“Иргэдээ сонсъё” 14 дэх удаагийн уулзалтад МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх Б.Нямжав оролцож иргэд, намын гишүүдийн санал, хүсэлтийг хүлээн авлаа. Бизнес эрхлэгчдийн төлөөлөл энэ удаагийн уулзалтад хүрэлцэн ирсэн байна. Сүү, сүүн бүтээгдэхүүний чиглэлээр үйлдвэрлэл эрхэлдэг бизнес эрхлэгч мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэд оруулах чиглэлээр олон ажил хийж, хэрэгжүүлснээ ярилаа. Мөн цаашид МАН-тай хамтран хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хэрэглээг шинэ шатанд хөгжүүлэх талаар хамтын ажиллагааны санал тавьж буйгаа илэрхийлжээ. Тус бизнес эрхлэгчээс гадна Сонгинохайрхан дүүргийн иргэн М.Мөнхцэцэг түрээслээд өмчлөх орон сууцанд хамрагдахтай холбоотой тулгараад буй асуудлын талаар саналаа хэлжээ. М.Мөнхцэцэгийн гэр бүл 2015 оноос хойш түрээслээд өмчлөх орон сууцанд хамрагдах хүсэлтээ илэрхийлсэн бөгөөд орон сууцтай болох бүх шалгуурыг хангасан байна. Шат шатны байгууллагаар хөөцөлдсөн ч одоог хүртэл энэ асуудал нь шийдэгдэхгүй байгаа тул МАН-ын намын мөрийн хөтөлбөрт тусгасан санал санаачилгын хүрээнд иргэдийг орон сууцжуулах үйл ажиллагаанд хяналт тавьж, асуудлыг шийдвэрлэхэд хүчин чармайлт гарган ажиллахыг хүссэн байна. Иргэдийн санал, хүсэлтийг харьяа байгууллагууд, хариуцдаг албаныханд уламжилж, шийдвэрлэхийн төлөө ажиллана гэдгээ МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх Б.Нямжав илэрхийлжээ.
Эх сурвалж: Монголын үнэн сонин №004/24631/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна