Шинэ тэсрэлт: Жолигийн бүтээсэн Каллас


Анжелина Жоли дуурийн хатан хааны дүрээр 2025 онд тэсрэлт хийж байна. Алдарт сопрано Мария Калласын амьдралын сүүлийн өдрүүдийг харуулсан бүтээлээрээ “Оскар”-т  нэр дэвших нь тодорхой боллоо.  Жүжигчин бүсгүй “Мария” киногоор өргөн дэлгэцийн бүтээлд “дахин төрж” байна. Алдартай аав ээжийн танхай охин, готик бүсгүй,  Холливудын секс бэлгэ тэмдэг төрхөө хэдийн ардаа үлдээжээ. Дээд зэрэглэлийн жүжигчин болохоо батлаад зогсохгүй найруулагч, загвар зохион бүтээгч, хүмүүнлэгийн элч, ээжийн үүрэгт өөрийгөө бүрэн зориулсан.  Тэр кино урлагт маш олон төрхийг харуулсан. Харин энэ удаад бүтээсэн алдарт  дуучны төрх жүжигчний карьер дахь хамгийн амбицтай дүр нь юм. Дуурийн дуучны ур чадварт суралцаж, шархалсан зүрхтэй агуу сопраног XXI зуунд амилуулжээ.

 

Насан туршдаа “жүжиглэсэн” эмэгтэй

 

Чилийн найруулагч Пабло Ларрайнгүйгээр Венецийг, Венецгүйгээр Ларрайныг төсөөлөхөд бэрх. 15 жилийн өмнө “Задлан шинжилгээ” киногоороо босго өндөр наадмын шалгуурыг давжээ. Тэрбээр Алтан арслангийн төлөө нэг бус удаа өрсөлдсөн. АНУ-ын Тэргүүн хатагтай асан Жаклин Кеннеди, Диана гүнжийн намтар киногоороо үзэгчдээс өндөр үнэлгээ авчээ.  “Домогт эмэгтэйчүүд” гурамсан бүтээлийнхээ эцсийн бүлэг “Мария” киногоо Венецид нээсэн. Ларрайн “Мария Калласын бүтээлч төсөөлөл, сэтгэл зүйн хөргийг  үзэгчидтэй хуваалцсан минь нэр төрийн хэрэг” гэжээ. Энэ удаад Калласын эмгэнэлт хувь заяаны тухай хар бараан кино хийхийг зорьсонгүй. Харин насаараа баг зүүж, амьдралынхаа турш жүжиглэсэн эмэгтэйг  харуулжээ. Өөрөөр хэлбэл, найруулагч нь үзэгчидтэйгээ муур хулгана болж тоглохыг хүссэнгүй.

Парис хот, 1977 оны намар, нэгэн цагт дуурийн тайзыг эзэгнэж байсан эмэгтэй сэтгүүлч эрд амьдралаа хүүрнэн буйгаар дүрс эхэлнэ. Дуучны амжилт, хайр түүх болжээ. Энэ бол Мария Каллас 1977 оны есдүгээр сарын 16-нд  зүрхний шигдээсээр нас барахаас долоо хоногийн өмнөх зураглал. Музей шиг тансаг орон сууцанд хувийн үйлчлэгч (Альба Рорвачер), гэрийн даамал (Пьерфранческо Фавино), хоёр нохойтойгоо амьдрах аж. Уянгалаг хоолой, хайртай эрээ алдаж, цаашид юуны төлөө амьд явахаа үл мэднэ. Нэгэнт үгүй болсон тэр бүхнийг нь зураглаач Эдвард Лакман намрын шаргал өнгөөр дүрслэн харуулжээ. Тэр бол “Оскар”-т гурван удаа нэр дэвшсэн зураглаач.  Дулаан өнгөөр илэрхийлсэн өнөөгийн гунигтай дүр зураг нь хар, цагаан дурсамжаар тасалдан, Мария Калласын тухай товч өгүүлдэг. XX зууны агуу сопраног өнөөдөр мэдэх хүн ховор тул блиц танилцуулгыг зориудаар дурджээ. Киноны зохиолыг Стивен Найт бичжээ. Туслах дүрд “Алтан бөмбөрцөг” шагналт Коди Смит-Макфи, Италийн жүжигчин Альба Рорвахер, Пиерфранческо Фавино, Халук Билгинэр, Винсент Макен нар тоглосон байна. 

 

Жинхэнэ мастер класс

 

Өвчин, шүтэн бишрэгчдээ алдах, мартагдсан од байх гашуун зовлонг Анжелина Жоли л гаргана гэж найруулагч тооцоолсон нь алдаагүй сонголт байв. Мария Каллас шиг удаан хугацаанд хүмүүсийн нүднээс нуугдаж явсан жүжигчин бүсгүй 2021 оноос хойш олны өмнө гараагүй. Жолигийн жүжиглэлтийг шүүмжлэгчид гол дүрийн зан чанарт бус дотоод ертөнцөд  анхаарлаа хандуулсан гэж дүгнэсэн. Эрхэмсэг, дур булаам, гаднаа  тайван мэт харагдах ч Жолигийн Каллас дотоод ертөнцдөө уур бухимдал дүүрэн. Анжелина Жоли дуучны хувийн архив, дүрс бичлэгийг судалж, дуурийн дуулаачийн сургалт авчээ. Энэ тухайгаа “Пабло дутуудуулах дургүй.  Дуурийн дуучны амьсгал хүртэл ондоо байдаг. Би мэргэжлийн багштай долоон сар бэлтгэл хийсэн. Анх дуулахдаа сандарсан шүү. “Ла Скала” театрын тайзан дээрх зураг авалтын үеэр би чичирч байлаа. Хөгжим Калласын амьдрал байсан. Түүний хоолой, тайзан дээр байгаа байдал, үзэгчидтэй харилцах харилцаа амьдралыг тэтгэгч хүч байж. Дуучин бүсгүй амьдралынхаа туршид эрх чөлөөг мөрөөдөж байсан ч дурсамжийнхаа торонд өөрийгөө хүлсэн. Энэ бол Калласын надад заасан мастер класс” гэж ярьжээ. Дууны найруулагчаар “Оскар”-ын шагналт Жон Уорчест ажиллажээ. Тэрбээр Жолийг 1940-1950-аад оны кинонуудаас  жүжигчдийн ярианы өргөлтийг сурахыг зөвлөсөн байна. Хөгжим Калласын карьерын оргил үе, уналтыг илэрхийлжээ. Дуучны ид үедээ дуулсан “Тоска”-гийн “Висси Д’арте”, “Ла Травиата”-гийн “Семпре Либера”, Жанни Шиччигийн “О Мио Баббино Каро” болон “Анна Болейн”, “Отелло” дуурийн хэсгээс эгшиглэнэ.

 

Готик охины хүч

 

Жоли намтар кинонд дүр бүтээсэн туршлагатай. Загвар өмсөгч Жиа Каранжиг 1998 онд тайзнаа амилуулж, “Алтан бөмбөрцөг”-ийн эзэн болсон. Жиа 1970-аад оны загварын шүтээн боловч хар тамхинд донтож, 26 настайдаа ДОХ-оор нас баржээ.  Түүхэн дүрийн намтар охиных нь сэтгэл санааны хямралыг өдөөхөөс  Жолигийн ээж айж байлаа. Гэхдээ Жоли энэ дүрээр карьераа ахиулах, шүүмжлэгчдэд хүлээн зөвшөөрүүлэхийг зорьсон нь талаар болоогүй. Найруулагчдын хараанд өртөж, жилийн дараа “The Bone Collector”, “Girl, Interrupted” гэсэн хоёр бүтээлээр дебют хийв. АНУ-ын зохиолч Сюзанна Кэйсений сэтгэцийн эмнэлэгт эмчлүүлж буйг харуулсан  “Girl, Interrupted” киноны туслах дүрийг бүтээсэн Жоли тухайн жилийнхээ “Алтан бөмбөрцөг”, “Оскар”-ын шагналыг хүртжээ.  Найман жилийн хорих ялаар шийтгүүлсэн түрэмгий бүсгүйн аюултай харизмыг гаргаснаар үзэгчдэд гүн сэтгэгдэл үлдээсэн. Шүүмжлэгчид энэ киноны гол дүр Вайнона Райдераас илүү Анжелина Жолийг олж харсан юм. Холливудад авьяасаараа шагшигдсан залуу бүсгүйн хувийн амьдрал тогтворгүй байв. Шивээсээ сэтгүүлчдэд гайхуулж, архины эмчилгээнд албадан явах зэргээр шуугиан тарьсан. Түүний 2000-аад оны төрхөөс готик нүүр будалтын давлагаа үүдэлтэй. “Elle” сэтгүүлийн нүүрэнд зориулж бүрдүүлсэн хурц шийдэмгий харц, хар үстэй рок одыг санагдуулам төрх, 2000 оны “Оскар”-ын  улаан хивсний ёслолын гоёл нь шүтэн бишрэгчдийнх нь ой тойноос арчигдаагүй л байна. Анжелина Жоли Холливудад төрсөн уран бүтээлч. Жүжигчин Жон Войт, Маршелин Бертран нарын охин бөгөөд загалмайлсан эцэг, эх нь 1960-1980-аад оны од Жаклин Биссет, Максимилиан Шелл нар байлаа. Түүнийг нэг настайд аав ээж нь салж, ээжтэйгээ үлджээ. Жоли аавыгаа үзэн ядаж өссөн бөгөөд бухимдуулах, нэр хүндийг нь гутаах  зүйл сэдэж, хаягдсан сэтгэлээ тайтгаруулдаг байв.  Тэрбээр нэлээн хожуу 2001 онд “Tomb Raider” адал явдалт киноны зураг авалтын үеэр аавтайгаа эвлэрсэн ч  Войт овгоос  татгалзжээ. Үүний хариуд Жон Войт охиноо сэтгэцийн эмгэгтэй гэж мэдэгдсэнээр тэдний эмзэг харилцааг сүйтгэв. Жолигийн сэтгэл зүйн хямрал өсвөр наснаас нь эхлэлтэй, амбиц, карьерынх нь сорилт болдог. Үргэлж хар хувцас өмсөж, үхлийн тухай судалдаг, готик охин байсныг сургуулийнхан нь дурсдаг. Ахлах сургуулиасаа хар тамхи хэрэглэн,  20 нас хүрэхдээ бүх төрлийн хууль бус бодисыг туршиж үзжээ. Түүнд амьдрал сайхан гэдэг итгэлийг Камбожийн асрамжийн газрын хүү бэлэглэв. Жоли өргөмөл хүү Мэддоксоо 2002 онд үрчилж авав.  Ээж болж төлөвшсөнийхөө дараа бүтээсэн дүрүүд нь өнгө аясаараа ялгардаг. “A Mighty Heart” кинонд Францын сэтгүүлч Мариан Перлийн дүр жүжигчин бүсгүйг шинээр нээсэн. Афро-Куба гаралтай Мариан Перлийн дүрийг цагаан арьст жүжигчин гаргаж чадах эсэхэд кино багийнхан эргэлзэж байлаа. Гадаад төрхөөс илүү дүрийнхээ дотоод ертөнцийг нээсэнд сэтгүүлч Мариан Перл биечлэн баяр хүргэжээ.  Мөн алга болсон хүүгээ хайж бэтгэрсэн ээжийн дүрийг 2008 онд “The Changeling” кинонд чадварлаг бүтээсэн.  Дүрийн тухайд аав Жон Войт “Тэр үнэн сэтгэлээсээ тогложээ” гэж магтсан юм. Зүрх шимшрүүлсэн уг киноогоороо “Оскар”-т нэр дэвшсэн ч Кейт Уинслеттэд ялагджээ. Драмын сэдвээс түр завсарлага авсан Жоли тулаант бүтээлүүдэд хүч сорив. Тулаанч гоо бүсгүйн дүрээ “Ноён, хатагтай Смит” киногоор баталгаажуулсан. Холливудын 2010 оны түүхийг “Жолигийн триллер үе” гэхэд хэлсдэхгүй.  Оросын тагнуулч болсон “Солт”,  Венецид ажилладаг Британийн тусгай төлөөлөгчийн дүр бүхий “Жуулчин” киног дурдаж болно. “Ноён, хатагтай Смит” кинонд хамтран тоглосон Брэд Питттэй гэрлэж зургаан хүүхдийн асран хамгаалагчид болсон. Холливудын жаргалтай хос  2016 онд  гэр бүлээ цуцлуулах өргөдөл гаргажээ.  Асран хамгаалагчийн маргаан сунжирч, сэтгүүлчид тэдний гэрлэлт анхнаасаа аз жаргалгүй байсан, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн зэрэг тал бүрээр бичиж байлаа. Энэ үед Жоли  аавтайгаа холбоогоо сэргээсэн юм. Жон Войт охиныхоо сэтгэцэд санаа зовдог, амиа хорлох вий гэж эмээдгээ нэг бус удаа ярьжээ.

 

Дүрээс төрсөн феминист

 

#MeToo хөдөлгөөний оргил үе,  2017 онд жүжигчин бүсгүй  “Мирамакс филмс”-ийн үүсгэн байгуулагч Харви Вайнштейний эсрэг гомдол гаргав.  Кино ертөнцийн акулуудын нэг байсан найруулагч эр 1998 онд Жолийд бэлгийн дарамт үзүүлсэн тухай шүүх дээр ярьсан нь эмэгтэй жүжигчдийг эв санаагаа нэгтгэн тэмцэх түлхүүр болсон. Жоли найруулагчийн төрөлд хүч үзсэн цөөн эмэгтэй жүжигчдийн нэг. Боснийн дайны тухай “In the Land of Blood and Honey”  бол түүний  найруулсан анхны уран бүтээл. Америкийн хөнгөн атлетикийн тамирчин Луис Замперини тухай бүрэн хэмжээний намтар киногоо 2014 онд найруулжээ. Энэ кинонд тамирчны 1936 оны Берлиний олимпоос эхлээд дэлхийн хоёрдугаар дайны үед Японы олзноос эргэн ирсэн түүхийг харуулсан. Шүүмжлэгчид Анжелинагийн хоёр дахь уран сайхны киног  “Хүний тэвчээрийн хязгаарыг харуулж, шантрахгүй байхыг үлгэрлэсэн” гэж тодорхойлжээ. Баримтат киноны зураг авалтын үеэр эх орноосоо дайжсан дүрвэгсдийн хуаранд  зочилж, НҮБ-ын буяны болон хүмүүнлэгийн үйлсэд сайн санааны элчээр оролцсон. Олон нийт, улстөрчдийн анхаарлыг татахын тулд  Сьерра-Леон, Ливан, Зүүн Курдистан, Тайланд, Камбож, Колумб, Украин гээд хүмүүнлэгийн гамшиг нүүрлэсэн бүсүүдэд ажиллажээ.  Ингэхдээ жендэрийн асуудлыг ч мартсангүй. Дайны хохирогчдын дийлэнхийг эмэгтэйчүүд, охид эзэлдэг. Тэд бэлгийн болон хүйсийн хүчирхийллийн золиос болох нь элбэг. “Охиныг чинь зэвсэгт дайчид хүчиндчих вий гэсэн айдас бол хамгийн том аюул. Хүн амын тэн хагасыг энхийн хэлэлцээр эсвэл Засгийн газарт төлөөлөх эрхийг хасах нь урт хугацааны тогтвортой байдалд хүрэх зам биш”  гээд 2022 оны арванхоёрдугаар сард Анжелина Жоли НҮБ-ын дүрвэгсдийн асуудал эрхэлсэн элчийн албан тушаалаа орхиж байгаагаа зарлав.

Гэхдээ хүний эрхийн чиглэлээр үргэлжлүүлэн ажиллах бөгөөд энэ нь шинэ дүрээс чухал хэмээсэн. Цар тахлын жилүүдэд кино урлагаас  холдож,  дахин боловсруулсан материал ашигладаг “Atelier Jolie” брэндээ үүсгэжээ. Тэрбээр дан ганц нүд баясгаад өнгөрөх бус, гүн утга санаа, сүнслэг байдлыг илэрхийлсэн олон жил өмсөх хувцас урлахыг зорьсон. Түүний зохиосон загвараар “American Symphony” баримтат киноны багийн гишүүн Сулейка Жауад 2024 онд “Оскар”-ын улаан хивсний ёслолд гангарчээ.

Х.Эрдэнэзаяа

 Эх сурвалж: Монголын үнэн сонин №001/24628/ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Орано Майнинг” компанитай байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын … 6 цагийн өмнө
СЗХ-ны даргад Т.Жамбаажамцыг нэр дэвшүүлжээ 7 цагийн өмнө
Бүсийн зөвлөл байгуулж, 2040 он хүртэлх хөгжлийн төлөвлөгөө боловсруул… 10 цагийн өмнө
 Их талын зураач 10 цагийн өмнө
Монгол ургийн мод ургадаг хүрээлэн 10 цагийн өмнө
​ “Сономбалжирын Буяннэмэх” сэдэвт маркийг 11 мянган ширхэг хэвлэжээ 11 цагийн өмнө
А.Мандалноров: Хөгжим тоглож байгаа хүмүүсээс дотоод ертөнц нь мэдрэгд… 11 цагийн өмнө
Эрсдэлээс хамгаалж, ихийг хэмнэгч “Timely” 12 цагийн өмнө
Олон улсын спортын хутга шидэлтийн сургалт зохион байгуулж байна 12 цагийн өмнө
ЭХЭМҮТ-ийн цахилгаан шатыг шинэчиллээ 12 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна 12 цагийн өмнө
Санал асуулгаа мартав даа, хэн минь! 13 цагийн өмнө
Хишиг даллага дуудуулах сайн 13 цагийн өмнө
Өнөөдөр нийт нутгаар жавартай хүйтэн байна 13 цагийн өмнө
Монгол Улсын Үндсэн хуулийг сурталчлах өдөрлөгийг зохион байгуулав Өчигдөр
Б.Мөнхбаяр: Эрчимжиж буй нано технологийн судалгааг Монгол Улсад хөгж… Өчигдөр
Шинэ тэсрэлт: Жолигийн бүтээсэн Каллас Өчигдөр
Хамтын үнэ цэнийг бүтээж, нийгэмд эергээр нөлөөлсөн төслүүдийг онцолсо… Өчигдөр
Д.Төмөрхуяг: Хиймэл оюун ухааны ертөнцөд өдөр болгон ирээдүй бий Өчигдөр
Универсиад наадамд Монголын тамирчид спортын таван төрөлд өрсөлдөнө Өчигдөр