“Солгой гар”-аар орсон соёлын өвийн суурин дээр шинэ цэцэрлэг сүндэрлэлээ


Монгол Улсын соёлын өвийн тоо нэгээр хасагдсан ч эх орны ирээдүй болсон хүүхэд багачуудыг сурган хүмүүжүүлэх цэцэрлэгийн тоо нэмэгдлээ.  Энэ нь гарцаагүй сайн мэдээ хэдий ч  Монгол Улс соёлын өвөө “солгой гар”-аар  оруулж алдсаар байгааг анхааруулах,   эргэн сануулах,  үүх түүх, өв уламжлалаа үр хойчдоо өвлүүлэн үлдээх үүргээ хэн  боловч мартах учиргүйг сануулах үүднээс энэхүү нийтлэлийг бичиж буйг зориуд тодотгоё.  Монгол Улс соёлын өв, тэр дундаа түүх дурсгалын үнэт бүтээлүүдээ хэрхэн хамгаалдаг, эзэн болж чаддаг эсэхэд хариулт нэхэх, цаасан дээр хамгаалалтад авсан ч бодит байдал дээр юу ч хийж чадаагүйдээ дүгнэлт хийн, сургамж аваасай гэдэг үүднээс “Монголын үнэн” сонин энэ сэдвийг цувралаар бичсээр өдийг хүрсэн билээ. Түүнчлэн Чингэлтэй дүүргийн   V хорооны иргэн С.Санжааваанчигийн зүгээс энэ асуудлыг 10 гаруй жилийн турш уйгагүй хөөцөлдөж, шүүх цагдаагаар  хэдэнтээ орсны эцэст ийнхүү шинэ цэцэрлэг  үүд хаалгаа нээхэд бэлэн болоод байгааг сануулах нь зүйтэй болов уу.

Тэгвэл Монгол Улс ямар соёлын өвөө, хэрхэн алдсан  бэ. Энэ тухайд зарим мэдээллийг эргэн сануулъя. Товчхондоо,  1920-2011 оны долдугаар сар хүртэл одоогийн  Үлэг гүрвэлийн музейн чанх ард  улаан хүрэн өнгийн,  хоёр давхар модон байшин байсныг “Бамбар инж” компанийнхан  2011 оны долдугаар сарын 13-14-нд шилжих шөнө  буюу улсын баяр наадмаар устгаж, үгүй хийсэн байдаг.  Гэтэл энэ нь Монгол Улсын бүтэн зууны түүхийг агуулсан, соёлын өв төдийгүй нийслэлийн хамгаалалт бүхий барилга байлаа.  Тэр дундаа Монгол Улсын тусгаар тогтнолын түүхийн нэг хэсэг болсон Зүүн хүрээний нууц бүлгэм 1920-оод онд  уг байшинд байрлаж байсан бөгөөд 1907 онд Копытов гэгч “Орос худалдаачны төв” нэртэйгээр тухайн байшинг бариулсан гэдэг.  Ардын хувьсгалын анхны долоо буюу Д.Сүхбаатар, Х.Чойбалсан, Д.Бодоо, С.Данзан, Д.Чагдаржав, Д.Догсом, Д.Лосол тэргүүтэй Зүүн хүрээний нууц бүлгэмийн гишүүд Монгол Улсын эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөөх анхны үйл хэргээ эхлүүлсэн,  түүхийн гэрч болсон  сууц гэдэг утгаар нь уг байшинг 1950 оноос Ленин клубийн музейн мэдэлд шилжүүлж, 1971 оны арванхоёрдугаар сарын 28-нд намын Төв хорооны 420 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын хамгаалалтад авсан байдаг.  Дүнзээр зааж барьсан, цонх, хаалгандаа орос маягийн гоёлтой, дээврийн доод  ирмэгийг модон хажаар чимэглэсэн уг байшинг тухайн үед “Чёртын ногоон” хэмээн нэрийддэг байж.  Учир нь худалдаачин Копытов монголчуудын авчирсан ноос, ноолуур болон арьс, ширэн эдлэлийг голж шилэн “чёрт” хэмээн чулуудчихаад хямдхан авдаг байснаас ийнхүү нэрлэсэн гэдэг. 


Ингэснээр нийслэлийн  тусгай хамгаалалттай соёлын өвийн тоо 11 болсон бол “Бамбар инж”-ийнхний балгаар өдгөө 10 болсон.  Хамгийн харамсалтай нь өөрсдийгөө ардчиллын анхдагчид  хэмээн нэрийдсээр ирсэн Э.Бат-Үүл, нийтлэлч Б.Батбаяр буюу Баабар нар бүлэглэн хуйвалдсанаар Зүүн хүрээний нууц бүлгэмийн байшингийн газрыг  гаднынханд зарж, улмаар газрын хөрстэй тэгшилсэн байдаг.  “Соёлын өвийн хулгай бол тухайн ард түмний түүхийн эсрэг гэмт хэрэг” гэдэг үгийг  дээрх “баатар”-уудад зориулаад  хэлэхэд хэрэг хуучирдаггүйг   сануулахад илүүдэхгүй болов уу.

Тэдний соёлын өвийн хулгай хэрхэн өрнөв. Нийтлэлч Б.Баабарын төрсөн дүү Б.Энхбаярын “Бамбар инж” компани 2006 оны арванхоёрдугаар сарын 28-наас Зүүн хүрээний нууц бүлгэмийн байрлаж байсан байшин бүхий газрыг 10 жилийн хугацаатайгаар түрээслэх зөвшөөрөл авсан байдаг. Гэтэл үүнээс  ердөө жилийн дараа буюу 2007 онд  нийслэлийн Барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газраас давхар барилга барих зөвшөөрөл авсан нь  соёлын өвийг устгах ажиллагааны эхлэл болсон гэхэд болно.  Учир нь тэдний энэ үйлдэл нь   “...Түүх соёлын дурсгалт барилга байгууламж бүхий газар нутаг болон тусгай хамгаалалтай бүсэд барилга барихыг хориглоно...” гэсэн хуулийн заалтыг илтэд  зөрчсөн   үйлдэл болсон юм.  Ингээд ч зогсохгүй 2011 оны  нэгдүгээр сарын 6-нд иргэн М.Ундраад  уг газрыг сая ам.доллароор зарснаар  Монгол Улсын соёлын өв солонгосчуудын мэдэлд шилжих нөхцөлийг бүрдүүлжээ. Өөрөөр хэлбэл, М.Ундраа Зүүн хүрээний нууц бүлгэмийн  байрлаж байсан байшин бүхий газрыг 2013 оны арванхоёрдугаар сарын 6-нд  БНСУ-ын иргэн Ви Сонг Хуаны мэдэлд шилжүүлж орхисон.    Ийнхүү соёлын өвийн газрыг зориулалтын бусаар ашигласан, бусдад худалдсан, улмаар устгаж үгүй хийсэн гэх үндэслэлээр Чингэлтэй дүүргийн V хорооны иргэн С.Санжааваанчиг 2014 оны  тавдугаар сарын 19-нд нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаснаар ялалт байгуулж байв. Тухайн үед нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байсан Э.Бат-Үүл Б.Баабарын балгийг өмөөрч, С.Санжааваанчигийн эсрэг анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн гомдол гаргаж байсан нь  ардчиллаар овоглодог түүний намтарт хараар бичигдэх түүх болон үлдсэнийг энд онцолъё. Эцсийн дүндээ Улсын Дээд шүүхээс иргэн С.Санжааваанчигийн талд  шийдвэр гаргаснаар цэцэрлэгийн насны 500-гаад хүүхэдтэй ч ганц  цэцэрлэггүй байсан Чингэлтэй дүүргийн  V хороонд шинэхэн цэцэрлэг сүндэрлэх боломж бүрдсэн билээ.  Цэцэрлэгийн барилгын ажлыг өнгөрсөн жил эхлүүлсэн бөгөөд гүйцэтгэгчээр “Хөх хайрхан трейд” компани ажиллаж  байгаа  юм.   200 ортой хүүхдийн цэцэрлэгийг ирэх сарын эхээр ашиглалтад хүлээлгэн өгөхөд  үндсэндээ бэлэн болжээ.   Эх орныхоо үүх түүхийн нэг хэсгийг  худалдсан хэсэг бүлгийн эсрэг арав гаруй жил зүтгэж байж, өөрийн амьдардаг хороог шинэхэн цэцэрлэгтэй болгосон С.Санжааваанчиг гуай одоо  анхны долоогийн үйл хэргээ эхлүүлсэн  газарт Д.Сүхбаатарын нэрэмжит музей байгуулах хүсэлтэй байгаа аж. Энэ тухайд тэрбээр ийнхүү ярилаа.

 С.Санжааваанчиг: МАН-ын гал голомт болсон соёлын өвийн газрыг хамгаалж  үлдэж чадлаа

“Миний хувьд энэ асуудлаар 12 жил тасралтгүй  хөөцөлдөж явлаа. Энэ хугацаанд МАН-ын гал голомт болох түүх соёлын өвийн газрыг БНСУ-ын иргэний мэдэлд шилжүүлсэн байсныг буцаан авч чадсан. Ингэснээр улсын төсвийн 2.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 200 хүүхдийн ортой цэцэрлэг  бариулах шийдвэрийг гаргуулж чадсан.  Энэ цэцэрлэгийн барилгын ажил дуусах шатандаа орсон, тун удахгүй ашиглалтад орох гэж байна. Миний хувьд энэ хугацаанд   маш олон саад бэрхшээл, асуудалтай тулгарсан. Цэцэрлэг баригдах хүртэл энэ газарт эзэн суух гэсэн хүмүүсийн санаархал байсаар л байсан. Өнгөрсөн хугацаанд соёлын өвийн байшингаа нураалгасан ч газрыг нь харийнханд алдчихалгүй авч  үлдэхэд “Монголын үнэн” сониныхон  хань болж, иргэдэд үнэн зөв мэдээ, мэдээллийг хүргэх, шийдвэр гаргах түвшний хүмүүсийн  анхаарлыг хандуулж, зөв шийдвэр гаргуулахад гар бие оролцон зүтгэснийг онцлох нь зүйтэй байх аа. Дээр нь МАН-ын Хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан, хурандаа Д.Мөрөнд мөн талархал илэрхийлье.   Мөн миний өмгөөлөгч М.Энхбаяр бид хоёр таван жил шүүхээр тасралтгүй явсны эцэст цэцэрлэг бариулах хүсэлтээ нийслэлийн Газрын албанд гаргасны  дагуу өнөөдөр манай хороо  цэцэрлэгтэй болох гэж байна. Хэдий  шийдвэр бидний хүссэний дагуу гарсан ч Монгол Улс соёлын өвийн байшингаа үгүй хийлгэсэн. Энэ “ажлыг” “Бамбар инж” компанийн эзэн,  нийтлэлч  Б.Баабар,  түүний төрсөн дүү Б.Энхбаяр  нар гардан гүйцэтгэж,  Солонгосчуудад зарсан  байдаг.   Хууль, шүүхийн холбогдох материалыг нь баталгаа болгож  өөртөө хадгалсан байгаа. Б.Баабараас Монгол Улсын тусгай хамгаалалалтын газрыг худалдаж авсан Солонгосчууд  доороо хоёр  давхар гарааштай, 18 давхар оффис, орон сууцны барилга  барих гэж байсан. Тэр бүү хэл, энэ барилгаасаа хүссэн  давхартаа гурван өрөө байр аваад шүүхээс өргөдлөө татаач гэдэг саналыг хүртэл хүнээр дамжуулан тавьж, авлига өгөхийг  завдсан. “Шүүхийнхээ шийдвэрийг харна” гэдэг хариулт өгснөөр өнөөдөр манай хороо шинэ цэцэрлэгтэй болж байгаад баяртай байна.  Гэхдээ  бид нэгэнт соёлын өвөө хамгаалж чадаагүй ч гэсэн энэ газарт Д.Сүхбаатарт зориулсан музей байгуулчихаж болмоор санагдаад байгаа юм. Ингэж гэмээнэ анхны долоогийн үйл хэргээ эхлүүлж байсан байшин гэдэг утгаараа МАН-ын түүх болон үлдэх юм даа.  Төр, засгийн удирдлагууд, эрх бүхий хүмүүст, Соёлын сайдад хандаж хэлэхэд манай улсад соёлын өвийг хамгаалах хууль хангалттай байна. Гагцхүү хэрэгжилт маш муу байна. Жишээлбэл, Богд хааны ордон музейн  газрыг  эрх мэдэл бүхий хүн хувьдаа шилжүүлсэн байна гэдэг мэдээллийг С.Оюун сайдаар ажиллаж байхдаа ярьж байсан. Энэ асуудлыг заавал шалгаж, судалж үзэх шаардлагатай.  Тиймээс холбогдох хүмүүс анхаарлаа хандуулж, сэтгэлтэй ажиллахгүй  бол бид соёлын өвөө, өнгөрсөн түүхийн гэрчээ нэг нэгээр нь алдаад дуусахаар байна шүү гэдгийг сануулъя” гэлээ.

М.ӨНӨРЖАРГАЛ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 19 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 22 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 22 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 22 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 22 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 23 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… Өчигдөр
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… Өчигдөр
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав Өчигдөр
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… Өчигдөр
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… Өчигдөр
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа Өчигдөр
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… Өчигдөр
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… Өчигдөр
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… Өчигдөр
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… Өчигдөр
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа Өчигдөр
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа Өчигдөр
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн Өчигдөр
Улаанбаатарт 3 хэм дулаан байна Өчигдөр