Монгол Улс дэлхийн улс орнуудтай найрсаг харилцаатай байж, улс төр, эдийн засаг болон бусад салбарын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, олон улсын хамтын нийгэмлэгт байр сууриа бэхжүүлэх, хөгжил дэвшлийг хурдасгах замаар улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататгаж, аюулгүй байдал, үндэсний язгуур ашиг сонирхлоо олон улсын эрх зүйн хүрээнд улс төр-дипломатын аргаар хангах, энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт, тэнцвэртэй гадаад бодлого хэрэгжүүлдэг.
Монгол Улсын энхийг эрхэмлэсэн, энх тайвныг эрэлхийлсэн, бие даасан, олон тулгуурт, тэнцвэртэй гадаад бодлогыг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш “Дэлхий дахинд энх тайван, амар амгалан байдал алдагдаж байгаа энэ үед Монгол Улс энх тайвны бэлгэ тэмдэг болж буй” хэмээн үнэлж байсан бол Ромын Пап лам Франциск “Оюун санаа, шашин шүтэх эрх чөлөөний бэлгэ тэмдэг болсон орон” хэмээн дүгнэж байв.
Сүүлийн жилүүдэд Монгол Улсын гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагаа өргөжин тэлж, дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамж нэмэгдсээр байна. Эдгээр айлчлал нь нэг талаас Монгол Улсын гадаад бодлогын амин сүнс болох харилцааны тэнцвэрт байдлыг хадгалж буйн тод илрэл юм. Нөгөө талаар Монгол Улс гадаад бодлогынхоо үндсэн зарчмыг тууштай баримталж байгааг дэлхий дахинд нотлон харуулж байгаа хэрэг юм. Ердөө гурван жилийн өмнө Монгол Улс жилд нэг, хоёр төрийн айлчлал хүлээн авдаг байсан бол энэ тоо өнөөдөр 3-4 дахин нэмэгджээ.
Тодруулбал, өнгөрсөн онд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар есөн улсын Төрийн тэргүүн Монгол Улсад айлчиллаа. Үүгээрээ 2024 он Монгол Улсын хувьд хамгийн олон төрийн айлчлал хүлээн авсан жилээр тэмдэглэгдэж, гадаад харилцааны оргил жил болж өнгөрсөн юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар улс орны гадаад харилцаа гадаад бодлогын тал дээр дипломат харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлэхийн тулд зөвхөн Монгол Улс гадагшаа айлчлал хийдэггүй байх. Дэлхийн улс орнууд Монгол Улсад айлчлал хийж, Улаанбаатарт тодорхой шийдвэрүүд гардаг байх. Мөн Монгол Улс зээл тусламжийн бодлого ярихаас татгалзаж, харилцан ашигтай хамтын ажиллагаа өрнүүлэх нь зөв гэсэн зарчмыг баримтлан ажиллаж байна. Энэхүү бодлого эрчимтэй, амжилттай хэрэгжиж буйг 2024 онд төрийн олон айлчлалыг хүлээн авсан, айлчлал бүрээс гарсан хэлэлцээр, үр дүнгээс харж болох юм.
ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн айлчлал
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр Монгол Улсад 2024 оны хоёрдугаар сарын 7-8-ны өдрүүдэд төрийн айлчлал хийлээ. Монгол Улс, ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд хэрэгжиж буй төрийн айлчлалын үеэр хоёр улсын тэргүүн хоёр орны харилцааны түвшинг ахиулан “Стратегийн түншлэл”-ийн тухай Хамтарсан тунхаглал болон Засгийн газар хоорондын хэлэлцээр, эдийн засгийг төрөлжүүлэх, хууль эрх зүй, шүүхийн чадавхыг сайжруулах, тогтвортой эрчим хүч, соёл, боловсрол, шинжлэх ухаан, байгаль орчин, археологийн салбарт хамтран ажиллах тухай баримт бичгүүдэд гарын үсэг зурсан юм.
Мөн өнгөрсөн 50 жилийн хугацаанд өрнүүлсэн харилцаа, хамтын ажиллагааны ололт, амжилтыг улам бататгаж, өргөжүүлэн хөгжүүлэх, улс орны хөгжил дэвшил, эдийн засгийн үр өгөөж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн харилцан ашигтай томоохон төсөл, хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх талаар хэлэлцлээ.
Беларусийн Ерөнхийлөгч А.Г.Лукашенко Монгол Улсад
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Беларусь улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко Монгол Улсад 2024 оны зургадугаар сарын 1-4-ний өдрүүдэд төрийн айлчлал хийлээ. Энэ бол хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш Беларусийн талаас төрийн тэргүүний түвшинд хийж буй анхны айлчлал байсан юм. Талууд харилцаа, хамтын ажиллагааны ололт, амжилтыг бататган, эдийн засгийн агуулгаар баяжуулахад чиглэсэн, хоёр орны харилцааны бэлгэ тэмдэг болохуйц, харилцан ашигтай төсөл, хөтөлбөр тухайлбал, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд хамтран ажиллаж, Беларусийн эрдэмтэд археологи, малтлага, хээрийн судалгаанд оролцох, Беларусийн Ерөнхийлөгчийн “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн цар хүрээг нэмэгдүүлж, тус улсад суралцах оюутны тоог нэмэх, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин ажиллах зэрэг нийгэм, эдийн засгийн олон салбарт өргөжүүлэх асуудлыг тохиролцсон юм.
Лаосын Ерөнхийлөгч айлчиллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит 2024 оны зургадугаар сарын 11-12-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийсэн юм. Хоёр улсын Тэргүүн улсын эрүүл мэндийн салбарын тэргүүлэх чиглэл, хэрэгцээ, шаардлагад тулгуурлан, эрүүл мэнд, анагаах ухааны салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлнэ. Ялангуяа оношилгоо, эмчилгээний арга, технологи, мэс засал, яаралтай тусламжийн чиглэлээр мэдлэг, туршлагаа солилцох асуудлыг хэлэлцсэн.
Мөн Монгол Улсаас БНАЛАУ-д экспортлох үхэр, адуу, хонь, ямааны махны “Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээ”-ний загвар, нөхцөл, шаардлагаа харилцан тохиролцож баталгаажуулж, Төрийн албаны шинэтгэлийн чиглэлээр туршлага, мэдээлэл солилцох, сургалт зохион байгуулах, судалгаа хийх замаар хамтын ажиллагааг хөгжүүлэхээр тохиролцсон юм. Монгол Улс нь Ази, Номхон далайн бүс нутгийн олон талт хамтын ажиллагаанд идэвхтэй оролцох бодлого баримталдаг бөгөөд энэ хүрээнд Лаос улсыг Зүүн өмнөд Ази дахь чухал түнш хэмээн үзэж, харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэх, хамтын ажиллагааны хэтийн төлөвийг тодорхойлоход энэ удаагийн айлчлал онцгой ач холбогдолтой болсон юм.
Бутаны Цог Жавхлант Хаан буугаад мордов
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук 2024 оны долоодугаар сарын 08-15-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийв. Айлчлалын үеэр талууд хөдөө аж ахуй, мал аж ахуй, соёл, боловсрол, эрүүл мэнд, хэвлэл, мэдээллийн салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх баримт бичгүүдэд гарын үсэг зурж, малын удмын санг сайжруулах, уг салбарт дэвшилтэт технологи нэвтрүүлэх, үр хөврөлийн солилцоо хийх замаар малын үр шимийг нэмэгдүүлэх хамтын ажиллагааг хөгжүүлэх, бэлчээрийн нөөц болон экосистемийг бүрдүүлэх зорилгоор бэлчээрийг сайжруулах, нөхөн сэргээх чиглэлээр туршлага солилцохоор тохиролцсон юм.
Мөн уламжлалт анагаах ухаан, гар урлал, уламжлалт соёл, урлагийн чиглэлээр оюутан харилцан суралцуулж, боловсрол, шинжлэх ухааны чиглэлээр олон улсын хурал, уулзалт зохион байгуулж, соёлын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, соёлын өвийн хадгалалт, хамгаалалтыг дэмжих, музей хоорондын сургалт, соёлын солилцоог хөхиүлэн дэмжиж, хамтын ажиллагааны суурийг тавилаа.
Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч ирлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Швейцарын Холбооны улсын Ерөнхийлөгч Виола Амхерд 2024 оны наймдугаар сарын 2-4-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийсэн. Энэхүү айлчлал нь хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд болсон бөгөөд хоёр тал энэ айлчлалыг төрийн айлчлал харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд томоохон түлхэц болж буйг онцолж, “Монгол, Швейцарын хамтарсан тунхаглал”, “Ардчилсан засаглалын асуудлаарх Харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурсан билээ.
Мөн хоёр улсын тогтвортой хөгжлийн бодлогод тусгагдсан нийтлэг зорилтуудаа уялдуулж, нийгэм, эдийн засгийн хөгжлийг бататгах, аялал жуулчлал, боловсрол, соёл, хөдөө ахуй, эрүүл мэндийн салбарт үр дүнтэй, харилцан ашигтай хамтын ажиллагааг өрнүүлэхээр тохирч, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд тогтвортой фермийн аж ахуй, мал аж ахуйн менежментийг сайжруулах, хүнсний аюулгүй байдлыг хангах, био-органик бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, орон нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх зэрэгт чиглэсэн хамтарсан төсөл хэрэгжүүлэх талаар санал солилцсон юм.
Словенийн Ерөнхийлөгч айлчлав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Словени улсын Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусар 2024 оны наймдугаар сарын 20-21-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийж, Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-д Хүндэт зочноор оролцов. Монгол, Словени хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд болж буй төрийн анхны айлчлалын үеэр Төрийн тэргүүн нар “Монгол-Словенийн Хамтарсан тунхаглал” болон аялал жуулчлал, ойн салбарт хамтран ажиллах тухай баримт гарын үсэг зурж, улс орны хөгжил дэвшил, эдийн засгийн үр өгөөжтэй харилцааг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй ярилцсан юм.
Төрийн тэргүүнүүдийн яриа хэлэлцээний үр дүнд “Монгол, Словенийн Хамтарсан тунхаглал”, “Аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай Санамж бичиг”, “Ойн салбарт хамтран ажиллах тухай Санамж бичиг”-т гарын үсэг зурагдсан бөгөөд энэ удаагийн төрийн айлчлал нь худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, байгаль орчин, зам тээвэр, аялал жуулчлал, боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, иргэд хоорондын солилцоог нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой болсон билээ.
В.Путин Монголд зочлов
Халх голын байлдааны 85 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Оросын Холбооны улсын Ерөнхийлөгч В.В. Путин 2024 оны есдүгээр сарын 3-ны өдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийлээ. ОХУ-ын Ерөнхийлөгчийн Монгол Улсад хийж буй энэ удаагийн айлчлал нь хоёр орны найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулан, ялангуяа түлш, эрчим хүч, зам тээвэр, байгаль орчин, соёл, боловсрол, эрүүл мэнд, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг урагшлуулан хөгжүүлэхэд өндөр ач холбогдолтой үйл явдал болсон юм.
Мөн айлчлалын хүрээнд хоёр орны болон бүс нутаг, олон улсын өмнө тулгамдаж буй асуудлуудаар санал бодлоо солилцсон бөгөөд Төрийн тэргүүнүүдийн яриа хэлэлцээний үр дүнд “Газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх салбарт хамтран ажиллах тухай”, “Улаанбаатар хотын Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн төслийн зураг төсөл, төсөв боловсруулах тухай” Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурсан билээ. Түүнчлэн олон жил яригдсан Эгийн голын усан цахилгаан станцын төслийг онцгойлон анхаарч, “Байгаль нуур, Сэлэнгэ мөрнийг хамгаалах салбарт хамтран ажиллах тухай” санамж бичиг, Монгол, Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн дүрэмд өөрчлөлт оруулах тухай протокол байгуулсан юм.
Вьетнамын Ерөнхийлөгчийн айлчлал
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч бөгөөд Коммунист Намын Ерөнхий нарийн бичгийн дарга То Лам 2024 оны есдүгээр сарын 30-наас аравдугаар сарын 1-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийсэн. Төрийн тэргүүн нарын албан ёсны хэлэлцээ ажил хэрэгч, халуун дотно уур амьсгалд болж, талууд Монгол, Вьетнамын харилцааг өргөжүүлэн бэхжүүлэх, түүний дотор улс төр, батлан хамгаалах, зам тээвэр, логистик, хөдөө аж ахуй, боловсрол, соёл, аялал жуулчлал зэрэг салбарын болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцсон юм.
Төрийн тэргүүнүүд хоёр орон бие биеэ нөхсөн, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх өргөн боломж бий гээд хоёр орны давуу тал бүхий бараа, бүтээгдэхүүнийг хоёр улсын зах зээлд харилцан нийлүүлэх, түүний дотор Вьетнам Улсаас далайн гаралтай бүтээгдэхүүн экспортлох, Монгол Улсаас мах, махан бүтээгдэхүүн импортлох боломжтой асуудлыг хэлэлцсэн билээ. Төрийн тэргүүн нар боловсрол, соёл, спортын салбар дахь хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжих, Монгол Улсын тамирчдын өндөр амжилт үзүүлж буй байт харваа, чөлөөт бөх, жүдо бөхийн төрлөөр харилцан туршлага солилцох, хамтарсан бэлтгэл хийх болон монгол, вьетнам судлалыг хөгжүүлэх, оюутан солилцоог өргөжүүлэхээр тохирсон юм.
Казахстаны Ерөнхийлөгч айлчиллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаев 2024 оны аравдугаар сарын 28-29-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийсэн юм. Төрийн тэргүүнүүдийн уулзалт хэлэлцээ найрсаг, халуун дотно уур амьсгалд болж, талууд өнгөрсөн 30 гаруй жилийн харилцааны ололт амжилтаа дүгнэн хэлэлцэж, хамтын ажиллагааг цаашид шинэ агуулгаар баяжуулан, бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх талаар ярилцсан юм.
Ялангуяа зам тээвэр, логистик, хөдөө аж ахуй, боловсрол, соёл, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаа болон олон улс, бүс нутгийн талбар дахь хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцсон. Төрийн тэргүүн нар ард түмний найрамдалт харилцааг бэхжүүлэх, зам тээвэр, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, аялал жуулчлал, боловсрол, соёл зэрэг бүхий л салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэн өргөжүүлэх, түүний дотор хоёр улсын хөдөө аж ахуйн салбарын арвин нөөц бололцоонд тулгуурлан мал аж ахуй, газар тариалан, хөнгөн үйлдвэр болон жижиг, дунд үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхээр тохирлоо. Мөн худалдаа, эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг тэлж, хоёр талын худалдааны эргэлтийг 500 сая ам.долларт хүргэн нэмэгдүүлэх, экспорт, импортын бараа бүтээгдэхүүний нэр, төрлийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд Монгол Улсаас ноос ноолуур, арьс шир зэрэг бүтээгдэхүүн, Казахстан Улсаас жимс, жимсгэнэ, хүнсний ногоо, цагаан будаа, үрийн буудай зэрэг бүтээгдэхүүнийг харилцан нийлүүлэх хэмжээг нэмэгдүүлэхээр тохирсон юм.
Д.Отгонжаргал
Эх сурвалж: Монголын үнэн сонин №005/24632/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна