Коронавирусийн дэгдэлт буурч байсан ч хөл хорио сүйдтэй сулраагүй, хяналт өндөртэй, олон нийтийн арга хэмжээ тэмдэглэх хориотой, бүр монгол түмэн уламжлалт баяр Цагаан сараа хүртэл өргөн хүрээнд тэмдэглэхгүй байх уриатай нэг тийм гуниг төрүүлэм цаг хугацааг бид туулсан. Яг энэ үед буюу 2022 оны хоёрдугаар сард бүр тодруулбал сар шинээр нэгэн өвөрмөц дуу, хоолой бидний сонорыг мялаасан нь The Baatar байсан юм. Энэ бол mongol country урсгал Монголд дэлгэрэхийн эхлэл гэлтэй. Яг энэ мөчөөс хойш The Baatar хэмээх залуу олны танил болж, түүний сонсголонтой дууг сонсох хүний тоо тасралтгүй нэмэгдсээр. Богино хугацаанд шинэ дуу хөгжмийн шинэ урсгалыг дэлгэрүүлсэн The Baatar (Т.Баатар)-тай ярилцлаа. Тэрбээр өнөө орой анхны бие даасан тоглолтоороо сонсогч, фэнүүдтэйгээ уулзана. Түүний дуунд хайр, жаргал, гуниг цөм багтсан.
-Олон хүн таны тоглолтыг хүлээж байсан нь лавтай. Гэнэтийн мэдээ дуулгалаа. Тоглолт хийх шийдвэр хэзээ гарав. Бэлтгэл ажил хэр байна даа. Эндээс ярилцлагаа эхлүүлэх үү?
-Тоглолтын тухай анх өнгөрсөн хавар л ярилцаж байсан юм. Тэр үеийн яриагаар зургадугаар сард хийхээр урьдчилсан байдлаар тохирсон. Гэвч амжихгүй болоод намар болгож хойшлуулсан. Гэхдээ арваннэгдүгээр сарын 11 гэдэг өдрийг тогтоогүй байсан. Яг нэг сарын өмнө ярилцаад “Ерөөсөө энэ өдрийг сонгоё” гээд л шийдлээ. Намар хийх нь ойлгомжтой. Үүнээс хойшлуулахгүй гэдэг шийдэлтэй. Ер нь олон хувилбар байснаас 11-ний өдөр дээр тогтсон. Уулзах газар нь “Зайсан хилл”. Өнгөрсөн хоёрдугаар сард анхны дуугаа хүргэснээс хойш тоглолт хийх саналыг маш олон хүн ирүүлсэн. Ямар ч байсан тоглолт хийнэ гэдэг бодолтой ч түүнийгээ дотроо л хадгалаад яваад байлаа. Сошиал орчинд огт зарлаагүй байж байгаад гэнэтийн бэлэг барьж байна даа. Тоглолтдоо цомогт багтсан 10 дуунаас гадна саяхан клипээ цацсан “Бөгж”, мөн цоо шинэ хоёроос, гурван дууг бэлэг болгон дуулна.
-Тоглолтын нэр “Сэтгэл нэрнэ” шүү дээ. Ямар утга агуулгатай юм бэ?
-“Сархад” дууны шүлэгт байдаг. “Чимчигнэх уруул нь сэтгэлийг минь нэрнэ” гэж шүлэглэсэн. Энэ үгнээс онцолж цомог болон тоглолтоо нэрлэж байгаа юм. Ерөнхийдөө “Сэтгэл нэрнэ” цомгийн танилцуулга тоглолт шүү дээ. Бид монгол хөгжмийн ертөнцөд кантри (country) урсгал дутуу байгааг олж харсан. Тиймээс үүнийг эх орондоо дэлгэрүүлэхдээ монгол хэв маягийг хослуулж “mongol country music” гэсэн шинэ урсгал оруулж ирлээ. Энэ урсгалаар хийсэн хамгийн анхны бүтээл бол “Сархад” дуу юм. Харин анхны цомог маань “Сэтгэл нэрнэ”. Тэр утгаараа энэ цомгоо олон нийтэд дэлгэрэнгүй байдлаар танилцуулж, тайлагнаж байна гэж ойлгож болно.
-Анхны том тоглолт шүү дээ. Том тайзан дээр илүү олон үзэгчийн өмнө гарна. Хэр их сандарч байна вэ?
-Зарим үед балмагдаж байна. Нөгөө талаар тайзан дээр гарч үзээгүй биш гэсэн зориг үнэртэж байна. Цаг тулахаар яахыг ёстой хэлж мэдэхгүй юм. Сандрал, догдлол тухайн цаг үедээ л илүү мэдрэгдэх байх. Өнөөдрийн байдлаар бэлтгэлээс өөр зүйлд анхаарал хандуулах завгүй л явна. Урлагийн хүмүүсийн хувьд тайзан дээр гарахын өмнөх мэдрэмж, дараа нь үзэгчдийн алга ташилт ямар байгаа нь илүү чухал байдаг. Алга ташилт ихтэй байвал аз жаргалтай болж байна гэсэн үг. Сайхан уур амьсгалтай тоглолт болно гэдэгт итгэлтэй байна.
-Энэ урсгалыг дэлгэрүүлэх санаа хэнээс гарав?
-Монгол Улсын баатар Э.Бат-Үүлтэй шууд холбоотой. Тэр хүн дуу хөгжим их сонсдог. Гаднын амьд хөгжим, пянз их сонсоно. Урлагт дуртай болоод ч тэр үү 10-аад жилийн өмнө кантри урсгалыг Монголд дэлгэрүүлэх санааг олсон юм билээ. Улмаар 2020 онд миний дуунуудыг зохиогч Quiza буюу Батцэнгэл, Мөнхболд ах нарт санаагаа уламжилснаар анхны бүтээл мэндэлсэн.
-Коронавирусийн цар тахал бүрэн арилаагүй. Хөл хориог ч гүйцэд цуцлаагүй. Цагаан сарыг өргөн тэмдэглэхгүй гэх мэт олон шалтгаанаар иргэдийн амьдрал стресс ихтэй, уйтгартай байсан шүү дээ. Яг энэ цаг үед таны уран бүтээл цэнхэр дэлгэцээр гарч бага ч гэсэн гэрэл гэгээ нэмсэн гэдэгтэй олон хүн санал нийлэх биз. Тэр үеэ эргээд дурсвал?
-Зарим дуу нь ковид сураггүй байхад зохиогчдод дууны захиалга ирсэн байгаа юм. Эхний ганц, хоёр дууг гаргасны дараа ерөөсөө бүтэн цомог болгохоор шийдэж, ажлаа эхлүүлтэл ковид гарсан. “Сэтгэл нэрнэ” цомогт багтсан 10 дууны тал нь ковидын үед төрснийг зохиогч ярьж байлаа. “Зураглал” гэдэг дуу бол бодит жишээ. Quiza ах хөл хорионд гэртээ “Хүрээлэн” төслийг үзэж байхдаа шүлгийнхээ санааг олсон гэдэг. Миний хувьд ч ковидын үед зарим дуугаа бичүүлсэн. Цацахад ч ковид нөлөөлсөн. Уг нь 2021 онд багтаан шинэ бүтээлээ цацахаар төлөвлөсөн ч цар тахлаас шалтгаалаад хойшилж, өнгөрсөн хоёрдугаар сард цацсан нь тэр.
-Хатуу дэглэмийг давж, хөл хорио бага зэрэг суларсан байх үед шинэ уран бүтээлүүд шил шилээ даран цацагдсан. Ямар санагдаж байв. Хүмүүс хэрхэн хүлээж авах бол гэж эмээж байв уу?
-Телевизээр тоглолтын бичлэг цацахад хөл хорио харьцангуй суларсан, аятайхан болсон байсан үе. Шинэ урсгал, шинэ дуу, цаашилбал бүхэл бүтэн цомгоо тэр чигт нь танилцуулна гэж бодохоор айдас, эргэлзээ байлгүй яах вэ. Хүмүүс яаж хүлээж авах бол гэдэгт эмээсэн. Хоёр жил иргэд интернэт ухахаас өөр онцын ажилгүй байсан үед дуугаа цацаж олны хүртээл болгосон. Өнцөг нь гоё таарсан болов уу гэж боддог.
-Миний хувьд таны “Сархад” дуунд дуртай. Өдөрт нэг удаа заавал сонсдог дууны тоонд багтдаг. Энэ дуу хэрхэн бүтсэн бол?
-Үнэнийг хэлэхэд би бол дуулсан дуучин нь. Дуу бүтсэн түүхийг зохиогчид ярих нь илүү сонин байх болов уу. Гэхдээ нэгэнт би дуулж байгаа юм чинь дуутайгаа танилцана. Надад их таалагдсан. Монголчуудын тогоо нэрэх зан үйл, зөв төрхтэй монгол бүсгүйг магтан дуулсан дуу юм. Тухайн монгол эмэгтэйн тогоо нэрж байгаа агшин нь тэр чигээрээ таалагдсан хэрэг. Хүмүүс энэ дууг архины тухай, архийг сурталчилсан дуу гэж ойлгодог. Бүгд биш ч цөөн тооны бүлэг масс байна.
Тэгвэл энэ нь огт архи дарс сурталчилсан дуу биш. Архитай холбож тайлбарлах хэрэггүй. Монгол ёс заншлыг л харуулж байна. Эцсийн дүндээ бүсгүй хүнийг магтаж байгаа дуу. “Сэтгэл нэрнэ” гэдэг нь юу гэсэн үг вэ. Зохиогч, дуулж буй дуучны сэтгэлийг тогоо нэрж байгаа бүсгүй хөдөлгөсөн л хэрэг.
Сонсогчдын ихэнх нь эергээр хүлээж авсан ч буруу сурталтай дуу болгож шүүмжилсэн цөөнх байна. Тэдэнд хандаж хэлэхэд энэ дуунд огт архи сурталчлаагүй. Тогоо нэрэх гэдэг чинь монголчуудад эртнээс уламжилж ирсэн ёс юм. Тогоо нэрэх бол том соёл шүү дээ.
-Таны дуулсан бүх дуу Quiza, Мөнхболд нартай холбоотой юм байна. Та гэрээ байгуулсан уу?
-Мэдээж гэрээ бий. Би “Сонор” рекордсын гэрээт дуучин юм. Quiza, Мөнхболд ах нар ч мөн дээрх студитэй хамтран ажилладаг. Нэг ёсондоо төлөвлөгөөт ажил.
-Хамгийн сүүлд Э.Оюутай хамтарч нэг шинэ дуу гаргажээ. Сонсголонтой юм билээ. Энэ бүтээлийн талаар?
-Цомогт ороогүй сингл дуу. “Бөгж” бол хуримын тухай дуу. Хамгийн сүүлд шинээр хуримын дуу хэзээ мэндэлсэн юм бол. Хавьд лав шинэ тийм дуу сонсоогүй. Одоогоор Оюутай хамтран дуулсан “Бөгж”-ийг хуримын отгон дуу гэж хэлж болно.
-Оюутай дуулах саналыг хэн тавив?
-Хэнтэй дуулах эсэхийг зохиогч ах нар шийднэ. Би дурын хүнээ сонгож дуулахгүй. Надтай хамтарч дуулах санал ирдэг ч би шийдвэр гаргадаггүй. Ах нар л шийднэ. Миний хувьд дуугаа хүмүүст хүргэх л чухал. Бусад зүйлийг ах нар сайн зохицуулдаг шүү. Мэдээж надаас санал асууна, зохицол ямар байгааг хардаг. Оюу бидэнтэй ойр ажилладаг учраас түүнийг хамтрагчаар сонгосон юм. Клипээ цацсанаас хойш олон сайхан эерэг сэтгэгдэл хүлээж авсан. Хоолойны зохицол яг гоё таарч байхаас эхлээд. Клипэн дээр хуримаа хийчихсэн хоёр шүү дээ.
-Цомогт орсон дуунуудаас хоёрыг нь л клиптэй болгосон байна. Бусад дууны клипийг хэзээ хийж цацах вэ?
-“Хайр оргилно”, “Зураглал” гэсэн хоёр дуугаа клипжүүлсэн. Дөнгөж өчигдөр “Сархад” дууныхаа клипийг олон нийтэд цацлаа. Ерөнхийдөө “Сэтгэл нэрнэ” цомгийн ихэнх дууг дүрстэй болгох зорилготой л явна.
-Хувцаслалт анхаарал татаж байгаа. Дуулдаг дууныхаа хэв маягт тохируулж байна уу?
-Урсгалдаа зохицуулж байгаа ойлголт юм. Нүүрээ будаж, ковбой хувцас өмсөх саналыг “Централ” телевизийн захирал Б.Анхбаяр ах гаргасан. Цагаан сараар хэрхэн хамтрах талаар ярилцаж байхад Анхаа ах “Хувцаслалт нэн тэргүүнд анхаарах ёстой зүйл. Цагаан сар учраас хүн бүр дээл, монгол цамц өмсдөг. Тиймээс арай өөр, өвөрмөцөөр шийдэх хэрэгтэй. Бүх телевизээр ижил хувцаслалттай, өнгө төрхтэй нэвтрүүлэг цацагдана. Тэднээс онцгой байх ёстой. Шинэ урсгал, шинэ дууг хүргэх гэж байгаа учраас хувцсаараа онцгой байх ёстой” гэсэн. Ингэж ярилцсаны дүнд ковбой хувцас өмссөн. Харин нүүр будалтыг зураг авахын өмнөх өдөр шийдсэн. Миний хувьд “Боохой монголиа”-гийн хувцсаар гангарах дуртай. Миний имижид тохирдог учраас сонгосон хэрэг.
-Тоглолт ямар байгаасай гэж бодож байна вэ?
-Миний тоглолтыг үзэхээр зорин ирсэн үзэгчид маань уйдахгүй байгаасай. Энэ бол гол зорилго. Тэднийг уйдаахгүйн төлөө би хичээх болно. Уйдаахгүйн тулд би “Зайсан хилл”-ийг сонгосон. Магадгүй зүгээр дуулаад өнгөрвөл “Улаанбаатар палас”, “Бөхийн өргөө”-г сонгож болно шүү дээ. Би өөрийгөө тунхаглах сонин биш. Хамгийн гол нь энэ урсгалыг танилцуулах хамгийн анхны тоглолт гэдэг утгаараа өндөр хариуцлага мэдэрч байна. Хүмүүс миний тоглолтыг ойлгоод сэтгэлийн сайхан таашаал эдлээсэй гэж хүснэ дээ.
-Би буруу сонсоогүй бол уртын дуучин мэргэжилтэй гэв үү?
-Тийм ээ, 2015 онд Хөгжим бүжгийн консерваторыг Ардын жүжигчин Б.Түвшинжаргалын удирдлага дор төгссөн. Тэр цагаас хойш урлагийн тогоонд явна даа. Харин кантри урсгал руу халтираад орно гэж төсөөлж явсангүй. 2015 оноос өнөөдрийг хүртэл Үндэсний урлагийн их театрын уртын дуучнаар давхар ажиллаж байна даа.
-Уртын дуучны төрөл жанраа өөрчилсөн түүх бас сонин л санагдах юм даа?
-Манай шинэ урсгалын гол концепц нь гаднын хөгжмийн урсгал дээр монгол дууны арга барилыг хоршуулах санаатай юм. Ардын урлагийн хүн кантри урсгалаар дуулна гэж огт бодоогүй явсан. Одоо л урсгалынхаа талаар бага зэрэг ойлголт төрж, дасаж эхэлж байна. Цаашид энэ урсгалаар олон бүтээл гаргана.
-Цаг гаргаж ярилцсанд баярлалаа. Уран бүтээлийн амжилт хүсье?
-Юун түрүүнд та бүхний сонорт хүргэж буй уран бүтээлийг хүлээж сонсдог болсон ард түмэндээ баярлалаа. Та нарыгаа уйдаахгүйн төлөө хичээнэ. Шинэ бүтээлээр таслахгүйн төлөө хөдөлмөрлөсөөр байх болно. Мөн бидний тоглолтоо хийх энэ билэг дэмбэрэлтэй сайхан өдөр “Монголын үнэн” сонины маань 102 жилийн ой тохиож байгаад бэлгэшээж, олзуурхаж байна. Та бүхэнд түүхт ойн баярын мэнд хүргэе. Бүгдээрээ нэг оройг амьд хөгжимтэй, шинэ дуунуудтай өнгөрөөгөөрэй.
Б.Мөнхзул
Эх сурвалж: Монголын үнэн сонин №044/24525/