Манай сонин “Бүтээлч урлан” булангийнхаа тав дахь зочныг уншигчдадаа танилцуулж байна. Тэр бол зураач Гүржавын Цэнгүнжав. Баатруудын хөрөг, байгалийн зургаараа олонд танигдсан гэхэд хилсдэхгүй. Таван жилийн өмнө цэцэгсээр дагнасан бие даасан үзэсгэлэнгээ толилуулж үзэгчдийн мэлмийг мялааж байсан нэгэн. Зуун айлд байрлах зураачдын урланд тэр суух бөгөөд товлосон цагтаа уулзахаар очлоо. Хаалга цоожтой байна. Утас цохитол дотроосоо онгойлголоо. Хаалга нь онгойхтой зэрэгцээд будагны хурц үнэр ханхийнэ. Г.Цэнгүнжав зураач “Зураачийн урлан нэг иймэрхүү л байдаг шүү дээ. Чамайг ирэх сургаар цонхоо онгойлгож, агаар сэлгэлээ. Хүн ирэхгүй л бол бүтэн өдөржин будаг ханхалсан битүү өрөөнд өнжинө шүү дээ” гэв. Будагны хурц үнэр надад харин таатай санагдсан. Зураачдын урланд байрладаг хүн бүр нэг жижиг өрөөтэй. Тэр нь түрээсийнх. Өрөөнд ормогцоо эргэн тойрныг гүйлгэж харлаа. Олон тооны бийр, будаг, дутуу болон гүйцэд зурсан зураг, гурван ширхэг оёдлын машинаас өөр содон сонин зүйл алга. Угаасаа зураач хүнд үүнээс өөр юу хэрэг болов гэж. Гол зэмсгүүд нь бүгд байна. Дотогш оронгуут дутуу зурсан нэг том зураг анхаарал татна. Сонирхоод асуутал Монгол Улсын төрийн дууллыг зохиосон Л.Мөрдорж гуайн багын зураг аж. Тэрбээр “Мөрдорж гуай бол Богд хааны өргөмөл хүү гэж ярьдаг. Энэ хүнтэй нүүр тулж уулзаж байгаагүй болохоор ямар төрхтэйг нь сайн мэдэхгүй юм. Гэхдээ хүүхэд ахуйдаа иймэрхүү л царайтай байсан болов уу. Үр, хүүхэд, ач, зээ нь байдаг бол зөвлөгөө авчих юмсан” хэмээн ярина. Г.Цэнгүнжав энэ зургаа Улс тунхагласны ойгоос өмнө дуусгах даалгавартай. Магадгүй тухайн үед гарах үзэсгэлэнгээр олны хүртээл болж мэдэх юм.
40 жил зурсан Г.Цэнгүнжав
Түүнийг хорвоод мэндлэхэд Чин Ван Чингүнжав гэсэн нэрийг эмээ нь хайрлажээ. Хотгойдын баатар Чингүнжавын нэрийг хүүдээ хайрласан нь тэр байж. Ингээд төрсний гэрчилгээг нь авахаар Улсын бүртгэл ороод бичүүлэх гэтэл “Нэр нь арай урт байна, хас” гэжээ. Чингүнжав болготол бүртгэл дээр Цэнгүнжав хэмээн бичсэнээр ийн нэрийдэх болсон түүхтэй гэнэ. Дүрслэх урлагийн дунд сургууль төгссөнөөс хойш 40 жил зураг зуржээ. Тэрбээр энэ тухайгаа ярихдаа “Би 40 жил зурсны эцэст зах зухаас нь ойлгож байна. Ямар утгатай, үр дүнтэй, яагаад нийгэмд хэрэгтэй болсныг одоо л ойлгож эхэллээ. Зураг бол оюуны потенциал, авьяасаар төрдөг урлагийн том төрөл юм. Анхдагч урлагийн нэг. Нийгмийг зураггүйгээр төсөөлөх аргагүй. Салгаж харах ч боломжгүй. Барилга, кино, археологи, музей гээд яриад байвал зураггүйгээр бүтсэн зүйл ер нь байхгүй дээ” гэв. Зураачдаа, уран зургийг тэр илэрхий өмөөрч, хамгаалах аж. Ингэж хамгаалахдаа “Зураач нар ямагт нийгмийн тэргүүн эгнээнд явдаг. Гэтэл манай улс зураачдаа дэмжихгүй байгаа нь харамсалтай. Ёстой бор зүрхээрээ явж байна.
Дэлхийн улс орнууд зураачдаа дэмжиж урлан, бийр, будгаар нь хангаж өгдөг юм билээ. Тэд зөвхөн уран бүтээлдээ л анхаардаг. Харин манайх зөнгөөр нь хаячихсан. Энэ урланд 100 орчим зураач л бий. Бүгд хуваариа түрээс, тогны мөнгөө төлнө. Дээрээс нь зургийн хэрэгслэлээ авахаас эхлээд өөрсдийгөө л болгож байгаа юм. Амьдрал үргэлжилж байгаа учраас захиалгаар зураг зурна, зурсан зургаа худалдана. Ийм л байна. Хэрвээ улс зураачдаа харж үздэг бол биднээс асар их зүйл гарна даа. Зураачдын сэтгэхүй, ажиллагаа энэ тэр бол бусдаас тэс ондоо юм шүү. Зураачдаа харж үзээсэй, дэмжээсэй гэж бодох юм. Даанч....”. Тэр ингэж хэлээд тамхи асаалаа. “Чингис хаан” музейд түүний зурсан хоёр бүтээлийг тавьсан байна. Нэг нь “Дөрвөн зуун худалдаачин”, нөгөөх нь Оросын I Петр хааны хөрөг аж. “Дөрвөн зуун худалдаачин” зургаа хоёр хувилбараар зурж нэгийг нь “Чингис хаан” музейд, нөгөөг нь гадаад руу явуулчихаж. Өөрөөр хэлбэл, эх хувийг нь “Чингис хаан” музейд өгсөн гэсэн үг. “Чингис хаан” музейг байгуулсанд би хувьдаа асар их баярлаж байгаа. Үзмэрээ улам л баяжуулах хэрэгтэй” хэмээн шинэ музейн талаар сэтгэгдлээ хуваалцлаа.
“Монголын нууц товчоо”-г зурж олонд дэлгэнэ
Энэ бол түүний зорилго. “Нууц товчоо”-ны жимээр явсан гол шалтгаан нь энэ. “Түүхээ мэдэхгүй ард түмэн усанд шидсэн чулуу шиг алга болдог учраас бид өвөг дээдэс, түүхийн жимээ сайтар мэдэх ёстой. Тиймээс миний нас хүрдэг л юм бол зурсаар байна. Цаг хугацааны хязгаар байхгүй. Магадгүй хэдэн жилийн дараа “Нууц товчоо”-ны жимээр үзэсгэлэн гаргахыг үгүйсгэхгүй. Монголын түүхийг зураад баршгүй шүү дээ. Бид хаана ч явсан Чингисийн Монгол гэдгээрээ бахархаж, олон түмэнд гаргаж байх ёстой юм. Тэр утгаараа би “Монголын нууц товчоо”-г зурахаар шийдсэн” гэв. Түүний хувьд 1000 гаруй км явжээ. Ингэхдээ Хар зүрхний Хөх нуураас аяллаа эхлүүлж, Биндэр сумаар тойрсон байна. Очсон газар бүрдээ өөрийнхөө зорилгын талаар ярихад маш сайхнаар хүлээн авч байжээ. “Нууц товчоо”-г зураг тухайгаа найз нөхөд, ойр дотныхондоо дуулгахад боломжтой бүхий л хувилбараар дэмжсэн гэнэ. Энэ тухайгаа хойч үедээ түүх болгож үлдээхийн тулд бид ажиллаж байна гэв.
Цэцэг зурах нь хүн зурахаас хэцүү
Г.Цэнгүнжав зураач таван жилийн өмнө цэцэгсээр дагнасан үзэсгэлэнгээ дэлгэсэн тухай дээр дурдсан. Тэгвэл Монголын урчуудын эвлэлийн менежер цэцгийн үзэсгэлэн гаргаач гэсэн санал тавьсны дагуу зурж үзсэн байна. Тэр хэлэхдээ “Цэцэг зурах нь хүн зурахаас хэцүү ажил юм билээ. Цэцэг өөрөө тансаг ургамал. Сарнай зурах гэж чардайсан. Зүгээр зурах юм биш. Энгийн цэцэг зурахаас тэс өөр. Нэлээд чадал шаардана. Цэцэгний оронд хүн зурсан бол хамаагүй амар байхгүй юу. Эсвэл морь мал, байгаль зурвал бүр амархан” гэв. Тэрбээр үзэсгэлэндээ зориулж 40 гаруй цэцэг зурсны 37-г нь олны хүртээл болгохдоо хоёр сарын хугацаа зарцуулсан байна. Тэр “Надад чадахгүй сэдэв гэж байхгүй. Бүхий л сэдвээр зурна. Универсал талдаа юм даа. 40 жил ноцолдсоны эцэст бага зэрэг зүгширч байх шиг. Оюун бодол ч тэгширч эхэлж байна” хэмээн даруухнаар онгирно. Угаас чадаж байгаа зүйлд онгирохоос яах билээ. Уран зураг зурах нь оюуны асар хүнд хөдөлмөрийн тоонд ордог. Нэг цаг зураг зурахад найман цаг хөдөлмөрлөсөнтэй тэнцэнэ гэсэн тоо байдаг. Тийм байхад хөдөлмөрөө үнэлүүлэх нь зүйн хэрэг.
Харин захиалга өгсөн хүмүүс “Өндөр үнэтэй байна” хэмээн шүүмжилдэг аж. Зарим нь захиалсан зургаа авдаггүй. Мөнгөгүй гэдэг шалтгаанаар зургаа аваагүй тохиолдол олон бий гэнэ. Нэг хэсэг нь зураачаас хямд зураг авснаа дуудлага худалдаагаар өндөр үнэ хүргэж зардаг нь Г.Цэнгүнжавын эгдүүцлийг хүргэдэг аж. Энэ талаар “Бидний хөдөлмөрийг шулж байгаа нь тэр. Би ийм зүйлд дургүй учраас зураг цуглуулагчидтай нэг их харилцдаггүй” хэмээн эрс шийдэмгий хэлсэн юм. Түүний хувьд ахынхаа хөргийг зуртал нэг зураг цуглуулагч худалдаж авчээ. Төд удалгүй өнөөх цуглуулагч дуудлага худалдаа зохион байгуулж, дээрх хөрөг зургийг “Мон Уран”-ы Б.Наранхүү үнэ цохиж худалдан авсанд дургүй нь хүрсэн байна.
Тэр өөрийгөө амны зоргоор, тархины хэмжээгээр ярьдаг гэж тодорхойлсон. Ёстой л тийм хүн байсан. Түүнтэй яриад суувал цаг хугацаа харвасан сум мэт өнгөрөхөөр. Зураачдад мэддэггүй сэдэв гэж бараг байхгүйг Г.Цэнгүнжав зураач хэлсэн нь үнэнд ойртохоор дүгнэлт. 40 жилийн хугацаанд зурагтай холбоотой олон ажил хийжээ. “Зураач нарт чадахгүйн зовлон байхгүй нь сайхан юм даа” гэсэн түүний хэлсэн үгээр тэмдэглэлээ өндөрлөе.
Б.Мөнхзул
Эх сурвалж: Монголын үнэн сонин №043/24524/