“Иргэдээ сонсъё” уулзалтад МАН-ын даргын зөвлөх Э.Эрдэнэжамъян оролцов. Намын албан ёсны цахим хуудсаар дамжуулан түгээсэн уулзалтын зарыг харсан иргэн н.Оюунчимэг амьдралдаа тохиолдсон хүнд хэцүү зүйлээс намын даргын зөвлөх Э.Эрдэнэжамъянд учирласан юм. Тэрбээр нийслэлийн Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутагт өндөрлөг газар бүтэн болон хагас өнчин ач, зээ нарын хамт амьдардаг байна. Гэвч сүүлийн жилүүдэд гэр хорооллын өгсүүр газарт амьдрах нь улам л хэцүү болсноор орон сууц түрээслэн суух болжээ. Энэ асуудлаасаа гарахын тулд хагас болон бүтэн өнчин хүүхдийг улсаас нэг удаад харж үзэн орон сууцны дэмжлэг үзүүлэх боломж байдаг эсэхийг судалсаар яваагаа хэлжээ. Иргэн н.Оюунчимэг ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд түрээслээд өмчлөх зориулалттай орон сууцны хөтөлбөрт хамрагдахын тулд хэрхэх ёстой талаар тойргоосоо сонгогдсон УИХ-ын гишүүд болон дүүргийн Засаг дарга нараас өмнө нь лавласан боловч дорвитой хариу хүлээж аваагүй аж. Иймд 18 настайдаа намын гишүүн болж байсан хүний хувьд энэ удаад намын даргын зөвлөхтэй уулзаж асуудлаа ярихаар зорьж ирсэн байна. МАН-ын даргын зөвлөх Э.Эрдэнэжамъян хэлэхдээ “Манай улсад хэрэгжүүлдэг орон сууцны хөтөлбөрүүдийн хүрээнд хүмүүст орон сууц шууд олгодог зохицуулалт байдаггүй юм билээ. Бүтэн өнчин хүүхдэд өгнө гэсэн тусгай зохицуулалт ч байдаггүй. Яг ийм боломж олддог эсэхийг судалж үзээд боломжтой, эсвэл болдоггүй юм байна гэдэг тодорхой хариуг танд өгнө. Мөн таны амьдардаг Чингэлтэй дүүрэгт орон сууцны ямар төсөл хөтөлбөр хэрэгждэг вэ, цаашид энэ салбарт ямар төсөөлөл байна вэ гэдгийг судалж хариу хэлье. Ер нь орон сууцны хөтөлбөрийг өөрчилж олон улсын жишгээр хувийн өмч бус нийгмийн өмч гэж үздэг болмоор санагддаг” гэсэн байна.
Эх сурвалж: Монголын үнэн сонин №004/24631/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна