Ц.Батбаатар Гэрэл зургийн сэтгүүлзүй “Үнэн” сониноос эхлэлтэй

unen
5 цагийн өмнө

Доктор Ц.Батбаатар гэрэл зургийн түүхийн судалгаагаар эрдмийн зэрэг хамгаалаад удаагүй байгаа юм. Түүний судалгаанд Монголын үнэн сонины архив үлэмж дэмжлэг болсон ба бид лавшруулан ярилцлаа.

 

-Таны судалгааны сэдэв болсон гэрэл зургийн түүхээр ярилцлагаа эхэлье. Монголын гэрэл зургийн түүх хэзээнээс эхлэлтэй юм бэ. Анхны гэрэл зурагчин хэн гэдэг хүн байв?

-Монголын гэрэл зургийн түүх монголчуудын ярьдгаар дөрвөн төр, нийгмийн гурван өөрчлөлтийг туулж иржээ. Хүн төрөлхтний гэрэл зурагтай танилцсан түүх 1839 оноос эхэлдэг. Энэ цагаас хойш гэрэл зураг авах технологи улам боловсронгуй болсоор аялагч, судлаачдын гол хэрэгсэл болж л дээ. Монголд 1874 онд Оросын судлаач А.Н.Боярский хүрээний гэрэл зургийг авсан байдаг нь одоогоор мэдэгдэж байгаа хамгийн анхны гэрэл зураг. Монгол оронд судалгаа хийж явсан С.М.Дудин, А.В.Адрианов, Н.А.Чарушин, В.В. Ланин зэрэг Оросын судлаачдын авсан гэрэл зургууд ч бий. Монголын гэрэл зургийн түүхийг энэ цагаас эхэлж тоолсноор 150 жил хөгжиж иржээ гэж үзэж болно. Үүнийг доктор Б.Галаарид Монголтой холбоотой болон Монголын гэрэл зураг 1874-1920, 1921-1935, 1935-1990, 1990-2020 он гэж дөрөв хуваан үечилсэн байгаа. Богд хаант Монгол Улс 1911 онд тусгаар тогтнолоо зарласан. Тусгаар улсын эзэн хааны хувьд Богд гэгээн дэргэдээ зурагчинтай байсан мэдээ бий. Буриад Вампилов Бадам, Дамбийжанцан гэдэг хоёр монгол зурагчин байснаас Бадамын авсан гэрэл зургууд архивлагдсан байдаг. Бадам гэдэг хүн 1900-аад оны эхээр Оросоос орж ирээд 1911-1913 оны хооронд Богд хааны жолооч байсан гэдэг баримт байгаа. Оньсон хөдөлгүүр, цаг зэргийг засчихдаг техник сэтгэлгээтэй хүн байсан учраас Богд хаан гаднаас зураг авах хэрэгсэл, тоног төхөөрөмж оруулж ирснээр түүнд даатгаж зурагчин болж л дээ. Ингээд Богд хааныг таалал төгсөх хүртэл дэргэд нь ажиллаж байж. Хувьсгалчидтай холбоотой байсан байж магадгүй гэдэг Ардын хувьсгал ялснаас хойш шинэ Засгийн газартай ойр ажиллаж байснаас нь харагдана. 1928 оны “Үнэн” сонины гуравдугаар сарын 21 дугаарт нийтлэгдсэн их жанжин Д.Сүхбаатарын хөрөг зургийг Бадам авсан байж магадгүй гэж үздэг. Энэ хүнийг Монголын анхны гэрэл зурагчин гэж үздэг.

-Тухайн үед хүрээнд хятад худалдаачдын ч юм уу, гаднын пүүсийн гэрэл зургийн газар байсан тухай түүхэнд тэмдэглэгдсэн байдаг. Албан ёсны гэрэл зургийн алба хэзээ бий болов. Гэрэл зургийг хэзээнээс сонин сэтгүүлд ашиглаж эхлэв?

- Шинэ Засгийн газар бичиг үсэг мэддэг хүн цөөн, суртал ухуулгыг гэрэл зургаар хийх нь үр дүнтэйг ухамсарлаж гэрэл зурагчдыг бэлтгэх тогтоол гаргасан нь хэвлэл мэдээллийн гэрэл зургийг хөгжүүлэх анхны алхам болжээ. Анхны гэрэл зурагчин В.Бадам “Судар бичгийн хүрээлэн”-д гэрэл зургийн албанд ажиллаж байж. Энэ алба дээр суурилаад улс орны хэмжээний гэрэл зургийн алба байгуулах болж 1935 оны аравдугаар сарын 11-нд “Кино, гэрэл зургийн алба байгуулах” тушаал шийдвэр гарсан байдаг. Миний судалгаанд хамгийн их түлхэц болсон баримт материал одоогийн “Монголын үнэн” сонин буюу тэр үеийн “Үнэн” сонин. “Үнэн” сонины анхны зургаан дугаар зураасан зурагтай хэвлэгдэж байв. Хувьсгалаас хойш 1940 оны дунд үе хүртэл гэрэл зураг цөөхөн ашиглагдаж байлаа. “Монголын үнэн” сонины 1920-1930 оны хооронд гарсан дугаар бараг гэрэл зураггүй гардаг байж. Ганц нэг гэрэл зураг байгаа нь нам төрийн удирдагч, Д.Сүхбаатар, В.И.Лениний маш сайн чанартай авсан хөрөг зураг байдаг. Доктор, профессор Л.Норовсүрэн багшийн судалгаанд дурдсанаар тогтмол хэвлэлд гэрэд зураг ашиглах явдал 1937 оноос тогтмолжиж эхэлсэн. Дөрвөн нүүр сонин гаргалаа гэхэд дор хаяж хоёр гэрэл зураг ашиглаж эхэлжээ. Тэргүүн өгүүлэлд зориулсан нэг зураг хавсралт нүүрэнд нэг зураг гэх мэт оруулдаг байжээ. Хүрээнд 1920-оод оноос өмнө Хятадын болон Германы гэрэл зургийн газар байсан тухай доктор Т.Баасансүрэнгийн товхимолд цухас дурдсан байдаг. Харин түүхч Д.Өлзийбаатар Олноо өргөгдсөн 1911 онд нийслэл хүрээнд бүхий олон пүүс хоршоодыг тэмдэглэсний дотор “зураг авах газар бүгд гурав, эдүгээ ажил хийлгэж буй хороодын тоо нэг, хаагдсан хороодын тоо хоёр, эдүгээ бүгд гурав” хэмээн тэмдэглэжээ. Харин хаана байрлаж байсныг дурдаагүй байдаг гэж судалгаандаа дурдсан байдаг.  


-”Монголын үнэн” сониныг судалгаандаа түлхүү ашигласан гэж байна. Өнөө цагийн бидний мэдээгүй үлдсэн эсвэл мэдүүлэлгүй үлдсэн түүхийн ховор баримтууд гарч ирэх юм уу?

-Би судалгаагаа “Үнэн” сонины 1930, 1940, 1950, 1960, 1970 гэх мэт арав, арван  жилээр түүвэрлэж үзсэн. Ингэж түүвэрлэж үзэхгүй бол бүх дугаарыг нь сөхөж харна гэвэл барагдахгүй. Дугаар бүрийг нь уншаад суувал цаашаа шунаж дурлаад, гүнзгий орчихож мэдэхээр юм байна. Бидний мэдээгүй байсан нэг баримт гэвэл “Үнэн” сонин гэрэл зургийн авторын нэрийг анх 1935 оны дугаараас тавьж эхэлсэн байна. Дондов дараа нь Дэдбазар гэдэг автор гэрэл зурагтайгаа мөн Орос гэрэл зурагчдын нэр тавигдсан байх юм. Харин сонин 1940 оны үеэс албан ёсны гэрэл зурагчинтай болж эхэлжээ. Дээр дурдагдсан Дондов, Дэдбазар хоёр дээр нэмээд, Оцол, Дагдандорж гэдэг хүмүүс “Монголын үнэн” сонины анхны гэрэл зурагчид гэж нэрлэгдээд явж байгаа. Судалгааны явцад би “Монголын үнэн” сонины анхны гэрэл зурагчдын судалгааг гаргаад ирж байгаа юм. “Үнэн” сонинд анхны гэрэл зурагчдаа Оцол, Дагдандоржоос эхлээд бичигдээд явдаг байсан. Гэтэл өмнө нь Дондов, Дэдбазар, Чойжинням, Мэндбаярын Гомбожав гэх мэт хүмүүс байжээ. Энэ хүмүүсийн бүтээлүүд мэр сэр тавигддаг байсан нь баримтаар ил. Ингээд 1950-аад оноос хэвлэлд гэрэл зураг тавигдах нь тогтмолжиж ирээд 1960 оноос улам сайжирч эхэлжээ. Нэг дугаарт 10-аад гэрэл зураг ордог болж төрлийн хувьд баяжин монтажилж эвлүүлсэн зургуудыг хэвлэлд ашиглаж эхэлсэн байна. Оцол, Дагдандорж гуайн үед буюу 1950-аад оны дунд үед их сайхан зургууд авч байжээ. Тэд гэрэл зураг авах, боловсруулах дээр ч сайн суралцсан хүмүүс байсан. Монголын сэтгүүлзүйд Дагдандорж гуайг анхны гэрэл зургийн сурвалжлагч гэж үздэг. Тухайн үед Маршал Чойбалсангийн зургийг авч “Правда” сонинд тавьж байсан хүн шүү дээ. Тэдний бүтээл хэдийгээр социалист өнгө аястай ч маш сайхан өгүүлэмжтэй зургууд авч байж. Баримт материал хайгаад “Үнэн” сонины дугааруудыг шүүж суухад гэрэл зургийн түүхэн хөгжлөөс эхлээд анхны гэрэл зурагчин, фото сурвалжилга гэх зэргээр судалгаанд авах зүйл асар их гарч ирж байлаа. Эндээс дүгнээд өгүүлэхэд “Үнэн” сонин Монголын гэрэл зургийн хөгжлийн бүхий л цаг үеийн толь болж байгаа юм.

-”Монголын үнэн” сонин уран бүтээлийн 105 жилд түүхийн олон нугачааг туулж ирсэн байдаг. Хувьсгал, зүүнтэн, баруунтны нугалаа, их хэлмэгдүүлэлтээс гадна хоёр ч дайны гал дундуур туулж иржээ. Гэрэл зургийн судалгааг манай сонины архиваас шүүж суухад хэлмэгдлийн үеийн  гэрэл зураг тавигдаж байсан баримт байх юм уу?

-Улс төрийн хэлмэгдлийн үед гэрэл зураг ч гэсэн хэлмэгдэж байсан баримтууд байна. Улс төрийн хэрэгт шийтгэгдсэн нам, төрийн өндөр албан тушаалтнуудын “Үнэн” сонин болон бусад хэвлэлд гарсан зургийг нь устгах, нүүрийг нь хэрээсэлж дарах, нүдийг нь сохолж баллах зэрэг байдал гардаг байж. Архивлагдсан сониныг бүр ажил болгон царай төрхийг нь танигдахгүй болтол баллаж, сохолдог байсан байна. Гэмт хэрэгт шийтгэгдсэн хүмүүсийг жигших зорилгоор хийсэн энэ ажил нь гэрэл зургийг, сонин хэвлэлийг хүртэл хэлмэгдүүлж байсан баримт болно. Зарим дугаарыг нь бүр устгадаг байсан болов уу олдохгүй байгаа юм. Харин 1920-1930-аад онд хуучин монгол бичгээр гарч байсан дугаарууд энэ балмад явдалд өртөөгүй байна. Энэ үед байсан анхны ерөнхий сайдаас эхлээд Д.Бодоо, П.Гэндэн, А.Амар нарын зураг ямар нэг халдлагад өртөөгүй байдаг. Энэ үеийн зурагнууд маш чанартай байдаг. Харин 1960-аад оны сэхээтний төөрөгдөл гэгч хэлмэгдүүлэлтэд өртөгсдийн зураг ийм зүйлд өртөөгүй. Тэгэхээр 1937 оны хэлмэгдүүлэлтэд өртөсдийн зураг л давхар хэлмэгдсэн байх нь.

-Ардын хувьсгал ялсны дараа бичиг үсэггүйчүүдийг ухуулан сэнхрүүлэхийн тулд алба байгуулсан тухай ярьж байсан. Гэрэл зураг нийгмийг соён гэгээрүүлэх маш хүчтэй хэрэгсэл байж таарлаа. Нийгэмд шуугиан тарьсан гэрэл зургууд олон байх юм уу?

-Монголд гэрэл зураг үүссэний 60 жилийн ойд зориулсан гэрэл зургийн уралдаанд нэрт гэрэл зурагчин агсан Батзоригийн авсан “Амь тариа” гэдэг зургийг гэрэл зурагчид жишээ болгодог хамгийн шилдэг зургийн нэг. Батзориг агсан Ленинградын их сургуулийг фото зурагчны мэргэжлээр дүүргэсэн Монголын шилдгүүдийн нэг байсан. Өгүүлэмж маш хүчтэй. Зохиомжийн хувьд түргэн тусламжийн тэргээр ирж буй хүүгийн зөвхөн нүүрийг нь, эмч нарын гарыг оруулаад амьдралын төлөөх тэмцэл хэрхэн явагдаж байгааг дүрслэн харуулсан. Энэ гэрэл зураг өгүүлэмжээрээ бараг хөдөлж байдаг. Түүний бас нэгэн бүтээл “Зуд” гэдэг нэртэй. Баянхонгор аймагт болсон аймшигт зудны зургийг авсан байдаг. Энэ фото зургаар дэлхий нийт Монголын зуд гэдэг зүйлийг ойлгосон. Энэ зураг олон улсын уралдаан тэмцээнд орж байр эзлэхээс илүү анхаарал татаж Монгол улсад тусламж, дэмжлэг их орж ирсэн байдаг. Гэрэл зургийн хүч гэдгийг өгүүлэх ганцхан жишээ ийм.


-Гэрэл зургийн сурвалжилга хэвлэл мэдээллийн хэрэгслийн том төрөл байсан. Өнөөгийн хөгжлийн түвшин ямар байдаг юм бэ?

-”Үнэн” сониноос эхлэлтэй гэрэл зургийн сэтгүүлзүйн олон төрөл зүйлүүд хожмын чөлөөт хэвлэл, бүх сонин хэвлэлд уламжлагдсан байдаг. Гэрэл зургийн сэтгүүлзүй явцуу, хэдхэн төрөлд эргэлдэж байгаа нь судалгаагаар харагдаж байгаа юм. Нэг үгээр хэлбэл, сэтгүүлзүйн энэ төрөл уналтад ороод байгаа гэж хэлж болно. Мэдээж олон хүчин зүйл бий л дээ. Техник, технологийн дэвшлээр фото нийтлэлийн чанар харьцангуй сайжирсан ч сонины редакцын бодлого, мэргэжлийн боловсон хүчний хүрэлцээ, санхүүгийн асуудал, уран бүтээлчийн үнэлгээнээс үүдэн энэ салбар бэрхшээлтэй тулгараад байгаа.

Өнөөдөр хэвлэгдэж байгаа тогтмол 5-6 сонин, сар тутмын сэтгүүл, 200 шахам мэдээллийн сайтад гарын арван хуруунд багтах гэрэл зурагчин байна. Судалгаанаас харахад 2024 оны байдлаар хэвлэлийн гэрэл зурагчдын тоо цөөрч томоохон хэдэн агентлагт харьяалагддаг болсон байна. Хойшид дэлхий дахинд болон манай сэтгүүлзүйн салбарын боловсон хүчний асуудлыг нэгдсэн редакцаас гадна чөлөөт зах зээлийн системээр шийдэх боломж бүрдээд байгаа.  

Трамп Төмөрөө

 Эх сурвалж: Монголын үнэн сонин №005/24632/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ц.Батбаатар Гэрэл зургийн сэтгүүлзүй “Үнэн” сониноос эхлэлтэй 5 цагийн өмнө
БНМАУ-ын “Пионерийн бүлгэмийн удирдагч” 6 цагийн өмнө
“Дулаалъя” аянаар гэр хорооллын байшингуудын дулаан алдагдлыг хэмжиж б… 8 цагийн өмнө
УИХ-ын Тамгын газрын дэд дарга Э.Лхагва Ази, Номхон далайн бүсийн чуул… 11 цагийн өмнө
Он гарсаар 357 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 483 хүний амь насы… 11 цагийн өмнө
Б.Тэмүүлэн: Цахим технологийн тусламжтайгаар бүс нутагтаа үлгэрлэн, үн… 11 цагийн өмнө
“Иргэдээ сонсъё” уулзалт тогтмол болж байна 12 цагийн өмнө
Жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний ойд зориулсан түүхийн олимпиадад Сүхба… 12 цагийн өмнө
Я.Содбаатараар ахлуулсан баг Дорноговийн иргэдтэй уулзав 12 цагийн өмнө
Сумдын эрүүл мэндийн төвүүдийн чадамж сайжирлаа 12 цагийн өмнө
Хийморийн дарцаг хатгахад сайн 12 цагийн өмнө
Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад … 12 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 12 цагийн өмнө
Д.Амарбаясгалан Ховд аймгийн найман сумын 2700 гаруй иргэнтэй уулзлаа 13 цагийн өмнө
Нийслэлийн хэмжээнд 179 хүнсний дэлгүүр нөөцийн мах худалдаалж байна Өчигдөр
Бөөрөлжүүтийн ЦС-ын II блокийг энэ оны 11 дүгээр сард ашиглалтад оруул… Өчигдөр
Аюулт үзэгдэл, ослын 87 удаагийн дуудлага бүртгэгдлээ Өчигдөр
“Улаанбаатар” өвлийн наадам энэ сарын 15, 16-ны өдрүүдэд болно Өчигдөр
“DeepSeek” хиймэл оюун ухаан хөгжүүлэгчдийг сандаргав Өчигдөр
USAID-ийг татан буулгахаар хэлэлцжээ Өчигдөр