“Бүлгэм дуулж бай, ноомхон” гэх команд өглөөний тунгалаг агаарыг долгилуулан цангинана. Сургуулийн 500-гаад пионерыг өмнөө жагсаан цоглог хоолойгоор командлах бүлгэмийн дарга охины нүд цогтойяа гялалзана. Манай бүлгэмийн дарга эмэгтэй хүүхэд байлаа. Мэдээж хэрэг, түүний зураг “Хүндэт самбар”-аас салахгүй тул пионерууд даргаа хаана ч танина гэсэн үг. Түүний зүүсэн улаан бүч хоёр давхар цэнхэр эмжээртэй. Ийм давхар эмжээртэй улаан бүч зүүдэг бүлгэмийн дарга болох хүсэл онц сурдаг хүүхэд бүрийн амбиц. Гэхдээ хүссэн бүхэн яаж болох вэ. Би бүлгэмийн даргын командлахыг харж зогсохдоо нэг удаа “Монгол
Улсын бүлгэмийн зөвлөлийн дарга ямар охин байдаг бол, гурван давхар цэнхэр эмжээртэй бүч зүүдэг байх даа” хэмээн бодож байснаа санаж байна. Тэр үеэс хойш 40 гаруй жилийн дараа Монголын пионерын төв зөвлөлийн удирдагчдын нэгтэй уулзах завшаан тохионо гэж яахан санах. Балчирхан насны минь ой ухаанд дүрслэгдэн үлдсэн Монголын пионеруудын удирдагч хоёр давхар эмжээртэй улаан бүч зүүсэн улаахан хацартай, цангинасан хоолойтой охин биш байлаа. Миний өмнө амьдралын түүх хүүрнэсэн үрчлээтсэн нүүр, арга билгийг бясалгасан буурал тэргүүнтэй жижигхэн бор өвгөн инээмсэглэн зогсож байх нь тэр. Мэдээж шүү дээ, бид он цагийг л гэрчлэн үлдсэн.
Энэ хүнийг Монголын Хүүхдийн байгууллагын ахмад зүтгэлтний нэг, гавьяат багш, хүүхэд, гэр бүл судлаач Цамбын Түвшинтөгс гэдэг. Хуучин есөн давхар угсармал байранд пионерын удирдагч маань амьдардаг аж. Намхан модон ширээний ард намайг урьж суулгаад баруун аймгийнхны л хийж чадах банштай өтгөн шаргал цайгаар дайлав. Залуу хүнийх шиг цогтой гялалзан, инээмсэглэн ширтэх нүд юуг ч юм надад ярихаар тэсгэлгүй адган байгааг нь илчилнэ. Тийм ээ, түүнд ярих зүйл их бий гэдэг нь мэдээж.
Би түүний амьдралын түүхийг яриулахын тулд “Хүүхдийн байгууллагатай ямархан хувь тохиолоор холбогдов оо” гэдэг ганцхан л асуулт тавихад хангалттай байв. Түүний амьдралын түүх бүхэлдээ хүүхэдтэй холбоотой учраас өөрийнх нь нэг номдоо өгүүлсэн “Хүмүүний амьдралын замыг эвхэхэд мартах, санах хоёр зуузай холбодог” гэдэг өгүүлбэрт бидний яриа багтах бизээ. Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхийг 60 жилд хураан эмхэтгэсэн хүмүүний намтар алс баруун хязгаар Ховдын Дөргөн сумаас эхлэлтэй. Багшийн сургууль түүнд бүх л насных нь ханийг, бүхий олон багачуудын төлөө “Хэзээд бэлхэн” замналыг бэлэглэсэн гэлтэй. Тэрбээр нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Ангиасаа нэг охин дагуулаад Өмнөговь аймагт багшлахаар явлаа. Яг л нөгөө “Говийн зэрэглээ” киноны Хашхүү багш шиг сүрхий монцгор том “амьтан” нэгдлээс сангийн гэр бариулж аваад л суусан. Хань минь тэр нутаг зорихыг зөвшөөрсөн хэрэг. Говьд нэг жил л ажилласан даа” хэмээн хүүрнэсэн байдаг. Ц.Түвшинтөгс гуай намайг гэрт нь ирнэ гэдгийг мэдэж байсан тул ярилцах сэдвээ эрэмбэлж, бичгийн цаасан дээр бичээд нямбайлан үджээ. Багш хүний гаргацтай бичгээр “Хүүхдийн байгууллагад 60 жил, хэвлэлд ажилласан 40 жил...” гэх мэтээр доош жирийтэл өрсөн байх аж.
Ийн нямбайлан зэхсэн байхыг нь хараад жаахан бантав. Ерөөсөө баялаг намтар түүхтэй хүний тухай өгүүлэх хэцүү гэж надад бодогддог юм. Хийсэн бүтээсэн нь их учраас бичих амархан гэж бодож болох л доо. Гэтэл бүгдийг нь өгүүлж чадахгүй үлдээд, сонины нэг нүүр дүүрчих вий гэдэг гэмшил намайг зовоож орхидог. Ц.Түвшинтөгс гуайн амьдралын замнал тийм баялаг ажээ. Пионерын ордон, “Найрамдал” зуслангийн орлогч захирал, Хүүхдийн хэвлэлийн редакцид Хариуцлагатай нарийн бичгийн дарга, Хүүхдийн төлөө үндэсний төвд хэлтсийн дарга. Зарим түүхийг нь ийн товчлон хүүрнэхээс аргагүй мэт. Наян настай буурайтай ярилцаж суугаа гэдэгтээ итгэмээргүй санагдана. Хүүхдийн байгууллагын он цагийг гэрчилсэн түүх хүүрнэх энэ буурайгийн хоолой нэг л танил.
Мань хүн говиос ирээд Био комбинатын дэргэдэх ерөнхий боловсролын 10 дугаар сургуульд багш, пионерын удирдагчаар ажиллав. Ерөнхий боловсролын сургуульд 1973 он хүртэл 10-аад жил ажиллаад, өөрийнх нь өгүүлснээр Хүүхэд, залуучуудын төв байгууллагад “суга дэвшин” оров. Зааварлагчаас эхлээд арга зүйч, орлогч дарга зэрэг алба хашиж, Пионерын төв зөвлөлийн арын албанд, үл ажиглагдах фронтыг тэргүүлэн ажиллав. Бидний үед Пионерын төв зөвлөл нэг дарга, гурван ажилтантай хэрнээ улс орны хэмжээнд хүүхэдтэй холбоотой бүх л зүйлд хүрч ажилладаг байсан гэдэг. Би пионерийн байгууллага ямар их хүртээлтэй ажилладаг байсныг гишүүн нь байсны хувьд гэрчлэх хүний нэг ч гэлээ ийм цомхон аппарат байсныг нь харин мэдэхгүй юм байна. Туйлбаргүй хүн бол тулж барамгүй их далайцтай ажил өрнөдөг байсан юм даг. Гэхдээ Ц.Түвшинтөгс гуай намайг пионерт элсдэг жил хүүхдийн байгууллагаас түр хөндийрсөн юм билээ. Дэлхийн хоёр систем удтал тэрсэлдсэний эцэст эв зүйгээ олох үндэс суурь тавигдаж, Азийн зарим улс орон шинэчлэлийг эхлүүлээд байсан 1986 он. Монголын сурган хүмүүжүүлэх ухааны хүрээлэн аспирантын нэг горилогчоор бүл нэмсэн нь Монголын хүүхдийн байгууллагын түүхийн судалгаанд томоохон хувь нэмэр болсон явдал байлаа. Энэ чиглэлээр дөрвөн жил хийсэн түүний судалгаанд Монголын хүүхэд, пионерын байгууллагад ажиллаж байсан 70 гаруй ахмадын дурдатгалыг буулгаж авсан байдаг гэнэ. Худам монгол бичгээр байсан 1925-1940 оны хооронд үйлдсэн пионерийн байгууллагын баримт бичиг, сонин хэвлэлийн материалыг шинэ үсгээр буулгаж авсан нь одоо эргээд санахад түүхийн чухал баримт болох ажээ. Судалгаандаа ЗХУКН-ын дэргэдэх Марксизм-Ленинизмын институт болон Коментерний архивт хүртэл сууж нэлээд юм олж авсан бий. Үүний үр дүнд “Монголын пионерийн байгууллага” гэсэн түүхэн сурвалжийн том цэнхэр номыг бүтээсэн байдаг. Монголын пионерийн байгууллагын түүхтэй холбоотой 1000 гаруй гэрэл зураг цуглуулж, тайлбаржуулж авснаас цэнхэр номд гэхэд 218 зураг оруулжээ. Хүүхдийн байгууллагын түүхийг судалж, хүүхдийн байгууллагын талаар ном бичсэн болохоор хөндийрсөн гэж хэлэхэд бас л хэцүү.
Ц.Түвшинтөгс гуай надад бичгийн цаасан дээр бичиж үдсэн бас нэг материал гаргаж үзүүлэв. Бичгийн цаасны арваад хуудас дээр өөрийнхөө бичсэн болон эмхэтгэж боловсруулсан, хянан тохиолдуулж уншигчдад хүргэсэн ном, гарын авлагын нэрс он сартайг нь бичсэн байх аж. Хүүхэд, хөгжил, хамгаалал, гэр бүл, сургууль, олон нийт, хүүхэд, хүүхдийн хөдөлгөөний арга зүй, соён гэгээрүүлэх үйлс гэсэн үндсэн дөрвөн чиглэлээр туурвисан нийт 133 бүтээл 1975-2024 оны хооронд бичигджээ. Бичсэн номынх нь нэрсийг уншиж суухдаа надад “Өвгөн ах ер нь зүгээр суудаггүй хүн бололтой. Хүүхдийн төлөө хөдөлмөрлөсөөр л дуусах юм байна” гэдэг бодол өөрийн эрхгүй л төрөв. Нэг ярилцлагадаа “Цаас цоохорлохгүй өдөр гэж байхгүй шахам. Ямар сайндаа л гэрийнхэндээ “цаасны бор өвгөн” нэртэй болох вэ дээ” гэж хошигнон өгүүлсэн байна билээ, хамгийн ойрхон байдаг хүмүүс хол зөрүүлэхгүй л дээ.
Хүний амьдралд бахархан дуурайх нэгэн гэж байдаг. Тэрбээр “Монголын залуучуудын байгууллагыг 17 жил удирдсан Чойжилын Пүрэвжав, Их сэтгэгч, соён гэгээрүүлэгч зохиолч, “Монголын үнэн” сонины эрхлэгч асан Лодонгийн Түдэв хоёртой хамт ажилласан нь миний амьдралд насан туршийн сайхан дурсамж үлдээсэн дээ” гэж өгүүлээд “Л.Түдэв дарга 1996 онд намайг Германд Залуучуудын дээд сургуульд явуулсан. Тиймээс би чинь дотооддоо багшийн хоёр сургууль, гадаадад бас нэг гээд гурван сургуулийн бүтээгдэхүүн юм даа” гэж байна. Одоо хэр их үйлсийнх нь зам бүдгэрээгүй, аргагүй л тухайн үеийнхээ оюун санааны удирдагч байсан шилдэг сэхээтний нэг Л.Түдэв мөн. Ц.Түвшинтөгс гуайтай ярилцаж суухдаа “Монголын хүүхдүүдийн зорилго, хүсэл мөрөөдлийг чиглүүлэх пионерийн байгууллага шиг далайцтай үйл ажиллагаа явуулдаг байгууллага гэж юу билээ” гэж бодож үзлээ. Хариултыг нь хайгаад ч хэрэггүй биз, асуулт чигээр нь л орхиё. Уг нь тухайн үед төрөөс хүүхдийн байгууллагыг үнэлэхдээ хэд, хэдэн үзүүлэлтийг голлож байсан гэдэг. Хүүхдэд иргэний ухамсар, хариуцлагыг бага наснаас нь суулгаж, нийгмийн амьдралд оролцох оролцоог нь дээшлүүлэх. Хүүхдийг өөртөө итгэх итгэл үнэмшилтэй болгох, чөлөөт цагийг үр дүнтэй өнгөрүүлдэг болгох зэрэг байж. Энэ шаардлагууд одоо ч хүүхдэд хэрэгтэй байгаа.
Мань эр тэтгэвэрт гараад гэртээ гэдсээ илээд хэвтчихсэнгүй. Хүний суурь хүмүүжил, амьдралын дунд олж авсан дадал зуршил тийм ч амархан салаад явчихгүй л дээ. Түүний намтрыг уншиж байхад байнга шинийг эрэлхийлж, олсноо бусдад түгээхийг эрмэлзэж явсан нь харагдана. Тэрбээр “Хүүхдийн байгууллагад ажиллаж байхдаа ээлжийн амралт байтугай хагас, бүтэн сайн гэж бараг мэддэггүй байлаа. Тиймээс зүгээр сууж чаддаггүй болсон” хэмээн өгүүлсэн нь намайг ичээж орхив. Амралт авах өдрөө бараг хуруу тоолон хүлээж суугаа хүн 80 настны ийн өгүүлэхийг сонсооод ичихгүй байх аргагүй л дээ. Мань хүн нэг хэсэг МУИС, Улаанбаатар дээд сургуульд багшилжээ. Түүнээс гадна Гэрлэх ёслолын ордонд найман жил ажиллаж, залуу гэр бүлд хичээл заагаадхаж. Ёстой л шавхагдашгүй эрч хүч гэж ийм байдаг байх. Ц.Түвшинтөгс гуай хүүхдийн хүмүүжил гэр бүлийн зөв төлөвшлөөс эхлэлтэй гэж үздэг. Залуу гэр бүлд хичээл заах ажлаа “Гэр бүлийн радио ФМ-104.5”-д үргэлжлүүлэн, хүүхэд, гэр бүлд зориулсан нэвтрүүлгийг хэдэн жил хөтөлсөн байдаг. Энэ радио хот орчмын хэдэн сумдад долгионоо цацдаг учраас хөдөө орон нутгийн тодорхой сонсогчдод танил. Би ч тэдгээр сонсогчдийн нэг байлаа. Нэг л танил хоолой байсны учир ийм санж.
Тэрбээр “Хүүхдийн байгууллага илүү хүчирхэгжсэн он жилүүдийг Хүүхдийн төлөө фондын дарга Цэдэнбала Филатовагүйгээр ярих боломжгүй. Энэ хүний санаачилга, зүтгэлээр хийгдсэн ажил, барьж байгуулсан юм их. Олон улсын “Найрамдал” зуслан, Пионерийн ордон, Залуу техникчдийн ордонтой болсон. Хүүхдийн төлөө фондын хөрөнгөөр Хуримын ордон, Яармагийн эмнэлэг, 29 дүгээр тусгай сургууль, Хөгжим бүжгийн дунд сургууль, Хүүхдийн парк, Номын санг байгуулсан юм шүү дээ. Бүх аймаг, яамд Пионерийн зуслантай болоод амжсан. Пионерийн зуслангийн Төв зөвлөл гэдэг байгууллага Намын төв хорооны харьяанд бий болсон нь Монголын пионерийн байгууллага улс төрийн тогтолцооны нэг томоохон систем байсныг гэрчилнэ. Энэ байгууллагын цар хүрээ өргөжихийн хэрээр бидний зохиох ажлын сэдэв ч олон болсон. Хүүхдийн ертөнцөөр сэдэвлэсэн ажил, гар зургийн уралдаан, математикийн олимпиад, хөдөлмөр соёлын чуулган, пионер сурагчдын сурлага хүмүүжлийн аян гээд маш олон юм дурдаж болно” хэмээн дурсан хүүрнэж сууна. Мэдээж хэрэг, би түүний хийж бүтээсэн, хийж бүтээхээр төлөвлөсөн асар олон ажлын талыг нь ч өгүүлж чадсангүй. Сар бүр эрхлэн гаргадаг “Нээлттэй сургууль” сониндоо бичсэн нийтлэл, өгүүллүүд нь сурган хүмүүжүүлэх ухаан, хүүхэд хамгаалал, хүмүүжлийн сэдэвтэй. Сэдэв нь том, өгүүлэгч нь ч том юм. Энэ хүнийг “Монголын хүүхдийн төлөө амьдар” гэж бурхан томилсон бололтой.
Гудамжинд зөрвөл эгэл олны нэг байдаг л бор өвгөн. Намайг үдэж өгөхөөр бослоо. Түүний хийж бүтээсэн баялаг намтар, одоо хийж байгаа зүйлсийг нь мэдсэний дараа намхан ширээний цаанаас найман тохой өндөр хүчирхэг эр босоод ирж буй мэт сүртэй. Дотоод эрчим ихтэй гэж ярьдаг даа. Сүрдмээр хэрнээ дэргэдээс нь холдомгүй бодгаль. Тийм л хүн юм. Намайг үүдэндээ гаргаж өгөхдөө “Өнөөгийн нийгэмд хүүхэд хамгаалал гэж хамгаас чанга хашгирдаг боллоо. Хүүхдийн хүмүүжил гэж хэн нь хүчтэй дуугарч байна даа” хэмээн чимхсэн нь чихэнд одоо ч сонсогдсоор л...
Трамп Төмөрөө
Эх сурвалж: Монголын үнэн сонин №005/24632/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна