Цаг хугацаа хувьсан өөрчлөгдсөн ч моодноос гардаггүй, хамгийн дэгжин загварлаг, үнэ цэнтэй харагдуулдаг, маш их хөдөлмөрийн үр дүнд бий болдог гэдгээрээ арьсан эдлэл бүх цаг үеийнхний анхаарлын төвд байж ирсэн. Бат бөх, халуун, хүйтэн температурын алинд ч тэсвэртэй, эдэлж хэрэглэхэд биеийн хэв маягт нийцдэг, байнгын арчилгаа шаарддаггүй арьсан эдлэл зөвхөн анчид болон эрчүүдийн өмч байхаа больж бүсгүйчүүдийн ч түгээмэл хэрэглээ болжээ.
Хөдөө аж ахуйд суурилсан эдийн засагтай манай улсын хувьд мал, малын түүхий эд, арьс шир боловсруулах үйлдвэрүүд цөөдөж буй ч арьс, арьсан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг ЖДҮ-үүд үйл ажиллагаагаа явуулсаар байгаа юм. Тэдгээрийн нэг болох, арьсан эдлэлээр дагнасан, зөвхөн эрчүүдэд зориулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг “Арми брэнд”-ийг “Монголын үнэн” сонин БҮТЭЭЛЧ УРЛАН буландаа онцолж байна.
Брэндийг үүсгэн байгуулагч О.БААТАРЧАГНАА ШУТИС-ийг нэхмэлийн дизайнер мэргэжлээр төгссөн. 2019 онд бие даасан брэндээ гаргаж эхэлжээ. “Арми брэнд” зах зээлд худалдаалагдаад хоёр жил болж байгаа ч захиалга борлуулалт тун дажгүй. МИАТ компанийн ачаа, тээврийн үйлчилгээний ажилчдын аюулгүйн бүс, ТЕГ болон УИХ-ын Тамгын газрын захиалгаар альбомны хавтас, нэрийн хуудасны гэр, “Жигүүр гранд” компани зэрэг олон аж ахуйн нэгжээс бэлгийн багцын захиалга авч, зах зээлд нийлүүлжээ. Зөвхөн эрчүүдэд зориулан урласан тус компанийн бүтээгдэхүүн өнөөдөр зах зээлд хамгийн эрэлттэйд тооцогдож байна.
-Хэзээнээс арьсан эдлэл урлаж эхэлсэн бэ. Өөрийн брэндийг бий болгох хүртэл урт хугацаа зарцуулсан уу?
-Би ШУТИС-ийг нэхмэлийн дизайнер мэргэжлээр төгссөн. Энэ бол нэхмэл болон оёдол, зураг, зээгт наамал зэрэг олон төрлийн мэдлэгтэй болж төгсгөдөг мэргэжил. Энэ нь намайг арьсан эдлэл рүү ороход нөлөөлсөн. Сургуулиа төгсөөд Б.Түвшинтөгс гэдэг хүнд шавь орж, багштайгаа хамт ажиллаж эхэлсэн. Багш маань ангийн чиглэлийн арьсан эдлэл хийдэг, төрийн томчуудын арьсан эдлэл, хэрэглэл бүрийг үйлдвэрлэдэг хүн байсан. 2013 онд багш маань өөд болж, би MR арьсан эдлэлийн үйлдвэрт дизайнераар ажилласан.
-Яг брэндээ үйлдвэрлэж эхэлсэн цаг хугацаа нь “Ковид-19” цар тахлын үетэй давхацсан байна лээ. Яагаад ийм шийдвэр гаргах болсон юм бэ?
-MR гэж арьсан эдлэлийн үйлдвэрт дизайнераар ажиллаж байхдаа би гэрээрээ өмдний тэлээ, түрийвч үйлдвэрлэдэг байсан. Ажлаа хийх, өөрийнхөө юмыг хийх гээд хоёр талд өөх ч биш, булчирхай ч биш гэдэг шиг завсардаад байсан учраас өөрийн гэсэн үйлдвэртэй болох нь зөв гэж шийдсэн. 2019 оны зун, наадмын өмнө ФБ хуудсаа нээгээд Халх голын 90 жилд зориулан ойн лого, тэмдэгтэй хавчуургатай түрийвч, тэлээ, жижиг паскан цүнх, түлхүүрийн оосроос бүтсэн “Халх гол” багцаа гаргасан. Энэ загвар хүмүүст их хүрсэн учраас өөрийн үйлдвэрлэлээ өргөжүүлж эхэлсэн. Үүний дараа 2020 оны гуравдугаар сарын нэг өдөр шөнө 2-3 цаг хүртэл ФБ сүлжээнд сууж, Цэргийн баярын бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх маш олон захиалга авсан ч өглөө долоон цагт сэрэхэд Францын иргэнээс “Ковид-19” халдвар илэрч, хөл хорионд орчихсон. Тухайн үедээ хэцүү байсан ч өөрийн үйлдвэрээ нээх бодлоосоо ухраагүй.
-Үйлдвэрлэл эрхлэхэд багагүй хэмжээний мөнгө шаардагдана. Хөрөнгийн эх үүсвэрээ хэрхэн шийдсэн бэ. ЖДҮ-ийн зээл гэх мэт боломжууд бас бий. Үүнийг ашиглаж чадаж байна уу?
-Надад арьсан эдлэл хийхэд шаардлагатай хэд хэдэн тоног төхөөрөмж байсан. Дээр нь Солонгост байдаг ахаасаа хөрөнгө оруулалтын дэмжлэг авч, эсгүүрийн машин болон арьсаа татан авч байсан. Манайх энэ оны эхнээс аж ахуйн нэгж болж үйл ажиллагаа тэлсэн. Үүнийхээ дараа бизнесийн зээл болон ЖДҮ-ийг дэмжихээр зарлагдсан хөнгөлөлттэй зээлээс авсан. Брэндээ Оюуны өмчийн газраар баталгаажуулан, зах зээлд нийлүүлж байна.
-Арьсан эдлэл, Баатарчагнаа хоёрыг салгаж ойлгохооргүй болсон гэж хэлж болох уу. Арьсан эдлэл урлалыг ер нь хаана илүү сайн сурсан гэж хэлэх вэ?
-Хүн ер нь яах аргагүй л хийгээд сурсан юмаа хийж эхэлдэг юм билээ. Багшийгаа нас барсны дараа би нэг хэсэг хөдөө амьдарч үзсэн. Манай багш надад “Би чамд цалин өгч байна. Гэхдээ хэдийг өгөх нь чухал биш. Энэ бол чиний амьдралыг олгож байгаа хэрэг” гэж хэлдэг байсан. Бүс хийхийг би Б.Түвшинтөгс багшаасаа сурсан. Түрийвчийг бол MR арьсан эдлэлийн үйлдвэрт хамт ажиллаж байсан багшаасаа сурсан. Бүр хуучин Булигаарын үйлдвэрт ажиллаж байсан багш маань одоо манай үйлдвэрт ажиллаж байгаа.
-Брэндээ яагаад “Арми” гэж нэрлэсэн юм бэ?
-Зөвхөн эрчүүдэд зориулсан бүтээгдэхүүн, загварууд үйлдвэрлэдэг учраас. Нөгөө талаар арми гэдэг үг хамтач үзэл санаа, эв нэгдлийг илэрхийлж байдаг болохоор ийм нэр оноосон.
-Танай олон төрлийн бүтээгдэхүүн дотроос хуучны Төрийн сүлдтэй түрийвч содон харагдаж байна. Яагаад аль эрт хэрэглээнээс гарсан Төрийн сүлдийг орчин цагийн загварт шингээж өгсөн юм бол?
-Би өөрөө хуучны юманд их дуртай. Тэгээд энэ сүлдийг сонгож түрийвчинд шингээж өгсөн юм. Энэ загвар маань хүмүүст их хүрсэн. Манай шилдэг борлуулалттай бүтгээдэхүүний нэг. Анзаараад байхад “Ковид-19” цар тахлын дараа хүмүүс “Үндэсний үйлдвэрлэлээ дэмжинэ” гэсэн хандлагатай болсон нь сайхан санагдаж байгаа. Манай энэ загварыг 25-35 насны залуучууд их авдаг. Хөгшчүүд бор өнгийг сонгодог бол залуучууд хар өнгөний сонголт хийдэг.
Д.Жаргалан
Эх сурвалж: Монголын үнэн сонин №044/24525/