Энэтхэгийн их мастер Гукеш Доммаражу 18 насандаа шатрын дэлхийн 18 дахь их аварга боллоо. Гукеш “Уулгүй талд цусгүй тулалдаж” Хятадын их мастер Дин Лиренийг 7.5:6.5 оноогоор ялжээ. Тэрбээр Вишванатан Анандын дараа ФИДЕ-гийн аварга болсон хоёр дахь энэтхэг шатарчин юм. Олон улсын шатрын холбооны хамгийн залуу аваргын титмийг 22 насандаа хүртсэн Гарри Каспаров эзэмшиж байсан юм.
Магнус Карлсены амжилтыг эвдэх зорилго
Гукеш Доммаражу 2006 оны тавдугаар сарын 29-нд Энэтхэгийн шатрын нийслэл гэгддэг Ченнай хотод эмчийн гэр бүлд төржээ. Энэ хотод дэлхийн 15 дахь их аварга Вишванатан Ананд өссөн байна. Гукеш долоон наснаасаа шатрын спортыг сонирхоход аав ээж нь дэмжиж дугуйланд суралцуулав. Эхэндээ хүүхдийн хобби байсан ч удалгүй жинхэнэ хүсэл тэмүүлэл нь болжээ. ВВС-д өгсөн ярилцлагадаа “2013 онд Ананд, Норвегийн Магнус Карлсен нарын дэлхийн аварга шалгаруулах тулааныг зурагтаар хараад тэдэн шиг агуу шатарчин болохоор эрмэлзэж, идэвхтэй хичээллэжээ. Алдартай шатарчдын намтрыг уншиж, өрөг бүрийг задлан судлах болов. Удалгүй ФИДЕ-гийн үнэлгээтэй тоглогчдын тоонд багтжээ. Богинохон хугацаанд ахиж дэвшсэн хүүгийнхээ карьерт анхаарахаар аав нь эмчийн ажлаа орхив. Веламмал Видялаягийн нэрэмжит шатрын сургуульд хүүгээ суралцуулж, менежерээр нь ажиллажээ. Хэдийгээр ядуу, хүчир амьдрал туулаагүй ч гадаадад тэмцээнд оролцох, мастер класст суух хүүдээ зориулах зардал нэмэгдэх бүр ганцаараа ажилладаг ээжид нь санхүүгийн дарамт учруулж байлаа. Энэ тухай Гукеш “Аав минь намайг дэмжиж, шатар тоглож эхэлсэн бөгөөд одоо зэрэгтэй шатарчин болсон. Ээж минь гэр бүлийнхээ санхүүг зохицуулж ирсэн. Би аав ээждээ маш их өртэй. Хэрэв тэд надад итгээгүй бол өдий зэрэгт хүрэхгүй байсан” гэжээ. Анхны олон улсын тэмцээндээ 2015 онд оролцжээ. Ес хүртэлх насны сурагчдын Азийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлэв. Гурван жилийн дараа 12 хүртэлх насны залуучуудын дэлхийн аваргаар шалгарчээ. Хүү 10 настайдаа мэргэжлийн тоглогчийн зэрэгт хүрч, дэлхийн таван удаагийн аварга Анандыг зөвлөхөөрөө ажиллуулав. Ананд түүнд нээлтийн бэлтгэл, шатрын стратеги заагаад зогсохгүй тайван, биеэ барьж, ялагдсан ч сэтгэлзүйгээ бэлтгэхэд сургажээ. 12 настайдаа өдөрт долоон цаг бэлтгэл хийхийн зэрэгцээ бадминтон тоглож, бясалгал хийнэ. Гукеш Москва, Капелл-ла-Гранд хотод болсон нээлттэй тэмцээнд гайхалтай амжилт үзүүлж, боломжит 11 онооноос 10-ыг авч, мастерын болзол хангав. Түүний ээлжит амжилт бол их мастерын хоёр оноо байсан бөгөөд нэг оноог Сербийн Парачинд болсон тойргийн тэмцээнээс авч 13 настайдаа шатрын хамгийн өндөр зэрэглэл их мастер цол хүртжээ. Хамгийн залуудаа их мастерын зэрэгт хүрсэн амжилтыг Оросын Сергей Карякин эзэмшдэг. Тэрбээр 12 настайдаа их мастерын болзол хангажээ. Карякины амжилтыг эвдэж чадаагүйдээ урам хугарсан тухайгаа Гукеш “Би хоёр өдөр сэтгэлээр унасан. Надад хамгийн чухал зүйл бол нас. Миний амьдрал шатрын өрөгт эргэлдэж байдаг. Тэгээд дэлхийн хамгийн залуу аварга Магнус Карлсены амжилтыг эвдэхээр зорьсон” хэмээн хожим ярьжээ. Насанд хүрэгчдийн ангилалд дээд амжилт тогтоохыг зорьсон тэрбээр цар тахлын жилүүдэд цахимаар зохион байгуулсан шилдэг авьяастнууд ялалтын төлөө өрсөлдсөн Гельфанд сорилго тэмцээнд түрүүлжээ. Норвегид болсон шатрын нээлттэй 2021 мастеруудын тулаанд Дмитрий Колларс, Валентин Драгнев нарыг хагас оноогоор хожиж түрүүлэв. Шатрын 2022 оны олимпоор Гукеш жинхэнэ шуугиан тарив. Энэтхэгийн залуучуудын хоёрдугаар багт тоглож, Фабиано Каруана, Алексей Широв, Габриэль Саркисян нарыг ялж тэмцээнээ эхлүүлсэн. Финалын тойрогт АНУ, Энэтхэгийн нэгдүгээр багтай тоглож, хүрэл медаль хүртжээ. Энэ явдлаас хэдхэн сарын дараа карьерынхаа хамгийн шилдэг нүүдлээ хийсэн юм. “Aimchess Rapid” тэмцээнд домогт шатарчин Магнус Карлсеныг ялжээ. Залуу гроссмастер 2023 оноос элит тэмцээнүүдийн хүчтэй өрсөлдөгчдийн жагсаалтад багтлаа. Дюссельдорф хотод “WR Chess Masters” тэмцээнд хоёрдугаар байр, Будапештын тэмцээнд шигшээ багаа тэргүүлж оролцоод алтан медаль хүртжээ. Ингээд 2750 оноо цуглуулж чансаагаараа нутаг нэгт Анандыг гүйцэж, дэлхийн аваргуудтай эн зэрэгцсэн хамгийн залуу их мастер боллоо. Анандын амжилтыг эвдэх шатарчин Энэтхэгт 1986 оноос хойш төрөөгүй байсан юм.
Титмийн төлөөх тулаан
Торонто хотод 2024 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийн төлөөх эцсийн шалгаруулалт өнгөрсөн дөрөвдүгээр сард явагдлаа. Гукеш тоглогчдын тоонд багтсан ч ивээн тэтгэгчдийн бооцоот өрсөлдөгч болж чадаагүй. Компаниуд Оросын Ян Непомниаччи, Италийн Фабиано Каруана нарын хооронд гол өрсөлдөөн өрнөнө гэж тооцоолжээ. Гэвч тэдний хүлээлт биелсэнгүй. Энэтхэгийн шатарчин залуу есөн оноо авч, өрсөлдөгч Америкийн Хикарү Накамүраг 0.5 оноогоор илүүрхжээ. Ингээд дэлхийн аварга Дин Лирентэй ширүүн өрсөлдлөө. Тоглолт арваннэгдүгээр сарын 20-нд эхэлж, энэ сарын 12-нд дууссан. Тэдний 13 дахь тоглолт 6.5-6.5 гэсэн тэнцээгээр өндөрлөв. Сүүлийн буюу сонгодог тоглолт дөрвөн цаг үргэлжилжээ. Хятадын их мастер 55 дахь нүүдэлдээ залруулшгүй алдаа гаргаснаар ялагдлаа. Тэднийг уран гоё нүүдлүүд хийснээс гадна бие биеэсээ бэргэсэн, сэтгэл зүйн тулаан болсныг мэргэжилтнүүд онцолжээ. Вишванатан Ананд шавийнхаа амжилтаар бахархан “Баяр хүргэе. Энэ бол шатрын түүхэнд бас энэтхэгчүүдийн хувьд бахархалт мөч” хэмээн жиргэжээ. ФИДЕ-гийн түүхэнд энэ тулааныг “Дин, Дом-ын өрөг” хэмээн тэмдэглэж байна. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шагналын сан 2.5 сая ам.доллар байдаг. Энэтхэгийн залуу мастер 1.35 сая ам.доллароор шагнуулжээ. Хэвлэлийн бага хурлын үеэр “Мөрөөдлөө биелүүллээ, маш их баяртай байна. Миний зорилго бол дэлхийн аваргын титмээ аль болох олон жил хамгаалах. Миний амжилт дөнгөж эхэлж байна. Дэлхийн аварга болох нь хамгийн шилдэг гэсэн үг биш. Магнус Карлсен надад оргилд хүрэх, зөв зүйл хийх, шаргуу хөдөлмөрлөх урам зориг өгдөг. Түүнтэй тоглох л хамгийн хэцүү. Гэхдээ бүх зүйл Магнусаас шалтгаална. Би дэлхийн шилдэг тоглогчийн эсрэг хүч үзэхийг хүсэж байна” гэжээ. Гукеш бол Вишванатан Ананд, Боби Фишер хоёрын шүтэн бишрэгч аж. Гукеш Доммаражу тэмцээний өмнө духан дээрээ зандан модны тос эсвэл Вибхути (Хинду шашны ариун үнс) түрхэн хувиа хичээсэн зан, ертөнцийн хүслээс татгалзсанаа харуулдаг. Мөн өрсөлдөгч бүрдээ үргэлж хүндэтгэлтэй хандаж, шатрын спортод хайраа зориулсан нь үр жимсээ өгчээ.
Шатрын эрин дууссан уу
Доммаражугийн ялалтын дараа олон нийт сүүлийн арван жилд дэлхийн шатрын спортыг хаанчилж буй Магнус Карлсены тайлбарыг хүлээсэн. Тэрбээр нийгмийн сүлжээгээрээ дамжуулан шинэ аваргад баяр хүргээд “Гайхалтай амжилт. Түүнийг ямар зам туулж энд хүрснийг бид мэднэ. Энэтхэгчүүдийн хувьд чухал мөч. Магадгүй шатрын түүхэнд шийдвэрлэх үе байж болох юм. Энэ бол том зүйлийн эхлэл байж магадгүй” гэжээ. АНУ-ын шатарчин Хикарү Накамүра “Гукеш, энэтхэгчүүдэд баяр хүргэе. Ямар гайхалтай вэ. Ананд, та улсынхаа өмнө том гавьяа байгууллаа” гэсэн бол Сюзан Полгар “Дээд түвшний тулаан, сэтгэлзүйн тогтвортой байдал, өөртөө итгэх итгэл гээд аваргын бүх шинжийг харууллаа. Тэр дөнгөж 18 настай, мэргэжлийн, төлөвшсөн, даруухан шатарчин. Шатарт дуртай энэтхэгчүүдийн сэтгэл хөдөлж байна. Тэр олон жилийн турш шатрын гайхалтай элч байж чадна” хэмээжээ. Энэ удаагийн дэлхийн аваргын шийдвэрлэх өрөгт зарим элит тоглогч сэтгэл дундуур байна. Дэлхийн 14 дэх их аварга Владимир Крамник “Сэтгэлд хүрсэнгүй. Гунигтай байна. Бидний мэдэх шатрын эрин дуусжээ. Урьд өмнө хэзээ ч дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг ганцхан нүүдлээр, хүүхдийнх шиг буруу тооцооллоор шийдэж байгаагүй” гэж цахим хуудастаа бичжээ. Түүнтэй төстэй санааг Оросын алдарт дасгалжуулагч Сергей Шипов илэрхийлсэн. Тэрбээр “Харамсалтай, аваргын төлөөх тулаан ингэж дуусах ёсгүй байсан. Дин Лирен өөрийгөө болон биднийг доош нь хийлээ. Бид шатарчны хөдөлмөр, шаргуу, хичээл зүтгэл, шатрын спортод хайртай. Энэ финал түүхэнд үлдэнэ. Дин Лирений алдаа бусдад сургамж болно” хэмээн шүүмжиллээ. Дэлхийн 12 дахь их аварга Анатолий Карпов Гукешт баяр хүргэж “Гукеш сайн тоглосон. Гэхдээ аваргаа удаан хамгаалах эсэхийг хэлэхэд эрт байна. Хятадын шатарчин ихэнх өрөгт санаачилгыг гартаа авч байсан. Дин Лирен нэгдүгээр зэрэглэлийн тоглогчийн хувьд ичмээр алдаа гаргалаа” гэж энэтхэгчүүдийн ноёрхолд эргэлзэж байгаагаа илэрхийлэв. Дэлхийд чансаагаараа тавдугаарт бичигдэж байгаа залуугийн ирээдүйн амжилтад эргэлзсэн оддын нэг бол ОХУ-ын Шатрын холбооны ерөнхийлөгч Андрей Филатов. Тэрбээр “Хятадын шатарчны шийдвэрлэх үед хийсэн үйлдэл сэжигтэй санагдсан. ФИДЕ шалгах хэрэгтэй. Нэгдүгээр зэрэглэлийн тоглогч, дэлхийн аварга Дин Лирен ялагдсан нь олон асуулт дагуулж, зориудаар гаргасан юм шиг санагдаж байна” гэжээ.
Геополитикийн өрөг
Сингапурын Сентоза аралд болсон Дин Лирен, Гукешийн тулааныг хагас зууны өмнөх АНУ-ын Бобби Фишер, ЗХУ-ын Борис Спасский нарын өрсөлдөөнтэй адилтгажээ. Ингэхдээ шатрын өргөөс илүү геополитикийн ашиг сонирхол тулааны ижил тал байлаа. 1972 оны аварга шалгаруулах тэмцээн АНУ, ЗХУ-ын хооронд хүйтэн дайны ид үед болсон. Фишер уг тэмцээнд Тигран Петросиан, Бент Ларсен, Марк Тайманов нарыг ялсан. Тухайн үед Ерөнхийлөгч Никсоны гадаад бодлогын зөвлөх Генри Киссинжер Бобби Фишер рүү залгаж Борис Спасскийг ялахыг даалгажээ. Зөвлөлтийн шатарчдын ноёрхлыг зогсоовол америкчуудын сэтгэлзүйд эергээр нөлөөлөхийг Киссинжер мэдэж байв. Фишер ч даалгавраа биелүүлж Спасскийг ялж дэлхийн аварга болсон. Түүнийг АНУ-д сүр дуулиантай угтан авчээ. Тэгвэл өнөөдөр БНХАУ, Энэтхэг улс дэлхийн өмнөд хэсгийн манлайллын төлөө өрсөлдөж буй геополитикийн өрсөлдөгчид. Энэ хоёр улс түүхэндээ анх удаа спортын томоохон төрөлд дэлхийн аваргын төлөө шууд тулалдсан. Олон нийт, бодлого боловсруулагчдын сонирхол урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр анхаарал хандуулжээ. Шатрын өрөг дээрх давамгайллын төлөөх тулаан нь бодит ертөнцөд хоёр үндэстний өрсөлдөөнийг илэрхийлсэн юм.
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: Монголын үнэн сонин №048/24627/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна