Д.Төмөрхуяг: Хиймэл оюун ухааны ертөнцөд өдөр болгон ирээдүй бий



Хүн төрөлхтөн байгаль эхийн зарлиг ёсыг үл тоомсорлон бурхдын зиндаанд хүрэх тэмүүлэлдээ алхам алхмаар ойртож байна. “Орчлонд үлдэх сүүлчийн хүн” гэдэг аймшигтай ойлголт бий. Хүн гэдэг маханбодгүй зөвхөн оюун санааны амьдрал 3.0. Эхлэх цаг айсуй.

Бид энэ удаагийн дугаартаа нэгэн сонирхолтой зочин урьж ярилцсан юм. Сүүлийн хэдэн жилд дэлхий ертөнцийн хөгжилд хүч түрэн орж ирээд байгаа хиймэл оюун ухааны салбарын төлөөлөгч хөгжүүлэгч Д.Төмөрхуягтай ярилцлаа.

 

-Та хиймэл оюун ухаан хөгжүүлэгч үү, судлаач уу гэсэн асуултаар ярилцлагаа эхлүүлэх үү?

-Анх хиймэл оюун ухаан гарахад сонирхон судалж эхэлсэн бол одоо хөгжүүлэгч болжээ. Манай компани бүтээмэл хиймэл оюун ухаанд суурилсан контент түлхүү хөгжүүлдэг юм. Хиймэл оюун ухааны зураг, дүрс, видео, дуу анимейшн үүсгэдэг. Суурь зорилго бол арай өөр тийш зүглэж байгаа. Дэлхий даяар өргөн хэрэглэдэг хиймэл оюун ухаанд монгол агуулга байдаггүй шүү дээ. Хамгийн өргөн хэрэглэдэг, бас нийтээрээ шахуу мэддэг "Open AI", "Google" компаниар жишээлбэл, тэдний бүтээсэн хиймэл ухаанд монгол агуулга байхгүй. Гарч ирлээ гэхэд л өвөрмонгол ч юм уу казах хувилбар нь гарч ирэх жишээтэй. Бид дэлхийн ууган, том үндэстнүүдийн нэг гэдэг утгаараа өөрсдийгөө тодорхойлдог гэр, дээл хувцас, монгол гутал гэх мэт зүйлээ хиймэл оюун ухааны датанд оруулмаар байна шүү дээ. Том компаниуд энэ мэт зүйлийг хөгжүүлж байхаар биднээс бэлэн дата авбал амар биз дээ. Бид ийм зүйлийг хөгжүүлээд хоёр дахь жилдээ ажиллаж байна.

-Би мэдлэгтэн биш зүгээр сонирхогчийн зүгээс хиймэл оюун ухааны хөгжлийг ажигладаг. Монголд, төр засгийн зүгээс хиймэл оюун ухааныг хөгжүүлэхэд ямар арга хэмжээ авдаг юм бол. Бусад улстай харьцуулбал?

 -Манай улс дэлхийн бусад улс орны л адил хэмжээнд байна. "Төр түмэн нүдтэй" гэдэг шиг хиймэл оюун ухааны хөгжлийг төр мэдээж анзаарч байгаа. Дэлхийн өндөр хөгжилтэй улс орнууд судалгаа, шинжилгээний хүрээлэнгүүд байгуулж, яамтай боллоо.

-Манайд Цахим хөгжлийн яам байгуулагдсан?

-Цахим яам улсынхаа  технологийн хөгжлийг ерөнхийд нь тодорхойлдог болов уу. Зарим улс хиймэл оюун ухаанаар дагнасан яам байгуулж байна. Үүнээс ямар их ач холбогдол өгч байгааг нь харж болно. Хиймэл оюун ухааны салбарт их гүрнүүдийн өрсөлдөөн улам ширүүсэж байна. Саяхан БНХАУ, АНУ хоорондоо “Цөмийн бөмбөгний товчлуур дарах эсэхийг хиймэл оюун ухаанаар шийдүүлэхгүй” гэж хоёр талаасаа ярилцаж зөвшилцлөө. Хүн хөгжүүлээд байгаа боловч хиймэл оюун ухаан хүний тархины бүтцийн маягаар ажилладаг. Ер нь бол 100 хувь хиймэл биш. Тархины мэдрэлийн эсүүд холбогдож ажилладаг загварчлалыг  компьютерт суулгачихаж байгаа юм. Энэ загварчлал аливааг бие даан суралцаад байгаа учраас яваандаа зохиогчоосоо ухаантай болно л гэсэн үг.

-Хүнээс ухаантай болохоор эрсдэлтэй юм биш үү?

-Сайхан талаас нь харах гээд үзье. Хиймэл оюун ухааны том компаниуд “Хүн төрөлхтний өмнө тулгараад байгаа шийдэж чадахгүй олон асуудлыг хиймэл оюун ухаанд даатгая. Жишээ нь, байгаль экологийн асуудал. Эрүүл мэнд, хоол хүнс, аж үйлвэржилт гээд олон сэдэв байна. Хиймэл оюун ухаан эрх ашгийн зөрчилгүй тул хамгийн зөв зүйтэй шийдвэр гаргаж чадна” гэж амлаж байна. Дэлхий дээр ийм олон зүйл болж байгаа болохоор хөгжүүлэлтээ дагаад хяналт сайжирна.

-Би саяхан энэ тухай уншиж байсан. Хонконгийн хоёр компани удирдах зөвлөлдөө хиймэл оюун ухаан багтааж. Нэг компани нь тендер зарлаж оролцсон компаниас хиймэл оюун ухаан удирдах зөвлөлд нь багтсан компанид нөгөө хиймэл оюун ухаан санал өгсөн байсан гэдэг?

-Эрх ашгийн зөрчил байна шүү. (Инээв)

-Хүн төрөлхтөн хийх ажлаа хөнгөвчлөх гээд шинжлэх ухааныг хөгжүүлдэг байх. Гэтэл хүний бүтээсэн зүйл бидний амьдралыг хөнгөвчлөх үү, хөнөөх үү гэдэг зайлшгүй асуулт болов уу?

-Дэлхийн хиймэл оюун ухаан хөгжүүлэгч, эрдэмтэн мэргэд энэ талаар одоо хамгийн их ярьж байна. Саяхан "Open AI" компани “о3” гэдэг супер хиймэл оюун ухааныг танилцууллаа. Бид хязгаарлагдмал хүрээнд чадвартай хиймэл оюун ухаан хэрэглэж байгаа бол шинэ танилцуулсан загвар юм бүхнийг чаддаг. Бүх асуултын хариуг мэддэг. Ph докторын түвшний мэдлэгтэй, 157 буюу А.Эйнштейнтэй ойролцоо IQ -тэй байна.  Хиймэл оюун ухааны хөгжлийг дагаад эсэргүүцэгчид гарч ирсэн. Ингэж хөгжиж болохгүй. Эргээд хүн төрөлхтнийг сөнөөдөг шинжлэх ухааны зөгнөл биеллээ олох нь гэж ярьдаг. Ер нь хүн шинэ зүйлд тийм ч таатай ханддаггүй. Монголд анх приус машин орж ирэхэд “Наадах чинь Энхтайвны гүүр давахгүй ээ” гэдэг яриа гарч байсан. Тэр яриаг гаргасан хүмүүс одоо приусээ унаад л яваа. Харин дээрх асуултад одоохондоо хариулах боломжгүй. Хүмүүсийн төсөөлж байгаа шиг тийм хэт өндөр түвшинд хүрэх яагаа ч үгүй. Маш алгуур шилжинэ. Ирээдүйд аюул тарих, тарихгүйн тухай бид өнөөдөр таамаглан хариулах боломжгүй шүү дээ. 

-Ээ мэдэхгүй. Ирээдүй ч тун ойрхон санагдаад байх болсон шүү. Орчин үеийн хүүхэд бараг хэвлийдээ л шинэ техник, технологийг сурдаг юм уу гэмээр харагддаг. Гэтэл бидний үеийхэн хиймэл оюун ухаанд хэрхэн хандахаа ч мэдэхгүй явна. Яах ёстой юм бэ?

-Анх фэйсбүүк өндөр хөгжилтэй улсуудад хэрэглээнд ороход  монголчууд хэрэглэхгүй явж байгаад нэлээд хожуу орсон. Одоо бол өдөр тутмын хэрэглээ болж. Яваандаа хиймэл оюун ухаан тийм л болно. Гэхдээ нэг асуудал байгаа нь монгол хэлний барьер. Хамгийн түгээмэл хэрэглээтэй хиймэл оюун ухаанууд монгол хэлийг 100 хувь ойлгохгүй байгаа юм. Гүйцэд оруулж чадаагүй гэсэн үг. Манай дотоодын хиймэл оюун ухаанууд бол мэдээж монгол хэлээ сайн мэднэ. Нээрээ яаж шууд хиймэл ухаанд хандах вэ гэдэг... (хэсэг бодлогошров)  асуудал юм байна даа. Хөгжил нь асар хурдтай байна. Энгийн хэрэглээнд оруулах орчуулга, дуу хоолойг текст болгох гэх зэргээр янз бүрийн оролдлого хийж байгаа. Тэгэхээр одоохондоо хамгийн энгийн ойрын хиймэл оюун ухаан болох "Windows" үйлдлийн системийн copilot хиймэл ухааныг ашиглахаас эхлэх юм. Gemini,  "Chat GPT" гэх мэт гадны хиймэл оюун ухаанууд асар ухаантай. Гэхдээ тэд монгол хэлэнд тааруу. Монголчуудын бүтээж байгаа хиймэл оюун ухаан монгол хэл сайн мэднэ гэхдээ мэдээлэл мэдлэгийн бааз нь тааруу. Энэ нь өгөгдлийн сангаас болж байгаа хэрэг. Хиймэл ухааны өгөгдлийн санг бүрдүүлэхэд маш их хөрөнгө оруулалт хэрэгтэй. Гэтэл манайд хөрөнгө оруулалтаас гадна наад зах нь хиймэл ухааны сервер ажиллуулахад тог тасрахаас эхлээд асуудал байна. Нэг загвар бүтээхэд л тухайн компьютер олон цагаар зарим үед нэг долоо хоногоос илүү хугацаанд унтрахгүй ажиллах ёстой.

-Нэг загвар гэдгээ бидэнд тодруулж өгөөч?

-Нэг загвар гэдэг нь хиймэл ухааны загвар юм. Монгол гутлаар жишээлж, үүсэл гарал, түүх, зураг, хөрөг хийх гээд бүх л мэдээлэл орох ёстой. Монгол үндэстний гутал хэдэн янз байдаг юм бэ. Хэдэн деталь, өнгө, материалаас бүрддэг вэ гэх мэтчилэн энэ талын бүх л мэдээллийг багтаана гэсэн үг. Гэтэл бидний чинь түүх, ахуй хэрэглээ хэдэн зуугаар тогтохгүй мянганаар яригдаж байдаг. 

-Дээр орхисон асуултаа үргэлжлүүлмээр санагдлаа.  Миний хувьд хиймэл оюун ухаан зүс таних төдий хүн. Би энэ чигээр хараад л сууж байх уу, дотносох уу. Гайхаад л байна?

-Энэ маань гар утас шиг алгуур нэвтэрнэ. Хиймэл оюун ухаан гарч ирснээр цахим програм хангамжийн хулгай арилна. "Windows", "word" гэхэд л хиймэл оюун ухаантай гарч ирлээ. "Word" дээр юм бичихэд доор нь хиймэл оюун ухаантай туслах гарч ирдэг болж. Photoshop хулгайн хувилбар түгээмэл байсан бол одоо эрс багаслаа. Бүгдийг нь худалдаж авна. Хиймэл ухаан бол компьютерт суулгасан хүний ухаан. Хүн төрөлхтний хураасан эрдэм мэдлэгийг л худалдан авч байна гэсэн үг. Хиймэл оюун ухаанд суурилж дуу хийе гэхэд л та төлбөрөө төлөх ёстой. Тэнд хүн төрөлхтний суу билэгт хөгжмийн зохиолчдын бүх нотыг хадгалсан, бүх сайн дуучдын хоолойг бичсэн байгаа. Жирийн хүний хоолой өрсөлдөх боломжгүй. Тэгэхээр та ерөнхий ойлголттой байхад л хиймэл оюун ухаан хөтлөөд явчихна. Хиймэл оюун ухаан гэж монгол хэлэнд орчуулахдаа жаахан буруу буулгасан шиг санагдана. Тархины хуулбар байхгүй юу. "Майкрософт"-ын захирлын хэлж байгаагаар бидний хэрэглэж дадсан апплекейшнууд, Word, excel программ хангамжууд яваандаа алга болно. Яагаад алга болж байгаа юм гэхээр энэ бүгдийг хиймэл ухааны агентууд орлоно.

-Агентууд гэхээр мөн л хүнийг орлох тархинуудыг хэлж байна уу?

-Яг л орлох гэдэг утгаараа. Сэтгүүлч хиймэл оюун ухаанд хандан “Ийм утга агуулгатай нийтлэл бич” гэхэд л болно. Бичсэн нийтлэлийг нь “Одоо хиймэл оюун ухаан бичээгүй юм шиг болго” гэхэд л энгийн сэтгүүлчийн нийтлэл шиг болгож орхино. Дараа нь “Одоо миний бичдэг хэв маягт оруул” гэхэд л таны бичих хэв маягийг судлаад л адилхан хувиргана.

-Иерусалимын их сургуулийн профессор Юваль Ной Харари нэгэн номондоо, "Хүн төрөлхтний эзэмшсэн мэргэжлүүдээс хамгийн түрүүнд хөгжмийн зохиолч, зураач, яруу найрагч, сэтгүүлчийн ажил үгүй болно" гэж бичсэнийг уншаад жаахан гайхаж л байлаа. Одоо бодоход аргагүй юм байна?

-Сүүлд би нэг уншиж байгаад Элон Маскийн “Хиймэл оюун ухаан та нарын ажлыг булаахгүй, хиймэл оюун ухаан ашиглаж чаддаг хүмүүс та нарын ажлыг хийнэ” гэсэнтэй таарч байлаа. Эхнээсээ биелэж байгаа болов уу. Хиймэл оюун ухаан хөгжим, яруу найраг, зохиол бүтээл туурвиж байна. Дэлхийн том мэдээллийн агентлагууд бүгд хиймэл оюун ухааны хөгжүүлэгч компанитай хамтарч байна.

-Өнөөдрийн ертөнцөд хиймэл оюун ухааны салбарт ямар улс хүчтэй байна вэ?  

-Түгээмэл хэрэглээтэй "ChatGPT" -гээс эхлээд хиймэл оюун ухаанууд АНУ-ынх байна. Харин сүүлийн үед энэ салбарт БНХАУ өрсөлдөх болж. АНУ-ын хиймэл оюун ухааны компаниудын цаана байгаа зарим эх загвараа Шанхайн хиймэл оюун ухааны лаборатори, Бээжингийн их сургуулиудад боловсруулсан өгөгдлүүдийг худалдан авч хэрэглэдэг. Дэлхийд тэргүүлэх хүсэлтэй АНУ үүнийг яаж зүгээр хараад суух вэ. Хөрөнгө оруулагчид, банк санхүүгийн салбарынхан хүртэл энэ өрсөлдөөнд татагдан орж хөрөнгө оруулж тэргүүлэх байр сууриа эргүүлэн авахаар хичээцгээж байна. Дэлхийн хүчирхэг гүрнүүдийн нэг ОХУ мэдээж өрсөлдөөнд оролцох амбицтай. Хойд хөршийн "Yandex", Сбер банк Оросын томоохон компани банкиуд өөрсдийн бүтээсэн хиймэл ухааныг хэрэглээнд нэвтрүүлж байна. Зөвхөн АНУ-аас гадна дэлхийн хоёр том гүрний хиймэл оюун ухааныг ашиглана гэдэг бидэнд давуу тал.

-Таныг хэлэхээр л бодлоо. Нээрээ бид чинь энэ гурван том гүрэнтэй сайн харилцаатай байдаг?

-Тэгэлгүй яах вэ. Сонирхсон хүмүүсийн хувьд бусад улсад хаалттай байгаа хиймэл оюун ухааныг ашиглах боломж Монголд бий. Монгол Улсын хувьд гэвэл хиймэл оюун ухааны өрсөлдөөнөөс бүр хол хоцроогүй гэж бодож байна. Харин ч бид хожиж болно. Хиймэл ухааны хөгжлийг дагаад цахилгаан эрчим хүчний эрэлт хэрэгцээ огцом нэмэгдэж байгаа. ОХУ биднийг боогоод байгаа ч юм биш. Өөрсдийнх нь эрчим хүчний хэрэгцээ асар их байна. Удахгүй ахуйн хэрэглээнд робот ороод ирвэл цахилгааны хэрэглээ бас нэмэгдэнэ. Цахилгаан автомашинтай болвол тухайн айлын хэрэглээ дагаад өснө.

-Сонины зай талбай үнэхээр чамлагдсан ярилцлага боллоо. Танд баярлалаа.  

 Трамп Төмөрөө

 Эх сурвалж: Монголын үнэн сонин №001/24628/


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Орано Майнинг” компанитай байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын … 6 цагийн өмнө
СЗХ-ны даргад Т.Жамбаажамцыг нэр дэвшүүлжээ 7 цагийн өмнө
Бүсийн зөвлөл байгуулж, 2040 он хүртэлх хөгжлийн төлөвлөгөө боловсруул… 10 цагийн өмнө
 Их талын зураач 10 цагийн өмнө
Монгол ургийн мод ургадаг хүрээлэн 10 цагийн өмнө
​ “Сономбалжирын Буяннэмэх” сэдэвт маркийг 11 мянган ширхэг хэвлэжээ 11 цагийн өмнө
А.Мандалноров: Хөгжим тоглож байгаа хүмүүсээс дотоод ертөнц нь мэдрэгд… 11 цагийн өмнө
Эрсдэлээс хамгаалж, ихийг хэмнэгч “Timely” 12 цагийн өмнө
Олон улсын спортын хутга шидэлтийн сургалт зохион байгуулж байна 12 цагийн өмнө
ЭХЭМҮТ-ийн цахилгаан шатыг шинэчиллээ 12 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна 12 цагийн өмнө
Санал асуулгаа мартав даа, хэн минь! 13 цагийн өмнө
Хишиг даллага дуудуулах сайн 13 цагийн өмнө
Өнөөдөр нийт нутгаар жавартай хүйтэн байна 13 цагийн өмнө
Монгол Улсын Үндсэн хуулийг сурталчлах өдөрлөгийг зохион байгуулав Өчигдөр
Б.Мөнхбаяр: Эрчимжиж буй нано технологийн судалгааг Монгол Улсад хөгж… Өчигдөр
Шинэ тэсрэлт: Жолигийн бүтээсэн Каллас Өчигдөр
Хамтын үнэ цэнийг бүтээж, нийгэмд эергээр нөлөөлсөн төслүүдийг онцолсо… Өчигдөр
Д.Төмөрхуяг: Хиймэл оюун ухааны ертөнцөд өдөр болгон ирээдүй бий Өчигдөр
Универсиад наадамд Монголын тамирчид спортын таван төрөлд өрсөлдөнө Өчигдөр