“Төгс оюуны луужин сорил сургалтын хүрээлэн” компанийн захирал Г.Пүрэвбаяртай ярилцлаа. Тэрбээр ЕБС-д 17жил математикийн багшаар ажилласан бөгөөд “Онц” платформын санаачлагч. Энэ нь сурагчийн өөрийн үнэлгээний платформ юм.
-“Онц” платформоо ямар зорилгоор санаачилсан, анхны сэдэл санаа юунаас эхлэлтэй вэ?
-Би математикийн багш мэргэжилтэй, ерөнхий боловсролын сургуульд 17 жил ажилласан. Багшийн ачааллыг хэрхэн бууруулах, хөнгөвчлөх боломжтой эсэх талаар боддог байлаа. Хичээл заах бүрдээ үнэлгээ хийж, хүүхэд хаана алдаж байна, хэн өнөөдөр ойлголгүй үлдэв, ямар хичээл дээр хоцрогдолтойг нь тогтоогоод явбал сурагчдын сурлагын амжилтад нөлөөлдөг. Гэсэн хэдий ч агуулга шахуу байдлаас үүдэн байнга сорьж шалгаад байх боломж нь бүрддэггүй. Багш нарын ачааллыг дунджаар тоймлоод бодоход 50 сурагчтай найман ангид хичээл орвол долоо хоногт 400 хүүхэдтэй ажилладаг 400 хүүхдийн ахиц амжилтыг давтан шалгаад байх цаг хугацаа хомс, дэвтэр засахаас гадна маш их бичиг цаасны ажил бий. Тэгэхээр бид олон давтан шалгалт аваад шууд анализыг нь гаргаад өгч байгаа юм. Тэгэхээр багш анализаа харж байгаад хүүхдүүдтэйгээ ажиллахад илүү амар болох юм. Цар тахлын үед цахим хичээлд шилжиж, анхны тестээ “Google forms” дээр оруулж туршлаа. Сурагчийн бодож чаддаг бодлогыг орхиод чадахгүй байгааг дахин зааж, давтлага өгөхөд сургалтын явц мэдэгдэхүйц сайжирсан. Нөгөөтэйгүүр эцэг эх ч хүүхэдтэйгээ ажиллахад илүү дөхөм болж байгаа.
-Багшийн ачааллыг бууруулахаар санаачилсан платформ сурагчдад өгөөжтэй болжээ. Тухайн сурагч ч өөртэйгөө ажиллах, зорилгодоо хүрэхэд анхаарах нь ээ?
-Манай үнэлгээний платформ сурагч аль хичээлийг мэдэж, чадаж байгааг тогтоодог. Алдаагаа мэдээд хичээлийн явцад давтан суралцана гэсэн үг. Сурагч өөрийгөө үнэлээд 30 хувийн түвшинд байсан ч 60, 70 хувьд хүргэж ахиулах, үнэлгээгээ тогтоох бүрэн боломжтой. Юун дээр алдаж байгаагаа мэддэггүй хүүхэд зөв эрэл хайгуул хийж чаддаггүй. Иймд сурагчдад үнэлгээний платформ өөрөө өөрийгөө үнэн бодитоор дүгнэж үнэлэх гүүр болж өгнө.
-Математикаас бусад хичээлийн багш нар туршиж үзсэн үү?
-Математикаар хязгаарлалгүй, бүх хичээлийн агуулга орсон. Бид 80 гаруй багштай хамтран ажилладаг. Сургууль дээрээ туршиж үзсэн багш нар ам сайтай байгаа. Хүүхдэд багш байна, суралцах олон суваг бий болжээ. Ийм боломжтой цагт сурагчид өөрсдийгөө дайчилж хөгжүүлэх хөшүүрэг нь юм. Сурагчдыг нэг удаагийн шалгалтын оноогоор дүгнэх нь өрөөсгөл хандлага. Хүүхдүүд хэн нэгнээс хуулаад өндөр оноо авах шаардлагатай гэсэн аргацаасан сэдэлд бага ангиасаа даддаг. Тиймээс сурагч бүр өөрийгөө алхам тутамдаа үнэлээд зөв байхад суралцаасай гэж хүсдэг.
-Танай анхны хэрэглэгчид дунд сургуулиа төгссөн үү?
-Платформоос өмнө зургадугаар анги дааж аваад есдүгээр анги төгстөл нь хичээлийн явцад сурагчдыг өөрсдөөр нь үнэлүүлж байсан. Хичээлийн явцаас гадна нийгэм дээр манай хүүхдүүдийн үнэн байх, уян хандах, эерэг хандлагын суурь зөв тавигдсан нь харагддаг. Бид нэгэндээ туслаад нийгэм даяар эерэг хандлага түгээсэн сайн үйл хийж, Үндэсний телевизийн нэвтрүүлэг, “Өглөө” хөтөлбөрт ангиараа оролцсон.
-Платформын бүтэц энгийн, ойлгомжтой юу?
-Гурван бүтэцтэй. Явцын үнэлгээ, үр дүнгийн үнэлгээнээс гадна мэргэжил сонголтын чиг баримжаа олгох гэдэг сурагчийн сэтгэлзүйн том талбар байна. Хүүхэд төрмөл болон олдмол өгөгдлийнхөө огтлолцол дээр мэргэжлээ сонгох хэрэгтэй. Сонгосон мэргэжилдээ зориулж хичээлээ давтдаг. Мэргэжил сонголтын талаар боловсролын салбарт цаг ямагт ярьж ирсэн. Тэгэхээр сурагчид платформд бүртгүүлсэн цагаасаа сэтгэлзүй, төрмөл болон олдмол өгөгдлийн судалгаанд хамрагдан боломжит мэргэжилдээ бэлтгэдэг болж байгаа.
-Мэргэжлээ сонгож буй шавь нартаа хамгийн түрүүнд ямар зөвлөгөө өгдөг вэ?
-Би 2006 онд багш болоод нэг зүйлийг анзаарсан нь сурагчид урсгалаараа явж байгаад ЭЕШ дөхөөд ирэхээр гэнэт ухаан орж “Тэнэсэн сум тархинд” гэдэг шиг аль нэг хичээлээр, аль нэг сургуульд орох л байх гэсэн хандлагаар шалгалт өгөөд эцэст нь сургуулиа, төгссөн хойноо ажлаа ч орхих эрсдэл гардаг. Энэ бол мэргэжлээ буруу сонгосны уршиг. Саяхандаа, дөрвөн жил их, дээд сургуульд сурахад дунджаар 45 сая төгрөг зарцуулдаг гэсэн судалгаа байсан. Ингэж цаг, мөнгөө өгөөжгүй зарцуулснаас өөрийн өгөгдөл болоод сонирхолдоо нийцсэн мэргэжлээ сонгоод түүндээ тохируулан хичээлээ гүнзгийрүүлэн судлах нь илүү үр дүнтэй байдаг. Манай платформын мэргэжил сонголтын хэсэг нь үүнийг зөв чиглүүлж өгөхөд оршино.
-Өнөөдрийн байдлаар хэчнээн сургууль, сурагчийг хамруулав?
-Боловсролын яамны шинэчилсэн журмын дагуу БШУЯ-д албан ёсоор гэрээ байгуулаад менежментийн болон сургалтын системд 28 шаардлага тавьсан бид бүх шаардлагаа хангаад ирэх сараас сургуулиудтай гэрээ байгуулах бэлтгэл ажлаа хангаад байна.
-Хэдэн сурагч, багш зэрэг нэвтрэх хүчин чадалтай вэ. Программ хөгжүүлэлтийн талаар товч мэдээлэл өгнө үү?
-Манайх долоон программисттай. Хүний хэрэглээ ухаалаг, цахим болж байгаа үед хурдацтай хөгжих технологийн ашигтай шийдлээс хоцролгүй нэвтрүүлэхэд анхаарч ажиллаж байна. Тухайлбал, хиймэл оюун ухааныг платформдоо нэвтрүүлснээр хүүхэд өдөрт хэдэн удаа хандсан, тэр бүрдээ хичээлээ хийсэн эсэх, анхаарал нь хэдэн удаа сарниж байгааг тодорхойлно.
-“ОНЦ-800” цахим стандарт олимпиадын бүртгэл эхэлжээ. Энэхүү олимпиадын зорилго, хэд дүгээр ангийн сурагчид оролцож болох вэ?
-Элсэлтийн шалгалтыг цахим хэлбэрээр зохион байгуулах алсын зорилготой уялдуулан, Монгол орон даяар анх удаа энэхүү стандарт сорилыг зарлаж байна. Сурагчдыг Элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх, өөрийгөө үнэлэх боломж бүрдүүлэх, хичээлийн агуулга эзэмшлийн түвшнийг тогтоох зорилготой. Олимпиадад 3-12 дугаар ангийн сурагчид оролцох юм. Бага ангийнхан математик, монгол хэл, дунд ангид математик, монгол хэл, англи хэл, байгалийн болон нийгмийн ухааныг сонголтоор, ахлах анги ЭЕШ-н зарчмаар таван хичээл сонгож өгнө. Сурагчид чаддаг, мэддэг атлаа шалгалтын айдас, сандралаасаа болоод санаснаас бага оноо авах тохиолдлууд олон байдаг. Тиймээс сурагчдыг айдсаа давахад дөхөм болгох зорилгоор олимпиадыг зохион байгуулж байна.
-Олимпиадад хэдэн хүүхэд оролцох боломжтой вэ?
-Манай системийг монгол инженерүүд зохион бүтээж байгаа бөгөөд хүчин чадлын хувьд 800 мянган хүүхэд, 50 мянган багш, эцэг эхчүүдтэйгээ хамтаар нэвтэрсэн ч бүрэн ажиллах боломжтой сервер юм. Иймд 3-12 ангийн бүх хүүхэд оролцож болно. Эцэст нь хэлэхэд
“Надад хэлбэл би МАРТАНА
Надад харуулбал би ТОГТООНО
Надаар хийлгэвэл би СУРНА” гэж КҮНЗ хэлсэн байдаг. Бид хэлж, харуулж, хийлгэх болно.
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: Монголын үнэн сонин №004/24631/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна