорхой ойлголт мэдээллийг өгье гэж бодож байна.  Манай улс 2023 онд Дархлаажуулалтын тухай хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулсан. Энэхүү өөрчлөлтөөр Монгол Улсад мөрддөг үндэсний дархлаажуулалтын товлолын дагуу хийдэг вакцины жагсаалтад хүний папиллома вирусийн эсрэг вакциныг оруулах боломж бүрдсэн. Ингэснээр Засгийн газрын 2023 оны 472 дугаар тогтоолоор товлолын дагуу хийдэг вакцины жагсаалтад гурван төрлийн вакциныг шинээр нэмж оруулсан. Тухайлбал, гипатит А буюу “бохир гарын шар” өвчний эсрэг, бага насны хүүхдэд хатгалгаа үүсгээд байгаа пневмококкийн эсрэг, хүний папиллома вирусийн эсрэг вакцин. Ингэснээр Монгол Улс 11 настай эрэгтэй, эмэгтэй хүүхдүүдийг папиллома вирусийн эсрэг вакцинд хамруулах эрх зүйн зохицуулалт бий болсон. Тиймээс эдгээр бодлогын баримт бичигт үндэслэн өнгөрсөн оны арваннэгдүгээр сард дархлаажуулалтыг улс орон даяар албан ёсоор эхлүүлсэн юм. Түүнээс хойш өнөөдрийг хүртэлх гурван сарын хугацаанд хамрагдвал зохих насны хүүхдүүдийн 30 орчим хувь буюу дөрвөн хүүхэд тутмын нэг нь тухайн вакциныг хийлгээд байна.

-Анх дархлаажуулалтыг эхлүүлж байх үед олон нийтийн сүлжээгээр нэлээд сөрөг мэдээлэл цацагдаж байсан. Ер нь вакцин хийлгэсэн хүүхдүүдэд ямар нэгэн сөрөг хариу урвал илэрч байгаа юу?

-Ямар ч сөрөг хариу урвал илрээгүй. Илрэх ч ёсгүй. Яагаад гэвэл, энэ вакцин олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн. Одоогоор дэлхийн 150 гаруй улс орон тухайн вакциныг нэвтрүүлж, зорилтот насны хүүхдүүддээ хийж, тодорхой бодит үр дүнд хүрчихсэн явж байна шүү дээ. Жишээлбэл, олон улсад Австрали жишиг болж байна. Тухайн улс 2007 оноос эхэлж эрэгтэй, эмэгтэй 15 хүртэлх насны хүүхдүүдээ  тус вакцинд хамруулахын зэрэгцээ умайн хүзүүний хавдартай тэмцэх бодлого, арга хэмжээг цогцоор нь авч хэрэгжүүлсэн байдаг. Ингэснээр тус улс хүний папиллома вирусийн халдвар болон түүнээс үүдэлтэй бий болдог өвчлөлийн тохиолдлыг эрс бууруулж чадсан. Ерөнхийдөө Европын холбооны улс орнууд АНУ тухайн вакциныг судалж бүтээж эхэлсэн цагаас буюу 2006 оноос зорилтот насны хүүхдүүддээ хийсэн учраас үр дүнгийн эерэг судалгаа, үзүүлэлтүүд гарчихсан.

Харин манай улсын тухайд бусад улс оронтой харьцуулахад хүний папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтыг хожуу эхлүүлж байгаа хэдий ч Монгол Улс бодлогоор товлолын вакциныхаа жагсаалтад багтааж чадсан нь том алхам юм. Түүнчлэн нөхөн дархлаажуулах арга хэмжээ авч байгаа нь бас нэгэн шийдэл гэж хэлж болно. 

-Дархлаажуулалтын ач холбогдлын талаар мэдээлэл өгнө үү. Тухайн насны хүүхдүүд энэ төрлийн вакциныг хийлгэснээр ямар эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломжтой вэ?

-Ач холбогдлын талаар ярихаас өмнө статистик тоо баримт хэлье. Монгол Улсад  умайн хүзүүний хавдраар жилд 400-500 хүн шинээр оношлогдож, хоёр хоног тутамд нэг хүн энэ төрлийн өвчний шалтгаанаар нас барж байна гэсэн тоон мэдээлэл бий. Тиймээс ирээдүйд тохиолдох энэ том эрсдэлээс хамгаалах,  урьдчилан сэргийлэх арга хэмжээг одоо авч байна гэсэн үг.

Дэлхий дээр папиллома вирусийн 200 орчим хэв шинж байдаг. Олон жил судалсны үндсэнд энэ вирус умайн хүзүүний хавдар үүсгэгч гол хүчин зүйл болоод зогсохгүй бусад олон төрлийн хавдар үүсгэдгийг тогтоосон. Тухайлбал,  эмэгтэйчүүдийн дунд түгээмэл тохиолддог умайн хүзүүний хорт хавдар. Мөн  эрэгтэй, эмэгтэй аль ч хүйсэнд бүртгэгддэг шулуун гэдэс, амны хөндий, ам залгиурын эрхтний, хүзүү, толгой гэх мэт. Эдгээр өвчлөлөөс урьдчилан сэргийлэж, хамгаалах боломжтой зүйл бол вакцин. Ийм боломжтой гэдгийг тус вакциныг эрт нэвтрүүлсэн улс орнуудын үр дүн, судалгаанууд харуулж байгаа.

-11 настай хүүхэд ямар нэгэн шалтгаанаар товлолт дархлаажуулалтад хамрагдаж чадаагүй тохиолдолд яах вэ?

-Нөхөн дархлаажуулалт гэж бий. Үндэсний товлолын дагуу дархлаажуулалт зохион байгуулахад ямар нэгэн шалтгаанаар хоцорсон тохиолдолд тус насныхан нөхөн дархлаажуулалтад үнэ төлбөргүй хамрагдах боломжтой.

Дэлхийн улс орнууд 2030 он гэхэд умайн хүзүүний хорт хавдрыг хяналтдаа авах, 100 мянган эмэгтэй тутамд дөрвөн тохиолдол болтол бууруулах зорилт дэвшүүлж, үүний төлөө урьдчилан сэргийлж, вакцинд хамруулах, эрт илрүүлж эмчлэх зэрэг цогц арга хэмжээг бодлогын түвшинд авч хэрэгжүүлж байна. Тиймээс манай улс дэлхийн улс орнуудын энэхүү зорилттой уялдуулж, товлолын дагуу эрэгтэй, эмэгтэй 11 насны хүүхдүүдийг, бусад 12, 13, 14 насныхныг нөхөн дархлаажуулалтад үнэ төлбөргүй хамруулах зохицуулалтын хүрээнд ажиллаж байна. Энэ насны хүүхдүүд харьяа Өрхийн эрүүл мэндийн төвдөө хандаж, вакцинд хамрагдах боломжтой. Засгийн газрын холбогдох тогтоолын дагуу хүүхдийн байгууллага, ялангуяа ерөнхий боловсролын сургуульд түшиглэх зарчим барьж, дархлаажуулалтын арав хоногийг жилд хоёр удаа буюу арав болон тавдугаар сард улс орон даяар зохион байгуулдаг.

-Улс орнууд харилцан адилгүй насны хүүхдүүдийг вакцинд хамруулж байна. Манай улсын хувьд товлолт насаар яагаад 11-ийг сонгосон бэ? 

-Товлолт дархлаажуулалт бол хүүхэд хэдэн насандаа ямар өвчнөөр өвдөх эрсдэлтэй вэ, түүнээс ямар вакцинаар хэрхэн хамгаалж, урьдчилан сэргийлж болох вэ гэдгийг тал бүрийн судалгаа шинжилгээнд тулгуурлан гаргадаг, бодлогын хэмжээний асуудал байдаг. Тиймээс ийм төрлийн судалгаа шинжилгээ, бодлогын  бичиг баримт болон тухайн вакцины зааварт үндэслэн 11 настай хүүхдүүдийг  хамруулж байгаа юм.   Ер нь тухайн вакциныг 9-14 насанд хийснээр 90 ба түүнээс дээш хувийн үр дүнтэй байгаа нь тогтоогдсон. Ерөнхийдөө урт хугацаандаа өндөр үр дүн, ач холбогдолтой гэдэг нь батлагдсан. Аль болох бага насанд нь хүүхдийг вакцинд хамруулах нь илүү үр дүнтэй гэдгийг олон улсын судалгаагаар нотлогдсон. Тухайлбал, 12-13 настай хүүхдийг вакцинд хамруулахад үр дүн нь папиллома вирусээр үүсэх хавдраас 100 хувь хамгаалж, сэргийлж байгаа бол 17-30 насанд нь дархлаажуулалтад хамруулахад 30 хувьтай байна. Тиймээс 9-15 хүртлэх насны хүүхдүүдийг тус вакцинд хамруулах нь илүү үр дүнтэй болохыг  Австрали, Швед, Дани, Их Британи зэрэг өндөр хөгжилтэй улс орнуудад хийсэн судалгаанууд харуулж байгаа.

-Манай улс 2012 онд хүний папиллома вирусийн эсрэг вакциныг тодорхой тооны хүүхдүүдэд хийж байсан юм билээ. Тухайн үед яагаад товлолт вакцины жагсаалтад оруулж, зорилтот насны бүх хүүхдийг хамруулаагүй юм бол?

-Монгол Улс тухайн үеийнхээ бодлого, төлөвлөлтийн дагуу сонгогдсон хоёр аймаг, хоёр дүүргийн 11-15 насны охидыг хүний папиллома вирусийн эсрэг вакцинд хамруулж байсан. Түүнээс хойш шинэ төрлийн вакцин нэвтрүүлэх, тэр дундаа товлолт вакцины жагсаалтад нэмж оруулах хууль эрх зүйн орчин, дагаж мөрдөх дүрэм журмыг нь бүрдүүлэх шаардлага бий болсон. Мөн тухайлсан зорилтот насныханд хийснээр гарах үр дүн, ач холбогдол, мөн эдийн засгийн хувьд ямар үр өгөөжтэй байх вэ зэрэг олон талаас нь судалж, баталж нотлох ажлыг хийж гүйцэтгэсэн. Ерөнхийдөө вакцин нэвтрүүлэхэд шаардлагатай бүх түвшний бэлтгэл ажлыг цогц байдлаар бүрэн дүүрэн хангаж дуусаад өнгөрсөн жил дархлаажуулалтыг албан ёсоор эхэлсэн юм. Өөрөөр хэлбэл, 2012 онд тухайн вакциныг нэвтрүүлж, дархлаажуулалтыг улс орон даяар зохион байгуулах нөхцөл бүрдээгүй байсан гэсэн үг.

-2012 оноос хойш арав гаруй жил өнгөрч байгаа учраас тодорхой хэмжээний судалгаа хийгдсэн байх. Ямар үр дүн гарсан бэ. Тухайн вакцин үргүйдэлд хүргэдэг гэх мэт сөрөг мэдээлэл цахим орчинд гарч байсан?

-Мэдээж судалгаа хийсэн. Судалгааны үр дүнд вакцин урт хугацаандаа өндөр хувийн хамгаалалттай гарсан нь тухайн вакциныг товлолд оруулах нэг шалтгаан болж байгаа юм. 2012 онд вакцинд хамрагдаж байсан охид одоо насанд хүрчихсэн. Тэдний дунд судалгаа хийхэд хүний папиллома вирусийн халдвар авах эрсдэлээс 90-100 хувь хамгаалагдсан нь тогтоогдсон. Мөн вакцинд хамрагдсан охид өдгөө гэр бүл зохиож, үр хүүхэдтэй болоод сайхан амьдарч байна шүү дээ. Тэгэхээр үргүйдэлд хүргэдэг гэдэг нь вакциныг эсэргүүцэгч бүлэг хүмүүсийн санаатай тарааж буй худал мэдээлэл гэдгийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Ирээдүйд ямар нэгэн эрсдэл гарахгүй гэдгийг энэ вакциныг хийлгэсэн улс орнуудын хүмүүсээс, мөн олон улс дахь судалгаа шинжилгээнүүдээс харж болно. Тиймээс зорилтот насны хүүхдээ хүний папиллома вирусийн эсрэг вакцинд хамруулахыг эцэг эхчүүдэд уриалж байна.

С.Юмсүрэн

 Эх сурвалж: Монголын үнэн сонин №004/24631/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дүүжин тээврийн аюулгүй байдлыг хангахад хамтарч ажиллана 2 цагийн өмнө
Улсын сургууль, цэцэрлэггүй 12 хороонд газрын асуудлыг шийдвэрлэв 3 цагийн өмнө
“Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэ… 3 цагийн өмнө
Д.Амарбаясгалан Ховд аймгийн Булган, Мөст суманд ажиллалаа 3 цагийн өмнө
Х.Нямбаатар: “Хүрээ” амаржих газрын хуучин эмнэлгийн барилгыг хүчитгэж… 23 цагийн өмнө
“Хүрээ” амаржих газрын шинэ байр нээлтээ хийж, хүчин чадал нь хоёр дах… Өчигдөр
Ерөнхий хяналтын сонсголоор цуврал хэлэлцүүлэг үргэлжилж байна Өчигдөр
Х.Нямбаатар: Трамвай нь метроны төслөөс эдийн засгийн хувьд 10 дахин б… Өчигдөр
Нийслэлийн хэмжээнд 18:00-21:00 цагаас бусад цагт хог хаяхыг хориглоло… Өчигдөр
Энэ сарын 22, 23-ны өдрүүдэд бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулн… Өчигдөр
Э.Амарзаяа: Цаг хугацаа уран бүтээлчийг төрүүлдэг Өчигдөр
Хамтран ажиллах санал тавилаа Өчигдөр
Намын даргын зөвлөх Э.Эрдэнэжамъян иргэдийн төлөөлөлтэй уулзав Өчигдөр
Нийслэлд хэрэгжүүлж байгаа бүтээн байгуулалтын ажилд ахмадууд талархаж… Өчигдөр
Д.Амарбаясгалан: 126 гишүүнтэй шинэ парламент 30 жил гацсан мега төслү… Өчигдөр
“Атар-IV” аяныг хэрэгжүүлнэ Өчигдөр
А.Баяр: Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр агаарын бо… Өчигдөр
О.Дашпагам: Папиллома вирусийн эсрэг вакцин ирээдүйн эрсдэлээс урьдчил… Өчигдөр
Г.Пүрэвбаяр: Богино хугацаанд үр дүнтэй бэлдье-ОНЦ.МН Өчигдөр
Алдартнуудын артист Өчигдөр