Олон жилийн хугацаанд бойжуулсан брэндээрээ алдаршиж өдгөө хэдэн мянгаар тоологдох дагагч, үнэнч үйлчлүүлэгчтэй болсон үндэсний үйлдвэрлэгч бол “Принцесс Монголиа” ХХК-ийн захирал Б.Онончимэг. Брэндийнхээ дахин давтагдашгүй загварыг тэр гаргадаг төдийгүй өөрөө өмсөж тайзнаа алхдаг болсноос хойш амжилтын буухиа нь тасраагүй. Өнгөрсөн оны төгсгөлд Тайланд улсад болсон “Miss and Mrs Heritage International 2024” тэмцээнд монгол өв соёлоо сурталчлан таниулсан нь шүүгчдээс өндөр үнэлгээ авч ялагчийн титэмтэй эх орондоо ирсэн юм. Түүний авьяас, ур ухааныг Монголын маркетинг менежментийн хүрээлэнгээс үнэлж 15 жилийн түүхтэй “Гранд авардс” наадмын шилдгийн шилдгээр тодруулсан нь саяхан. Үндэсний тодотголтой брэндүүдээ нэгтгэн монгол өв соёлыг агуулсан хувцсаар гадаад зах зээлээ тэлэх, эх орондоо аялал жуулчлалын шинэ жим гаргах хүсэл зорилготой Б.Онончимэгтэй ярилцсанаа хүргэе.
-Өрсөлдөөн минут, секундээр хэмжигддэг загварын ертөнцөд орон зайгаа бий болгох амаргүй даваа. Гэхдээ энэ үеийн эрэл хайгуулын үр дүнд брэндийн онцлогоо тодорхойлж чаддаг учраас хамгийн түрүүнд таны карьерын эхлэл цэгээс ярилцъя?
-Миний хувцас загварын чиглэлээр ажилласан эхлэл цэг 2014 онтой холбогдоно. Үргэлж шинийг эрэлхийлж, цор ганц загвар гаргахын төлөө хичээсэн нь богино хугацаанд орон зайгаа бий болгоход нөлөөлсөн гэж боддог. Загваруудаа гаргаад удаагүй эрэлт нэмэгдэж хүмүүсийн итгэлийг алдахгүйн тулд тухайн үед цаг хугацаатай уралдан ажилладаг байв. Тэр хэрээр үйлчлүүлэгчдийн тоо өссөн ч дэлхий нийтийг хамарсан коронавируст цар тахал дэгдэж нөхцөл байдал өөрчлөгдсөн. Эдийн засгийн хувьд амаргүй даваа хүлээж байсан тэр үед “Floraison” нэртэй 1000 хүнийг хамруулсан загварын шоу зохион байгуулсан нь зөв шийдэл байсан гэж боддог. Энэ шоуны хүрээнд үндэсний брэндүүдийг нэгтгэн нэгэн зорилгын төлөө зүтгэсэн нь хамтдаа урагшлах боломжийг бидэнд олгосон юм.
-Үндэсний хэв маягийг агуулахын зэрэгцээ эмэгтэй хүний гоо сайхныг илүү тодотгож чаддаг загваруудыг бүтээгч нь та. Тэдгээр дахин давтагдашгүй бүтээлийнхээ санааг хэрхэн олдог вэ?
-Би монгол бүсгүйчүүдийнхээ биеийн галбир, онцлогт тохируулж хайр шингээн загвараа бүтээдэг. Урлан бүтээх үйл явцад маань манай уур амьсгал, тэр бүү хэл бидний мөнхийн сэдэв болсон нийгмийн стресс хүртэл нөлөөлдөг. Магадгүй тийм болохоор үйлчлүүлэгчдэд илүү халуун дулаан мэдрэмж төрүүлдэг байх. Загварын хүрээлэлд өрсөлдөгчгүйгээр энэ цаг үед оршин байгаа нь намайг илүү хурцалдаг. Үндэсний брэндүүдтэйгээ хамтдаа хүчээ нэгтгэж урагшлахыг хүсдэг. Тийм ч учраас дөрвөн жилийн хугацаанд үндэсний брэндүүдээ хамтатган олон зорилт тавьж, загварын шоугаа хийсээр ирсэн.
-Заримдаа би загвар зохион бүтээгчдэд атаархдаг. Яагаад гэвэл, та бүхний оюун бодол юунд ч хязгаарлагддаггүй, төсөөлж ч байгаагүй зүйлийг амьдралд биет зүйл болгохдоо өнгө будагтай хослуулан уран яруугаар илэрхийлдэг. Ийм сонирхолтой шийдлийг би таны зарим бүтээлээс харсан. Гайхалтай биш гэж үү?
-Захиалагчийнхаа сэтгэлд нийцтэл ажиллаж чадвал түүнийг би гайхалтай гэж хэлнэ. Миний урласан хувцсыг сонгон худалдан авалт хийж байна гэдэг нь сэтгэл ханамж ямар байгааг илтгэх болов уу. Энэ шалтгаанаар өөр хаана ч харахгүй загварыг гаргахын төлөө хичээн ажилладаг.
-Хэнийх болох нь мэдэхгүй цор ганц бүтээл хийх үед таны дотор ямар бодол төрдгийг сонирхон асууя?
-Эхлээд дотоод хүнтэйгээ ярилцдаг. Энэ хувцас бусдын сэтгэлд нийцэх үү гэж асуудаг. Түүнээс л өөртөө итгэх итгэл авдаг байх. Ямар нэг зүйлээс сэдэл авах бус оюун бодлоос урган гарсан санаагаа баяжуулан загвараа урлах ямар сонирхолтой гэж санана. Цаг хугацаа өнгөрснийг мэдэлгүй урландаа өнжчихсөн байдаг. Ингэж л “Принцесс Монголиа” брэндийн олон төрлийн шинэлэг загварууд гарч эзэндээ хүрдэг юм.
-Тайланд улсад зохион байгуулсан олон улсын тэмцээний гран-при шагналыг авсан тань саяхан мэт. Эх орноороо овоглуулаад олон улсын тайзнаа зогсох мэдрэмжийг юугаар ч орлуулшгүй санагдсан байх?
-Болдог бол тэр үеийн мэдрэмжийг дахин авмаар байна. Эх орныхоо нэрийг дуудуулж, монгол хүн болж төрснөөрөө бахархмаар байна. Бидний өвөг дээдэс үр хойчдоо юугаар ч үнэлшгүй өв соёлыг бий болгон үлдээсний нэг нь үндэсний хувцас хэрэглэл. Тэрхүү соёлын биет өвийг би орчин үеийн загварын чиг хандлагатай уялдуулан деталь болгон шингээж загвартаа тусгадаг. Энэ нь намайг тэмцээний титмийн эзэн болгож, “Шилдэг ведио” номинацад шалгарах үндэс болсон гэж бодож байна.
-Тэмцээний үеэр танилцуулсан таны загварууд үнэхээр хүмүүсийн анхаарлыг татаж чадсан. Бас ямар уран хийцтэй байв. Урьдаас бэлдэж байсан загвараа Тайландад сонирхуулав уу?
-Тайланд улсыг зорихдоо үндэсний хоёр хувцас авч явсан. Тэмцээн зохион байгуулагчдаас нэг хувцастай ирэхийг хүссэн ч Монголоос явахдаа сонголттой байх үүднээс хоёрыг авсан нь зөв шийдвэр болсон. Зүтгэл минь талаар болоогүй, хүсэл зоригоо шингээн урласан загварууд олон улсын шүүгчдийн анхаарлыг татсан. Үндэсний хувцсаа өмсөөд тайзан дээр гарахад хүмүүс сайхнаар хүлээн авч тасралтгүй алга ташиж байсан нь миний хувьд дурсамжтай мөчүүдийн нэг байлаа.
-Олон улсын тэмцээнээс энэ цагийн хувцас загварын чиг хандлага ямар чиглэлээр дэлгэрч буйг лавтайяа ажигласан байх. Уншигчдад маань мэдээллээсээ хуваалцаач?
-Тэмцээнээс бид бусадтай ижил түвшинд урагшилж байгааг ойлгосон. Манай брэндийн хувьд үндэсний хувцсыг орчин үетэй хослуулан өдөр тутамд өмсөх боломжтойгоор үйлдвэрлэж байна. Энэ нь гаднын худалдан авагчдад маш их таалагддаг. Тэд голдуу европ загварт уусгасан монгол детальтай хувцсыг сонгон худалдан авдгаараа онцлогтой.
-Олон газраар аялж, загварын соёлтой нь танилцах таны хобби юу. Магадгүй тийм учраас бусадтай мэдээллээ хуваалцах зорилгоор олон улсын аялал зохион байгуулдаг болсон уу?
-Аялах нь миний хобби биш. Монгол үндэсний өв соёлоо олон улсад таниулах нь миний зорилго. Үүний тулд Монголын тодотголтой брэндийн гадаад зах зээл дэх эрэлтийг нэмэгдүүлэх шаардлагатай. Гаднаас оруулж ирж байгаа хямд хувцасны тоог аль болох багасгахын тулд үндэсний үйлдвэрлэлээ өргөжүүлэх хүсэлтэй явдаг. Бид ийм алхам хийж чадвал гаднын жуулчдыг Монгол руу татах боломжтой. Аялал жуулчлалын шинэ жим гаргаж түүгээрээ үндэсний үйлдвэрлэгчдээ хөгжүүлэх, дэмжих боломж бүрдэх юм.
-Даяаршиж байгаа дэлхийгээс биднийг ондоошуулж байгаа нь үндэсний тодотголтой баялаг өв соёл. Ийм онцлогтой өвийг тээж яваа таны туйлын зорилго чухам юу болохыг асууж ярилцлагаа өндөрлөе?
-Монголчууд маань сүүлийн жилүүдэд үндэсний дээл хувцсаа өмсөх нь түгээмэл болсон. Хэдэн жилийн өмнө Цагаан сараараа европ хувцастай золгодог байсан бол сүүлийн үед өв соёлоо дээдлэх хандлагууд түгэн дэлгэрч байна. Гэхдээ бид зөвхөн баяр ёслолоор дээл хувцсаа өмсдөг байж болохгүй. Өдөр тутамдаа үндэсний хувцсаа өмсөөсэй гэж би хувьдаа хүсдэг. Олон нийтийн дунд “Үндэсний брэнд үнэтэй” гэсэн өрөөсгөл ойлголт бий. Манай “Принцесс Монголиа” брэнд үйлчлүүлэгчдэдээ бусадтай харьцуулахад дундаж үнийг санал болгодог. Яагаад гэвэл, үндэсний брэндүүдтэйгээ хамтдаа урагшилж, эдийн засгийн эргэлтээ нэмэгдүүлэх, гаднаас ирэх зочдын анхааралд үндэсний хувцсаа санал болгож аялал жуулчлалын нэг хэсэг болох зорилготой.
-Ярилцсанд баярлалаа.
Б.Сэлэнгэ
Эх сурвалж: Монголын үнэн сонин №009, 010/24636, 24637/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна