“Мед импорт Монгол” ХХК-ийн захирал Б.Алтангэрэлтэй ярилцлаа.
-Танайх эрүүл мэндийн салбарынханд хэдийнээ танигдсан, нэр нөлөөтэй компаниудын нэг. Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулсан үеэс эхлэн ярилцъя.
-Манай байгууллагын гарал үүсэл “Си-Ай-Ти” компанитай салшгүй холбоотой. Энэ компани 2004 онд байгуулагдсан бөгөөд Япон улсаас Монголд эмнэлгийн тоног төхөөрөмж оруулж ирдэг сургалт судалгааны компани юм. Би 2014 онд “Си-Ай-Ти” компанийн гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байсан. Энэ компанид ажиллах хугацаандаа Японы дэлхийд тэргүүлэгч брэнд “Toshiba”, “Mitsubishi”, “Mutsu”, “fujifilm” компаниудын бүтээгдэхүүнийг Монгол Улсад борлуулах онцгой эрхийг авсан. Жишээлбэл, “Shimadzu” компанийн компьютер томографын аппарат, “fujifilm”-ийн ходоодны уян дуран, “toshiba”-гийн эхо аппарат гээд энэ бүх тоног төхөөрөмжийг оруулж ирэх онцгой эрхийн зөвшөөрөл авахын тулд үйлдвэрт нь сургалтад хамрагдах шаардлагатай байдаг. Тиймээс “Си-Ай-Ти” компанийн захирлаар томилогдсоны дараагаар Японд инженер, техникийн ажилтнуудтайгаа очиж, дээрх компаниудын 7-14 хоногийн сургалтад хамрагдаж, тоног төхөөрөмжүүдийг ажиллуулах мэдлэг, чадварт суралцсан.
2017 оноос хойш БНХАУ-ын эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийн үзэсгэлэнг сонирхож эхэлсэн юм. “Си-Ай-Ти” компани маань мэдээлэл технологийн чиглэлийн компани байсан учир эмнэлгийн тоног төхөөрөмжөөр дагнасан үйл ажиллагаа явуулах компани байгуулахаар зөвлөлдөөд “Мед импорт Монгол”-ыг байгуулсан түүхтэй. 2018 онд компаниа байгуулаад БНХАУ-ын дэлхийд бүтээгдэхүүнээ гаргадаг “Sonoscape”, “Yuwell”, “Contec”, “Saikang” гэсэн нэр бүхий дөрвөн компанийн бүтээгдэхүүнийг Монголд оруулж ирэх онцгой эрхийг авч, эрүүл мэндийн салбар руу анх орсон. Үүнээс хойш долоо дахь жилдээ Хятадын тоног төхөөрөмжийг эмнэлгийн салбарт нийлүүлэн ажиллаж байна.
-Яагаад БНХАУ-ын бүтээгдэхүүнийг сонирхох болсон бэ. Манайхан япон чанар илүү гэдэг дээ?
-БНХАУ-ын олон улсад бүтээгдэхүүнээ гаргадаг компаниудыг сонгосон. Бүтээгдэхүүн нь өндөр чанартай, манай улстай зах зээл ойр. Японы нэг тоног төхөөрөмж авах ханшаар Хятадын өндөр чанартай гурван бүтээгдэхүүн худалдан авч байна. Гэтэл үзүүлэлт, чанар нь яг адилхан. Бүтээгдэхүүнийг оруулж ирэх үйлдвэрлэгч хөрш орон бидний хажууд байна. Тоног, төхөөрөмжид гэмтэл гарахад завсар үйлчилгээ асуудалгүй. Давуу тал олонтой. Өнөөдөр хятад улсын хөгжлийг унах машин, идэх хоол, өмсөх хувцснаас нь харж болно. Бид 2017 оноос Хятадын бүтээгдэхүүнийг судалсан бол хятадууд 2000 оноос дэлхийн брэндүүдийг судлаад, дэвшилтэт технологи үйлдвэрлээд эхэлсэн. Тиймээс бидэнд хятад бүтээгдэхүүн шинэ, чанар муутай гэж эргэлзэх зүйл байгаагүй. Жишээлбэл, манай компанийн оруулж ирдэг Хятадын “Sonoscape” брэндийн эхо аппарат 2002 оных төдийгүй дэлхийн 140 оронд нийлүүлдэг бүтээгдэхүүн.
Бид өнөөдөр дэлхийн стандартад нийцсэн эмчилгээ, сувилгааны бүтээгдэхүүнийг албан ёсны эрхтэйгээр борлуулж байна. Манай улсын эмнэлгүүд худалдан авалт зарлахдаа “Япон улсын” гэж тусгайлан нэрлээгүй л бол компаниуд Японы бүтээгдэхүүнийг тендерт оруулахаа больсон.
-Хэчнээн нэр төрлийн бүтээгдэхүүн импортолж байна вэ?
-Бид 14 компанийн тоног төхөөрөмжийг оруулж ирж байна. Үүнтэй зэрэгцээд эмнэлгийн жижиг хэрэгслүүдийг оролцуулвал 50-аад компанийн бүтээгдэхүүнийг борлуулдаг. Онцгой эрхтэй зургаан компанийн бүтээгдэхүүнийг борлуулж үйл ажиллагаагаа явуулж байна.
Манайх “Sonoscape” брэндийн иж бүрэн үзүүлэнгийн танхимтай. Онцгой эрхийг нь авсан, засвар үйлчилгээ бүгдийг хариуцдаг. Гэтэл яг адилхан үзүүлэлттэй бүтээгдэхүүнтэй, манай ханш хямд байхад л тендерээс хасагддаг. “Биопресс” компанийн иж бүрэн лабораторитай.
-Онцгой эрхийн давуу тал юу вэ?
-Онцгой эрх авсан компани бүтээгдэхүүнийг борлуулахаас гадна сургалт, суурилуулалт, засвар үйлчилгээг бүрэн хариуцна. Үүнээс гадна дагалдах хэрэгслийг тасралтгүй нийлүүлэх боломжтой. Жишээлбэл, Био химийн бүрэн автомат анализаторын дагалдах гуурсыг байнга нийлүүлснээр ажиллагаа хэвийн үргэлжилнэ.
-Компаниа үүсгэн байгуулснаас хойш инженер, техникийн хэчнээн мэргэжилтнийг сургаж, ажиллуулж байна вэ?
-Манайх бол шинэ, эрэлттэй салбар. Онцгой эрхтэй компани учир ажилтнуудтайгаа хоёр жилийн гэрээ байгуулж, сургаж, мэргэшүүлнэ. Гэрээт хоёр жилийн хугацаанд сургаж, мэргэшсэн инженер бэлтгэнэ. Харин гэрээний хугацаа дуусгавар болохоор бэлтгэсэн инженерүүд маань мэргэжлээрээ дагнаад хувийн компани байгуулаад явах нь түгээмэл байдаг. Энэ бол дэлхийн жишиг юм.
-Танай компани ямар эмнэлгүүдтэй гэрээтэй ажиллаж байна вэ?
-Хувийн эмнэлгүүд сонголтоо өөрсдөө хийнэ. Улсын эмнэлгүүд тендерийн худалдан авалт хийдэг. Тухайн үед эрүүл мэндийн салбарт эмнэлгийн тоног төхөөрөмжүүд олдоц муутай, улсын эмнэлгүүд өндөр үнэтэй тендер зарлаад, дэлхийн брэнд бүтээгдэхүүнүүдээс ганц, хоёрхон өртөг өндөртэй бүтээгдэхүүн худалдан авалт хийдэг байлаа. Мэдээж, тухайн тоног төхөөрөмж тодорхой хэмжээнд ашиг тустай байсан ч хүрэлцээний хувьд тааруу байсан юм.
-Манай эрүүл мэндийн салбарт өнөөдөр ямар тоног төхөөрөмж нэн шаардлагатай гэж харж байна вэ?
-Өнөөдрийн түвшинд эрүүл мэндийн салбарт эмчилгээний тоног төхөөрөмжүүдийг оруулж ирэх нь зүйтэй болов уу. Эрүүл мэндийн оношилгоогоор бүгдийг илрүүлж байна. Сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүд хиймэл оюун ухаанд суурилагдсан.
-Танайхаас худалдан авалт хийсэн эмнэлэг тоног төхөөрөмжөө ажиллуулах, завсар үйлчилгээ хийх инженер, техникийн ажилтнууд шаардлагагүй гэсэн үг үү?
-Өмнө нь эмнэлгүүд тоног төхөөрөмжөө ажиллуулах, засварлуулах инженер техникийн багтай байсан. Одоо бол бүх тоног төхөөрөмжүүд програмд шилжсэн. Тухайн бүтээгдэхүүнийг оруулж ирсэн онцгой эрхтэй компанийн инженерүүд очиж засварлана. Тухайн инженер тоног төхөөрөмжийг оношлохын тулд үйлдвэрт сургалтад сууж, сертификат авсан байх шаардлагатай.
-Эмчилгээний тоног төхөөрөмжийн өртөг хэр вэ?
-Эмчилгээний тоног төхөөрөмж өртөг өндөртэй. Өнөөдөр иргэд Монголдоо өвчний оношоо тодруулаад гадаад улсад эмчилгээгээ хийлгэж байна. Манай эмч нар өвчний оношилгоо хийх өндөр чадвартай. Гэтэл Монголдоо эмчлэх боломжтой зүйл дээр их зардал гаргаж гадаад руу явж эмчлүүлдэг үзэгдэл түгээмэл байдаг.
-Манайд ямар тоног төхөөрөмж илүү эрэлттэй вэ?
-Анх компанийн үйл ажиллагаагаа явуулж эхлэх үед чагнуур л эрэлттэй байлаа. Харин одоо “Мянга сонсохоор нэг үз” гэдэг үг гарсан. Бүгдийг харж оношилно. Дараагийнх нь зүрх, тархины цахилгаан бичлэг эрэлттэй байсан. Эхо аппарат гарч ирээд дүрсээр хардаг болсон. Дараагаар нь уян дурангийн аппарат үйлдвэрлэгдээд ходоод, дотрыг бүгдийг харж байна. Одоо хавдрын оношийг тогтоогоод хортой, хоргүйг хардаг болсон. Энэ хэрээр оношилгооны дэвшил гарсан. Тиймээс эмнэлгийн аппаратуудыг хүртээмжтэй болговол монгол хүн эрүүл, урт наслахад ойрхон байгаа юм.
-Хууль, эрх зүйн талаасаа импортоор тоног төхөөрөмж оруулж ирэхэд ямар хүндрэл бэрхшээл тулгардаг вэ?
-Улсын эмнэлгүүдийн тендерт шинэ болон жижиг компани өрсөлдөх нь ихээхэн эрсдэлтэй. Зарласан тендерийнх нь төсвийн 50 хувиас доошгүйг урьдчилан хийсэн байх ёстой. Улсын эмнэлгүүдэд тендер зарлахаар хэдэн монопол компани л шалгарчихдаг нь нууц биш.
Харин өнөөдөр хувийн эмнэлэг олон байна. Хувийн эмнэлгийн эмч нар хэзээ ч муу сонголт хийдэггүй. Би онцгой эрхийнхээ дагуу бүтээгдэхүүнээ оруулаад ирсэн байна. Хувийн эмнэлгийнхэн маш хашир. Миний бүтээгдэхүүнийг худалдан авсан компани руу холбогдож баталгаажуулна. Эмнэлгийн тоног төхөөрөмж бол маш нарийн эд. Хувийн VIP эмнэлгүүд байгуулагдаж байна. Хувийн эмнэлгүүдийн эмчилгээний үнэ өндөр байгаа нь тухайн үйлчлүүлэгчээ сайн оношилж, эмчлэх зорилготой.
-Танай компани сүүлийн үед ямар тоног, төхөөрөмж оруулж ирэхээр судалж байна вэ?
-Хятадууд бага оврын оношилгооны тоног төхөөрөмж үйлдвэрлэж, хэрэглэж байна. Энэ нь хувь хүн эхлээд анхан шатны эмнэлэгтээ очиж, өвчний эхний оношоо оношлуулдаг болсон. Эхний оношноосоо шалтгаалж дараагийн шатны эмнэлэг явах эсэх шийдэгдэнэ. Үнэ ханшны хувьд ч өртөг багатай. Тиймээс цаашид сэжигтэй эсэхийг оношилдог бага оврын эмнэлгийн тоног төхөөрөмж оруулж ирэхээр зорьж байна.
-Ярилцлага өгсөн танд баярлалаа.
“Мед импорт Монгол” ХХК
Хаяг: БЗДүүрэг 6-р хороо Энх тайваны өргөн чөлөө, СЭЗИС-ийн замын эсрэг талд “Оюуны Ундраа” төв, 313 тоот Ulaanbaatar,
Mongolia
Утас: 9907 1511
Мэйл хаяг: info@medimport.mn
“Мед импорт Монгол” ХХК
Н.Энхлэн
Эх сурвалж: Монголын үнэн сонин №009, 010/24636, 24637/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна