Э.Амарзаяа: Цаг хугацаа уран бүтээлчийг төрүүлдэг


Гималайн нурууны өвөрт орших Дарамсала хотод Монголын дүрслэх урлагийн төлөөлөл саатсан нь өнгөрсөн оны арванхоёрдугаар сар. Хязгаарыг давсан оршихуйд орж, сүрдэм оргилыг дэргэдээс нь тольдох монголчуудын дунд чимэглэх урлагийн төлөөлөл багтсан нь Монголын урчуудын эвлэлийн гишүүн, зураач Э.Амарзаяа байв. Дүрслэлийн хувьд харилцан адилгүй хэрнээ ямагт бодолд автуулах түүний холимог техникээр илэрсэн бүтээлүүд сэтгэл татах увдистай. Ялангуяа түүний арьс, металлын зохицол зөөлөн дулаан уур амьсгал мэдрүүлнэ. Хэсэг хугацааны их завсарлагааны дараа ганзага дүүрэн ирсэн Э.Амарзаяа холимог техникээс тосон будгийн төрөлд шилжих алхмаа энэ цаг үед хийж байна. Түүний туршилтын үед, халуу дүүгсэн хамгийн тухтай орчин болох урланд нь ярилцлаа.

           

-Амьсгаа даран, лугших зүрхээ чимээлэх аниргүйн дунд өөр ертөнцөд хүрсэн мэт мэдрүүлэх тийм онцгой газар шинэ оны өмнөхөн саатсан нь энэ ярилцлагыг хийх сэдэл төрүүлсэн юм. Хувь тохиол гэж хэлэх үйл явдлын нэг хэсэг болох эхлэл хэрхэн тавигдсаныг ярилцлагын эхэнд асууя?  

-Мэргэжлийн уран бүтээлчдийн оролцдог “Гималай” бол уламжлалт үзэсгэлэн. Тодорхой шаардлага хангасан бүтээлээр л оролцох ийм нэгэн үзэсгэлэнд өөрийгөө чамлалгүй хүсэлтээ илгээсэн нь надад урам өгөх юм чинээ хэн санах билээ. Цас мөсөн нөмрөгтэй эх нутгаасаа уулсын орон, ариун дагшин газарт очихоор болоход сэтгэл маш их хөдөлж байв. Уг нь би Дүрслэх урлагийн дээд сургуулийн чимэглэх урлагийн ангийг төгссөн хүн. “Гималай” үзэсгэлэнд зориулан анх удаа тосон будгийн бүтээл дээр ажилласан нь миний хувьд шагнал болсон. Дарамсала хүрэх шаардлагаа тэр зургаараа биелүүлж хилийн дээс алхаад ирсэн нь өнөөдөр та бид хоёрыг уулзуулж байна.

-Урлагийн хүмүүс сэтгэл хөдлөл ихтэй, сайн чадах зүйлээрээ мэдрэмжээ илэрхийлдэг. Уулсын дунд таны цаас харандаатай нөхөрлөж байгааг харсан. Бодвол урган гарсан санаагаа мартахгүйн тулд буулгаж байсан юм болов уу?  

-Гималайн уулсын дунд очсон хэн бүхэн уулга алдах нь дамжиггүй. Энэ мэдрэмж эзэмшсэн мэргэжлээс үл харгалзан төрөх байх. Олон улсын үзэсгэлэнд оролцож явсан миний хувьд сургуулиа эрт төгссөн нь ч бүтээлээ хийж эхлээд удаагүй. Олон улсын үзэсгэлэнд оролцсон уран бүтээлчдээс ихийг сурч мэдэх цаг хугацаа тэнд өнгөрсөн. Олон орны уран бүтээлчдийг этюд хийхэд дэргэдээс нь харж суралцлаа. Би үндэсний онцлогтой газар орноор аялахыг хүсдэг. Тэр хүсэл энэ үзэсгэлэнгээр биеллээ олж эртнээс зорьсон Энэтхэгт хүрч, Гималайн оргилыг дэргэдээс харлаа. Ёстой төсөөллөөс давсан мэдрэмж авч, өөр газар орны соёлыг хараад гайхам сэтгэгдэл төрснөө үгээр илэрхийлэх аргагүй байна. Мэдээж тэнд хүрнэ гэдэг миний хувьд урт удаан хугацааны аялал байсан. Зорьсон газраа хүрэхийн тулд олон төрлийн тээврийн хэрэгсэл сольсон. Морь унахаас бусдаар бараг бүгдийг нь ашигласан. Тэгж явахдаа тухайн газар орны сонин сайхантай танилцаж хүн ардынх нь аж байдал ямрыг сониучирхан харлаа. Дарамсалад буухад хөшиг татсан мэт сүрдмээр уулс хамгийн түрүүнд нүдэнд туссан. Зориудаар гаргасан уулын жимээр явахад зүүдлээд байна уу даа гэж хүртэл бодох үе байв. Ингэж оролцсон “Гималай” үзэсгэлэн миний амьдралын сонирхолтой нэгэн хэсэг, бас болоогүй уран бүтээлчийн хувьд урам хайрласан үйл явдал болж чадсан.


-Хол явсан хүн ганзага хоосон ирдэггүй гэдэг дээ?  

-Тийм онгон дагшин газар очсон хүн ганзага хоосон буцаж ирнэ гэж бараг үгүй болов уу. Зурвасхийн орж ирэх санаа зарим бүтээлийн эхлэл болохыг үгүйсгэхгүй. Гэхдээ төсөөлөл, бодит байдал хоёр заримдаа огтлолцохгүй тал байдаг. Харин ухаан бодол сэргээсэн уран бүтээлийн аяллаар нэг хэсэгтээ цэнэглэгдэнэ гэдэгт итгэлтэй байна. Үзэсгэлэнгийн үеэр хоёрдугаар сард Вьетнам улсад дэлгэх олон улсын үзэсгэлэнд оролцох санал хүлээн авсан ч урьдчилан төлөвлөөгүй байсан учраас татгалзсан. Гэрийн эзэгтэй, хүүхдүүдийн ээж хүн гэрээсээ хол олон хоногоор явах тийм амар ажил биш. Урьдаас зохицуулахгүй бол болохгүй. 

-Урам зориг дүүрэн ирснийг урланд байгаа бүтээлүүдээс тань харлаа. Таны бүтээлд оршдог зөөлөн, дулаан мэдрэмж одоо ч хэвээр байна. Өнгө хэрэглэгдэхүүний энэ зохицол таны уран бүтээлч болох үеэс тогтсон уу, эсвэл сүүлд эрэл хайгуулын дүнд олж авсан бусдаас ялгагдах онцлог юм уу?

-Дүрслэх урлагийн дээд сургуулийн чимэглэх урлагийн ангийг Я.Эрдэнэчимэг, М.Ганзул багш нарын удирдлага дор сурч төгссөн талаараа өмнө нь хэлсэн. Үүгээрээ таны дурдсан онцлог багш нараас маань улбаатай гэдгийг хэлэх гэсэн юм. Учир нь, чимэглэх урлагийн ангид зургийн бүх төрлийн талаар хичээл ордог. Тэдгээрээс оюутан сонголтоо хийж алинаар нь үргэлжлүүлэн мэргэшихээ шийддэг юм. Миний хувьд дипломын ажлаа хийсний дараа арьсан урлалыг сонгосон нь зөв шийдвэр болсон гэж боддог. Голдуу арьсан материалтай ажилладаг учраас байгалийн өнгө дулаан мэдрэмж төрүүлдэг юм болов уу. Гэхдээ хүн нэг материалаар удаан хугацаанд бүтээл хийхээр өөрчлөөд үзмээр бодол өөрийн эрхгүй орж ирдэг юм билээ. Саяхан тосон будгаар зурсан анхны бүтээлээ хийхэд их сонирхолтой санагдсан. Дараагийн бүтээлээ удахгүй барьж авах байх. 

-Таны ээж сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНРТ-д олон жил ажилласан телевизийн хүн. Ээжийгээ дуурайн телевизэд ажиллах боломж байсан ч яагаад дүрслэх урлагийн салбарын хүн болохоор шийдсэн юм бэ?

-Ургамлын үндсийг хараад төстэй амьтнаар нь дүрсэлж, гоё хэлбэртэй чулуу олсноо ямар нэг зүйл дээр цавуудаж, будаж орхидог охин байсан. Түүнийг ажигласан ээж намайг “Монгени” сургуулийн зургийн ангид оруулснаар өнөөдрийн суурь тавигдсан юм. Ерөнхий боловсролын сургуулиа төгсөхдөө мэргэжлээ аль хэдийнэ сонгочихсон байсан. Тэгэхээр намайг уран бүтээлд хөтөлсөн хүн нь миний ээж. Гэхдээ ээж намайг сэтгүүлч болгох гэж үзсэн ч амжилт олоогүй. Яагаад гэвэл би тайзны хүн биш. Миний байгаа байдал, зан чанарт энэ мэргэжил маань л хамгийн төгс тохирох юм шиг санагдсан. Дээр нь сонгодог урлаг, зураг, хөгжмийн боловсрол хүүхдийн хүмүүжилд ихээхэн нөлөөлдөг. Хэдийгээр мэргэжлийг нь эзэмшээгүй ч хүүхдийг төлөвшүүлдэг. Үүнийг хүүхэд байхаасаа ойлгосон учраас Дүрслэх урлагийн дээд сургуульд элсэн орсон.  

Би мэргэжилдээ үнэхээр дуртай. Уран бүтээлээ хийхгүй болохоор бухимдаад байдаг. Тиймээс урлаггүйгээр байж чадахгүй юм байна гэж ойлгосон. Багахан цаг гарвал зураг зурах, эскиз хийхэд зарцуулдаг. Авьяастай олон хүүхдээс он цагийн явцад хамгийн дуртай, шантардаггүй нь уран бүтээлч болдог юм шиг санагдсан. Товчхондоо цаг хугацаа уран бүтээлчийг төрүүлдэг. Тиймээс дуртай зүйлдээ тууштай байх чухал гэж боддог.

-Бие даасан үзэсгэлэндээ бэлдээд цаг хугацаа гарахгүй байна уу. Таны бүтээл бусад үзэсгэлэнд төдийлөн харагддаггүй?

-Дээд сургуулиа төгссөнөөс хойш өөрийн гэсэн хэв маягаа хайж нэлээд явлаа. Хүний жамаар ээж болж уран бүтээлээсээ хэсэг хугацаанд завсарласан. Одоо хүүхдүүд маань том болж саяхнаас бүтээлээ барьж авч эхлээд байна. Энэ орон зайгаа маш их үгүйлжээ. Заримдаа хэдэн цагаар ч хамаагүй урландаа суучихдаг болсон. Цаг хугацаа өнгөрснийг ч анзаардаггүй юм. Ээж Амарзаяагийн амьдралд гарсан энэ өөрчлөлт гэр бүлийнхэнд маань мэдрэгдсэн юм болов уу намайг дэмждэг. Хүүхдүүд биеэ дааж ээждээ цаг гаргаж өгч байгаа болохоор анхны бие даасан үзэсгэлэндээ бэлдэж эхлээд байна. 

-Уран бүтээлчийн хувьд та өөртөө их хүнд даалгавар өгдөг. Өөрийгөө сорьсон, амаргүй сэдвийг сонгохдоо илэрхийллээ цогц байдлаар гаргахыг хүсдэг нь амаргүй ажил шүү дээ?

-Тосон будгаар илэрхийлж чадахгүй санаагаа холимог техник ашиглан ажиллахад илүү дөхөм санагддаг учраас танд тэгж санагдсан байх. Арьсан дээр деталь гаргахдаа нэг хэсэг металл ашигладаг байсан. Энэ хослол нь илүү даацтай бас зохицдог. Үүнээс гадна шинэ зүйл туршиж үзэх үнэхээр сонирхолтой. Би олон төрлийн материал эвлүүлэн бүтээл хийж үзсэн. Зарим нь төсөөлснөөс ч илүү болно. Гэхдээ бодсоноос муу үр гарах үе ч гарна. Тийм нэгэн ажил одоо миний ширээн дээр байна. Энэ бүтээлийг эхлээд модоор хийсэн ч бүтэлтэй болоогүй учраас замаскаар дахин гаргалаа. Эцсийн үр дүн ямар байхыг одоогоор мэдэхгүй. Яг одоо бол бүх зүйл бодсоны дагуу явж байна. 


-Мод, чулуу, даавуу, металл гээд олон материал ашиглахаар гар хуруу эсгэхээс авахуулаад аюултай зүйл цөөнгүй тохиолддог байх. Одоо ч гэсэн будагтай харагдаж байна?

-Хийчихмээр юм шиг санагдсан ч хүч хүрэхгүй үе олон  байдаг. Би ямар ч асуудалд эрэгтэй, эмэгтэй гэж ялгахыг хүсдэггүй. Гэхдээ зарим үед эмэгтэй хүний хүч хүрэхгүй зүйл бий. Тийм үедээ нөхрийнхөө тусыг авна. Манай нөхөр зураач, дархан хүн байдаг юм. Нөхөртэйгөө уран бүтээл хийж байгаад л танилцсан. Нэг нэгнийхээ жаргал зовлонг ойлгодог болохоор намайг маш их дэмждэг юм. 

-Аль бүтээл чинь таныг илүүтэй сорьсон гэж боддог вэ?

-Дээхнэ үед “Хотын тоглоом” нэртэй цуврал бүтээл хийж байсан юм. Тэдгээр бүтээлээ би багахан тоодог. Яагаад гэвэл, тухайн үед том сэдэв бодчихоод түүнийхээ ард гарах гэж багагүй хугацаа зарцуулж, шаналж байсан. Анхнаасаа арьсан дээр ажилласан хүн өөр материал ашиглах амаргүй. Тиймээс өөр материал дээр ажиллаад хүссэн хэмжээндээ хүртэл хийж чадсан бол намайг сорьсон бүтээлд тооцогдох байх.  

-Амьдрал дээр таныг “хөглөдөг” зүйл гэвэл та юу гэж хэлэх бол. Анх таны урланд орж ирсэн цагаасаа хойш энэ асуултын хариуг хайгаад олоогүй учраас тодруулахыг хүссэн юм?

-Би зарим үед өөртөө цаг гаргаж хөгжим сонсдог. Бас олон төрлийн кино үзэж урам зориг авдаг. Бас ном уншиж, алхах дуртай. Алхаж явахдаа олон зүйлийн тухай тунгаана. Алхаж явахдаа уран бүтээлийн шинэ санаа олно. Хүний амьдралд олон зүйл тохиолдоно. Тэр болгоныг ямар нэгэн байдлаар илэрхийлж гаргахыг хүсдэг. Одоо ийм идэвхтэй байгаа үедээ сонирхолтой олон бүтээл хийхийг хүсэж байна.

-Миний өмнө холимог техникээр хийж байгаа бүтээл байна. Эхлүүлээд удаагүй байгаа бололтой?  

-Захиалгын ажил орж ирээд хараахан дуусгаж амжаагүй байгаа. Нэр ч өгч амжаагүй яваа. Цуврал бүтээлийн эхнийх нь. Миний бодлоор хүнийг гаднаас хараад дүгнэх боломжгүй. Тэр хүний дотор бурхан ч байж болно. Эсвэл өөр хүчин зүйл оршин байхыг ч үгүйсгэх боломжгүйг энэ бүтээлээр илэрхийлнэ. Арьсан дээр металлаар деталь гаргах тул хугацаа шаардлагатай. Мөд дуусахгүй болов уу.

-Хуучны есөн давхар барилгуудыг өнгөний хувьд бараан тусгалтайгаар давтамжтай оруулсан нь сонирхол татах юм. Энэ таны өнгөрсөн үеэс үлдэж хоцорсон дурсамжийн тасархай юу?

-Социализмын үед баригдсан байшингууд нэгэн хэвийн, уйтгартай. Миний хэд хэдэн бүтээлд ийм дүрслэл бий. Үүгээрээ би аавыгаа төсөөлөн боддог. Манай аав ардчиллыг дэмждэг ч дотоод гүн рүү нь өнгийхөөр социализмын үеийн бодол, сэтгэл нь хэвээрээ тийм л хүн байсан. Нэгэн хэвийн яг адилхан барилгууд 1960-аад оныхныг санагдуулдаг. Тэр үеийн хүмүүс ардчиллын эхэн үед амьдрах арга замаа олох гэж нэлээд зүтгэсэн. Хүүхэд байсан болохоор тухайн үеийн дурсамжаас санаанд багахан буудаг юм.

-Одоо захиалгын ажилд түлхүү анхаарч байна уу?

-Бие даасан үзэсгэлэндээ бэлдэхийн хажуугаар захиалгын ажлаа ч хийж байна. Гэхдээ мөнгөний талаар бодолгүй зөвхөн бүтээлдээ л анхаарал хандуулдаг. Бүтээлийг мөнгө бодохгүйгээр хийвэл амар байдаг юм. Ингэснээр уран бүтээл маань миний төсөлснөөр гарна. Хүнд таалагдах гэж биш, өөртөө зориулан хийхээр бүтээл илүү гоё болдог юм. Тэгэхгүй хүнд таалагдах бүтээл эхлүүлбэл урагшлахгүй. Магадгүй тэгээд л зогсох байх.


Б.Сэлэнгэ

 Эх сурвалж: Монголын үнэн сонин №004/24631/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дүүжин тээврийн аюулгүй байдлыг хангахад хамтарч ажиллана 2 цагийн өмнө
Улсын сургууль, цэцэрлэггүй 12 хороонд газрын асуудлыг шийдвэрлэв 2 цагийн өмнө
“Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэ… 3 цагийн өмнө
Д.Амарбаясгалан Ховд аймгийн Булган, Мөст суманд ажиллалаа 3 цагийн өмнө
Х.Нямбаатар: “Хүрээ” амаржих газрын хуучин эмнэлгийн барилгыг хүчитгэж… 23 цагийн өмнө
“Хүрээ” амаржих газрын шинэ байр нээлтээ хийж, хүчин чадал нь хоёр дах… Өчигдөр
Ерөнхий хяналтын сонсголоор цуврал хэлэлцүүлэг үргэлжилж байна Өчигдөр
Х.Нямбаатар: Трамвай нь метроны төслөөс эдийн засгийн хувьд 10 дахин б… Өчигдөр
Нийслэлийн хэмжээнд 18:00-21:00 цагаас бусад цагт хог хаяхыг хориглоло… Өчигдөр
Энэ сарын 22, 23-ны өдрүүдэд бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулн… Өчигдөр
Э.Амарзаяа: Цаг хугацаа уран бүтээлчийг төрүүлдэг Өчигдөр
Хамтран ажиллах санал тавилаа Өчигдөр
Намын даргын зөвлөх Э.Эрдэнэжамъян иргэдийн төлөөлөлтэй уулзав Өчигдөр
Нийслэлд хэрэгжүүлж байгаа бүтээн байгуулалтын ажилд ахмадууд талархаж… Өчигдөр
Д.Амарбаясгалан: 126 гишүүнтэй шинэ парламент 30 жил гацсан мега төслү… Өчигдөр
“Атар-IV” аяныг хэрэгжүүлнэ Өчигдөр
А.Баяр: Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр агаарын бо… Өчигдөр
О.Дашпагам: Папиллома вирусийн эсрэг вакцин ирээдүйн эрсдэлээс урьдчил… Өчигдөр
Г.Пүрэвбаяр: Богино хугацаанд үр дүнтэй бэлдье-ОНЦ.МН Өчигдөр
Алдартнуудын артист Өчигдөр