Ц.Дашдондов
/МУСГЗ, МСНЭ-ийн хүндэт ерөнхийлөгч, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн хүндэт доктор/
Лодонгийн ТҮДЭВ! Энэ нэр надад ихэд дотно сайхан санагддаг. Сайхан нь юундаа байдаг вэ гэвэл:
Хүнийг хүний дайтай болгож, өндөрт өргөж, өөд татаж, гоёж чимдэг гол зүйл болбоос ухаан. Тэгвэл тэр ухаан гэдэг нь Л.Түдэвт заяахаараа нэг заяажээ.
Амтархан уншмаар бичнэ, алмайрч сонсмоор ярина. Энийг нь нэгхэн үгээр нэрлэж томьёол гэвэл аугаа гэлтэй. Үүнээс наагуур үнэлж ярих ямар ч боломжгүй.
Юухны ч тухай ярьж бичлээ гэсэн тэнд нь ухааны сүв нээсэн, утгын суга гижигдсэн, учрын зангилааг тайлсан байдаг.
“Хүмүүний хамгийн том албан тушаал нь хүн байх явдал” гэх ч юм уу эсвэл “Ам бол аюултай үүд” гэхчилэн тэр бүрий хүний санахгүйг санаж сэтгэж хэлчихсэн байх жишээтэй.
“Нью-Йорк урт чацтай хот” гэсэн аян замын тэмдэглэлийг нь харахад л түүнд "Дэлхийд хамгийн өндөр байшинг анх барьсан хүмүүс гэж Нью-Йоркийнхон өөрсдөө үздэг боловч үнэн хэрэг дээрээ тийм байшинг манай гараг дээр анх америк хүн биш төвөдүүд бүтээснийг одоо бараг мартчихжээ. Далай ламын залрах сүрлэг өндөр Буддын ордныг төвөдүүд Лхас зууд байгуулж аравнайлсан тэртээ дундад зууны харанхуй үед үнэндээ Нью-Йорк гэж энэ лут өндөр нуруутай хотын сураг ч байгаагүй ээ” гэсэн байх жишээтэй.
Орчин үеийн утга, уран зохиол, шинэ цагийн сэтгүүл-зүйг Л.Түдэвгүйгээр төсөөлөх аргагүй. Тэгэхдээ түүнийг зохиолч талаас нь ярих нь ядмаг миний хүчрэх сэдэв ердөө ч биш. Харин нийтлэлч сэтгүүлчийн хувьд хэн бэ гэдэг тухайд хэдэн үг хэлье.
Л.Түдэв салахын аргагүй сайхан сайхан нийтлэл мөн ч олныг туурвисан даа. Зах зухаас нь заримыг нь нэрлэвээс: “Эх” (1969), “Хүмүүс” (1983), “Замбуулингийн наран дор” (1987), “Эргүүлэг” (1988), “Нью-Йорк урт чацтай хот” (1988), “Дээр хөх тэнгэр, дор бор дэлхий” (1994), “Нүглийн гурван үүд” (1996)... гэх мэтчилэн нэрнээсээ өгсүүлээд нэгийг бодуулж, хоёрыг сануулж улмаар цааш нь уншаад үзвэл хэдийг ч юм хэлж мэдрүүлсэн соронзон мэт татах чадалтай, чамбай чансаат бүтээлч туурвил бишгүй дээ бий. Тэр болгоныг бүрсгэж таниулах тар тэнхээ надад дутах учир хэрээ багцаалж хэмжээгээ мэдэрч, хэлэхийг хэмнэе. Нэг баримт нэмж дурдваас “Зиндаа” сэтгүүлийн 2017 оны №2-т зориулж бичсэн нь гэхэд л ашиг тустай зүйл уншихын аз жаргалыг эдлүүлж, хэрэгтэй юм хэлэхийн хэв загвар, тар тэнхээг таниулахаар хав нүнжигтэй, хаялга сайтай, үлдэц өгөөжтэй, үнэнхүү жин бантай болсон байна билээ.
Тэрбээр сор сэтгүүлч, нэрт нийтлэлчээр барахгүй мундаг менежер, лут редактор.
Юухны ч тухай ярьж бичлээ гэсэн ямар ч болсон хүн хужирсан уншихтай болгочихно. Ямар ч ярвигтай сэдвээр өгүүлсэн яалт ч үгүй хүмүүс шохоорхож сонирхохтой ярьчихна.
Авах гээхийн ухааны үүднээс аваад үзсэн ч ашиг тустай үр хөврөл буюу рациональное зерно гэмээр зүйл алба шигээр тэнд тээгдээстэй байдаг гээч. Шим шүлт, шедевр гэж үүнийг л хэлэх байх. Харахгүй юу тэр! Ерөнхийлөгч Нацагийн Багабандийн “Титэм үг” хэмээх оноч мэргэн үг бүхий олон хуудас номд ердөө л “Ухаарлын толь” хэмээх хоёрхон үгт нэр хайрласан нь орой руу ортол оноод хэлчихсэн мэт.
Үүнээс илүү үнэлж, ончийг нь олж хэлнэ гэж яахыг хэлэх билээ.
Монголын тогтмол хэвлэлийн тэргүүлэгч түүчээ, анхдагч аварга флагманд Л.Түдэв анхандаа сурвалжлагч, хожмоо ерөнхий эрхлэгч нь байсан. Аливаад мэдлэгээр хандаж, асуудлыг ухаанаар, шинжлэх ухаанчаар шийддэг өнөө цагийн өнгөд ид дүйсэн даацат хэвлэл “Дал” сониныг олон жилийн өмнөөс санаачлаад, одоо ч гаргасаар байгаа. Ийм ийм учир шалтгааны улмаас Л.Түдэвийг Монголын түүхэн бие ховор хүн буюу сор сэхээтэн гэлтэй.
Зохиолчдын, бас залуучуудын төв байгууллагын замнал түүхийг Л.Түдэвгүйгээр ярьж болохгүй. Ингэж хэлэх эрх надад бий бил үү?
Л.Түдэвийн тухай тусгай ном тууривагчдын зүгээс үгээ хэлэх захиалга өгснийг ёсоор болгохыг хичээв. Эргээд бодохноо Л.Түдэвийн талаар үгээ хэлэх хүний нэг нь би мөндөг. Л.Түдэвтэй эвлэл болоод хэвлэлд бардаагаар бараг хорь гаруй жил хамтдаа явсан. Тиймээс ч тэрбээр 1984 онд нэг бүтээлээ барихдаа дээр нь: гэхчлэнгээр донж тулхтай бичээд, дор нь гарын үсгээ зурдаг байв.
Хэдийгээр би түүнтэй нэн олон жил хамт явсан ч нэгээхэн хором ч түүнийг удирдаж үзээгүй. Тувт заавар, зөвлөмж, захирамж, удирдлага дор нь явахдаа гар ганзага сайн нийлж байв. Үүний үнэнийг нотлоход надад ядаж цөхөх зүйлгүй.
Л.Түдэв МХЗЭ-ийг толгойлж байхдаа малчин залуучуудад зориулсан Монгол - Орос бэсрэг толь надаар бэлтгүүлж, өөрөө эрхэлж хэвлүүлсэн. Дараа нь МХЗЭ-ийн XVIII Их хуралд зориулсан “Залуучуудын өврийн толь” хий гэхэд хийсэнд доктор Д.Бор хянаж утгыг нь нягталж удиртгал бичсэн. Германы Neues Leben “Шинэ амьдрал” хэвлэлийн газраас Монголын тухай доктор Walter Мichel нарын санаачилгаар “Im Zeichen des sojombo” (Соёмбын дор) гэсэн өнгөт зураг бүхий өвөрмөц томхон бүтээл гаргах болоход Л.Түдэв Монголын талын зохиогчдын ахлагчаар намайг тохоон томилж оролцуулсан. Энэчлэнгээр яриад байвал ихийг өгүүлж болох.
Монголын сэтгүүлчдийн холбоонд ажиллаж байтал Л.Түдэв “Үнэн” сонины ерөнхий эрхлэгчээр ирсэн даруйдаа намайг сониндоо авч ажиллуулснаар би “Баярын тухай гунигт бодол”, “Дээд комиссын доод ажил”, “Манайхан гадаадад” гэх мэтийн том том шүүмжлэлт өгүүлэл бичиж гаргахад тэдгээр нь бөөн дуулиан тарьж реакц үүсгэж, резонанс бий болгож, олны зүгээс отклик хүлээж байсан.
Нэгэн өдөр дуудахаар нь яваад орлоо. Тэгсэн нь юу гэсэн гээч “Чой.Лувсанжав 42 насандаа харь газар эрдмийн асар өндөр зэрэг цол хамгаалаад ирчихлээ, үүнийг бич” хэмээн үүрэгдэхэд би биелүүлсэнээр барахгүй тэр нь миний хувьд өлзий дэлгэр, өгөөж буянт үйлсийн үүд хаалгыг анхлан нээж өгсөн ачлалт явдал болсон. Чухам тэр л цагаас хойш хаяа сайт, хаялга ихт ховорхон тохиох хосгүй бүтээлч эрдэмтэнтэй удаан хугацаанд зузаан андалсны өндөр үр шимийг өдгөөг хүртэл хүртэж явна. Сайнтай нөхөрлөвөл сарны гэрэл гэгч энэ буюу. Энэчлэнгээр болоод өнгөрсөн олон үйл явдлыг одоо эргээд нэг нэггүй нэхэж санаваас Л.Түдэв эвлэл толгойлж байхдаа ч, хэвлэл эрхэлж суухдаа ч хэнийг хэрхэн дэмжиж, яаж хөдөлгөх, хэний тухай хэнээр хэлүүлж бичүүлэхээ шийдэхдээ асар ухаан зарж айхавтар нарийн боддогч байсан даг.
Ажил хэрэгч чанар, академик шийдэл, оюунлаг нүнжиг нэвт шингэсэн энэ эрдэмлэг хосгүй гэхээр ховор хүмүүн хожим нь ч өчүүхэн намайг өндөрт өргөж “Өөрөө ургасан царс”, “Үгсээр зэвсэглэгч”, “Түлхүүр дархлагч” гэхчилэнгээр гал цогтой гарчиглаж байгаад л магтаж мандуулан урам хайрлаж улам ирлэн идэвхжүүлж сүр сүлд нэмж сүлж байлаа.
Бүтээлээсээ дурсгахдаа ч дээр нь:
гэхчилэнгээр бичиж өгч байсан.
Харин би яаж байв. Мунхгийн санах нь хойноо гэгчээр алдаг, оног, оочин, соочин дуугарч байснаас илүүтэй олигтой даацтай бичсэнгүйгээ одоо сэхээрч, дутууг гүйцээн дундуурыг дүүргэхийг зорилоо. Буруу ч үгүй болов уу. Учир нь, нэг хүн нөгөөгөө үнэлж цэгнэж, үгээ харамгүй хэлэх нь муугийн ёр биш Монголын ёс, монголын ёсоор барахгүй дэлхийн жишиг. “Ам нээвэл уушги нээ” гэгчээр энэхэн боломжийг ашиглаж эцээхэн өгүүлмээр. Үүндээ хөтлөгдөж үргэлжлүүлж цааш жаахан яримаар байна санж. Одоо хэлэхгүй юм бол хэзээ хэлэх вэ дээ. Хойш тавиад яана. Нэг ёсондоо Л.Түдэв гэдэг чинь дээд зэргийн дэлгэр баян хүн шүү дээ.
Тэгэхдээ мөнгөөр хөлжиж баяжигч плутократ огтоос биш.
Эрдэм ухаанаар өөрийгөө өвч чимж боловсорсон эрудит гэвээс зохилтой.
Түүний талаар үүнийг өгүүлэх агшинд аль тэртээ XIII зууны үед алдар суут, номч мэргэн Гунгаажалцан мэтийн айлдвар санаанд бууж буйгаас сийрүүлбээс:
“Үлэмж дээдэс эрдмээ хэдий нуувч
Үргэлжид олон бүгдээр түүний сайныг мэдье үү
Үнэр сайт задийн цэцгийг сайтар далдлавч
Үнэр нь ойр орчин бүхэнд анхилах мэт.
Ургамал модны мөчир бөхийсөн нь жимстэйн тэмдэг,
Уран эгшигт тогос номхон нь өд нь сайны тэмдэг,
Удамт агт морьд номхон нь хурдын тэмдэг,
Угийн сайн чанарт дээдэс номхон нь мэргэний тэмдэг” гэсэн байдаг.
“Эдээр биеэ чимэхээр эрдмээр биеэ чим, эрхэм баян эрдэм” гэдэг байх аа?! Энийг л эш үндэс болгож Л.Түдэвийг тэргүүн зэргийн тэнхээлэг баян гэх гээд байна. Ингэснээрээ энэ хүнийг би идеал юм уу, Кумир гэх гээгүй л дээ. Гэсэн ч эд мэдэхгүй хүн эдийн нэр гутаана гэгчээр алтыг танихгүй гууль хэмээн шидэх ч юм уу, аль эсвэл рашааныг мэдрэхгүй ус хэмээн тургиад байж болохгүй. Гахай тэнгэр харахгүй, худгийн мэлхий нар үздэггүйн адил үлгэр үзүүлж ч таарахгүй.
Үнэлэхээ үнэлж хүндэтгэхээ хүндэтгэж байя л даа. Хэрэв зээ Монголд өөрийн гэсэн өнгөт плеяда юм уу корифей гэж байх ёстой бол тэдний нэг нь Л.Түдэв.
Л.Түдэвийн тухай ном бүтээгчдийн зүгээс надад захиалга ирэхэд нандинд бодсоноор барахгүй өөрт минь ногдсон өндөр үүрэг хэмээн үзэв. Яг үүнтэй давхцаж яруу найрагч Дэндэвийн Пүрэвдоржийн ялгуулсан бадгууд санаанд оров. Тэнд:
Уулын бүргэд унахыг бус
Улам өндөрт нисэхийг
Урамшин баясаж жаргах
Ухаан дутахгүй юмсан... гэсэн байдаг Тэрчлэн:
Нүгэл буяны хорвоод
Нүнжиг заан амьдарч
Нүдтэй үнэний өмнө
Нүүр улайхгүй байхсан гэснийг ч энд толилуулахад илүүдэхгүй. Энэ бүхнээс санаа авч улам цааш ургуулж бодвоос уулын бол өндрийг, усны бол тунгалгийг, юмны бол гэрэлтэй талыг нь олж харах хэрэгтэйдэг.
Тэр үүднээс үзвэл Л.Түдэв хэмээх түүхэн бие хүн хаа явсан газраа хав нүнжиг тээж, халуун илчээр тэтгэж, тод мөр үлдээж, торгон жолоо атгалцаж, ариун зорилгод зүтгэж, арвин бүтээл туурвиж ирсэн байх юм.
Түүний нь төлөө Л.Түдэв танд баярлаж хүндэтгэл талархлаа илэрхийлье ээ. Хүлээж авна уу та?!
Надад, танд өлзийтэй, нармай түмэнд өгөөжтэй бодгал Л.Түдэвийн нартын дор цуг амьдарч, насны жаргалыг хамтдаа эдэлсэн наран ивээлт хань нь Найдангийн Цагаач.
Нэр нь хүртэл нэн гэгээлэг тэрбээр “Би Түдэвийн гэргий” гэсэн шиг эрдэм мэдлэгийн эх булаг, номын гэгээн үйлсийг нийтэд түгээгч нэгэн байв. Энэчлэнгээр ихийг үгүйлж болох ч хэлэхийг хэмнэж хэрхэхийг уншигчдад үлдээе.
Эх сурвалж: Монголын үнэн сонин №005/24632/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна