“Маршал Х.Чойбалсангийн өв: Нууцад хадгалагдсан гэрэл зургууд” нэртэй нэн сонирхолтой судалгааны бүтээлийг уншигчдад танилцууллаа. Маршал Х.Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ой, түүний төрсөн өдрийг тохиолдуулан гаргасан уг бүтээлийн гэрэл зургуудаас өмнө нь олон нийтийн хүртээл болж байгаагүй гэрэл зургууд буй бөгөөд намтруудыг нь шинэчлэн бичжээ. Номыг эрхлэн гаргасан хүмүүсийн нэг болох түүхийн ухааны доктор На.Батболдтой ярилцсанаа хүргэе.
-Өмнө нь нууцад хадгалагдсан гэрэл зургуудыг хаана хадгалж, агуулж байсан талаар сонирхуулна уу?
-Маршал Х.Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ой энэ жил тохиож байна. Монголын тусгаар тогтнол, түүхийн салшгүй нэг хэсэг болсон энэ хүнтэй холбоотой эд өлгийн зүйл, амьдарч байсан барилга байшин гээд олон зүйл бидэнд өв болон үлдсэн. Тэдгээрээс маршалын хадгалж байсан гэрэл зургийн альбомууд сонирхолтой судлагдахуун болдог. Энэ удаа түүний “Маршал” харшид хадгалж байсан альбомыг онцлон судалгааны эргэлтэд оруулж байна. Уг бүтээлийг МУБИС-ийн Түүхийн тэнхимийн эрхлэгч, түүхийн ухааны доктор Ч.Болдбаатар багштай хамтран бэлтгэж, ерөнхий редактороор, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, түүхийн ухааны доктор Н.Хишигт, түүхийн ухааны доктор Я.Содбаатар ажилласан.
Энэ альбомд 1911-1934 он хүртэлх төр засгийн удирдлага, сайдууд гээд удирдах албан тушаал хашиж байсан 102 хүний гэрэл зураг намтрын хамт багтсаны гурав нь эмэгтэй хүн байгаа. “Маршал Х.Чойбалсангийн өв: Нууцад хадгалагдсан гэрэл зургууд” ном маршал Х.Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ойд зориулан гаргаж буй эхний боть бөгөөд цаашид цуврал болгон гаргахаар төлөвлөж байна.
-“Маршал” харшид хадгалагдаж байсан альбомыг хэний тушаалаар ТЕГ-ын Тусгай архивын санд хадгалах болов?
-Альбомыг хадгалж байсан газар нь их онцлогтой. Учир нь, түүнийг маршал Х.Чойбалсан 1947 онд өөрөө хариуцан бүрэн бариулж дуусгасан байдаг. 1943 онд архитектор Н.М.Щепетильниковоор зураг төслийг нь гаргуулж 1947 онд монгол урчуудаар бариулж дуусгаснаараа онцлогтой. Маршалын дурсамжид энэ барилгын гадна талыг нь европ, дотоод заслыг монгол хэв маягтай байхаар тогтсон нь тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Маршал энэ барилгадаа 1947 оноос 1952 оны нэгдүгээр сар хүртэл гэр бүлийн хамт амьдарсан. Дараа нь ЗХУ руу хүргэгдээд тэндээ нас барсан. 1953 онд энэ барилгыг маршал Х.Чойбалсан, жанжин Д.Сүхбаатарын ордон музей болгосон. Ингэж музей болгох явцад одоо бидний ярьж байгаа альбомыг маршал Ю.Цэдэнбал ордноос нь олсон. Улмаар тухайн үеийн Дотоод явдлын яамны орлогч дарга, хошууч генерал Ц.Нансалжавыг дуудан яамны Тусгай архивд хадгалах үүрэг өгсөн байдаг. Түүнээс хойш уг альбом Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын сан хөмрөгт 71 жил хадгалагдаж байна.
-Альбомыг хэдий үед хийсэн гэж таамаглаж байгаа вэ?
-Судлаад үзэхээр альбомыг 1934 оны хавьцаа хийсэн гэж таамагласан. Үндэслэл нь, уг альбомд багтсан Санжаажамц гэх хүнтэй холбоотой. Тэр хүний нэрийн хажууд “Одоо харилцан туслалцах хоршооны дарга” хэмээн тодотгосон нь 1934 он болж таарч байгаа юм.
-102 хүний гэрэл зургаас зөрсөн тохиолдол гарсан уу?
-Судлаач, түүх сонирхогчид зарим түүхэн хүний зургийг андуурдаг. Ном бүтээл хэвлүүлэхдээ ч буруу зураг оруулсан тохиолдол гардаг. Хамгийн гол нь энэ ном гарснаар андуурах гэсэн ойлголт үгүй болно. Өөрөөр хэлбэл, “Маршал Х.Чойбалсангийн өв: Нууцад хадгалагдсан гэрэл зургууд” бол улс төрийн зүтгэлтнүүдийн гэрэл зургийн толь болох юм.
-Тухайн цагийнхаа удирдах түвшний 102 хүний гэрэл зургийг мэдээллийн хамт агуулж байсан гэхээр агуулга төдийгүй хэмжээний хувьд ч томоохонд тооцогдох байх. Альбомын эх хувьд баримтуудыг ямар байдалтайгаар оруулсан байх юм?
-102 хүний хар цагаан гэрэл зургийг альбомд дараалал өгч наагаад хажуу юм уу доод талд нь монгол бичгээр нэрийг нь бичиж үйлдсэн. 1911 оноос 1934 он хүртэлх монгол төрийн сайд, яамдын сайд, улс төрийн томоохон зүтгэлтнүүдийн маш чанартай зургууд гэдгээрээ онцлогтой. Монгол төрийн Засгийн газрын сайд, Намын төв хорооны тэргүүлэгчид, тухайн үеийн шинжлэх ухааны хүрээлэн, 1921 оны үндэсний Ардчилсан хувьсгалын дараа төрийн аппаратад ажиллаж байсан удирдах албан тушаалтнуудын хөрөг энэ альбомд хадгалагдаж үлдсэн. Тэдгээр хүмүүсийн зургийг судалгааны эргэлтэд оруулснаараа энэ үеийн түүхийг эргэж харах, намтар судлалд шинэ эх сурвалж болж буй юм. Дээр нь хайгаад олддоггүй байсан хүмүүсийн гэрэл зураг гарч ирж байна. Тухайлбал, Анхны хоршоог байгуулсан, хоршооны анхны дарга гүн Цэдэвсүрэнгийн зураг шинээр хэвлэгдэж байна. Мөн Сангийн яамны дэд сайд Цагаанхүү гэж эмэгтэйн гэрэл зураг байна. Цагаанхүү дэд сайдын талаар бид Үндэсний төв архивын баримтууд, Сангийн яамтай холбоотой судалгааны бүтээл сурвалжуудыг ухаад энэ хүний талаар мэдээлэл олоогүй.
-Маршалын альбомд гэрэл зургийг нь оруулаагүй хүн байсан уу?
-Үндэсний ардчилсан хувьсгал, Ардын засгийн газрын сайд, жанждаас Д.Сүхбаатар, Х.Чойбалсан, Д.Лосол, Г.Чагдаржав нарын зураг байгаагүй. Маршал альбомдоо яагаад оруулахгүйг нь бид мэдэх боломжгүй. Магадгүй энэ альбом бүрэн дуусаагүй байсан байх магадлалтай юм. Бид уг бүтээлийг гаргахдаа эдгээр түүхэн хүмүүсийн зураг, намтрыг тусад нь нэмж оруулсан.
-Та маршал Х.Чойбалсангийн мэндэлсэн өдрийн хүрээнд судалгааны бүтээлүүдээ өмнө нь танилцуулж байсан. Одоо гаргаж байгаа номыг цувралаар гаргах юм байна гэж ойлголоо?
-Маршал Х.Чойбалсангийн талаар судалгааны бүтээл тун ховор, цөөн хэдэн ном бүтээл байна. Тиймээс түүнтэй холбоотой судалгааг өргөжүүлэх хэрэгтэй гэж боддог. Маршал Х.Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ойг тохиолдуулан, бидний хэдэн судлаачид “Маршал Х.Чойбалсангийн өв” нэртэй дөрвөн цуврал ном бүтээхээр ярилцаад өнгөрсөн жилээс судалгааны ажлуудаа эхлүүлээд эхний бүтээлээ гаргалаа. Одоо “Маршал Х.Чойбалсангийн өв: Маршал харш”-ийн тухай бүтээлийг сэтгүүлч, судлаач Ч.Болд бэлтгэж бэлэн болгосон. Мөн маршалын хэлсэн үг, илтгэл, маршалын захидлууд гээд бүтээлүүд бэлтгэж байна.
Маршал Х.Чойбалсан бол Монголын гэрэл зургийн түүхэнд хамгийн их сантай хүн юм. Тиймээс бид гэрэл зургуудыг нь мөн гаргахаар төлөвлөж байна.
Б.Сэлэнгэ
Эх сурвалж: Монголын үнэн сонин №005/24632/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна