Н.Лхагвадорж: Сэлэнгэчүүд “Хүнсний хангамж, аюулгүй байдал” хөдөлгөөнийг дэмжиж ажиллана

unen
17 цагийн өмнө

Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадоржтой ярилцлаа.

-Сайхан өвөлжиж байна уу. Юуны өмнө аймгийнхаа тухай болон өөрийгөө манай уншигчдад товч танилцуулна уу. Энэ нутгийн хүн гэж сонссон?

-Сайхан өвөлжиж байна. Сэлэнгэ аймаг 91 жилийн түүхтэй, өнгөрсөн жил 90 жилийн ойгоо тэмдэглэсэн. 17 сумтай, 108 мянган хүн амтай, улсын нийслэлтэй 300 гаруй км  хар зам болон төмөр замаар холбогдсон, дэд бүтэц сайн хөгжсөн аймаг гэхэд болно. Би Мандал сумын Засаг даргаар таван жил ажилласан.  МАН-ын Бага хурлын гишүүн.

-Сэлэнгэ аймаг бол тариа­лангийн бүс нутаг. Энэ жил ургац хураалт хэдэн хувьтай байна вэ.  Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Хүнсний хангамж аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн Сэлэнгэ аймагт хэрхэн өрнөж байна вэ. Тариаланчдад улсаас жил бүр дэмжлэг үзүүлж байгаа?

-Тийм ээ, Сэлэнгэ аймаг бол тариалангийн бүс нутаг тул  улсын нийт үр тарианы хэрэгцээний 50 хувь, хүнсний ногооны хэрэгцээний 30 хувийг хангадаг. Энэ жил аймгийн хэмжээгээр ургацаа 100 хувь хурааж дууссан. Сэлэнгэчүүд бүх төрлийн хүнсний ногоо тарьж аймгийнхаа хэрэгцээнд  төдийгүй Дархан, Улаанбаатарт нийлүүлж борлуулдаг. Харин ногоочдод тулгарч буй нэг асуудал бол ногоогоо хадгалах зоорь дутагдалтай. Аймгийн хэмжээнд 36 мянган тонн ногоо, хүнс хадгалах зоорь бий. Энэ нь хангалттай биш юм. Өөрөөр хэлбэл, зоориныхоо хэмжээнд тааруулж хүнсний ногоогоо тариалж байна. Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг Сэлэнгэчүүд дэмжин хүлээж авсан. Ургац, хүнсний ногооны тариалалт, хураалт, махны чиглэлдээ онцгой анхаарч ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Тариаланчид ч дэмжиж байгаа. Цаашид тариалангийн бүс нутагт эрчимжсэн болон хагас суурин мал аж ахуйг хөгжүүлэх, газар тариалангийн үйлдвэрлэлд шинэ технологи нэвтрүүлэх, хүлэмж болон зоорины хангамжийг нэмэгдүүлэхэд анхаарч байна. 2022 онд ХАА-г дэмжих зээлийг үр тарианы 111 аж ахуйн нэгж, иргэнд олгоод хэрэгжилтэд нь  хяналт тавиад явж байна.

-Үр тариа, хүнсний ногоогоор нийслэлийн иргэдийг хангах талаар Нийслэлийн ЗДТГ-тай санамж бичиг байгуулсан гэсэн?

-Тийм ээ, Хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Сэлэнгэ аймгийн хувьд нийслэлийн үр тариа, хүнсний ногооны  хэрэгцээг бүрэн хангаж чадах  техник, талбай, хүний нөөц бүрэн бий. Гагцхүү  тарьсан  хүнсний ногоогоо хангалттай хэмжээнд хурааж хадгалах зоорь агуулах л дутагдалттай. Энэ тал дээр нийслэлийн удирдлага, холбогдох аж ахуйн нэгжүүд дэмжинэ гэдэгт найдаж байна. Нөгөөтэйгүүр Сэлэнгэчүүд мод үржүүлдэг. Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 24 сая  ширхэг мод бут тарьж техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийсэн. Цаашид  50 сая хүртэл мод бут тарьж улмаар нийслэлд нийлүүлэх, бас бүх төрлийн жимсний мод ч нийлүүлэх боломжтой.

-Нийслэлд мах нийлүүлэх талаар та дурдлаа. Сэлэнгэ аймаг  хэчнээн сая толгой малтай вэ?

-Нийслэлийн хэрэгцээнд мах нийлүүлэх боломжтой гэж харж байгаа. Сэлэнгэ аймаг 1.9 сая толгой малтай. 2022 онд аймгийн хэмжээнд малын өвчлөл гараагүй нь бидэнд найдвар төрүүлж байна. Малчдаас авч буй малын хөлийн татварын 30 хувийг  малаа эрүүлжүүлэхэд зарцуулахаар төлөвлөөд байна. Малаа эрүүл байлгаснаар махны чанарыг сайжруулж дотоодын хэрэгцээгээ хангахаас гадна гадагш экспортод ч  нийлүүлэх боломжтой. Ингэснээр малчдын амьдралын чанар ч дээшилнэ. Малчид тариаланчид, ногоочдын  нийлүүлэх үнэ ч тогтворжино гэсэн үг.  Өөрөөр хэлбэл, Сэлэнгэ мах, Сэлэнгэ сүүгээ брэнд болгож нарийн, нарийвтар ноост хонь үржүүлэх төсөл бас хэрэгжүүлнэ.

-Орон нутагт иргэд тохь тухтай орчинд ажиллаж амьдрах ёстой. Тухайлбал эмнэлэг, сургууль, цэцэрлэг, тохилог орон сууцнаас чанартай үйлчилгээ авч байх, бас цалин урамшуулал... Засгийн газраас зарим арга хэмжээг авч буй. Сумдад мэргэжилтэй боловсон хүчний хүрэлцээ хэр байна?

-ОХУ-ын Буриад улстай боловс­рол, соёл эрүүл мэнд, худалдаа эдийн засаг, хүмүүнлэгийн чиглэлээр хамтран ажиллах хэлэлцээр хийсэн. Тухайлбал, Улаан-Үд хотын Цөмийн энергийн хавдрын эмнэлэгт Сэлэнгэ аймгийн иргэдийг үзлэг оношилгоонд хөнгөлөлттэй үнээр хамруулах, эмч мэргэжилтнүүдийг давтан сургах зэргээр хамтран ажиллана.  Мөн Хавдар судлалын үндэсний төвийн  жишиг төвийг аймагтаа байгуулахаар зорьж байна. Түүнчлэн  Гуравдугаар төв эмнэлэг, Нэгдүгээр төв эмнэлэг, “Сонгдо” эмнэлэгт эмч мэргэжилтнүүдээ сургаж дадлагажуулах, иргэдээ эмчилгээ, үзлэг оношилгоонд хамруулж ажиллаж байна. Мөн АШУҮИС-д  таван оюутныг эмчээр, нэг эмнэлгийн ажилтныг бэлтгэхээр гэрээ хийж төсвийг нь ЗДТГ-аас гаргахаар төлөвлөөд байна. Баянгол, Сант, Жавхлант, Цагааннуур, Алтанбулаг сумын ЭМТ-д аж ахуйн аргаар орон сууц барьсан. Мөн “Дэзэрэт”  ОУ-ын энэрлийн байгууллага Сэлэнгэ аймгийн эрүүл мэндийн  байгууллагад 122.3 сая төгрөгийн хөрөнгө оруулалт бүхий “Нярайн шарлалтын эмчилгээний тоног төхөөрөмж” нийлүүлсэн нь  нярайн эндэгдэл буурахад нөлөөлнө. Мандал суманд Хүчилтөрөгчийн үйлдвэр байгуулан ажиллуулж байна. Аймгийн нэгдсэн эмнэлэгт мэс заслын “Вакум хагалгааны өрөө”-г тохижуулах, дурангийн мэс заслын иж бүрэн тоног төхөөрөмжийн шинэчлэл хийх, өрхийн ЭМТ-үүдэд лабораторийн тоног төхөөрөмжийг шийдвэрлэх,  бүх шатны эмнэлгүүдэд тусгай хэрэгцээт иргэн, хүүхдийг эмчлэх, сувилах, сэргээн засах өрөөг тохижуулах, сумдын эрүүл мэндийн төвд шүдний кабинетыг байгуулах ажлыг хэрэгжүүлж байна. Одоогоор Сэлэнгэ аймагт  93 эмч  мэргэжилтэн дутуу байна.

-Боловсролын салбарт багш нарын хүрэлцээ ямар байна вэ?

-Боловсролын салбарын тухайд аймгийн 35 сургууль, 43 цэцэрлэг, гурван МСҮТ-д  нийт 1628 багш ажиллаж байна. “Монголын алт” ХХК-ийн 100 хувийн хөрөнгө оруулалтаар дэлхийн жишигт нийцсэн 960 хүүхдийн хичээлийн байрыг ашиглалтад оруулсан. ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улсын тэргүүн Алексей Самбуевич Цыденовтой хийсэн хэлэлцээрээр Сэлэнгэ аймгаас гаралтай монгол оюутнуудыг Буриад улсын их, дээд сургуульд эхний болон төгсөх  жилд нь сургах асуудлыг тохиролцоод байна. Мөн МУБИС-тай багш сургах, давтан бэлтгэх талаар гэрээ байгуулан ажиллаж байна. Зарим сумын ЗДТГ  багш мэргэжлээр суралцаж байгаа оюутнуудыг төгсөөд сумандаа ажиллах нөхцөлтэйгөөр сургалтын төлбөрт нь зохих хөнгөлөлтийг үзүүлж  байна. Цаашид иргэдээ чанартай боловсрол эзэмших тэгш боломжоор хангах үүднээс зарим сургуулийн дэд бүтцийг шийдэх  ажлыг улс, орон нутгийн төсвийн эх үүсвэрээр санхүүжүүлэх юм. Үүнд хоёр  сургууль, хоёр дотуур байрыг төвлөрсөн болон бие даасан ариун цэврийн байгууламжтай болгоно. Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдийн сурах орчин нөхцөлийг нэг сургууль, нэг цэцэрлэгт бүрдүүлнэ. Сүхбаатар сумын дөрөвдүгээр багт 200 хүүхдийн цэцэрлэг, Цагааннуур суманд 320 хүүхдийн суудалтай хичээлийн барилга ашиглалтад оруулж, сургууль, цэцэрлэгийн сүлжээний дэд бүтэц, тоног төхөөрөмжийг сайжруулах ажлууд хийгдэнэ.

Дээрх арга хэмжээг хэрэгжүүлснээр багш нарын ур чадвар дээшилж, сурагчдын сурах орчин сайжирч үнэлгээг олон улсын аргачлалаар үнэлдэг болохоос гадна нийгмийн эмзэг бүлгийн хүн амд чиглэсэн боловсролын үйлчилгээг үзүүлж, сургууль цэцэрлэг, дотуур байрыг ариун цэврийн байгууламжаар хангах юм. Гэвч өнөөдрийн байдлаар  22 сургуульд 47 багш дутагдалтай байгааг хэлэх нь зүйтэй.

-Сэлэнгэ аймагт хөгжлийн гарц гэж хэлж болохуйц хүн ам олонтой, дэд бүтэц сайн хөгжсөн сумд бий. Орон нутагт ажилгүйдэл хэр байна вэ, энэ талаар  хийж буй ажлаасаа дурдах уу. Халамжаас хөдөлмөрт шилжих бодлого хэрэгжиж байна уу?

- Тийм ээ,  гэхдээ сум бүрд зайлшгүй халамж хүртэх шаардлагатай хэсэг иргэд байхад байнга халамж хүртэх ашиг сонирхол бүхий иргэд ч бас бий. Тиймээс Халамжаас хөдөлмөрт шилжих бодлогыг иргэдийн орлогыг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд хэрэгжүүлж байгаа. Үүнээс зорилтот бүлгийн өрх, иргэнийг нийгэмшүүлэх, хамт олны бүлэг бүрдүүлэх, орлогын эх үүсвэртэй болгох, амьдрах ухаанд сургах зорилгоор эргэн төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр 2,0 сая хүртэлх төгрөгийн төсөл хөтөлбөрт хамруулсан.

Хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд хамрагддаг 14 өрхийн 43 иргэн төсөл хөтөлбөрт хамрагдаж өрхийн амьжиргаагаа дээшлүүлсэн байна. Эдгээр өрх нь өрхийн үйлдвэрлэл эрхэлж өөрсдөдөө ажлын байр бий болгосон тул  2023 оны нэгдүгээр сараас хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнээс бүрэн түдгэлзэх юм. Төсөл хөтөлбөрийн хүрээнд хөдөлмөрийн насны 27 иргэнийг байнгын, 21 иргэнийг түр ажлын байраар хангаж, бүлгийн зохион байгуулалттай ажилд хамруулснаар  өрхийн орлогыг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлж, амьжиргааны түвшинг дээшлүүлэхэд дэмжлэг болсон.

2022 онд ажил олгогчоос сул чөлөөтэй 1322 ажлын байранд 964 иргэн байнгын болон улирлын түр ажлын байранд зуучлагдсаны 43.6 хувь буюу 420 нь эмэгтэйчүүд байна. 2022 онд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөр, арга хэмжээнд 1376 иргэнийг хамруулсан байна.  Үүний дүнд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрийн хүрээнд 139 байнгын ажлын байр, 322 түр ажлын байр  бий болгон ажилласан. Цаашид хөдөлмөр, нийгмийн хамгааллын тогтолцоог сайжруулж, хөдөлмөр эрхлэлтээр дэмжигдсэн дундаж  давхаргын хүрээг өргөжүүлэхэд чиглэсэн арга хэмжээнүүд нь улс, орон нутгийн төсвийн эх үүсвэрээр санхүүжигдэх бөгөөд энэ хүрээнд нийгмийн даатгал болон нийгмийн халамжийг зорилтот бүлэгт чиглүүлэх эрх зүйн шинэчлэл хийгдэж бүртгэл, мэдээллийн тогтолцоо цахимжих юм. Үүнийг хэрэгжүүлснээр хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ялангуяа өрхөд үйлдвэрлэл эрхлэх, аж ахуйгаа хөтөлж, ажлын байраа өргөжүүлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх боломж бүрдэж  халамжаас-хөдөлмөр эрхлэх иргэдийн тоо нэмэгдэж, улмаар өрхийн гишүүд ажил, орлоготой байх нөхцөл бүрдэнэ.

-Сэлэнгэ аймаг өрсөлдөх чадварын индекс болон их, дээд сургуулийн элсэлтийн шалгалтын ерөнхий дүнгээр дундаас дээш ахисан түвшний үзүүлэлттэй юм байна. Цаашид амжилтаа илүү урагшлуулах, хүний хөгжлийг дэмжих талд юу хийж байна вэ?

-2021-2022 оны хичээлийн жилд 970 хүүхэд дунд сургууль төгсөж, 1085 хүн элсэлтийн ерөнхий шалгалт өгч их, дээд сургуульд элссэн. Элсэлтийн ерөнхий шалгалтын хэмжээст онооны дундаж өнгөрсөн жил /503.7/-ийнхээс 2.9 хувиар ахисан үзүүлэлттэй байгаа юм. Өнгөрсөн хичээлийн жилд нэг  хичээлээр таван  сурагч 800 оноо авсан бол энэ 2022 онд гурван хичээлээр гурван  сурагч 800 оноо авч, үе тэнгийн сурагчдаа манлайлсан.

Сурагчдыг элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх цахим сорилго, цахим сургалтуудад хамруулан  “Мэргэжлээ хэрхэн сонгох вэ?”, “Мэргэжил сонгоход нөлөөлдөг хүчин зүйлс” гэх мэт зөвлөмжүүдийг  хүргүүлэн, их, дээд сургуулиудтай хамтран ажиллаж, мэдээлэл, танилцуулгуудыг хүргүүлэн, төгсөгчдийг амжилттай сурахад дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

“Сургалтын байгууллага-тоног төхөөрөмж”, “Чадварлаг багш” арга хэмжээг хэрэгжүүлснээр боловсролын салбарын тоног төхөөрөмжийн хангалтыг нэмэг­дүүлэх, боловсон хүчнээр хангах, багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжлийг дэмжих замаар боловсролын үйлчилгээний чанарыг сайжруулах юм. ЕБС-ийн 85.7 хувь,  цэцэрлэгийн 65.9 хувь нь өндөр хурдны интернэтэд холбогдож, багш нар ур чадвараа ахиулах төрөл бүрийн сургалтад 100 хувь хамрагдаад байна.

-Сэлэнгэ  аймагт Монголын ойн нөөцийн 20 хувь бий гэсэн. Хэдэн жилийн өмнө сүйрэхэд дөхөөд байсан Тужийн нарс өнөөдөр битүү шугуй болсон нь сэлэнгэчүүдийн бахархал болов уу?

-Тийм ээ. Аймгийн ойн аж ахуйн хамт олон иргэдийн оролцоотойгоор  2003 оноос эхлэн уйгагүй нөхөн сэргээлт хийж  арчилж тордсоны дүнд өнөөдөр битүү шугуй болж унаган төрхөндөө орсон байгаа. Цаашид Тужийн нарсаа сэлэнгэчүүд улам тэлж ургуулна гэсэн зорилготой.

-Маргааш улс тунхагласны ойн баярын өдөр. Та Сэлэнгэчүүддээ хандаж мэндчилгээ дэвшүүлэх үү?

-Хувьсгалын өлгий нутаг Сэлэнгэчүүддээ улс тунхагласны ойн баярын мэндийг дэвшүүлж  эрүүл энх, аз жаргал, сайн сайхныг хүсэн ерөөе.

Ж.НАМЖИЛ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ Улс тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль х… 6 цагийн өмнө
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” 9 цагийн өмнө
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй 9 цагийн өмнө
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ 9 цагийн өмнө
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” 9 цагийн өмнө
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай 9 цагийн өмнө
SDY Calling you... 9 цагийн өмнө
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… 9 цагийн өмнө
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой 10 цагийн өмнө
Хөгжлийг чөдөрлөх санаачилга 10 цагийн өмнө
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна 10 цагийн өмнө
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22