Л.Насанбуян: Мэргэжлээ урлаад, мөн чанараа алдахгүйг хичээдэг


Монгол Улсын филармонийн гоцлол дуучин, Соёлын тэргүүний ажилтан Л.Насанбуянтай ярилцлаа. Тэрбээр бие даасан гурав дахь тоглолтоо энэ сарын 11-нд сонсогчдодоо хүргэхээр товложээ. Түүнтэй жазз хөгжим, уран бүтээлчийн үүрэг хариуцлага, урлагийн үнэ цэнийн талаар ярилцсан юм.

 -Ойрд болоогүй жазз тоглолтын сургаар таныг зорин ирлээ.  Энэ стиль Монголд түгээмэл биш шүү дээ. Тоглолтын онцлогоос ярилцлагаа эхлүүлье.

-Монголчууд поп хөгжим сонсдог шиг жазз дууг хүлээж авдаггүй. Жазз хэзээ ч моодноос гарахгүй. Хүрээлэл жижиг ч ойлгож сонсдог үнэнч үзэгчид бий. Моод эргэдэг гэдэг шиг загварын чиг хандлага, урлагийн төрөл жанрууд ч эргээд тренд болох цаг ирдэг юм байна. Хөгжмийн найруулгад алтан үеийн хэв шинж ч орох болсон. Жазз тоглолт дуучин төдийгүй хөгжимчдийн тухайн үеийн сэтгэлийн хөдөлгөөнөөс хамаардаг. Тоглолтоороо 20 дуу дуулна. Тухай бүрд хөгжимчидтэйгөө холбоо тогтоож, дуу болгоноо давтагдашгүй донжтой, эмоциор хүргэх учраас “Nasaa live” тоглолт гэж тодотгосон. Монгол Улсын филармонийн “Баян Монгол” жазз оркестр, Симфони найрлын утсан хөгжимчидтэй хамтран симф-жазз бүрэлдэхүүнтэй хамтран дуулж байгаагаараа онцлог.  Гэхдээ би жазз дуучин гэж өөрийгөө хэлэхгүй. Поп жазз стилиэр дуулж байна гэвэл оновчтой болов уу.

-Сонгодог жазз стилиэр дуулах бодол бий юү. Тэр хэв маягийг эзэмшихэд хугацаа шаарддаг уу?

-Сонгодог жазз дуучнаас сэтгэлгээ шаарддаг. Санааны зоргоор дуулдаг стиль биш. Би энэ хөгжмийн түүхийг судалж, алтан үеийн жазз дуучдын тухай уншиж, ойлгож байж дуугаа бусдад хүргэнэ. Миний сэтгэлгээ тэр хэмжээнд хүрээгүй учраас сонгодог жазз дуулахаас эмээдэг. Магадгүй хэдэн жилийн дараа “Миний түвшин болсон” гэж үзвэл дуулах байх.

-“Хайрыг мэдэр, дуул, бүжиглэ” гэсэн тоглолтын уриа анхаарал татаж байна. Дуул, бүжиглэ гэсэн үг ойл­гомжтой ч хайрла гэсэн утгыг ямар санаагаар оруулав?

-Сошиал ертөнц хөгжихийн хэрээр нийгэмд сөрөг мэдээ, хандлага газар авч байна. Эдийн засаг, инфляц, эрүүл мэндтэй холбоотой таагүй үйл явдлуудаас болж иргэд уур бухимдалтай болжээ. Цар тахлын хүнд жилүүд бүрэн дуусаагүй ч дуу хөгжмөөрөө хүмүүсийн сэтгэлийг гийгүүлэхийг хичээсэн. Угаас нийгмийг тэнгэр гэж үзвэл цэлмэг, нартай байлгах нь уран бүтээлчийн үүрэг байх. Хүн хайраар услагдаж, дэм авдаг.  Тиймээс дуу хуураар хайр түгээж, сонсогчдодоо мэдрүүлэхийг хүссэн.  Миний дуэт уран бүтээлийн олонх нь хайрын дуу байдаг. Улсын филармонийн концертын танхимд анхны “Би” тоглолтоо хийснээс хойш найман жил өнгөрчээ. Өнгөрсөн хугацаанд Лас-Вегас клубт хоёр дахь тоглолтоо хийж байсан. Энэ жил тоглолтоо хийхгүй бол нэг л хоцрох гээд байх шиг мэдрэмж төрөөд тогтож сууж чадаагүй. Урлаг гэлтгүй салбар бүрд ажилладаг хүмүүс өөрийгөө дараагийн түвшинд хүргэж, шат  ахихын  тулд ажлаа тайлагнадаг. Үзэгчидтэйгээ ойрхон уулзахыг хичээдэг. Үгүй бол цаг хугацаа хайран шүү дээ. Энэ удаад Насаа нь ямар шат ахиснаа харуулахыг зорилоо. Тоглолтод дуучин С.Гантогоо, “Мотив” хамтлагийн дуучин Ганбаа нарын хамтран уран бүтээл туурвидаг найзууд оролцоно. Бэлтгэл ажил цэгцрээд, тасалбар худалдаанд гараад  дуусаж байна. 

-Тайзнаа дуулахаас илүүтэй нийгэмд эерэг хандлага түгээхийг зорьдог байх нь ээ?

-Ганган хувцаслаад, дэгжин бүсгүй тайзан дээр дуулахаас илүү нийгэмд үлгэрлэх, зөв дуурайл үзүүлэх нь чухал. Урлагаар дамжиж ард түмэнд хүрсэн мессеж хамгаас хүчтэй байдаг. Уран бүтээлчид хариуцлагатай байж, сайн сайхан нөлөөллийг түгээвэл нийгэмд гэрэл асна.

-“Баян Монгол” чуулгын дуучны хувьд өнгөрсөн зууны шилдэг бүтээлүүдээс дуулах эрхтэй. Гэхдээ ард түмэнд хэдийнэ хүрсэн дууг дахин дуулахад танд ямар байдаг вэ. Бас уран сайхны зөвлөлөөс санал болгосон ч зүрхэлж дуулдаггүй дуу байдаг уу?

-Сонсогчдын хүртээл болсон уран бүтээлийг шинэчилж дуулахдаа анх дуулсан дуучны дотоод ертөнцийг судлахыг хичээдэг. Алтан үеийн од Б.Нандинцэцэг дуучны “Зүүдний шувуу”, “Анхны хайрын дуу”-г шинэчлэн дуулсан. Миний хамгийн их хичээл, зүтгэл гаргаж дуулсан дуу. Анхны хайр хүн болгонд байдаг. Гэнэн, нандин, цайлган сэтгэл мэдрэмжээр дуулж, хүнд хүргэхийг хичээсэн. “Соёл-Эрдэнэ” хамтлагийн “Учралын уянга” дуундаа дуртай. Бас л айж байж дуулсан дуу. Хуучны сайхан дуунуудыг одоо цагт сонсох сайхан. Гэхдээ дуулж зүрхэлдэггүй, минийх биш юм шиг дуу гэж байдаг.  Хэт орчин үеийн стиль, жанр хөөх дургүй. Стильдээд байхаар мөн чанар алдагдах гээд байдаг.

-Ц.Намсрайжавын нэрэм­жит Улсын филармонийн симфони найрал хөгжим гэж зарлахад сүртэй сонсогд­дог шүү. Мэргэжлийн байгуул­лагад ажиллах нь бие даасан уран бүтээлч байснаас ямар давуу талтай вэ?

-Зорилгынхоо төлөө явж буй залуу уран бүтээлчийн хувьд 50 жилийн түүхтэй филармонийн гоцлол дуучнаар ажиллах нь боломж юм. Соёл урлагийн их сургуулийг төгсөөд мэргэжлийн байгууллагад ажилд орсноороо би азтай дуучин. Монгол Улсын филармонид  “Баян Монгол” жазз оркестр, Симфони найрал хөгжим, Морин хуурын чуулга гэсэн гурван чухал жанрын оркестр харьяалагддаг. Эдгээр төрөл жанруудтай хамтран гурван янзаар хувирч дуулна гэдэг филармонийн дуучны давуу тал. Ийм боломж  дуучин бүрд олдохгүй учраас алдахгүйг хичээдэг. Хэрвээ бие даасан уран бүтээлч байсан бол амьд хөгжмийн хамтлагтай дуулах байсан болов уу. Мэргэжлийн байгууллагын нэр хүндийг дагаад үүрэг, хариуцлага ирдэг.

-Улсын байгууллагын цалин бага гэдэг. Уран бүтээл хийх, цомог бичүүлэх санхүүгийн зардлаа шийдэхэд хүрэлцдэггүй байх даа?

-Амьдралыг мөнгө гэж харвал утгагүй. Уран бүтээлийн үнэ цэн, хамт олон гээд зоосноос чухал юм их байна. Би од болохсон гэж боддоггүй. Мэргэжлээ урлаад, мөн чанараа алдахгүй явахыг хүсдэг. Дуулж чадахгүй байж, худлаа дүр эсгэж,  рекламны байж болохгүй. Гучин нас гараад ирэхээр “Хэн нэгэн намайг юу гэж хэлэх бол” гэх айдсаас салдаг юм байна. Хүссэнээ зоригтой хийх хэрэгтэй гэж боддог боллоо.  Сошиалд нэгнийхээ амьдралыг шүүдэг, алдааг нь нийтээрээ шүүмжилж байгаа нь буруу. Бусдын амьдралд оролцох шаардлагагүй. Дэмий хоосон байснаас алдаад ч болтугай зүлгэж суухыг илүүд үздэг зантай. Алдаанаасаа суралцах амттай байдаг.

-Моод эргэдэг гэснээс пянзны алтан үе эргээд ирлээ. Та пянз гаргах уу?

-Пянзтай болох хүсэл, мөрөөдөл байна. Даанч санхүү алга даа. Сараа багшийнхаа “Хайрын бурхан” пянзыг сонсож кайф авдаг. “Баян Монгол” чуулгатайгаа дуулсан дуунуудаараа цомог гаргах бодол бий.

-Багштайгаа одоо ч холбоотой байдаг уу?

-Холбоотой. Хоёулаа уран бүтээлч учраас уулзах зав хомс байдаг.

Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: Монголын үнэн сонин №043/24524


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 2024/11/22
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 2024/11/22