-Хөвсгөлчүүд МАН-д итгэж байна-
Хөвсгөл аймгийн МАН-ын хорооны дарга Л.Төмөрбаатартай ярилцлаа.
-Хөвсгөл аймагт саяхан багийн Засаг даргыг сонгох сонгууль болж, МАН-аас нэр дэвшигчид ялалт байгуулжээ. Таныг ажлаа хүлээж авснаас хойших анхны сонгууль байх баяр хүргэе.
-Аймгийн МАН-ын хорооны даргын ажлыг авснаас хойш манай аймагт хэд хэдэн сонгууль боллоо. Хөвсгөл аймгийн Тариалан суманд бид нэг суудлаар ялагдсан байсан. Энэ удаад бид ач холбогдол өгч оролцсоноор манай намаас сонгогдсон төлөөлөгч ялалт байгуулж, эдийн засаг, нийгмийн бүс нутаг болох Тариалан суманд МАН бодлогоо хэрэгжүүлэх боломж бүрдсэн. Монгол Улсын хэмжээний хамгийн том сум болох 48 мянган хүн амтай Мөрөн сум 14 багтай. Цар тахал болон бусад шалтгаанаар хойшилсоор саяхан багийн Засаг даргын сонгууль боллоо. Энэ суманд манай нам 11 багт нь ялалт байгуулаад байна. Энэ нь Хөвсгөл аймгийн иргэд,сонгогчид МАН-д итгэсэн хэвээрээ байгааг харуулж байна. Бид намын бодлого шийдвэрээ өргөн олон түмэндээ сурталчлах, иргэдийн саналыг сонсох, намаас хэрэгжүүлж байгаа бодлого, шийдвэрийг төрийн бус байгууллагуудтайгаа хамтарч хэрэгжүүлэхээр цаашид олон арга хэмжээг зохион байгуулна.
-Хөвсгөл аймгийн МАН-ын хороо шинэчилсэн бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Шинэ баг үйл ажиллагаагаа хэрхэн явуулж байна вэ?
-Энэ оны хоёрдугаар сарын 26-нд Хөвсгөл аймгийн МАН-ын хорооны 33 дахь Бага хурал боллоо. МАН-ын Бага хуралд сумдын НАШБ-ын 275 төлөөлөгч сонгогдон оролцсон. Энэ Бага хурлаар Хөвсгөл аймгийн МАН-ын хорооны дарга, зохион байгуулалтын асуудлыг хэлэлцсэн юм. Манай аймгийн МАН-ын хороо Бага хурлын 28 гишүүнтэй. Өнөөдөр Хөвсгөл аймгийн МАН-ын хорооны орон тооны хоёр дэд дарга, орон тооны бус гурван дэд даргатай, 23 тэргүүлэгчтэй. Намын байгууллагын дэргэдэх ахмад, эмэгтэйчүүд, залуучууд, оюутны төрийн бус байгууллагатай хамтар ажилладаг. Манай намын хороо 23 сум, нэг тосгонд намын анхан шатны байгууллага болох намын хороотой, 146 үүртэй, 17348 цахим бүртгэлд бүртгэгдсэн намын гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Хөвсгөл аймаг хүн амын болон малын тоо толгойгоороо Монгол Улсын хэмжээнд хамгийн олонтойд тоологддог. Энэ утгаараа манай аймгийн МАН-ын хороо дунд болон анхан шатандаа өнөр өтгөн болсон байна.
Аймгийн МАН-ын хорооны даргын ажлыг аваад гишүүн төвтэй дэвшилтэт бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 32 арга хэмжээ төлөвлөсөн. Үүнээс эхний ээлжид аймгийн МАН-ын хорооны байрны барилгад их засвар хийж, шинэчиллээ. Намын хорооны байр олон жил их засварт ороогүй, барилгын чанар муудсан байлаа. Мөн туулах чадвар сайтай “Ланд Крузер” маркийн автомашиныг намын хороондоо авлаа.
Бид ажлаа намын гишүүн, дэмжигчидтэй уулзаж, идэвхжүүлэхэд гол анхаарлаа төвлөрүүлж байна. Энэ хүрээнд гурван хэсэг болон зохион байгуулагдаж, 2800 орчим километр зам туулж, давхардсан тоогоор 7800 гишүүн, дэмжигчийг хамруулсан уулзалт хийсэн. Энэ уулзалт өдөрлөг их ач холбогдолтой болсон. МАН-ын Бага хурлын гишүүн, Ц.Цэцэнзориг, Э.Золбоо, Д.Дамдиндорж болон тухайн сумын намын анхан шатны, төрийн бус байгууллагуудтай хамтарч, Хөвсгөл аймгийн 18 сум, нэг тосгонд хүрч ажиллалаа. Бид удахгүй Дархадын дөрвөн сум болон Ханх суманд очиж ажиллахаар бэлтгэл ажлаа хийж байна.
Уулзалтаар нэг суманд урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулахаас гадна гишүүдтэй уулзаж, төр, засгийн бодлого шийдвэрийг сурталчилж, аймгийн намын хорооноос хийж, хэрэгжүүлж байгаа ажлаа танилцууллаа.
-Гишүүд, дэмжигчид ямар санал өрнүүлж байна вэ?
-Намын анхан шатны байгууллагын гишүүд, дэмжигчид уулзалт, арга хэмжээ зохион байгуулж байгаад талархаж байна. “Намын байгууллагууд сонгуулийн үеэр “хаалга тогшдог”, сонгуулийн дараагаар хаяж, мартдаг байсан. Ингээд эргэх холбоотой ажиллаж байгаа нь маш сайн байна” гэдгийг уулзсан намын гишүүн болгон хэлж байна.
Гишүүд намын ажил, амьдралтай холбоотой санал шүүмжлэлийг чөлөөтэй илэрхийлж, идэвхтэй оролцдог болсон нь сайшаалтай. Нам, төрөөс гаргаж байгаа бодлого, шийдвэр дунд, доод шатандаа хэрэгждэггүй. МАН-ын Удирдах зөвлөлөөс бодлогын шинж чанартай шийдвэр гаргаж байгаа ч хөрсөн дээрээ хүрч хэрэгжихгүй байна” гэсэн шүүмжлэл илүүтэй гарлаа.
-Хөвсгөл аймгийн МАН-ын хороо орон нутгийн сонгуульд ялагдаж, сөрөг хүчин болсон. Эрх баригч АН-ын үйл ажиллагаанд хэр шүүмжлэлтэй хандаж байна вэ?
-Хөвсгөл аймгийн МАН-ын хороо тасралтгүй 12 жил буюу гурван бүрэн эрхийн хугацаанд орон нутгийн сонгуульд ялсан байдаг. 2020 оны орон нутгийн сонгуулиар бид 41 мандатаас 18-д нь төлөөлөгч сонгогдож, хүчтэй сөрөг хүчин болсон. 2016-2020 онд Хөвсгөлийн аймгийн эдийн засаг, нийгмийн бүх салбарт ахиц дэвшил гаргаж ажилласан. Хөвсгөл аймгийн Засаг даргын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрийг МАН-ын дэвшүүлсэн бодлого, хөтөлбөрийн хүрээнд 14 дэд хөтөлбөр, 642 зорилго, зорилттой ИТХ нь баталж байлаа. 2020 оны аймгийн ИТХ-д танилцуулахад Засаг даргын мөрийн хөтөлбөр 97.2 хувьтай хэрэгжилттэй, “сайн биелсэн” гэсэн дүгнэлт өгсөн байдаг. Энэ дөрвөн жилд 157 тэрбум 612 сая гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт хийсэн байдаг. Бид ялагдалдаа “Хүнээ зөв сонгож нэр дэвшүүлээгүй, намын гишүүд нэг тойрогт давхардаж нэр дэвшсэн” гэх зэргээс болж цөөнх болсон гэсэн дүгнэлт хийсэн.
Өнөөдөр Хөвсгөл аймагт АН эрх барьж байна. АН-ын эрх барьж байгаа нөхөд Монгол төрийн бодлого, бусад хууль, тогтоомжийг ноцтой зөрчсөн үйлдлийг удаа дараа гаргаж байна. Бид ирэх арванхоёрдугаар сард хуралдах аймгийн ИТХ-ын хуралдаанд энэ асуудлыг хэлэлцүүлнэ.
Тухайлбал, Төрийн албаны болон холбогдох хуулийг уландаа гишгэж, маш олон хүнийг хоморголон халж байна. Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаас эхлээд хуулийн дагуу ажлаа хийж байгаа төрийн албан хаагчдыг халсан. Сонгууль будилаантай болж байна. Тухайлбал, Хатгал тосгоны захирагчийг сонгох сонгууль энэ онд болсон. Энэ үеэр сонгогчийн саналыг цагаан хуудсаар өгүүлсэн, давхардуулж өгсөн, мөнгө тараасан зэрэг зөрчил хууль хяналтын байгууллагаар тогтоогдлоо.
Хөвсгөл аймагт томоохон үйлдвэр, аж ахуйн нэгж байдаггүй. “Бэлтэс мөрөн” ХК-ийн гурван мянга гаруй хохирогчтой, хэдэн зуун тэрбум төгрөгийн хохиролтой залилангийн хэргийг Хөвсгөл аймгийн удирдлагууд зогсоох боломж байсан. Энэ нь хүмүүсийн аж амьдралд сөргөөр нөлөөлсөн нь аймгийн удирдлагуудын хангалтгүй үйл ажиллагаатай холбоотой гэж манай нам үзэж байна.
2022 оны Хөвсгөл аймгийн Статистикийн хэлтсийн мэдээллээс харахад иргэдийн хадгаламж 67.5 тэрбум төгрөгөөр буюу өмнөх онтой харьцуулахад 26.8 хувиар буурсан. Аж ахуйн нэгж, иргэдэд олгож байгаа зээлийн үлдэгдэл 357 тэрбум 312.8 сая төгрөг болгосон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 36.2 хувиар өссөн байна. Энэ хоёр тооноос харахад Хөвсгөл аймгийн удирдлагууд ажлаа хийгээгүй, хариуцлагагүй үйлдлээс болж хөвсгөлчүүд ямар их хохирч вэ гэдгийг харуулсан статистик тоо гэж бид үзсэн.
МАН эрх барьж байхдаа Хөвсгөл аймгийг уул уурхайгүй аймаг болгохоор ИТХ-ын шийдвэрийг гаргаж байлаа. Гэтэл одоо Могойн голын нүүрсийг Булган хүртэлх замаар өвөлжин зөөж байна. Бид хүчтэй сөрөг хүчний хувьд дуу хоолойгоо хүргэж, эрх баригчдыг шахаж ажиллаж байгаа юм. Цаашдаа ч ажиллана.
-МАН-ын 30 дахь Их хурлаар дэвшүүлсэн бодлого, шийдвэрийг хэрхэн хэрэгжүүлж байна вэ?
-МАН-ын 30 дахь Их хурал өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Улаанбаатар хотод хуралдсан. Энэ Их хурлаараа социал демократ үзэл баримтлалаа тодотгосон. МАН /тухайн үеийн МАХН/ XX зуунд Монгол Улсын тусгаар тогтнолыг баталгаажуулсан улс төрийн ууган хүчин. Харин 30 дахь Их хурлаараа Шинэ зуун-дэвшилтэт бодлогоо баталж, нээлттэй, гишүүн төвтэй, цахим нам болохоо зарласан. МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар Шинэ сэргэлтийн бодлогоо хэрэгжүүлж байгаагаараа XXI зуунд Монгол Улсын эдийн засгийн тусгаар тогтнолын баталгааг хангахаар ажиллаж байна гэж боддог.
Цахим нам хөтөлбөрийн хүрээнд бид Хөвсгөл аймгийн МАН-ын хорооноос үүрүүддээ сургалт зохион байгуулж байна. НАШБ, үүр, хорооны дарга нарт хугацаатай даалгавар өгч, үр дүнг дүгнэнэ. Орон нутгийн намын гишүүдэд хүн төвтэй нам байхыг зорьж байна. Бид 17300 намын гишүүндээ хүрч үйлчлэх, цаашлаад дэмжигчдийнхээ хүрээг тэлж ажиллах томоохон зорилго тавьж байна. Намын ажил бол хүнтэй л ажиллах арга барил. Мөн МАН-ын дүрэм шинэчлэгдсэн. Бид намын дүрмээ гишүүддээ сурталчилж, дүрмийн хүрээндээ ажиллах зарчим барьж байна.
-Та Хөвсгөл аймгийн МАН-ын хорооны даргын ажлыг хүлээж аваад удаагүй байна. Намын гишүүн байх, өөрөө удирдаад явахад хэр ялгаатай байна вэ?
-Би социализмын үед 18 настайдаа намын орлогч гишүүн болоод, 20 настайдаа МАН-д элсэж байлаа. Түүнээс хойш намын сонгуульт ажлыг тогтмол хийсэн. Аймгийн МАН-ын хорооны тэргүүлэгч байх, МАН-ын хорооны дарга байх хоёр хоорондоо ялгаатай. Тухайлбал, бүх ачаа нуруун дээр ирдэг юм байна. Аймгийн МАН-ын хорооны гишүүд, боловсон хүчний томилгоон дээр анхаарах хэрэгтэй. Намын амьдралд оролцоогүй хүн гэнэт даргаар томилогдоод ирж болохгүй. УИХ-ын гишүүн, сайдын зөвлөх хийж байгаад даргаар томилогдоод ирэхэд намд зүтгэж байгаа гишүүд гайхаж, шүүмжилнэ. Хамгийн гол нь УИХ-аас эхлээд аймаг, сум, багийн түвшинд хүнийг зөв сонгох хэрэгтэй.
-Ирэх онд танай намын хороо ямар зорилт дэвшүүлэн ажиллах вэ?
-2023 онд бид намын үүрүүдтэйгээ тулж ажиллана. Намын бодлого шийдвэрээ сурталчлахаас гадна урлаг, спортын арга хэмжээ зохион байгуулж, гишүүдийнхээ саналыг сонсож, харилцан ойлголцож ажиллана. Бид 17300 гаруй гишүүддээ уулзалтын урилга хүргүүлсэн. Урилга хүлээж авсан ч ирж амжаагүй гишүүд баярласнаа илэрхийлсэн. Намын гишүүддээ социал демократ үзэл баримтлалыг ойлгуулж, хүнтэйгээ, гишүүдтэйгээ тулж ажиллахыг зорьж байна.
Н.Энхлэн
Эх сурвалж: Монголын үнэн сонин №046/24527/