Монголд гаднын банк оруулж ирэх цаг болсон уу


Эдийн засгийн хүндрэлтэй холбоотойгоор арилжааны  банкууд бүх төрлийн  зээлээ хумихаас гадна  зээлийн шаардлагаа өндөрсгөх болсон. Түүнчлэн манай улсад банкны хүү өндөр байдаг. Энэ мэт асуудлаас үүдэлтэйгээр банк, санхүүгийн салбарт шинэчлэл хийх, өрсөлдөөн бий болгож,  эдийн засгийн “цусны эргэлт”-ийг сайжруулахын тулд гаднын банк оруулж ирэх  шаардлагатай гэдгийг эдийн засагчид хэлж байна. Үүнтэй холбоотойгоор гаднын банкийг оруулж ирэх нь ямар ач холбогдолтой, хууль эрх зүйн орчин  бүрдсэн эсэх тухайд  УИХ-ын зарим гишүүний байр суурийг хүргэе.

 Х.Булгантуяа: Томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх зорилгоор гаднын банк оруулж ирэх  нь зүйтэй


-Банк санхүүгийн салбарт реформ хийх хэрэгцээ шаардлага бий. Тухайлбал,  манай улсад зээлийн хүү өндөр байдаг нь   эх үүсвэрээ хадгаламжаас татчихдагтай холбоотой. Гэтэл хадгаламжийн хүү бага,  яагаад ийм байна гэхээр инфляц өндөр. Үүний дээр эрсдэл, үйл ажиллагааны зардлыг нэмчихээр зээлийн хүү асар өндөр болчихдог.  Гаднын банк оруулж ирвэл бидэнд ямар давуу талтай вэ гэдгийг харах ёстой. Нэгдүгээрт, хамаагүй бага хүүтэй санхүү мөнгөний эх үүсвэрийг  Монгол руу татаж чадна.  Ингэвэл зээлийн хүү буурах боломжтой. Хоёрдугаарт, манай банкны салбарт шинэ ноухау нэвтэрч,   менежмент сайжирна. Гуравдугаарт, Монгол Улсын үнэт цаас, компанийн IPO-г гаднын томоохон банкууд эзэмшдэг, худалдан авдаг сүлжээ рүү орох боломжтой. Энэ мэт олон давуу талтай.  Зах зээл жижиг учраас  хэрвээ гаднын банк орж ирээд иргэдээс хадгаламж татчихвал Монголын банкууд дампуурна гэдэг болгоомжлол байдаг. Дээрээс нь нэг мэдэхэд  гаднын банкууд Монгол Улсын банк санхүүгийн салбарыг удирддаг болчих вий гэдэг эрсдэл бий. Тийм ч учраас гаднын банкийг оруулж ирэхдээ томоохон төсөл хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулалт хийх байдлаар  үйл ажиллагаа явуулах хэрэгтэй гэж үздэг. Харин  иргэдээс   хадгаламж татаж, эх үүсвэр үүсгэдэггүй байх зэрэг зохицуулалтыг давхар хийж өгөх ёстой юм билээ. Гагцхүү гаднын банкийг ямар үед сонирхох вэ гэдэг нь чухал. Өөрөөр хэлбэл, эдийн засаг сайн, томоохон төсөл хөтөлбөр хэрэгжиж, гаднын хөрөнгө оруулагчид Монголыг сонирхож байгаа үед маш хэрэгтэй. Жишээлбэл, 2011 онд эдийн засаг 17.3 хувийн өсөлттэй байхад Монголд Япон, Герман, Англи, Хятадын  банк төлөөлөгчийн газраа нээсэн  хэдий ч   эдийн засаг муудахтай зэрэгцээд бүгд гарч, ганцхан БНХАУ-ын  “Bank of China” үлдсэн байдаг. Тэгэхээр одоогийн эдийн засгийн  хүнд нөхцөлд гаднын банкны тухай хуулийг баталлаа ч ороод ирэх нь юу л бол гэж хардаг. Гэхдээ бид харж суух биш,  байж болох бүх  хувилбар, боломжийг эрэлхийлэхээс аргагүй.  Гаднын банк орж ирлээ гэхэд Монголын банкуудтай зэрэгцээд иргэдээс эх үүсвэр татах, цалин, тэтгэврийн зээл  олгох хэлбэрт оруулахгүйгээр томоохон  бизнесүүд рүү хөрөнгө оруулалт  хийх нь зүйтэй. Өнөөгийн нөхцөлд Монголын бизнесийн салбарынхан дэлхийд байхгүй өндөр хүүгээр ашиг олж байна. Тиймээс томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх зорилгоор гаднын банкийг оруулах нь зүйтэй. 

Г.Амартүвшин: Гаднын банк орж ирлээ гэхэд зээлийн хүү урт хугацаандаа буурна

-Банкны салбарын өрсөлдөх чадварыг илүү нэмэгдүүлэх шаардлагатай гэдэгтэй би хувьдаа  үргэлж санал нийлдэг, дэмжиж ажилладаг.  Энэ ч утгаар бид  Банкны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталсан шүү дээ. Мэдээж хэрэг гаднын банк манайд ороод ирвэл өрсөлдөөн илүү ширүүснэ. Эцсийн үр дүн нь хэрэглэгчдэд сайн. Гэхдээ яг өнөөдрийн байдлаар манай улсад орж ирэх хүсэлтээ ирүүлсэн банк  байгаа юм уу гэдэг асуулт байна. Хүчээр гаднаас банк оруулж ирээд үйл ажиллагаа явуулна гэдэг худлаа. Гаднаас ямар нэг банк орж ирлээ гэхэд ашгийн төлөө л ажиллана. Гэтэл аж ахуйн нэгж, иргэдийн зүгээс зээлийн хүү буурна гэсэн хүлээлттэй байгаад байдаг. Миний харж байгаагаар шууд буурах боломжгүй. Харин урт хугацаандаа буурах байх. Нөгөөтэйгүүр гаднын банк орж ирлээ гэхэд   ам.доллар, юань зэрэг гаднын эх үүсвэр л  оруулж ирж таарна. Тэгэхээр гаднын валютын өртгөөрөө л зээл гарна гэсэн үг. Адилхан л барьцаа авдгаараа авна. Тиймээс гаднын банк орж ирэх нь дунд болон урт хугацаандаа эерэг үр дүнтэй. Нөгөөтэйгүүр хэрвээ гаднын  банк орж ирвэл иргэдэд үйлчлэхгүй гэсэн үг. Гаднынхны хувьд  манай улс дэндүү жижиг зах зээлтэй. Аж ахуйн нэгжүүдийн болон томоохон төсөл хөтөлбөрүүдийн  санхүүжилтийг хийх байдлаар үйл ажиллагаа явуулах нь зүйтэй байх. Гэхдээ гаднын  банк орж ирлээ гэхэд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл болон Засгийн газрын шийдвэрээр  орж ирж таарна. Гагцхүү гаднын банк орж ирж  болохгүй гэсэн ойлголт байдаггүй. Өөрөөр хэлбэл, гаднын банк оруулж ирэхийн тулд бид эхлээд  тусгайлсан хууль боловсруулж,  батлах шаардлагагүй. Одоогийн хууль эрх зүйн орчин хангалттай гэсэн үг. Банкны тухай болон Хөрөнгө оруулалтын тухай хуулиар энэ асуудал нээлттэй хэвээр байна.  Гагцхүү  гаднын банк орж ирээд үйл ажиллагаа явууллаа гэхэд лицензээ авч таарна. Энэ нь Монголбанкны мэдлийн хүрээний асуудал.

Ж.Бат-Эрдэнэ: Эдийн засгийн “цусны эргэлт”-ийг сайжруулахын тулд гаднын банк оруулж ирэхийг дэмжинэ

-Эдийн засгийн “цусны эргэлт”,  мөнгөний гүйлгээг сайжруулна гэдэг агуулгаар гаднын банк оруулж ирэхийг эртнээс дэмждэг. БНХАУ-ын зүгээс  манай улсад салбараа нээх тухай саналыг аль эрт  ирүүлсэн гэдэг юм билээ.  Гэтэл дотоодын банкуудын хүчтэй лобби хаалт болж байна гэдэг яриа  нөгөө талдаа байдаг. Миний хувьд  гаднын банк оруулж ирэхийг дэмжих ёстой гэж үздэг. Нөгөөтэйгүүр эдийн засаг хүндэрсэнтэй холбоотойгоор дотоодын банкууд зээлээ  хязгаарлаад гаргахаа больчихоод байгаа энэ цаг үед гаднын банкны асуудлыг эдийн засагч, улстөрчид яриад эхэллээ. Ингэж байж бид банкны системээ эрүүлжүүлнэ. Монголоос бусад оронд гаднын банкийг  оруулж ирээд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлээд  жигдэрчихсэн шүү дээ. Тиймээс бид ч бас банк санхүүгийн салбараа дэлхийн түвшинд хүргэх хэрэгтэй. Мөн дээрээс нь  банкны хүү буурах боломж бүрдэх давуу талтай.  Гаднын банк оруулж ирэхийн тулд эхлээд  хууль эрх зүйн орчноо бэлдэнэ гэсэн ойлголт байхгүй.   Банк бол аж ахуйн нэгж. Банкны үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл байхад болно  гэсэн үг. Тусгайлсан хууль батлаад байх  шаардлагагүй гэж ойлгодог. Бусдаар манай улсад аливаа аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулах хууль эрх зүйн орчин нээлттэй шүү дээ. Тэгэхээр Монголбанкнаас зөвшөөрөл өгөх эсэх тухай ойлголт байдаг гэсэн үг. Үүнтэй холбоотойгоор манай дотоодын банкуудын лобби  ордог учраас гаднын банк оруулж ирэх асуудал газар авдаггүй гэх яриа байдаг. Тиймээс энэ тухайд аль аль талдаа нэгдсэн нээлттэй ойлголттой л байх учиртай юм.

Б.Баттөмөр: Бид дотоодын банкуудаа 30 жил хамгааллаа, гаднын банк оруулж ирэх цаг болсон

-Гаднын банк оруулж ирнэ гэдэг нь  Монголын эдийн засагт гаднаас мөнгө оруулж ирье л гэсэн санаа юм. Гаднын банк  орж ирсэн тохиолдолд дэлхийн хэмжээний гүйлгээ хийгдэнэ. Нөгөөтэйгүүр томоохон банкны салбар нээгдвэл ам.долларын нөөц нэмэгдэнэ. Ийм учраас гаднын банкны ач холбогдол их. Тийм учраас УИХ-аас Монголбанк, Засгийн газарт гаднын банк оруулж ирэх чиглэлийг  2023 оны Мөнгөний бодлогын хүрээнд оруулж ирсэн. “Bank of China”-г оруулж ирэх тухай ярихаар үндэсний аюулгүй байдлын түвшний айхавтар дүгнэлтийг зарим хүн хийгээд байдаг. Гэтэл өнөөдрийн манай улсын эдийн засаг Хятадаас  нэгэнт хамааралтай болчихсон байна.  Монгол Улсаас экспортод гарч байгаа бүтээгдэхүүний 95 хувь нь БНХАУ-ын зах зээл рүү нэвтэрдэг. Хятадын компани манай улсад ороод ирэхэд манай эдийн засагт олон талын ач холбогдолтой л гэж үзэж байна. Гагцхүү дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн банкийг л оруулж ирэх хэрэгтэй. Дотоодын банкуудаа бид 30 жил хамгааллаа. Монголын нийт мөнгөний эргэлт ерөөсөө гурав, дөрвөн эзэнтэй банкинд л эргэлдэж  байна. Дотоодын  банкуудаа бид дээд зэргээр хамгаалаад, тэдэнд Монголын төр үйлчилж байна. Энэ дөрвөөс таван банк эхний хагас жилд 500 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Ийм өндөр ашигтай ажилладаг аж ахуйн нэгж Монголд Оюутолгой, Эрдэнэтээс өөр байхгүй. Гаднын банк оруулж ирэх тухай ярихаар л Монголыг эзэлж авах гэж байна гэх зэргээр сенсаац дэгдээгээд байдаг нь ийм учиртай.  Гэтэл тийм зүйл огт байхгүй, байх ч боломжгүй. Гаднаас аль нэг улсын банк орж ирлээ гэхэд  Монголын хууль дүрмийн хүрээнд л ажиллана. Харин эсрэгээрээ олон давуу тал үүснэ. Өрсөлдөөн бий болно,  банкууд  иргэдэд гаргаж өгсөн  зээлээс  үндэслэлгүйгээр шимтгэл авдаг асуудлаар шүүхийн маргаан хүртэл яваад байна. Хэрвээ гаднын банк ороод ирвэл ядаж ийм асуудал гарахгүй. Гаднаас аль нэг улсын банк орж ирэхэд хууль эрх зүйн орчин нээлттэй. Хамгийн гол нь дэлхийд нэр хүндтэй, хүлээн зөвшөөрөгдсөн банкийг оруулж ирэх шаардлагатай байгаа юм. 

М.ӨНӨРЖАРГАЛ

Эх сурвалж: Монголын үнэн сонин №043/24524/

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 7 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 10 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 10 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 10 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 10 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 11 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 11 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 11 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 12 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 12 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 12 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 12 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 12 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 12 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 12 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 12 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 12 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 12 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 13 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 13 цагийн өмнө