Засгийн газарт хандаж үйлдвэрлэв


- ЭРХТ ТӨРӨӨС ШИЙДВЭР ХҮСНЭ, ЭГЭЛ АРДААС ДЭМЖЛЭГ ХҮСНЭ –


Монгол хүний оюун ухаан, сэтгэн бодох цараа дэлхийн аль ч улс гүрний хэний хүү хэнбугайгаас ч дутахгүй гэдгийг харуулж, импортыг орлох бараа бүтээгдэхүүн эх орондоо үйлдвэрлэж, бүр экспортод гаргахаар төлөвлөж байгаа “Чиглэл” ХХК-ийн захирал Ц.Бумцэнд хэмээх хөдөлмөрч эрхмийг “Бүтээлч Монгол” төсөл, сурвалжилгын хамт олон зорилоо. Ц.Бумцэнд гуай 2005 онд анхны хуйлагч машинаа авахаар өмнөд хөршийг зорьж очоод тэнд суралцаж байсан охиноороо хэлмэрчлүүлж явсан хөгжилтэй түүхээ эргэн дурсаж, “Би охиноо нерж хуйлдаг машинаар солино гэж айлгаад” гэсээр бид хоёрын яриа эхэллээ. Гэхдээ бид хоёрын ярианы цөм хэсэг түүний хөдөлмөр бүтээлийн тухай биш. 

-Төрсөн охиноо төмрөөр солихоо шахаж дээ, та?

-Манай компани  анх 1990 онд гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, нийтийн хоолны тоног төхөөрөмжийн засвар, угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар “Чиглэл” ББХХ нэртэйгээр дөрвөн ажилтантай үүсгэн байгуулагдаж байсан юм. 2005 онд үйлдвэрлэл явуулах анхны тоног төхөөрөмжөө авахаар өмнөд хөршийг зорьж, тэнд сурч байсан охиноороо хэлмэрчлүүлж явлаа. Хүнс, барааны дэлгүүр тааралдахаар охин явж ороод, би үүдэнд нь суудаг, тоног төхөөрөмжийн дэлгүүр тааралдахаар би орж, охин үүдэнд нь суугаад үлдэнэ. Тэгээд охиноо цаашлуулаад л чамайг энд төмөр хуйлдаг машинаар солино оо гэж айлгана. Энэ маань айж байгаа ч юм уу үгүй ч юм уу, бүү мэд. Ийм л хоёр хүн өдөржин хамт явсан даа.

Надад цай аяглан барьж ирсэн бүсгүй өнөөх хэлмэрч нь байж таарав.

-Би тэнд аавын орчуулагчаар явж байгаа ухаантай. Одоо эргээд бодоход юугаа ч орчуулж байсан юм мэдэх ч юм алга. (инээв)


 Хуванцар савнаас татгалзъя 

-Таныг зорьж ирсэн шалтгаан бол таны хэдэн арван удаа ярьчихсан тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл гэдэг ч юм уу, компанийн өсөлт, таны хүүхэд нас, хаана төрсөн бэ гэхчилэнг давтан яриулах гээгүй. Зун зохион байгуулагдсан үзэсгэлэн худалдаан дээр танай компанийн бараа бүтээгдэхүүнийг тамгалж байсан “Хуванцар савыг халъя, хорт хавдраас ангижиръя” гэдэг уриа нааш нь хөтөлсөн гэх юм уу даа?

-Зургадугаар сарын 6,7,8-нд төв Сүхбаатарын талбайд Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал-Хүнс үйлдвэрлэл” сэдэвт үндэсний зөвлөгөөн, үзэсгэлэн худалдаанд “Чиглэл” компани хүнстэй шууд хүрэлцэхэд аюулгүй усны сав, бусад нэрийн онцлох бүтээгдэхүүнээр оролцсон доо. Хэрэглэгчид хуванцар савыг орлох бүтээгдэхүүнийг эх орондоо үйлдвэрлэж байгаад үнэхээр сайшаалтай хандаж байгаа нь анзаарагдаж байлаа. Үзэсгэлэн худалдааны эхний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Х. Болорчулуун, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан зэрэг албаны хүмүүс зочилж үйлдвэрлэлээ өргөжүүлж, сав баглаа боодлын үйлдвэрлэлийн орон зайд өөрийн онцлогоороо ялгарч байгаа гээд манай “Чиглэл” ХХК-ийн үйлдвэртэй танилцаж, бидэнтэй уулзаж ярилцсан.

-Өө тийм үү. Та тэгээд Ерөнхийлөгчтэй уулзсан юм чинь уриагаа үзүүлж чадсан байлгүй?

-Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 287 дугаар тогтоолын дагуу гарсан “Сав, баглаа боодол” үндэсний хөтөлбөр гэж байдаг юм. 2016-2020 оныг дуустал хэрэгжсэн энэхүү хөтөлбөрийг дахин сэргээж, Монгол Улс даяар хэрэгжүүлэх ард иргэд, олон нийтэд хуванцар савны хор нөлөө, уршгийг танин мэдүүлэх, нийгэмд тулгамдсан асуудал гэдгийг мэргэжлийн байгууллага, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яам, хэвлэл мэдээллээр дамжуулан хамтдаа нэгдсэн бодлогоор ажиллах хэрэгтэй. Ундны ус тээвэрлэх, хадгалах, сүү цагаан идээ боловсруулах зориулалт бүхий ахуйн хэрэглээний нерж, сав суулга, хүнс үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн худалдан авалтад төрөөс дэмжлэг үзүүлж “Эко зээлд хамруулах”, “Савыг саваар солих 70/30” (худалдан авалтын 70 хувийг төр хариуцах) зэрэг санал санаачилгыг төр хүлээн авч хөтөлбөрүүдэд дэмжлэг үзүүлэх хүсэлтээ тавьсан.

-Таны энэ санал, санаачилга бол үнэхээр нүдээ олно гэдэг шиг зөв гэж боддог. Монгол Улс нийтээрээ шахам хуванцар сав хэрэглэж байна. Хор холбогдлыг нь хэчнээн таниулж ухуулаад зарим нэг нь хэнэггүйтэж байна. Зарим нь үнэхээр эдийн засгийн боломжгүйгээсээ болоод сав суулгаа сольж чадахгүй байх шиг байна. Яамаар юм бэ дээ?

-Юуны өмнө чамд ДЭМБ-аас гаргасан нэг сэрэмжлүүлэг уншиж өгье. ХУВАНЦАР САВ бисфенол, хар тугалга, миламин зэрэг ХОР ЯЛГАРУУЛДАГ. ХАМГИЙН АЮУЛТАЙ нь хуванцар савны хор удаан хугацааны дараа ДАРХЛАА БУУРУУЛЖ, ЦУС БАГАДАЛТ, ЭЛЭГНИЙ ХАТУУРАЛ, ЧИХРИЙН ШИЖИН, ҮРГҮЙДЭЛ, ХӨХНИЙ болоод САВНЫ ХАВДАР, ЭР БЭЛГИЙН ЭСИЙН ЦӨӨРӨЛ, АРЬСНЫ ӨВЧИН, МЭДРЭЛИЙН СААЖИЛТ, УРГИЙН ГАЖИГ ҮҮСГЭДЭГ.

Иймээс хоол хүнс, аарц ааруул, өрөм, цөцгий, айраг, шар тос, сүү цагаан идээгээ хуванцар саванд хийж хадгалдгаа бүрмөсөн болих хэрэгтэй!

Хуванцар савны хэрэглээтэй айлын хүүхдүүдийн цусанд хар тугалга хэвийн хэмжээнээс өндөр гарч, хүүхдүүдийн оюуны чадавх мэдэгдэхүйц буурч, ядаргаанд орсныг баталсан судалгаа байна. Тэгэхээр одоо бидний ярьж заншсан хөх поошиг, шар канистраас салах “Үндэсний хөтөлбөр” зохион байгуулах ёстой. Өнгөрсөн хугацаанд утааны эсрэг хэчнээн ч аян өрнүүлэв.Байгаа оносон нь ч байхад оноогүй, гадуур нь тэнэсэн нь ч байна.

-Танд энэ талаар бодож боловсруулсан төлөвлөгөө бий юү?

-Монгол Улсын хэмжээнд 91,6 хувь нь буюу 822,627 өрх хувийн орон сууцтай, 8,4 хувь нь буюу 74,800 өрх хувийн орон сууцгүй 19,4 хувь буюу 173,791 өрх орон сууцанд амьдардаг бол 80,6 хувь буюу 723,636 өрх, хашаа байшинд болон гэрт амьдардаг гэсэн судалгаа байна. Монгол Улсын хэмжээнд тоологдож байгаа 897,427 өрхөөс, гэр, байшинд амьдардаг өрхийн тоо 723636 байгаа нь компанийн бүтээгдэхүүн борлуулалтын хувьд эрэлт маш их харагдаж байгаа ч үүнтэй зэрэгцээд эдгээр өрх айлын хэдэн хувь нь хуванцар саванд хүнсний хэрэглээний усаа зөөж, хадгалж, хэрэглэж байгаа бол гэдэг түгшүүр төрнө. Уг нь энэ талаар би төлөвлөгөө боловсруулаад, статистик ухаад сууж байх ёсгүй байхгүй юу. Монгол Улсын Засгийн газар, Ерөнхийлөгчийнхөө санал санаачилгыг дэмжиж байгаа юм чинь Эрүүл мэндийн яамаараа дамжуулаад энэ тал дээр жаахан идэвх санаачилга гаргаад ажилламаар байгаа юм. Өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх аргын нэг нь хуванцар сав суулганаас салгах болчихоод байна. Зүгээр нэг эм зардаг газар байгаад баймааргүй байна шүү. Дээрээс нь хуванцар савнаас үүдэлтэй өвчлөл үндэсний хэмжээнд аюулын харанга дэлдчихээд байна.

Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс дараах судалгааг гаргасан байна. Формальдегид нь хоёрдугаар зэргийн аюултайд тооцогдох хоруу чанартай бодис бөгөөд гоо сайхан, хумс бэхжүүлэх бүтээгдэхүүн болон ариутгал, цэвэрлэгээний бодисын бүрэлдэхүүнд ордог, арьс салст болон амьсгалын замыг цочроох, арьсан дээр тууралт үүсгэх эрсдэлтэй юм. Монгол Улсад 2019 онд ходоодны хорт хавдрын 1046 шинэ тохиолдол бүртгэгдэж, сүүлийн 10 жилийн дунджаас 232 (28.5 хувь)-оор, өмнөх оноос 145 (16.1хувь)-аар тус тус нэмэгдсэн байна. Хар тугалга нь хорт хавдрын эсийг идэвхжүүлж, оюун ухааны чадамжийг бууруулан, хоолны дуршил муутгаж, хоол боловсруулах эрхтэн системийн эмгэг үүсгэн, хүүхдийн өсөлт, хөгжлийг сааруулах аюултай. Монгол Улсад 2021 онд 5981 иргэн хавдраар оношлогдсоноос, 4559 нь хорт хавдрын улмаас хорвоог орхижээ. Хавдраар өвчилсөн хүмүүсийн 72.5 хувь нь хожуу шатандаа оношлогдож, үүний 60 хувь нь онош тогтоогдсоноос хойш нэг жил хүрэхгүй хугацаанд амьдраад нас барж байна гэсэн харамсалтай тоон мэдээг ХСҮТ-ийн Бүртгэл, тандалт, эрт илрүүлгийн албанаас мэдээлжээ.

 ШИЙДЛИЙН ТОВЧ 


-Хоёулаа шийдэл л ярих гээд байгаа биз дээ?

-Хүнсний зориулалтын бус хуванцар саванд хонуулсан усны найрлагад төмөр хоёр дахин, нитрит 11, аммиак 48 дахин их агуулагддаг байна. Хуванцар саванд хонуулсан сүүнд хар тугалгын агууламж стандартад зааснаас 3-4 дахин, айрагт 4.4 дахин их бөгөөд худалдааны захуудад худалдаалж буй хуванцар савны 44.9 хувь нь хуучин сав байгааг Эрүүл мэндийн яам анхааруулж байна. Иймд зориулалтын бус хуванцар савны хэрэглээг бууруулах, насан туршдаа  хэрэглэх хүнсний зориулалттай савыг дотооддоо үйлдвэрлэн зах зээлд нэвтрүүлэх, нийгмийн эрүүл мэндийн төлөө хувь нэмрээ оруулан нийгмийн хариуцлагаа хүлээж, төрийн ба төрийн бус байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх нь бидний гаргасан санал санаачилга, шийдэл юм. Бид ийм аюултай юм байна шүү, ийм шийдэл байна гэж хашгирчихаад зүгээр суугаад байгаа юм биш. Ус, сүү, айраг, жимс жимсгэнэ зэрэг хүнсний шингэн бүтээгдэхүүний амт чанарыг өөрчлөхгүйгээр хадгалах, тээвэрлэх зориулалтын савыг үйлдвэрлэж айл өрх, албан байгууллага, сургууль, цэцэрлэгийн гал тогоонд нэвтрүүлэх юм. Чи энэ танилцуулгыг нь нэг хараадах даа.

-Эзлэхүүн: 20 литр – 250 литр бэлэн худалдаанд. Түүнээс дээш литр бол захиалгаар үйлдвэрлэнэ.-Материал: Үл зэврэх ган / Монгол Улсын стандарт хэмжил зүйн газар, МХЕГ-ын ХАБУЛЛ лабораторид баталгаажсан. / 100 хувь хүнсний зориулалттай гангаар хийгдсэн. Бактери, вирус үүсгэхгүй, Химийн бохирдолгүй Лабораторид баталгаажсан Өнгө үзэмжтэй бат бөх удаан эдэлгээтэй насан туршийн баталгаа, чанартай эдийн засгийн хувьд хэмнэлттэй. Цэвэр ус хадгалах нөөцлөх ган торх 60 литрийн багтаамжтай нь 300,000 төгрөг, 90 литр 340, 110 литр 380,000, 150 литр 420,000, 200 литр 550,000, 250 литр 660,000 гэх мэтчилэн харьцангуй боломжийн үнийг бид санал болгожбайгаа юм. Хуванцар сав хүнсний зүйл хадгалж зөөвөрлөхөд хортойгоос гадна эдэлгээ даах чадварын хувьд ган хийцийг яаж гүйцэх вэ. Түүнээс дээш 300 литр - 2 тонн хүртэл захиалгаар хийлгэх боломжтой. Торхон, дөрвөлжин гэсэн хоёр сонголттой хийнэ. Бидон 35 литр 350,000, 40 литр 400,000, 80 литр 650,000, 120 литр 780,000

Канистр 20 литр 180,000, 25 литр 200,000, 30 литр 250,000, 40 литр 300,000, айраг сүүний сав 100 литр 480,000, 130 литр 600,000, 200 литр 750,000. Хүссэн хэмжээ, загвараар хийлгэх боломжтойгоор байх юм. Ийм усны ган савыг айл өрх бүрд түгээхийн тулд бид үйлдвэрлэлийн байр, тоног төхөөрөмж, ажиллах хүчээ нэмэгдүүлэхээр ажиллаж байна.

-Манай улс жилд дунджаар хэр хэмжээний хуванцар сав дотооддоо үйлдвэрлэж бас гаднаас оруулж ирдэг юм бол?

-Сав, баглаа боодлын үйлдвэрлэлийн талаар статистикийн албан ёсны мэдээлэл одоогоор байхгүй. Манай мэргэжлийн холбооноос хийсэн тойм судалгаагаар Монгол Улс жилдээ 330 гаруй тэрбум төгрөгийн сав, баглаа боодлын бүтээгдэхүүн ашигладгаас 30 орчим хувь буюу 70 тэрбум төгрөгийн сав, баглаа боодлын бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэдэг байна. Гаалийн мэдээгээр манай улс 2014 онд дэлхийн 17 улсаас 160 тэрбум төгрөгийн сав, баглаа боодол, цаасан бүтээгдэхүүн, 100 орчим тэрбум төгрөгийн хаяг, шошго импортоор оруулж ирсэн байдаг. 2010-2015 онд импортын хуванцар савны 97 хувийг БНХАУ-аас оруулж ирсэн бөгөөд түүний 91 хувь нь 20 литрээс бага багтаамж бүхий канистр байна. Хуванцар савыг хүнсний зориулал­таар ашиглахыг хоригломоор байна. Ний нуугуй хэлэхэд техникийн тос, элдэв химийн бодис оруулж ирсэн компаниуд ч гэсэн жаахан хүн чанартай байж бүтээгдэхүүнийхээ савыг устгадаг байх хэрэгтэй. Ард иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө гээд хүнстэй хүрэлцэхэд аюулгүй сав суулга хэрэглүүлж сургахаар нэг хэсэг нь явж байна шүү дээ. Ус, сүү, айраг хадгалах, тээвэрлэх зориулалттай сав суулга, шингэн хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хадгалах, түгээхэд ган савны хэрэглээг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай. Хүнсний бүтээгдэхүүнийг зориулалтын саванд хадгалж, тээвэрлэвэл эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломжтой юм. 

Хуванцар саванд хийсэн усанд уг материалын найрлага дахь төрөл бүрийн химийн бодис шингэдэг учраас хүмүүс хор ууж байгаагаас ялгаагүйг Англи, Австрали, Америкийн эрдэмтэд нотолжээ.

Хуванцарт агуулагддаг химийн хорт бодисууд сав хаягдсаны дараа буюу дотор нь шингэн зүйл хийж ашиглахгүй байлаа ч идэвхтэй байдаг. Тухайлбал, газрын хөрсөнд шингэх дундаж хугацаа 700 жил. Гэхдээ зарим төрөл нь гялгар уут шиг хэзээ ч өөр биетэд уусаж шингэдэггүй. Хуванцар саван дахь химийн бодисууд амьтны дотор эрхтэн, арьс, үснээс гадна хүний мэдрэлийн эсийг гэмтээдэг. Ийм саванд хадгалсан усан дахь хар тугалганы хэмжээ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж болон манай улсад мөрдөж байгаа стандартад заасан зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс /хар тугалга-0,01мг/л-ээс 60-800 дахин их, формальдегид дээд хэмжээнээс /формальдегид – 0,1 мг/л-ээс 1800-6900 дахин их / хэтэрсэн байдаг. Формальдегид нь хүний биед хорт хавдар үүсгэдэг бодис юм. Хуванцар саванд хадгалсан усан дахь төмөр, нитрит манайд мөрдөж байгаа стандартад заасан зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтрээгүй бол аммиак зөвшөөрөгдөх хэмжээнээс 27 дахин их байсан аж. Саванд хадгалсан сүү, айрганд кадьми 0,001 мг/л-ээс бага, хар тугалга сүүнд зөвшөөрөгдөх хэмжээнээс 3-4 дахин их, айрганд дөрөв дахин их гарсан байна.


Монголд үйлдвэрлэв

-Ярианыхаа сэдвийг бага зэрэг өөрчлөх үү. Миний ах, дүү нар ч энэ хуванцар савыг тогтмол хэрэглэдэг. Сонсохоос сэтгэл шимширмээр юм. Танай импортыг орлох бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн тухай ярилцъя.

-Монголдоо үйлдвэрлэж буй манай бүх тоног төхөөрөмжүүд Стандарт, хэмжил зүйн газрын тохирлын гэрчилгээгээр баталгаажсан. Манай компани нь 2019 онд ISO 9001:2015 стандартын батламжийн гэрчилгээг авсан нь Монгол Улсдаа ЖДҮ-чдээс анх удаа чанарын удирдлагын тогтолцоог амжилттай нэвтрүүлсэн байгууллага болсон. Дотооддоо үйлдвэрлэдэг дөрвөн бүтээгдэхүүнд Евразийн эдийн засгийн холбооны тохирлын деклараци гардан авсан. БНХАУ-аас 2005 онд тоног төхөөрөмж үйлдвэрлэх машин техник, багаж оруулж ирснээр үйлдвэрлэлээ эхлүүлж, одоогоор 30 гаруй нэрийн 80-аад төрлийн хүнс, хоол үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг захиалагч, хэрэглэгчийн хүссэн хэмжээ,загвараар үйлдвэрлэн нийлүүлж, баталгаат хугацаанд засвар үйлчилгээг хийж үйлчилж байна. Нэгдүгээр хоол хийх зориулалтын “НМЗ-Я” маркийн олон үйлдэлт цахилгаан тогоо, хоёрдугаар хоол хийх зориулалтын хайруулын “УНЗ-Я” маркийн ширмэн тогоо, 1,2,4,6 ширэмтэй, шарах шүүгээтэй, шүүгээгүй цахилгаан зуухнууд, хоол халуун байлгагч, угаагуур, тавцантай тавцангүй, хэвийн боов чанах тогоо, тос шүүгч, ааруул хатаагч, ааруул шахагч, төрөл бүрийн хэмжээтэй нержин тавцантай бэлтгэлийн ширээ гэх мэт бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна даа.

 

Ингээд Ц.Бумцэнд захиралтай эхлүүлсэн ярилцлагаа түр завсарлахаар болж бид “Чиглэл” ХХК-ийн үйлдвэрийн дарга Цогтбаярын Содномдоржтой уулзаж ярилцахаар Гандангийн дэнж дэх төв оффисоос нь гарч Үйлдвэр комбинат орохоор хөдлөв. Улаанбаатар хотын үйлдвэрлэлийн бүс болох Хан-Уул дүүрэгт гол үйлдвэр нь байрладаг юм байна. Дулааны III цахилгаан станцаар баримжаалж ирээд үйлдвэрийг нь заалгахаар Содномдорж руу залгаж ирснээ хэлтэл хөдөлмөрийн аюулгүй байдлын инженерээ явуулж замчлуулахаар болов. Станцын баруун талын том хашаан дотор хоёр том сэндвичэн барилга, хоёр давхар тоосгон байшин нэг байна. Сэндвичэн барилгын хаалга хагас нээлттэй байх агаад хөдөлмөр бүтээлийн шуугиан цууриатаж байх аж. Хоёр давхар тоосгон байшин үйлдвэрийн оффис бололтой.Тосож авсан ХАБ-ын инженер Б.Нарангэрэлээр заалган үйлдвэрийн даргын өрөөг олж очлоо.Ц.Содномдорж даргатай уулзан зураг хөрөг авах ёстойгоо хэлж, товчхон яриа өрнүүлэв.  

 

-Юуны өмнө үйлдвэрийнхээ танилцуулгаас эхлэх үү?

-Миний удирдаж байгаа үйлдвэр тогтмол 30-40 ажилчинтай, хүнс, хоол үйлдвэрлэлийн зориулалттай нерж хийцийн тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг. Манайх нугалах, эсгэх тоног төхөөрөмж бүхий механикжсан үйлдвэр. Нийт ажилтан, ажилчдынхаа хөдөлмөрлөх нөхцөл бололцоог сайжруулж, сургалтын танхим, амралтын өрөө, хоолны заал, ачааны лифт зэргийг шийдэж өгсөн. Бараа бүтээгдэхүүн зөөвөрлөх, дээш, доош өргөх зориулалттай хоёр сэрээт өргүүртэй, зөөх үйл ажиллагааг бүрэн хөнгөвчилсөн. Мөн 2020 онд стандартад нийцсэн тоног төхөөрөмжийн нөөцийг хадгалах жишиг гурван давхар 1200 м2 агуулах байраа ашиглалтад оруулсан. Агуулах маань хүнс, хоол үйлдвэрлэлийн зориулалттай тоног төхөөрөмжийн овор хэмжээнээс хамааран 540-700 ширхэг бүтээгдэхүүнийг хадгалах багтаамжтай, 1-3 давхарт дээш доош зөөвөрлөх ачааны лифттэй.

-Хүнс, хоол үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн цогц шийдэл бүхий үйлдвэрлэгч байхаас гадна экспортлогч компани болохоор зорьжээ. Хэзээнээс тоног төхөөрөмжөө экспортлох юм бэ?

-Эхний ээлжид бид гаднын улсаас хараат бус дотоодод шаардагдаж буй тоног төхөөрөмжийн эрэлтийг дотооддоо 100 хувь үйлдвэрлэн нийлүүлэх, экспортын чиг баримжаатай импортыг орлох тоног төхөөрөмжийг шинэ технологиор олон улсын жишигт нийцэхээр чанар, стандартын түвшинд дотооддоо үйлдвэрлэж, бүтээгдэхүүний нэр төрөл, ажлын байрны орон тоог нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийн цар хүрээг тэлж, хамтын хүчээр үндэсний үйлдвэрлэлийн хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмрээ оруулах зорилт тавин ажиллаж байна. Компанийн 2023, 2024 оны төлөвлөгөөнд ОХУ руу нийтийн хоолны тоног төхөөрөмж экспортлох төлөвлөгөө бий.

Үйлдвэрийн даргатай хийсэн уулзалт минь дуусаж, биднийг дагаж үйлдвэрээ танилцуулж явсан ХАБ-ын инженер Б.Нарангэрэлээс үйлдвэрлэлийн осол гардаг эсэх талаар асуувал “Манайх 2020 онд лазерын машиныг үйлдвэрлэлд нэвтрүүлснээр гараар зүсэх, хайчлах, эсгэх зэрэг ажилбаруудаа автоматжуулж, хүнээс үл хамаарах тохирлууд үгүй болсон. Бүтээгдэхүүний гаралт, бүтээмж, цаг хугацаа хэмнэж, тоног төхөөрөмж дээрх наалт хэвлэлийг лазер зүсвэрийн машинаар хийснээр дизайн, өнгө үзэмжид эрс өөрчлөлт орсон. Бүтээгдэхүүний хаягдал жижиг лист ашиглан үйлдвэрлэж болох бүтээгдэхүүнийг судлан үйлдвэрлэдэг. Лазер зүсвэрээр хийсэн бүтээгдэхүүн өнгө үзэмж сайтайгаас гадна гологдолгүй, хаягдлын хэмжээ багассан сайн талтай. ХАБ-ын дүрэм журмаа ягштал барьдаг тул үйлдвэрлэлийн осол гарддаггүй” гэлээ.

Бидний өнөөдрийн сурвалжилга ийнхүү дууссан тул Ц.Бумцэнд захиралтай ахин уулзалт товлоод гэр гэртээ харьцгаав.

АЛСЫН ХАРАА

Алсаас Жанрайсэг бурхны алтан ганжирт хийд тодоос тод харагдах Гандангийн дэнж хавиас их хотын зүг бүр тийш хүн урсгал эргээ зад татах үерийн ус мэт түрхэрнэ. Хүн урсгалыг сөрөн алхах цөөхөн мөргөлчийн араас илүү сартай намрын сүүл сарын хүйтэн цэнгэг агаар залгилан мацаж явна би. Ц.Бумцэнд захирал өрөөндөө байна. Өрөөнд нь зөвшөөрөл аван орж, хувцсаа өлгөх зуураа л эхний асуултаа асуув.

-Өчигдөр таны ярианд жижиг, дунд үйлдвэр гэж дурдагдаж байсан. Нээрээ та ЖДҮ-ийн сангаас зээл авч байв уу, ер нь ямар нэгэн хамтын ажиллагаа байгаа юу?

-За би энэ сангийн чинь талаар нэг юм ярья. Анх жижиг, дунд үйлдвэрийн газраас зээл авч болдог тухай сонсоод үйлдвэрлэлээ өргөтгөх санаатай би нэг төсөл бичлээ.Сайн ч төсөл болсон. Төслөө өгчихөөд л хүлээгээд байлаа. Таг чиг л байв.Тэгж тэгж нэг очоод сураглатал урдаас танай төсөл шалгараагүй ээ л гэдэг юм байна. Дараа нь ахиад нэг төсөл бичээд өгтөл бас л шалгарсангүй. Ингэж байтал Н.Алтанхуягийн Засгийн газрын үед үйлдвэрлэлийг дэмжих 888 төсөл хөтөлбөр зарладаг юм байна. Би ч яах вэ шүүгээнд бэлэн хэвтэж байсан шалгараагүй төслөө нэг их ач холбогдол өгөлгүй нэрийг нь солиод өгчихсөн чинь зээл бүтчихдэг юм байна. Одоо эргээд бодоход нөгөө будилаантай байсан үе нь л юм билээ.

-Одоо ямар нэгэн байдлаар хамтарч ажиллаж байна уу?

-Жижиг, дунд үйлдвэрлэлийн газар, Дэлхийн банкны санхүүгийн дэмжлэгтэй “Экспортыг дэмжих түншлэлийн хөтөлбөр”-ийн хүрээнд гадаадад гаргах бүтээгдэхүүний төсөл хэрэгжүүлж байгаа. Мөн миний удирдах зөвлөлд нь байдаг “Баялаг бүтээгчдийн холбоо” ЖДҮ-ийн газартай хамтарч тендерийн хуульд орох нэмэлт өөрчлөлт дээр ажилласан юм шүү дээ. Тендэрийн хуульд баялаг бүтээгчдийн оруулсан тэр заалтууд Монголын үйлдвэрлэл эрхлэгчдэд бол маш их хэрэгтэй сайхан зүйл болсон. Энэ дээр хамтран ажилласан ЖДҮ-ийн газрын дарга Я.Эрдэнэсайханд талархахгүй байхын аргагүй. Залуу, эрч хүчтэй, үйлдвэрлэгчдээ гэсэн сэтгэлтэй сайн залуу.

-Баялаг бүтээгчдийн санаа бодлыг тусгасан гэхээр мэдээж маш хэрэгтэй заалтууд байж таарна.?

-Чи “Тендерийн хууль” гээд хайж ороод уншаад үзээрэй дотоодын үйлдвэрлэлээ дэмжсэн, үйлдвэрлэгчдийг сонгохоос өөр замгүй мундаг заалтууд бий. Төрийн худалдан авалтын дагуу зарлагдсан тендерт монгол үйлдвэрлэгч орох л юм бол сонгогдсоноос өөрцгүй тийм заалтууд. Яах вэ дээ, төр нь үйлдвэрлэгчдээ дэмжиж байгаа нэг хэлбэр биз дээ.

-Хөл дээрээ тогтсон компаниуд нийгмийн хариуцлагын хүрээнд ийм юм хийлээ, тийм юм хийлээ гэж ярьдаг?

-Нийгмийн өмнө хүлээсэн хариуцлага гэж хувь хүн ч бай ямар нэг аж ахуйн нэгж ч бай байлгүй яах вэ. Манай компани нийгмийн харицлагаа ухамсарлаж 2015 онд 25 жилийн ойгоороо Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн гал тогоонд 25 сая төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмж хандивласан. 2020 онд 30 жилийнхээ ойгоор дэлхийн доноруудын өдрөөр хүндэт 50 донорт дархлаа дэмжих бүтээгдэхүүн, гарын бэлгийг бэлэглэсэн. Манай хамт олон ЦСҮТ-д дөрөв дэх жилдээ цусаа хандивлаж байна. 2020 онд цар тахал гарсантай холбогдуулан ХӨСҮТ-ийн хоол үйлдвэрлэлийн тасагт 30 сая төгрөгийн үнэ бүхий автомашин, гал тогооны тоног төхөөрөмжийг хандивлав. Жил бүрийн эх үрсийн баяраар хорооны хүүхдүүдэд бэлэг өгдөг уламжлалтай. Төрсөн нутаг Өвөрхангай аймагт гуравдугаар сарын 11-нд зохион байгуулсан Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх орчны бохирдлыг бууруулах зорилтот жил “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд амжилттай оролцсон.

-Өвөрхангай аймагт байгуулсан үйлдвэрийнхээ талаар яриач?

-Өвөрхангай аймгийн түүхт 90, 91 жилийн ойн баяр наадмыг тохиолдуулан “Чиглэл” ХХК хүнстэй хүрэлцэхэд аюулгүй айраг, ус, сүү хадгалах, тээвэрлэх зориулалтын зэвэрдэггүй ган савны орон нутаг дахь анхны салбар үйлдвэрээ нээсэн л дээ. Тус аймгийн иргэдийг хуванцар савнаас салгахын тулд Хаан банкны ногоон зээлийн үйлчилгээнд хамрагдах боломжтой болгох зорилт тавьж, есдүгээ сард Хаан банкны ногоон зээлийн мэргэжилтэнд мэдээлэл, танилцуулга тавьж, хоёрдугаар сард үйлдвэртэй танилцаж, тус аймгийн Засаг дарга Ишдорж, ХААН банкны захирал Энхбат нартай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан юм. Өчигдөр би чамд нэг юм ярилгүй мартсан байна билээ. Манай компани саяхан болж өнгөрсөн “Намрын ногоон өдрүүд” Үндэсний үйлдвэрлэлийн нэгдсэн арга хэмжээнд есдүгээр сарын 18- 25-ныг дуустал амжилттай оролцож “Чиглэл” ХХК маань хөнгөн, жижиг дунд үйлдвэрийн салбараас  онцлох шинэ бүтээгдэхүүн номаницад “Шингэн хүнс хадгалах ган сав” бүтээгдэхүүн шалгарсан.

-Өө тийм үү. Сайхан үйл явдал болж. Хоёулаа ярилцлагаа хуванцар савны аюулаар эхэлж байсан хуванцар савыг орлох ган савны тухай яриагаар өндөрлөх үү?

-Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар, Эрүүл мэндийн яам хэрвээ хүнээ боддог л юм бол энэ хуванцар савны аюулыг үндэсний хэмжээнд ярих хэрэгтэй. Миний бодлоор манай компанийн “Хуванцар савнаас ангижиръя, хорт хавдраас сэргийлье” гэдэг энэ уриаг авч ашиглаад үндэсний хэмжээний аян зохион байгуулмаар байна. Аяны хүрээнд ядаж өрх бүрийнхээ ундны усны савыг солиод өгчихмөөр байгаа юм. Яагаад Засгийн газар оролцох ёстой юм бэ гэвэл нэгдүгээрт, иргэдээ эрүүлжүүлэх үндэс суурийг тавина. Хоёрдугаарт, тэр олон мянган өрх айл дотор ган савны үнийг дийлэх айл ч бий, дийлэхгүй нь ч бий. Тэдэнд төрөөс нэг удаа дэмжлэг болгоод үнийн дүнгийн 70 хувийг нь төлөөд 30 хувийг нь өөрсдөөр нь гаргуулаад эвдэрч хэмхэрдэггүй сав суулгатай болгоцгооё.

Нээрээ л бидний яриа хуванцрын хор хөнөөлөөр эхлээд ган савны ашиг тусаар өндөрлөсөн юм. Би бодож сууна. Засгийн газрын бодлого, мөрийн хөтөлбөрт өнөө маргаашаа аргацаах бус ийм бүтээлч төсөл хөтөлбөрүүдийг оруулж, ядуурлыг өөгшүүлж болохгүй гэж татгалздаг байж болох юм. За яах вэ Улаанбаатар хотын иргэдийг ойрын хугацаанд орон сууцжуулаад иргэд зөөврийн ус хэрэглэхээ больчихдог юмаа гэхэд хөдөө орон нутгийн иргэдийг тэр чигээр нь хананаасаа ус нь гоождог, паар нь халдаг, пааландсан жорлонтой, шилэн цонхтой шинэхэн байранд оруулчихаж чадахгүй нь лавтай. Манай “Бүтээлч Монгол” -ын  гол дүр “Чиглэл” ХХК-ийн захирал Ц.Бумцэнд гуайн хуванцар савнаас Монголоо аварчих юмсан гэдэг санааг төр засаг анхааралдаа аваад ганцхан далайлтаар шийдэж чаддаггүй юм бол шат дараалсан арга хэмжээ аваад явчихад “Бээжин сууж байна, би явж байна” гэдэг шиг ямар нэг үр дүнд хүрч л таарна гэж бодогдоод байна даа.

“Чиглэл” ХХК-ийн импортын барааны танилцуулга ширээн дээр байна. Хэн нэгэн сонирхвол тэд лангуу хөргүүр, дээжний хөргөгч , шарах шүүгээ, бэлтгэлийн ширээ, жигнүүр, хоол халуун байлгагч, ясны хөрөө, махны машин, хуушуурын тогоо, ус буцалгагч, газ, угаалтуур, ариутгагч, мах шарагч, дөлөөр хоол халуун байлгагч, хөлдөөгч зэрэг БНХАУ, ОХУ-ын 1000 гаруй нэр төрлийн хүнс, хоол үйлдвэрлэл, гал тогооны тоног төхөөрөмжийг импортоор оруулж ирдэг. Цэцэрлэг, сургууль, эмнэлэг, ресторан, цайны газар, аялал жуулчлалын бааз, мах, гурилын үйлдвэр, гал тогооны бүхий л хэрэгцээг нэг доороос авах боломжийг бүрдүүлж, тоног төхөөрөмжийг дуудлагаар засварлан, хүргэлт хийж цогц үйлчилгээг санал болгодог ажээ.

  ТРАМП ТӨМӨРӨӨ

Эх сурвалж: Монголын үнэн сонин №044/24525/


 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 7 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 10 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 10 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 10 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 10 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 11 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 11 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 11 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 12 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 12 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 12 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 12 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 12 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 12 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 12 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 12 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 12 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 12 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 13 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 13 цагийн өмнө