2024 онд олон улсад болсон онцлох үйл явдлуудаас тоймлолоо. Хөдөө аж ахуйн салбар хоол хүнс, цаг уурын өөрчлөлтийн эсрэг өргөн хүрээтэй соёлын дайны гол талбар болжээ. Европоос эхэлсэн тариаланчдын жагсаал 65 улсыг хамарснаар 2024 оныг ширүүхэн эхлүүлсэн. Өргөн фронтоор жагссан тариаланчид уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой эдийн засаг, нийгмийн шилжилтийн хурдад төвлөрсөн. Тэд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бодлого, хүнд суртал, ургацын үнээс үүдэлтэй хямралаас ангижрахыг шаардан эсэргүүцлээ илэрхийлсэн нь энэ юм. Түүнчлэн цагаачдын хямрал өндөр хөгжилтэй улсуудад сорилт болсон хэвээр байна. Оросын сөрөг хүчний гол удирдагч асан Алексей Навальный хорих ангид нас барснаар дэлхийн хэвлэлүүдийн анхаарал Москвад төвлөрсөн. Түүний үйл хэргийг үргэлжлүүлсэн бэлэвсэн эхнэр Юлия Навальнаяг “Тайм” сэтгүүл Оросын сөрөг хүчний тэргүүн хатагтайд өргөмжилж, оны онцлох хүмүүсийн жагсаалтдаа багтаажээ. Европын холбоо, БНХАУ, Япон, Өмнөд Солонгос улсад төрөлт буурч, буурай орнуудад хүн амын өсөлт нэмэгдсэн. Манай гаргийн дундаж температур нэмэгдэж хүн төрөлхтөн түүхэн дэх хамгийн халуун жилээ үдлээ. Энэ тухай Бакуд болсон НҮБ-ын цаг уурын бага хурлаар танилцуулсан. Мөн байгалийн гамшиг тив бүрд тохиож байна. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өнгөрсөн тавдугаар сард төрийн тэргүүний тангараг өргөсөн. Мөн Кремлийн тэргүүн Умард Солонгосын удирдагч Ким Жон Унд тансаг ангиллын лимүзин автомашин бэлэглэсэн нь хэвлэлүүдийн сэдэв болсон. Ираны улс төрийн хүрээнийхэнд эмгэнэлт үйл явдал тохиов. Тус улсын Ерөнхийлөгч Ибрахим Раиси, Гадаад хэргийн сайд Хосейн Амир Абдоллахиан тэргүүтэй дээд албан тушаалтнууд нисдэг тэрэгний ослоор амь үрэгджээ. Казахстан улсад өнгөрсөн аравдугаар сард Атомын цахилгаан станц барих тухай бүх нийтийн санал асуулга болсон юм. Соёл, урлагийн салбарын онцлох хүн Тейлор Свифт дэлхийн аялан тоглолтоо дуусгаж, дээд амжилт тогтоож, “Оппенхаймер” кино “Оскар”-аас шагналын хур буулгажээ.
Улстөрчдийн хувь заяаг шийдсэн сонгууль
Улиран буй онд 60 гаруй орны иргэд саналаа өгсөн. Үнийн өсөлт, нийгмийн асуудлаас болж хуваагдаж, улс төрийн нөхцөл байдалд бухимдсан сонгогчдын хилэн зарим улсын эрх баригчид болон улс төрийн намуудын хувь заяаг шийдлээ. Өөрөөр хэлбэл 2024 он дэлхийн удирдагчдын хувьд сорилттой жил байв. Шинжээчид геополитикийн үйл явдлыг тогтворгүй болгох эрсдэлийг урьдчилан сануулсан. Дэлхийн хамгийн олон хүн санал өгдөг Энэтхэгийн “Бхарати Жаната” намын тэргүүлдэг Үндэсний ардчилсан холбоо олонх болов. Улмаар Ерөнхий сайд Нарендра Моди эрх мэдлээ гурав дахь удаагаа хадгалан үлдлээ. Мексик, Их Британид сонгогчид улс төрд цоо шинэ хүнийг сонгосон бол АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Дональд Трамп яллаа. Жо Байден ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөс татгалзсан нь 34 зүйлийн гэмт хэрэгт буруутгагдсан Трампад боломж олгосон. “Тайм” сэтгүүл түүнийг 2024 оны онцлох хүнээр тодруулсан юм. БНСУ-ын улс төр бужигнаж байна. Үндэсний ассамблейн сонгуульд Ардын хүчний нам ялагдсан нь Ерөнхийлөгч Юн Сок Ёол болон консерватив намд хүчтэй цохилт болсон. Тэрбээр дайны байдал зарлан гэнэтийн шийдвэр гаргаж, улс төрийн карьертаа цэг тавилаа. БНСУ-ын Үндсэн хуулийн шүүх 23-ны өдрөөс өмнө Ерөнхийлөгч Юн Сок Ёолыг импичментийн шүүх хуралд өмгөөлөл өгөхийг шаарджээ. БНСУ-ын Үндсэн хуулийн шүүх түүнийг бүр мөсөн огцруулах, хуулийн хариуцлага тооцох эсэхийг шийдэх юм. 52 сая хүн амтай улсын хувьд бодлогын эрсдэлтэй тулгарсан нь үнэн. АНУ, БНХАУ-ын тэнцвэргүй байдал, Умард Солонгостой шийдэгдээгүй зөрчилдөөн, үл хөдлөх хөрөнгийн үнийн өсөлт, төрөлт эрс буурсан, конгломератууд болон ЖДҮ-үүдийн зөрүү, залуучууд, эмэгтэйчүүд, цөөнхийн эрхийн жагсаал гээд олон сорилт тулгарчээ. Сирийн босогчид 50 гаруй жил үргэлжилсэн Ассадын дэглэмийг түлхэн унагалаа. “Хамас” бүлэглэл өнгөрсөн аравдугаар сард Израил руу дайрсны дараа Ойрхи Дорнодод геополитикийн чичиргээ үүссэн. Энэ удаагийн Сирийн нөхцөл байдал хүчтэй газар хөдлөлтийн дохио байж магадгүйг шинжээчид анхаарууллаа. Башар аль-Асадын талд зогсох улс орон, нөлөө бүхий удирдагч байгаагүй учир эрх мэдлээ алдан, эх орноосоо зугтсан гэж барууны ажиглагчид дүгнэж байна. “Хаят Тахрир аль-Шам” намын дарга Абу Мохаммад аль-Жулани шилжилтийн Засгийн газрыг 2025 оны гуравдугаар сарын 1-ийг хүртэл удирдахаар болжээ. Хотын оршин суугчид түүнийг дэмжин Асадын дэглэмтэй холбоотой хөшөө, дурсгалын самбаруудыг эвдэн сүйтгэсэн. Ард түмэнд баярлах шалтгаан бий. Засгийн газар 2011 оноос хойш хэлмэгдүүлэлт, харгислал үйлдэж, олон сая хүн эх орноосоо дайжжээ.
Эдийн засгийн хямрал үргэлжиллээ
“Экономист” сэтгүүлийн 34 улсын уншигчдаас авсан судалгаа дэлхийн эдийн засгийн хямралыг харууллаа. Франц, Япон, Өмнөд Африк, Өмнөд Солонгос, Их Британийн иргэд үндэсний эдийн засаг муу байгааг илэрхийлжээ. Үнийн өсөлт цар тахлын дараа олон улсын эдийн засагт нөлөөлсөн. Сүүлийн хорин жилд санхүүгийн хямрал, цар тахлын уналт, инфляц, эдийн засгийн тэгш бус байдал үргэлжилсэн. Дэлхийг хамарсан инфляцын “халуурал” энэ жил буураагүй бөгөөд АНУ бусдаас “зөөлөн газардсан”.
Цалингийн өсөлтөөс хамаарч “зөөлөн газардсан” ч цар тахлын үеийн тэтгэмж, өрхүүдэд олгох нөхөн төлбөр эрт орой хэзээ нэгэн цагт зогсооно. Зээлийн хүү өссөнөөр дампуурлыг өдөөж, АНУ-ын Засгийн газрын өрийн талаарх санаа зовнил нэмэгдэж, геополитикийн стресс дэлхийн худалдааг сүйрүүлж байна. Энэ нь инфляцыг хурдасгаж, эсрэгээрээ эдийн засгийн өсөлтийг удаашруулж болзошгүй. Хөрөнгө оруулагчид одоо АНУ-ын эдийн засаг удааширна гэж мөрийцөж байна. Өндөр хүүгийн хожимдсон үр дагавар эцэст нь хэрэгжиж эхэлжээ. БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийн чанар буурсан. Тус улсын Дотоодын нийт бүтээгдэхүүний бараг гуравны нэгийг бүрдүүлдэг үл хөдлөх хөрөнгийн зах зээл аажмаар сүйрч байна. Үүнийг дагаад орон нутгийн засаг захиргаа ч өрөнд баригдсан. Хэдий тийм ч 2024 онд ДНБ-ий өсөлт дөрвөн хувиас давсан үзүүлэлттэй байна.
Ойрхи Дорнод анхаарлын төвд
ОХУ, Украины мөргөлдөөн гурав дахь жилдээ орж, Израил-ХАМАС-ын дайн үргэлжилсээр. Киевийн цэрэг, санхүүгийн дэмжлэг Атлантын далайн хоёр талд улам бүр эргэлзээтэй болж байна. Бенжамин Нетаньяхугийн Засгийн газар хил орчим үймээн дэгдээсэн Ливаны “Хезболла” бүлэглэлтэй тулгарсан. Цэргийн шинжээчид дипломат шахалтаар байдлыг тогтворжуулна гэж найдаж байна. Вашингтон, Тегераны эрх баригчид “Хезболла” болон Израилийн хоорондох тэмцэл хурцадсан ч бүс нутагт илүү өргөн хүрээний мөргөлдөөн гаргахыг хүсэхгүй байгаа юм. Түүнчлэн Олон улсын эрүүгийн шүүх Израилын Ерөнхий сайд Б.Нетаньяхуг баривчлах шийдвэр гаргажээ. Израилын батлан хамгаалах хүчин “Хезболла” бүлэглэлийн удирдагч Хассан Насраллаг хөнөөсөн. Шинжээчид Израил, исламын ертөнцийн хооронд өргөн цар хүрээтэй дайн эхлэхээс болгоомжилж эхэллээ. Болж буй үйл явдлыг 1982, 2006 оны мөргөлдөөнтэй адилтгаж, Ливаны гурав дахь дайн гэж нэрлээд байна. Израилын хуурай замын цэргийн ажиллагаа тооцоолсноор хурдан бөгөөд үр дүнтэй өндөрлөх үү, эсвэл Ливанд гацах уу гэдгийг таамаглахад бэрх. Ливаны мөргөлдөөн удаан үргэлжилбэл Ойрхи Дорнодод улс төрийн хэтийн төлөв өөрчлөгдөнө. Ойрхи Дорнодын бүлэглэлүүд “Хезболла”-г дэмжихээ илэрхийлээд байна. Тэд Израилын дайралтыг дайны гэмт хэрэгтэй адилтгаад еврейн улс бүс нутаг болон дэлхийн аюулгүй байдалд заналхийлсэн гэж үзжээ. Түүнчлэн өнгөрсөн гуравдугаар сард “Исламын улс”-д харьяалагддаг “Вилаят Хорасан” террорист бүлэглэл ОХУ-д халдлага үйлдэж дэлхийг цочроосон. “Крокус сити Холл” цогцолборт болсон террорист халдлагад өртөн 144 хүн амиа алдаж, 182 хүн шархадсан билээ.
Хиймэл оюун ухааны эрин эхэллээ
Хиймэл оюун ухаан үсрэнгүй хөгжиж, технологийн хэтийн төлөвийг өөрчлөх магадлалыг бататгалаа. Дизайнаас эхлээд анагаах ухаан хүртэл салбар бүрд хүний оролцоо багасаж байна. Энэ хэрээр хурдацтай хөгжвөл ажилгүйдэл, нийгмийн тэгш бус байдлыг нэмэгдүүлэх эрсдэлтэйг зарим судлаач онцолжээ. Хиймэл оюун ухааныг бид хүнээс илүү ухаантай робот, супер хүчин чадалтай компьютероор төсөөлдөг байсан. Гэвч энэ нь аль хэдийн орчин үеийн технологийн ертөнцийн салшгүй нэгэн хэсэг болж чаджээ.
Учир нь бид өөрсдөө ч мэдэлгүй өдөр тутмын амьдралдаа ашиглаж байна. Энгийн нэгэн гар утас, компьютер гэх мэт бүхий л ухаалаг төхөөрөмж болон цахим сүлжээнүүд хиймэл оюун ухаанд суурилжээ. Тэгвэл хиймэл оюун ухааныг робот төхөөрөмжтэй хослуулсан төслүүдийн эрэлт нэмэгдсэн. Ямартай ч хиймэл оюун ухаан Цахиурын хөндий, инновацыг улам сонирхолтой болгох нь гарцаагүй.
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: Монголын үнэн сонин №048/24627/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна