ЦЕГ-ын Нийтийн хэв журам сахиулах хэлтсийн дарга П.Эрдэнэбат ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хуралд оролцож мэдээлэл өглөө.
Тэрбээр “Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх бүх талын ажлыг холбогдох байгууллагууд хамтран хэрэгжүүлж байна. Энэ арга хэмжээний явцад халдварын тохиолдол бүртгэгдсэн.
Нэгдүгээр сарын 9-нөөс хойш Монгол Улсад нийт 934 хүнийг ажиглалтад авч, 264 сэжигтэй хүнийг тусгаарлан шинжилгээнд хамруулан хяналт тавин ажилласан байна. Сэжигтэй тохиолдол гэж үзсэн хүмүүстэй ойрын хавьтал болсон хүмүүсийг олж тогтоох ажил ихээхэн хөрөнгө хүч шаардаж байгаа боловч зайлшгүй шуурхай авч хэрэгжүүлэх шаардлагатай гэдэг нь нотлогдож байна.
Тухайлбал, Халдвар авсан зөвхөн нэг хүн буюу Францын иргэнтэй дам байдлаар харилцаанд орсон иргэдийг урьдчилсан байдлаар тогтооход 300 гаруй хүн болж байна.
Нэгдүгээрт, гадаадын мэргэжилтнүүдийг авч ажиллуулдаг компаниуд эх орондоо буцаад ирсэн ажилтнуудаа холбогдох мэргэжлийн байгууллагаас өгсөн зөвлөмжийн дагуу тусгаарлах, бусадтай харилцаанд орохгүй байх нөхцөл боломжоор хангаж нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх хэрэгтэй байна.
Хоёрдугаарт, Аялал жуулчлалын шугамаар ирж байгаа гадаадын иргэд, тэдний байрлаж байгаа зочид буудлуудын ажилтан, албан хаагчдын эрүүл мэндийг хамгаалах, гадаадын иргэдийг асуумжид заасан зөвлөмжийн дагуу тусгаарлах холбогдох эрүүл мэндийн байгууллагаас зөвлөгөө тусламж авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Хүнсний бүтээгдэхүүн болон шатахууны хомсдолд орох асуудал байхгүй. Тиймээс бөөгнөрөл үүсгэхгүй байхыг анхааруулж байна” гэлээ.