Доктор Л.Түдэвийн долоон үг.

unen
10 цагийн өмнө

“Монголын үнэн” сонины эрхлэгч агсан Ц.Ганбат долоо хоногт ганц нэгхэн удаа сониноороо ирдэг Л.Түдэв эрхлэгчээс “Далан долоон үг дэлгэдэггүй юм аа гэхэд долоон үг хэлж өгч байгаач” хэмээн хүссэнээр “Доктор Л.Түдэвийн долоон үг” буланг нээсэн түүхтэй. Уг буланг 2007 оны нэгдүгээр сараас зургадугаар сарыг дуустал хөтлөхдөө Л.Түдэв эрхлэгч 24 өгүүллээ нийтлүүлсэн байдаг. Тэдгээр өгүүллийг эмхэтгэн ном болгон хэвлүүлсэн бөгөөд тухайн үеийн “Үнэн” сониныг захиалж байсан уншигчдад үнэгүй хүргэсэн юм. Эрхлэгч долоон үг, долоон агуулгад ямар их гүн гүнзгий агуулга багтааж байсныг эргэн нэг санацгаая.

УУШГИНД УУГИСАН УТАА
1. Улаанбаатар гэж нийслэл хотоо албан ёсоор нэрлэдэг монголчууд “Утаанбаатар” гэж аман яриагаар хэлэлцдэг болсоор удлаа. Нүүрсний нь утаагаар уушгиа хийлж төрсөн хүүхдүүд нас бие гүйцэж иргэний үнэмлэхээ авцгаасан. Тарвага утдаг байсан монголчуудын тал хувь нь хүн утдаг нэгэн хонхорт бөөгнөрчээ. Улсынх нь хүн амын тал хувь буюу нэг сая гаруй хүнээ өвөлжин, хаваржин утаагаар утдаг орон гэвэл Монгол болж таарлаа.
2. Улаанбаатарыг утаанбаатар болгож хувиргахад гаднын ямар ч нөлөө байсангүй. Гагцхүү тэвш мэт нэгэн хонхорт хүн амаа зоргоор нь бөөгнөрүүлсэн нийслэл хотын засаг захиргааны  эрх баригчид л хэрээ мэдэхгүй “мутрын адис” өгч “утлагын цэгт” дөгдөж ядарсан малыг цуглуулдаг эмчилгээ тэжээлийн цэг гэж байсны адилаар иргэдийгээ бөөгнөрүүлэх хаалгач нар нь болсоор, дэвшсээр иймд хүргэсэн гол эзэд нь юм.
3. Тэртээ хориод жилийн чанадад “Үнэн” сонины “Нийслэл бөөгнөрөл биш!” гэсэн нэртэй цуврал нийтлэлээр асуудал дэвшүүлэн тавьсан билээ. Гэтэл гэмээ нууж биеэ өмөөрөх өвчтэй дарга нар элдвээр хойргошиж суусаар байтал нь шинэ батлагдсан Үндсэн хуульд “Иргэн оршин суух газраа сонгох эрхтэй” гэсэн заалт орсон нь нийслэлийг хүн амын бөөгнөрөл болгох замбараагүйдлийнхээ шүхэр, “мянган үгний таглааг” түшмэдэд олгожээ.
4. Улаанбаатарт хүн ам шилжин ирж хуарагнах чөлөөт урсгал нээгдсэнийг нийслэлийн түшмэд сул мөнгө олох хүүдий болгон давхар хожих мэхэндээ ашиглан хөдөөнөөс шилжин ирэгсдийг царайчлуулан мөнгө татаж амташсан бөгөөд түүнтэй зэрэгцээд их, бага гарын панзчингуудад халаасаа дүүргэх шинэ боломж гарч “худалдан  авагчдынхаа тоог” нэмэгдүүлэх нөхцөлийг сүйхээчлэх болсон. Түшмэлд ч, панзчинд ч аль алинд нь ашигтай бөөгнөрлийг өөгшүүлж компанийн бүгд эвсэх нийслэл буй болгож  ТҮЦ, баарын шинхэгт унагаад байна. Одоо бас нийт оршин суугчдаас мөнгө татахыг санаархсан төсөл хайж байна.
5. Хөдөө орон нутаг хаягдаж, “хөгжлөөс” хоцрох болсны балгаар ядаж хог олддогоор нь нийслэлийн зүг тэмүүлэгчид өдөр хоног алгасахгүй хошуурсаар хотын хаяа хярхагт, уул толгод, жалга, дов, тэр ч байтугай “хүн тавьдаг” газраас ч цэрвэхгүй хатгуур гэр, сарампай, тагз, саргар хашаа босгож амь зогоож, өвөлд нь осгочихгүйн тулд элдэв юм, түүний дотор солиярк мэтийн  техникийн тосонд дүрсэн улаан тоосго хүртэл шатааж утаа май тавьдаг болсон. Тэгэхээс ч яахсан билээ.
 6. Нийслэл хотын эргэн тойронд бохир нөхцөл буй болж, өвөлд нь гэр хорооллын утаа, зунд нь хог новш, жорлонгийн бээмэл үнэрт хотынхон дарга цэрэггүй, гадаад дотоодгүй утуулдаг болсон. Тэртээ хориод жилийн чанад бас л “Үнэн” сонин “Нийслэлийн бохир тойрог”  гэдэг нэрээр асуудал дэвшүүлсэн нийтлэлүүдийг тавьж байсан. Гэвч тэр “бохир тойрог” улам өтгөрч ялангуяа сүүлийн арав гаруй жилд улам зузаарч сэтэлшгүйгээр гогцоорлоо. Нийслэл маань  хогон овоо, хог ухагчдын бүгчим төв болон хувирлаа. 
7. Улаанбаатар хот утаанбаатар болсны балгаар хотынхны, тэр тусмаа буурай хэсгийн эрүүл мэнд эрс доройтон хүүхдээс эхлээд хөгшдийг хүртэл хамар, хоолой, уушгины архаг өвчинд нэрвэгдэж оршин суудаг газраа Баруун наран, Далан давхраар “сольдогтоо” хүрээд байна. Дарга, цэрэг ч ялгаагүй, баян ядуу ч хамаагүй нэг л агаараар амьсгалах байгалийн хуультай болохоор  үндэстний маань тал хувь нь “удаан үйлчилгээтэй хорт утаагаар” өөрийн эрхгүй амьсгалцааж насаа богиносгоход хүрч байхад Үндэсний аюулгүй байдлын зөвлөл ч энэ сэдвээр нэг удаа ч билээ мэдээлэл хийж УИХ-д юм уу Засгийн газарт асуудал тавьж байсан гэж үү. Өдөр тутмын сонины холбоо, зарим телевиз сүүлийн үед  “Хүүеэ, болохоо байлаа! Бид гамшгийн байдалд орчихлоо!”  гэж дуугарсан нь сайшаалтай. Ингэж дуугарахад дээд зиндааны түшмэд өнөөх л улигт “түлээ”, “нүүрс”, “утаагүй зуух” гэдгээ ярьж зуухны ам сахисан эмгэн шиг явцуу өрөөсгөл юм айлдацгаагаад суугаад байдаг. Гэтэл ийм асуудалд шинжлэх ухааны үндэслэлтэй цогцолбор сэтгэлгээ, олон талт аргачлал хэрэгтэй биш үү. 
Яагаад гэр хорооллынхонд зориулсан авсаархан төхөөргөөр шатдаг хийн хангамж бий болгохыг санаачилдаггүй юм бэ? Метан гаргачих хог новш нь байж л байна. Хогноос байтугай үхэр, гахай, тэрчлэн хүний ялгадаснаас шатдаг хий гаргаж энгийн айл ашиглаад байдаг төхөөрөмж дэлхийгээр л нэг байна. ЮНЕСКО-гийн төсөл, зөвлөмж ч байж л байна. Яагаад Өмнөд Солонгосын шатдаг хийн тоноглол, торхолсон хийг галт тэргээр зөөж авчраад айлуудад хийн зуух тавьж, бэлэн хийгээр цэнэглээд өгдөг үйлчилгээ гаргаж болдоггүй юм бэ. Дэлгүүрт ирчихээд байгаа шатдаг хийн жижиг төхөөргийг олноор захиад хямд үнээр ч юм уу зээлээр гэр хорооллынхонд тавиад өгөх буянтан алга уу? Тэр хялбархан төхөөргийг дуурайлгаад өөртөө хийчих дархан хүн олдохгүй юу? Ядаж хоол цайгаа шатдаг хийгээр галлаад хийж байвал утаа уугиулахын тал хувийг ч гэсэн багасгах боломжтой. Яагаад гэр хорооллынхныг өвлийн цагт, ялангуяа шөнөд нь хямдруулсан цахилгаан эрчим хүчээр, дулаан хоноход тустай ханз юм уу, туургавчаар хангаж болдоггүй билээ. Энэ талаар харин саяхнаас сайд Б.Эрдэнэбат сайшаагууштай бас төр засгаас дэмжүүштэй шинэлэг санал, төсөл, дэвшүүлэн ярьж байгаа нь утааны аюулаас аврахад  анх удаа сайд хүн шиг хандлага харууллаа. Гэхдээ удахгүй цаг дулаараад утаа багасаад ирэхээр зуны сарыг зургаа юм шиг эндүүрэхгүй байгаасай даа!
Утаатай тэмцэхийн тулд яагаад утаа сорогч юмуу үлээгчийг дөрвөн уулынхаа оройг ашиглаад тэнд угсарч болдоггүй билээ? Яагаад саяхан болтол утаан хөшигтэй байснаа сүүлийн жилүүдэд агаараа бараглан цэвэршүүлчихсэн өмнөд хөрш, Бээжингийн туршлагыг судалж болдоггүй юм бэ? Яагаад Орос, Хятадыг холбон шатдаг хий дамжуулах хоолойг нутаг дээгүүрээ төмөр замын чиглэлээр нийслэлийн хажуугаар гаргуулахад хүчин чармайлт, санаачилга дутсан юм бол? Бүр дордлоо гэхэд арай салхи задгай орчинд дагуул хот үүсгээд зам харилцаа, бусад хангамжийг бүрдүүлээд гэр хорооллыг байршуулж болдоггүй билээ? Энэчлэн тал талаар бодож олон хувилбар гаргаж шийдэх олон ургалч “толгой” алга уу?
Нийслэл хотын эрх дархын /статус/ хуулийг цоо шинээр боловсруулаад хот байгуулалтын орчин үеийн жаягаар ярьж ажиллах оюуны бэл бэнчин Улаанбаатарын эрх мэдлийг баригчдад алга уу? Энэчлэн өдий төдий асуулт нийслэлийн иргэдэд сэтгэлийн өвчин болох нь.
Монгол Улсын Үндсэн хуулиар иргэдэд олгогдсон 18 үндсэн эрх чөлөөний 14-ийг нь илэрхий хөсөрдүүлдэг газар бол нийслэл Улаанбаатар хот, түүний засаг захиргааг барьж буй их, бага түшмэд болжээ. Одоогийн удирдлага, хамт олон илүү зүтгэл гаргаж буй бололтой. Үндэстний маань гол цөм, хүн амын маань тал хувийг өвөлжин, хаваржин хорт утаагаар утсаар суугаа илэрхий гэмт үйлдлийг Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл мэдэн будилсаар байж хэрхэвч таарахгүй шүү дээ!


Ходоодонд хоргодсон хор
1. "Хүнээр дутахаар 
хүнсээр дут" гэсэн эртэн цагийн монгол номлол бий. Yүнийг сонсоод өнгөрвөөс нэг их юм бодогдуулахгүй үг шиг. Бодоод бясалгаад үзвээс гүн гүнзгий утгатай сургаал юм. Хүнсээр дутахад хүн өлсөж хэцүүдмээр атал түүнийг хоёрдугаарт тавьж хүнээр дутахыг тэргүүн зэрэгт сануулсан энэ үгийн цаана хүнс биш хүн үнэтэйг хэлсэн санаа буй. Хүн хүнсээр дутаж болно, үндэстэн хүнээр дутваас уусаж үгүй болно. 
2. Хүн хүч дутахын зовлон Монголыг маань бүүр долоон зууны тэртээд нөмөрсөн нь дэлхийн зиндааны их гүрнийг маань сулруулан сулруулсаар “хүн бүл” хүрэлцэхгүй өнөөгийн буурай байдалд хүргэсэн ажээ. Өнөөдөр хоёр сая гаруйхан хүн амтай улс орноо удирдан захирах гэж бид Улсын Их хурлын  76 гишүүн /сайд нар л гэсэн үг/ дээр нь арав гаруй яамны сайд, орлогч нар, төрийн албан хаагчид 121 мянга 760 /2531 нь улс төрийн ажилтан, 92224 нь захиргааны албан тушаалтан, 23006 нь төрийн үйлчилгээний албан тушаалтан/ бүгд нэгэн зуун хорин хоёр, гурван мянган түшмэдийг цалинжуулаад ч нэг их сайн үйлс бүтээж гавихгүй л байцгаана. 
3. Ганц сая таван зуун мянган ам.киломөтр газар нутагт хүүхдийг нь оролцуулахгүйгээр тоолоход мөн л ганц сая таван зуугаадхан мянган хүнтэй улсад зуун хорь, гучин мянган түшмэд хэрэгтэй байгаа бол дэлхийн бараг ихэнх талыг эзэлсэн их гүрэнд хэчнээн дарга, захирагч шаардагдаж байсан нь ойлгомжтой. Тэгэхээр хүнс биш хүн дутахын гачигдал хавьгүй хүнд гачигдал гэдэг нь мэдээж юм. Хүн амын олон цөөн нь хөгжлийг хурдасгах болоод удаашруулах хүчин зүйл болдог ч гэдэг билээ. 
4. Хүйс тэмтрэх гэж нэг үг байсныг одоогийн залуус ойлгож мэдэхгүй ч байж магадгүй. Гэтэл хоёр, гуравхан зууны тэртээд Манж-Хятадын түрэмгийлэн устгах бодлогын гол сүнс нь энэхүү хүйс тэмтрэх гэдэг үг, үйлдэл байсан бөгөөд удаа дараагийн уулгалан хөнөөх дайралтаараа шөнийн голдуу цагаар айл гэрүүдэд нэвтрэн халдаж, хүүхдүүдийг орноос нь суга татан тэмтрэн үзээд эр хүйстэй л байвал тэр дор нь устгаж, өдрийн цагаар бол багачуудыг модон тэрэгний дугуйтай зэрэгцүүлэн зогсоож дугуйнаас дээш гарсан толгойтой бүхнийг толгойг хярган өгүүтгэж байснаас болж монгол хүн устаж үгүй болохын ирмэгт очсон байв. Хүн хүчээр дутааж, үндэстнийг сульдаах дотор хар санаа ийнхүү бүрэн биөлэгдэх даваан дээр ард түмний заяа тэтгэж сэргэн мандлын зул ассан билээ. 
5. Хүйс тэмтрэх бодлогын шинэ хувилбар мэт аюул өнөө үөд бид бүхний өөрсдийн мулгуу байдлаас болж ахин сэргэх ёр нүүрлэж эхэлсэн нь мөн л цаад утгаараа хүйс тэмтрэгдэж буйгаас ялгаа алга. “Гэдэс тэмтрэх” болжээ гэлтэй. Энэ үөд “Хүн дутсанаас хүнс дут” гэдэг өвгөдийн бодлогыг сэргээн тавьж үндэснийхээ аюулгүй байдлыг хамгаалах нь чухал боллоо. 
6. “Харь гүрнийхэн бидний ходоодыг аль хэдийнэ эзэлчихжээ” гэж “Улаанбаатар таймс” сонинд Г.Сонинбаяр ноднин бичсэн байсан. 2007 он гарсаар мөнхүү сонинд “Манай улс хүнсний аюулгүй байдлаа аль хэдийнэ алдчихсан” гэж Г.Сонинбаяр дахиад л бичжээ. /УБ таймс, ¹26, 2007/ Тэрбээр хэлсэн үгээ олон тоо баримтаар нотолсон байна. “Монгол Улс хүн амынхаа хэрэглээний гурилын 70 хувь, төмс, хүнсний ногооны 50 гаруй хувийг импортолж байна”, “Тэр ч байтугай сүү, цагаан идээнийхээ 30 хувийг импортлох болоод байна” гэж тэрхүү сэтгүүлчийн асуудал болгон тавьж буй зүйлсийг тус сонин амин сэдвээ болгон зарлажээ. Тэгэх нь ч зөв юм, өөр арга алга. Учир нь, хүн амын тал хувь нь бөөгнөрсөн Улаанбаатар хот л гадаадаас хоносон хоол, хуршсан нөөш, будагтай ус зөөвөрлөн авчирч хүнээ угждаг гол цэг нь болчихоод байгаа билээ. Хөдөөнийхөн бол одоохондоо байгалийн цэвэр хүнсээ өөрсдөө базааж хүний царай харахааргүй байгаа билээ. 
7. Хүнсний бүтээгдэхүүнийхээ гучаас дээш хувийг гадаадаас авдаг орныг бусдаас хараат улс гэж үздэг дэлхийн жишгээр яривал түүнийг нэг дахин нугалсан хэмжээнд бусдын хараат болчихсон нь падгүй гэж үзлээ ч гаднаас алга хавсран, аяга тосч авчирсан хүнсэн дотор юу байгааг хил, гааль дээр төвөггүйхэн мэдчихдэг, өндөр мэргэжлийн албатай болж орчин үөийн тоног төхөөрөмж, лаборатори байгуулж аваагүй нөхцөлд зөвхөн бусдын хараат төдийгүй бусдын “хараалт” хүнсээр иргэд, тэдгээрийн дотор хүүхэд нялхсаа ирээдүйн сул биөтэн, хорт хавдар, үргүйдэл, удмын гарвал гажсан хүмүүс болгох бэлтгэлийг “хангаж” байгаад хэргийн гол нь нуугджээ. 
“Сьөмпрө” мэтийн компаниас Хятадын зуун хувийн хөрөнгө оруулалтад тулгуурлан оруулж ирсээр буй тараг мэтийн цагаан идээнээс хар тугалга, кадми зэрэг хор хөнөөлтэй бодис илэрсэн тухай ч хэвлэлд мэдээлэгдэж байсан. Арваад жилийн тэртээ “Дал” сонин “Хүнсээр эзлэх бодлого” гэдэг нийтлэлд дэлгэрэнгүй өгүүлж л байсан. Хэвлэлийн нийтлэлд дөжирч гүйцсэн түшмэлүүд ч, иргэд ч ялгалгүй хий шогшрохоос цааш хэтрэхгүй суусаар л… Тэр хооронд ходоодонд нь хоргодсон хор тэртэй тэргүй цөөн тоотой хүн амыг маань бага залуугаас нь эхлэн дотроос нь “мэрсээр” байна. Иргэн бүрд бараг хориод толгой мал ногдохоор болсон мал аж ахуйн орон атлаа “Хар цай ууж, хатсан мантуу хувааж суугаа” нь арчаагүйн өвчний хамшинж мөн. Малчдаа сүү, цагаан идээ боловсруулах авсаархан тоног төхөөрөмжөөр хангаад, хэсэгчилсэн болон төвлөрсөн хөргөгч, зоорьтой сүлжээ бий болгоод хөргүүл бүхий тээврийн машин, нисдэг тэрэг, төмөр замын рөфрөжиртэй чиргүүлүүд мэтийг ажиллуулж, сэргээгдэх эрчим хүчээр хангаж, төв суурингуудаа хөдөөтэй нягт холбож өгвөл бусдын царай харахааргүй малын болоод газрын их буяныг эцэг, өвгөд үлдээж шүү дээ. 
Гаднаас элдэв замаар  ирсэн улаан буудайг үтрэм дээр овоолчихоод байхад тагтаа суухгүй бэргээд байгаа нь, хараад ялгахын аргагүй шил, шошготой вискийг гадаадын зочдод хундагалаад өгөхөд үнэрлэж үзээд л амсахгүй орхиж байгаа нь манай панзчид хулхи юмаар хөлжих гэж хуурамч новшоор буйлж байгаагийн гэрч биш гэж үү?
Чанар, амтыг нь удаан хадгалах, гашилгаж исээхгүй байхын тулд бэхжүүлэх элдэв бодис хольсон хүнсний зүйл бол стафилакокийн хорноос эхлээд кампилобактөри, тэр ч байтугай цацраг идэвх, оксидантууд, бордооны бодисууд, радионуклөтидын зэрэг хоруунуудтай бөгөөд ус ундаа нь гэхэд л янз бүрийн будагтай, яс сийрэгжүүлэх, үргүйдүүлэх гэм агуулсан хольцтой эсэхийг нь танин мэдэх, илрүүлэхэд манайхны чадал, мэдлэг хүрэхгүй ажээ. Гэвч амтад нь болоод хүүхэд, залуус түүнийг ханах, цадахаа мэдэхгүй ходоодондоо савласаар, тэгэхийг нь мөнгөнд шунахай зар суртлаач  дэврээсээр байгаад хүнс нь хүнээ “идэж” нэг л мэдэхэд үндэсний аюулгүй байдал дэнжигнэх нь ээ. Арван хэдэн жилийн тэртээ /1995/ Хүнсний тухай хууль гаргаад түүнээ 1999 онд шинэчлэн найруулсан ч гэсэн хууль цаасан дээр,  хоол ходоодонд хоржигносоор байна.

Эх сурвалж: Монголын үнэн сонин №009, 010/24636, 24637/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Онончимэг: Монгол үндэсний өв соёлоо олон улсад таниулах нь миний зо… 10 цагийн өмнө
Арьсны байгалийн сэргэлт-“Скиндокс” 10 цагийн өмнө
Монголын эстрад урлагийн отгон ДИВА мэндэллээ 10 цагийн өмнө
Б.Алтангэрэл: Дэлхийн стандартад нийцсэн эмчилгээ, сувилгааны бүтээгдэ… 10 цагийн өмнө
Ж.Дашдэмбэрэл: Захиалгуудаа чанартай гүйцэтгэж, зогсолтгүй урагшилж ба… 10 цагийн өмнө
Доктор Л.Түдэвийн долоон үг. 10 цагийн өмнө
Эмзэг, ээдрээт 30 жилийн түүх ба СДМЭХ-ны эрэл, тэмцэл, тэмдэглэл 10 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгчид Польшийн Сенатын дарга бараалхлаа 11 цагийн өмнө
Польш-Монголын бизнес форумд 180 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 11 цагийн өмнө
Ерөнхийлөгч “Нэр нь үл мэдэгдэх цэргийн дурсгалын хөшөө”-нд цэцэг өргө… 12 цагийн өмнө
Х.Булгантуяа: МАН парламентад олонх байх үед эмэгтэйчүүдийн эрхийн тух… 12 цагийн өмнө
Түүх бүтээсэн нэгэн жаран 12 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, А.Дуда нар Иж бүрэн түншлэлийн харилцаа тогтоо… 12 цагийн өмнө
Баянзүрх дүүргийн МАН-ын хорооны бүтэц бүрэлдэхүүнийг танилцуулж байна 12 цагийн өмнө
75 жилийн харилцааг шинэ шатанд гаргасан түүхэн айлчлал 12 цагийн өмнө
Монгол, Польш Улс Иж бүрэн түншлэлийн харилцаа тогтоолоо 12 цагийн өмнө
Э.Бат-Амгалан: Баянзүрх дүүргийн МАН-ын хороо эв нэгдлийг эрхэмлэж, х… 13 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, А.Дуда нар албан ёсны хэлэлцээ хийлээ 13 цагийн өмнө
Шинэ нээлттэй, шилд гарсан хоногуудтай долоо хоног 13 цагийн өмнө
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн 13 цагийн өмнө