Ном, сударт бичиж тэмдэглэснээс үзвэл шатар өнө эртний наадгай бөгөөд лавтай 2000 жилийн түүхтэй гэх боловч хаана үүссэн, хаанаас гаралтай талаар таамаг хэдэн домог ярианаас цаашгүй. Ер нь шатрын түүх нэн бүдэг. Шатрын нэрт судлаач, түүхч Н.Линдэр “Шатар хаана, хэзээ үүссэн, хэн нэгэн зохиосон уу, ардын наадмын хувьслаар тогтсон уу гэдгийг тодорхойлж чадсангүй” гэснээс үзвэл шатрын тоймтой, тогтсон түүх өнөө хэр буй болоогүй бололтой.
Энэтхэгт чатуранга гэдэг ардын тоглоом байсан нь араб дахинд шатранж болж шатар үүсээд Дорно, Өрнөдийн орнуудад тархсан гэх таавар төдий домог. Сартавахи Б.Ринчен айлдахдаа “Чатуранга” гэдэг нь тоглоом наадгай биш, Жагарын орны дөрвөн төрөл /заант, морьт, тэрэгт, явган/ цэргийн байгууллагын л нэр томьёо гэжээ.
Эртний монгол өвөг дээдсийн булшнаас шатар олдсон нь шатар Монголоос гаралтайн бодит баримт ч юм шиг. Монголын физикч эрдэмтэн Бэсүд Ч.Эрдэнийн “Чинад нууцын Монгол орон” гэдэг номын “Шатрын түүхийн монгол тайлал” бүлэгт шатар Монголоос үүсэл, гаралтай байж болох магадлалын талаар дэлгэрэнгүй өгүүлснийг уншууштай.
Бас манай нэрт түүхч, эрдэмтэн н.Балжинням өвөг дээдсийн булшнаас ширмэл хөлөгтэй шатар олдсоныг өөрийн есөн боть түүхийн ном бүтээлийнхээ III ботид шатрын олдворыг зураг, тайлбартай нийтэлсэн нь нэн содон, сонирхолтой. Монголын түүхч, эрдэмтэн Х.Дарамбазар агсан олон жилийн хээрийн судалгаа, түүнийгээ нягтлан боловсруулж, үнэт дүгнэлт хийхдээ “Шатар Монголоос эх авч Майя, Хараппа, Сүмэр соёлд угшиж, Энэтхэг рүү нэвтэрч, Арабаар дамжин Европод тархсан” гэж үзжээ.
Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд шатрын хөшөө дурсгал /Монголын баялаг/ байдаг гэнэ. Түүнийг манай эрдэмтэн, археологичид анхаарч судлаасай. Тэнд шатрын түүхийн шинэ, содон мэдээ, сурвалж байгаа хэмээн горьдоно. Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, зохион бүтээгч З.Түмэн-Өлзий олон сайхан монгол шатар урласан бөгөөд орон орны, янз бүрийн шатар цуглуулж дэлхийн 60 гаруй улс оронд өөрийн урласан монгол шатрыг сурталчлан 90 гаруй үзэсгэлэн гаргахад “Шатрыг монголчууд шиг бараг бүгдээрээ мэддэг, олон хүн тоглодог улс үндэстэнтэй тааралдсангүй” гэжээ.
Одоогоос 1000 жилийн өмнө Ираны алдарт хот Исфаханын мэргэн Абуаль Касим ар-рапид “Шатрын ёс зүй” хэмээх бүтээл туурвисан нь Татарын Казань хотын их сургуульд ганцхан хувь хадгалагдаж буй гэх бөгөөд тэр үнэт бүтээлд “Тавин зүйл дүрэм баримталсугай. Боломж бүхэн зуурдынх тул бүү алгуурла. Бүх хэргийг адагт нь бус эхэнд нь шийд. Олиггүй муугаа дэлгэх нь итгэлгүй унаа тул сэрэмжил. Осол чирж болзошгүй юмаар бүү оролд. Сократаас суурьтай үзэлд буурьтай бодлоор хүрдэг хэмээснийг санаж яв” гэсэн сургаал сургамжийг уншигчдадаа дуулгая.
Монгол хөлөгт тоглоом, наадан боловсорсоор даам шатар, эдгээрийн төгс нарийн нийлмэл эхний хувилбараар /монгол шатрын дүрмээр/ үүссэн байх талтай.
Арабын орнуудад ихээхэн хөгжиж байсан шатар Европод дэлгэрэнгүүтээ эрч хурд нь саарсан X-XIII зуун бол шатрын хөгжил саарсан, уналтын үе байсан хэмээн үздэг ажээ.
Энэ үе бол феодализм, католик сүмийн хэмжээлшгүй захиргаадлын үе байсан бөгөөд аливаа урлаг, соёлын хөгжилд саадтай, католик сүмээс шатрыг хэсэг хугацаанд хориглож байжээ. Шатрыг хөгжүүлэхэд гол саад нь тоглолтын дүрэм байжээ.
Шатрын энэ дүрэмд XV-XVI зуунд өөрчлөлт орсон гэх бөгөөд одоогийн мөрдөж буй дүрэм 120-150 жилийн өмнө тогтсон бололтой.
XV зууны сүүлчээс шатрын анхны ном хэвлэгдэн гарч, XVIII зууны шилдэг шатарчин Франц Филидор /1726-1795/ “Шатар тавих зарчим” ном гаргаж, 1749 онд хэвлүүлжээ. Тэрбээр “Хүү бол шатрын амин сүнс нь” гэж захиж сургасан байдаг. Чех гаралтай Германы шатарчин В.Стейниц 1886 онд олон улсын тэмцээнд ялж, дэлхийн анхны аварга цолыг хүртжээ. Энэ он цагаас шатрын шинэ түүх, шинэ үе эхэлсэн хэмээн үздэг.
Шатарчин бүрэх хэлээ хамгаалагч байгаасай
Манай оронд нийтийн шатар түгэн дэлгэрсэн 1950-1960-аад оноос эхлэн шатрын тухай нэлээд ном, товхимол хэвлэгдэн гарсны дотор орчуулгын ном сурах, гарын авлага, өгүүлэл, нийтлэлч цөөнгүй байгаа нь сайшаалтай. Ном бол тухайн зохиогч хүний хүч хөдөлмөр, цаг зав, судалгаа дүгнэлтээр бүтдэг оюуны үнэт өмч билээ. Тийм ч учраас өвөг дээдсүүд “Муу ном, муухай судар” гэж байдаггүй тухай захиас үг айлджээ.
Ном бүтээлийг уншигч, хэрэглэгч нь аль нэг номоос үг үсгийн болон өгүүлбэр зүйн, орчуулгын өчүүхэн алдаа мадаг ажигласан бол тэр нь дараагийн ном бүтээлд давтахгүй байхад санаа, сануулга л болохоос гай, гарз болдоггүй билээ.
Олдой бичигч надтай тааралдсан шатрын тухай нэлээд номоос Дэлхийн шатрын холбооны мастер, дасгалжуулагч Ж.Лхагва, Л.Тогоохүү нарын хамтын бүтээл “Монголын шатрын түүхэн хөгжил” ном олон улсын сэтгүүлч, профессор Х.Чойжилжавын шатрын тухай, ОУХМ, Гавьяат дасгалжуулагч П.Жигжидсүрэнгийн шатар сурах тухай номууд бусдаас содон, сонирхолтой, уншууртай байсныг онцолъё.
Шатар гэдэг нь аяганы хайрцаг, авдрын хөвхөн дээр тууш /босоо биш/ болон хөндлөн /хэвтээ биш/ хоёр шугамаар огтлолцуулж зурсан, хайш хайшаа найман буудал /нүд/ бүхий бүгд 64 буудалт хөлөг. Энэ хөлөг дээр цагаан тал нь ноён бэрс, тэмээ хоёр /хар, цагаан хөлийн/ морь хоёр, тэрэг хоёр, хүү найм, бүгд 16, хар тал нь мөн адил 16 бүлтэйгээр тоглодог нэгэн хавтгай дээрх хөлөгт наадгай. Гэтэл орчуулгын голцуу номд босоо, хэвтээ шугам, эн чацуу дүрс гэх үгчилсэн орчуулгын оновчгүй үгс, бас блиц, гамбит, цугцванг, цейтнот рапид гэх зэрэг үгсийг эх хэлний дүйцэх үгээр нь орчуулаагүй байгаа нь уншигчдад ойлгомж муутайн дээр төрөлх хэлээ хамгаалах, үгсийн санг нь баяжуулан хөгжүүлэхэд тустай биш саад л болох дутагдал юм.
Дэлхийн зургаахан хэл бичгийн нэг, 1000 жилийн түүхтэй монгол босоо бичгийг 1940-өөд онд сталинчуудын талаас хааж хориглосныг ухаант түмний эх оронч сэтгэлийн амин чанараар 1990-ээд оноос эргэн сэргэж, эдүгээ төр, түмний гэгээн хос бичиг боллоо. Энэ бол монголчууд бидний домогт бахархал, босоо бичгийн маань хоёр дахь мянганы эхлэл юм.
Эдүгээ мэдээлэл, технологи, цахим хөгжил, хиймэл оюун ухаан ашиглалтын энэ эринд НҮБ-ын гишүүн 195 улс орны найм орчим тэрбум хүн ам дэлхийн таван тивд тархан амьдарч, тэд өөр хоорондоо 700 гаруй хэлээр харилцдаг гэх бөгөөд тэдгээрээс нэг хэл 21-30 хоногт мөхөж, мартагддаг гэсэн гашуун мэдээ байдгийг монголчууд бид анхааралдаа авах ёстой. Яагаад гэвэл, Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний эв нэгдэл, хөгжил, тогтвортой байдлын нэг чухал баталгаа нь үндэсний хэл бичиг билээ.
Шатрын гадаад үг, өвөрмөц нэр томьёог орчуулж буюу оноож оновчтой зөв нэрлэж хэрэглэхээсээ залхуурч, дээр дурдсанчлан тэр чигээр нь хуулбарлан хэрэглэж монгол хэлээ мохоон бантагнуулах нь нэн зохисгүй бөгөөд хортой.
Аливаа орчуулгыг үгчлэхээс урьдаж утгачилж бас монгол хэллэг, ахуй нөхцөлдөө тохируулан оноож нэрлэх нь зохистой байдгийг анхаарууштай.
Орчуулгын номонд шатрын бүлийг “дүрс” хэмээн үгчлэн буулгажээ. Гэтэл 1950-аад онд манай ахмад дээдсүүд фигурнаяа катания гэснийг дүрс гулгалт гээгүй “уран гулгалт” гэж оноон нэрлэжээ. Үүнтэй адилаар шатрын “дүрс” гэснийг цаашид “бүл” хэмээн оноон нэрлэж хэвшүүстэй.
Гадаад үг, уламжлалт бэлгэдлийг өөрийн эх хэл, соёл, ахуйдаа улс, үндэстэн бүр өөр, өөрийнхөө өвөрмөц онцлог, улс үндэстнийхээ шинж байдлаа шингээн оноож орчуулж иржээ. Жишээлбэл, Өрнө, Европын орнуудын шинэ жилийн баярын бэлгэдэл улаан хүрэн хувцастай Санта Клаусыг оросууд өөриймшүүлэхдээ “Дед Мороз” гэж нэрлээд цэнхэр хувцас, нөмрөгтэй болгосон байдаг. Манай өвөг дээдсүүд 1940-өөд оны сүүлчээс шинэ жилийг анх удаа /1947 он/ тэмдэглэжээ. Тэгэхдээ “Дед Мороз”-ыг “Хүйтний өвөө” гэж үгчлэн орчуулалгүй утгачлан буулгаж “Өвлийн өвгөн аав” хэмээн нэрлээд, цагаан хувцас, цагаан нөмрөг нөмрүүлээд, оройдоо сампин, ардаа хос улаан залаа бүхий сүрлэг шовгор цагаан малгай өмсгөсөн нь Монголд үнэнхүү зохицсоор эдүгээг хүрчээ. Ер нь монголчууд мал сүрэг, газар нутагтаа оноосон нэр хайрлахдаа онцгой бөгөөд “морь” гэх ганц үгээ насаар нь 10, өнгө, зүсээр нь 20, тарга тэвээргээр нь зургаан янзаар оноон нэрлэсэн байдаг.
Монгол орны хангай, говь хаана ч уул толгод, даваа гүвээ, хөтөл дөрөлж, ам, хоолой, суваг шуудуу бүр тогтсон, нэртэй байдаг нь гайхамшигтай.
Ингээд шатарт олон тоо хэрэглэгддэг улс орны зарим үгсийн монгол хөрвүүлэг, оноосон нэр, орчуулгыг шатарчдадаа зориулан жагсаав.
1.Атака-дайралт, дайран орох, довтлох,
2.Балл-тоон үнэлгээ, оноо, хүч,
3.Вертикаль-тууш шугам /босоо биш/
4.Горзинталь-хөндлөн шугам /хэвтээ биш/
5.Дебют-гараа, эхэлж нүүх, эхний нүүдэл
6.Комбинация-зохицол, уран сүйхээ, сүйхээт нүүдэл,
7.Нотация-шатрын томьёолсон бичиглэл,
8.Рейтинг-чансаа, зэрэглэл
9.Рокировка-ноён, тэрэгний сэлгээ, солбицол,
10.Цейтнот-цагт хавчигдах, цаг дутах, цаг дуусах,
11.Этюд-судалбар дасгал, шатрын нүүдлэлт,
12.Ход-нүүдэл /шатарт/, гараа /хөзөрт/,
13.Яркий ход-хурц нүүдэл,
Гадаад зарим үг
1.Блиц-олонлог, зэрэг тоглолт, довтолгоо,
2.Гамбит-хишиг, хишиг хүртээлт, цохилт,
3.Цугцванг-албадлагат нүүдэл, заавал нүүх, зайлшгүй,
4.Пёс, пёски-гөлөг /Дог нохойн/,
5.Щенок, щенки-гөлөг /хоточ нохойн/
6.Рапид-түргэн тоглолт, хурдан нүүлт,
Монгол хэлний тухай хуульд “Монгол хэлэнд орчуулагдах боломжтой үг нь байгаа бол тэр үгийг ашиглах ёстой” гэсэн заалт бий. Гэтэл үүнийг ёсчлон дагаж мөрдөхгүй гадаад үгсийг тэр хэвээр нь хуулбарлан буулгаж, залхуурч байгаа нь илт буруу билээ. Энэ алдаа дутагдлыг монголчууд бид нийтээр анхаарч даруй засах ёстой. Энэ л шаардлага, зорилгын үүднээс нэлээд дэлгэрэнгүй нуршуудуу нийтлэлийг тэрлэв. Монголын шатарчдын маань хараа хурц, ухаан нь саруул байх болтугай.
Пусть будет очи ярче, ум светлеенаших Монгольских шахмати стов.
Т.Дашдэлэг
/Шатар сонирхогч, идэвхтэн/ бичигч/
Эх сурвалж: Монголын үнэн сонин №004/24631/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна