Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Залуучуудын хөгжлийн газрын дарга О.Сэлэнгэтэй ярилцлаа.
-Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас залуучуудад чиглэсэн ямар ажил зохион байгуулж байна вэ?
-Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Энэхүү хуульд Зорилтот бүлгийн залуучууд гэх бүлэг бий. Уг бүлэгт амьдрах хэвийн орчин алдагдсан залуучуудад хөгжлийн үйлчилгээ үзүүлэхээр заасан байдаг. Залуучуудад зориулсан тэдгээр үйлчилгээний нэг нь залуусыг хорт зуршлаас ангижрахад дэмжлэг үзүүлэх асуудал юм. Энэ хүрээнд манай байгууллагаас “Хорт зуршилгүй залуу”, “Согтуу Монголоос саруул Монгол” зэрэг ажлыг зохион байгуулж, хамтран ажиллаж байна.
-Залууст зориулан хийж буй ажлынхаа талаар дэлгэрүүлэн яриач. Тухайлбал, тэднийг хорт зуршлаас гаргах, урьдчилан сэргийлэхэд хэрхэн анхаарч байна вэ?
-Хорт зуршлаасаа салах зорилготой залууст зориулан цахим пэйжийг ажиллуулж байна. “Хорт зуршилгүй залуу” пэйжийг Наркалогийн эмнэлэгтэй хамтран ажил хэрэг болгож байгаа юм. Энэ пэйжид архи, тамхинаас гарах хүсэлтэй залуус холбогдож, эсвэл 18001893 дугаарт залгаж үнэ төлбөргүй зөвлөгөө, зөвлөмж авч болно. Мөн хорт зуршлаас гарч, эрүүл амьдрах хүсэлтэй залуус шаардлагатай тохиолдолд эрүүл мэндийн даатгалаараа 14 хоног хүртэл хэвтэн эмчлүүлэх боломжтой. Түүнчлэн залуусыг хорт зуршлаас урьдчилан сэргийлэхэд чиглэсэн нөлөөллийн ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна.
-Зуршил бол хүний дадал болсон зүйл. Тэгэхээр эхэн үед нь арга хэмжээ авбал ангижрах боломжтой гэж бодож байна?
-Хорт зуршилгүй амьдралын хэв маягийг бий болгохын тулд улс орон бүр анхаарлаа хандуулж байна. Үүнд тухайн орны хууль, эрх зүйн онцлог чухал үүрэгтэй. Тэгэхээр хамгийн түрүүнд хүүхдийнхээ хажууд хорт зуршлын шинжтэй үйлдлээ хязгаарлах хэрэгтэй. Хүүхэд хүрээлэн буй орчноосоо амьдралын боловсрол, дадалтай болдог. Тиймээс эцэг, эхчүүдийг орон гэрээ хорт зуршилгүй болгоход анхаарал хандуулаарай гэж уриалж байна. Энэ хүрээнд бид сургалт нөлөөллийн ажлыг зохион байгуулж байгаа юм. Ялангуяа хорт зуршлаас гарахаар хичээж байгаа залууст хэвтэн эмчлүүлэх, сургалт хийх явцад туслалцаа, дэмжлэг үзүүлж байна. Хорт зуршилд автсан залуусыг анзаарахад бусдыг даган дуурайсан байдаг нь ажиглагдсан. Хүүхдүүдийн хувьд аав, ээж нь ямар ч үйлдэл хийсэн тэдний баатрууд байдаг. Тиймээс гэр бүлийн гишүүд ирээдүйдээ буруу үлгэр дуурайл болохгүйн тулд хүүхдийнхээ дэргэд тамхи татах, согтууруулах ундаа хэрэглэхгүй байхыг чухалчлах хэрэгтэй.
-Нөлөөллийн аяныг оюутан залуусаас эхлүүлбэл үр дүнтэй. Танай байгууллагаас оюутнуудад зориулан ямар ажил хийсэн бэ?
-Оюутан залууст зориулан сургалт хийсэн. “Эрүүл оюутан-эерэг хандлага” аяны хүрээнд нөлөөллийн ажлуудыг зохион байгууллаа. Мөн Эрүүл мэндийн яамтай хамтарсан ажил цөөнгүй бий. Бас нэг зүйлийг тодотгон хэлэхэд, хорт зуршилгүй аймаг, сум, дүүрэг, хороотой болох ажлуудыг хувь хүнд чиглэсэн байдлаар хийж байна. Санаачилсан ажлууд эхнээсээ үр дүнгээ өгч байгаа. Хорт зуршилтай залууст зоригтой шийдвэр гаргахад нөлөөлөх хүчин зүйл хэрэгтэй байдаг. Саяхан бид хэдэн залуустай уулзсан. Хорт зуршлаас гарахад нь тэдэнд зөвлөж, хамгийн гол нь ирээдүйн хүүхдийнхээ төлөө шийдвэртэй алхам хийхийг хүссэн. Гэхдээ хорт зуршлаас шууд гарах бус тодорхой хугацаанд зорилго тавьж үр дүнд хүрэх боломжтойг ойлгуулсан. Үүний үр дүн ч эхнээсээ гарч байна. Эндээс юу ажигласан бэ гэхээр, тухайн хүн хорт зуршлаас ангижрахын тулд эмийн эмчилгээнээс гадна тухайн хүний зоригтой шийдвэр нөлөөлдгийг ойлгосон. Тиймээс энэ чиглэлээр 21 аймаг, есөн дүүргийн Залуучуудын хөгжлийн төвд 12 модуль сургалтаар дамжуулан мэдээлэл өгч байна. Хорт зуршлаас болоод хорих ял эдэлж байгаа залуусыг ч энэ сургалтууддаа хамруулж байна. Ер нь энэ асуудалд цогцоор хандах ёстой гэдэг шийдэлд хүрсэн. Жишээ нь, гэр бүлийн орчныг сайжруулах чиглэлд хүртэл дэмжлэг хэрэгтэй байдаг. Бас хорт зуршлаас гарсны дараа тухайн хүний хөдөлмөр эрхлэх боломжийг хангах хэрэгтэй. Ингэж цогц байдлаар энэ асуудалтай тэмцэхгүй бол тухайн хүнд соён гэгээрүүлэх чиглэлээр сургалт орж эсвэл ямар нэг агуулгын байдлаар дэмжээд амжилтад хүрэхгүй юм байна гэж бид харж байгаа.
-Залуусын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр шийдвэртэй ямар алхам хийв?
-Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрынхан болон бизнесийн байгууллагуудыг уриалан ажилдаа татан оролцуулж байна. Бас тэдэнтэй бүтээлч уулзалтууд төлөвлөж ажилладаг. Жишээ нь, бид зарим аж ахуйн нэгжид тухайн ажилтантай таваас арван жилийн хамтын ажиллагааны гэрээ байгуулж ипотекийн зээлд хамрагдах нөхцөлийг бүрдүүлэх боломжийг ярилцсан. Мэдээж үүний тулд тухайн ажилтан тогтвортой ажиллах бас хорт зуршлаас гарах нөхцөлтэйгөөр гэрээ байгуулна гэсэн үг. Ингэснээр байгууллага тогтвор суурьшилтай ажилтантай болохоос гадна нэг хүнийхээ амьдрах орчныг өөрчилж хорт зуршлаас гаргах, урьдчилан сэргийлэх боломжийг бүрдүүлж байгаа хэрэг юм. Бидний энэ уриалгыг зарим байгууллага дэмжин хүлээн авч байна. Гаднын улсад жишээлбэл, Япон улсад тамхи татдаг хүн цахилгаан шатанд суух ёсгүй. Харин ажилтан нь тамхинаас гарч чадсан тохиолдолд цалингийн арваас хорин хувийн нэмэгдэл олгоно гэсэн байдаг. Яагаад гэвэл, тухайн хүн өөрийгөө ялж, хорт зуршлаас ангижирч чадсаныг үнэлж дүгнэж байна шүү дээ. Ингэж байгууллага, хамт олон, хүн бүр хорт зуршилтай тэмцсэн цагт тэр асуудал нийгмийн хувьд нэг талдаа гардаг юм байна. Тэгэхээр хорт зуршилтай тэмцэх асуудал ганцхан цагдаагийн байгууллага, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын ажил биш. Иргэн бүр эрүүл урт наслах, үр хүүхдээ хорт зуршилгүй орчинд байлгахад таны үүрэг маш чухал гэдгийг ойлгож ухаарах ёстой юм.
-Албадан эмчилгээнд хамрагдаж байгаа бүлэгт чиглэсэн ажлыг эхлүүлсэн. Хэр үр дүнтэй байгаа талаараа мэдээлэл өгөөч?
-Албадан эмчилгээнд хамрагдсан залууст хорт зуршлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр дорвитой алхам хийхээр зориглосон. Өмнө нь албадан эмчилгээнд очоод эрүүл мэндийн үйлчилгээ, ёс зүйн чиглэлээр сургалт авдаг байсан. Гэхдээ яагаад залуус тэнд очоод ямар нэгэн байдлаар ур чадвараа дээшлүүлж болохгүй гэж. Учир нь, тэнд тухайн хүний 14 хоногийн амьдрал өнгөрч байгаа шүү дээ. Тиймээс нэг ч болов шинэ зүйл сурч ур чадвараа ахиулаг гэдэг үүднээс таван ширхэг нөүтбүүкийг албадан эмчилгээний газарт өгсөн. Энд компьютерын сургалтаар дамжуулан хорт зуршлын үр дагаврын талаар контентыг үзүүлэх, 1000 гаруй цахим сангаас хүссэн номоо унших, бас арван хурууны бичээчийн сургалтад хамруулах болон бусад ур чадварыг олгох боломжтой гэдэг санаачилгыг залуус гаргасан. Үүнийг дэмжих бүлэг ажиллуулж байгаа хүмүүстэйгээ хамтраад хэрэгжүүлж байна. Амьдралд хүндрэлтэй, бэрхшээлтэй зүйл тулгарахад хорт зуршлаар бус өөрийгөө хөгжүүлэх замаар бухимдлаа тайлдаг, сэтгэлийн хямралаа даван туулдаг. Энэ чиглэлээр сэтгэл зүйчид зөвлөдөг юм билээ.
-Энэ цагт хамгийн шаардлагатай мэргэжилтэн бол сэтгэлзүйчид. Тэд эмийн бус эмчилгээгээр хүнийг буруу дадлаас салгах ур чадвартай гэж бодож байна?
-Сэтгэлзүйчтэй байснаар асуудлыг бүрэн шийдвэрлэж чадахгүй гэдгийг бид ойлгох хэрэгтэй. Яагаад гэвэл тухайн хүний орчин тогтвортой нөлөөлөлд хэвээр байдаг. Жишээбэл, архины хамааралтай хүн хорт зуршлаасаа гарахаар шийдээд ирдэг ч өөр нэг хамааралтай хүн гэрт нь байдаг бол зөрчилдөөн, хямралын шалтгаан болно. Энэ асуудлыг шийдэхийн тулд тухайн хүнийг хорт зуршлаас гарч эрүүл дадал хэвшилтэй болтол нь урт хугацааны нөлөөллийн ажил хийх нь чухал юм байна. Ямар ч хүнд сэтгэлийн хямрал, эрсдэл тулгардаг. Энэ үед л түүнийгээ даван туулах эрсдэлийг өөртөө ээлтэйгээр шийдвэрлэх чадвар дадалтай болгож сургах нь, тэр дундаа оюутан байхаас нь эхэлж сургах нь маш чухал.
-Танай байгууллагаас өрнүүлж буй зарим аяны талаар тодруулъя. Тухайлбал, “Согтуу Монголоос саруул Монгол” аянд одоогоор хэдэн хүнийг хамруулаад байна вэ?
-Энэхүү аяныг бид дэмжин ажилладаг. Өнгөрсөн жил “Хорт зуршилгүй залуу” нэрээр энэ аяныг өрнүүлсэн. Энэ удаагийн аянд 23 хүнийг хамруулан хамтран ажиллаж байна. Бид хорт зуршилтай залуустай ажиллахаас гадна урьдчилан сэргийлэх чиглэлээр ажилладаг. Тэднийг амьдралын эрүүл дадал хэвшилтэй болгох сургалтуудыг зохион байгуулснаараа онцлогтой. Түүнээс гадна орон нутаг, тухайлбал, Орхон, Дархан-Уул аймгийнхан хорт зуршлаас татгалзах, сэргийлэх хүрээнд ямар ч дэлгүүрт орсон согтууруулах ундаа болон тамхийг нийтэд харагдуулахгүй байдлаар байршуулъя гэдэг санал гаргасан. Өөрөөр хэлбэл, зөвхөн тэдгээрийг авах хүн л худалдагчид хандаад авдаг байя гэсэн байдлаар ажил хэрэг болгоод явж байна.
-Цахим донтолт, эрүүл мэндэд хор хөнөөлтэй зуршилд багтана. Энэ чиглэлд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас ямар ажил өрнүүлж байна?
-Цахим орчны донтолтын талаар ч бид ярих хэрэгтэй. Өдөрт олон цагийг цахим орчинд зарцуулснаас болоод хараа, сонсголын бэрхшээлтэй болохвий гэсэн болгоомжлол нийгэмд байна. Өнөөдрийн нөхцөл байдалтай уялдуулаад хэлэхэд залуус интернэтийг зөв зохистой хэрэглэх заавар хүртэл байдаг. Энэ тал дээр бид мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллаж байна. Эцэг, эхчүүд бага насны хүүхдээ уйлахад нь аргадах гэж гар утас өгдөг. Энэ бол хүүхдээ амьдралын буруу хэвшил рүү түлхэн оруулж буй хэлбэр юм. Хорт зуршил зөвхөн архи, тамхиар хязгаарлагдахгүй. Тиймээс хорт зуршлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр далайцтай, бодит ажил хийх нь чухал болоод байна. Манай Залуучуудын хөгжлийн төв болгон жилд хоёроос гурван залуугийн амьдралын чанарыг дээшлүүлэх зорилт тавиад ажилладаг.
-Өнгөрсөн жилүүдийн сайн туршлагаасаа манай уншигчидтай хуваалцаж болох уу?
-Автомашин засварын газарт засварчнаар ажиллаж байсан залуугийн талаар ярья. Тэр залуу манай Залуучуудын хөгжлийн төвөөс зохион байгуулсан сургалтад хамрагдаж, өөртөө зорилго тавьснаар сарын гурван сая төгрөгийн орлоготой болсон. Яасан бэ гэхээр, тэр залууд манай мэргэжилтнүүд ур чадварын үнэлгээ хийсэн. Тэрбээр автомашин оношлох хүсэлтэйг нь мэдээд 700 мянган төгрөгийн төлбөртэй мэргэжлийн сургалтад хамруулсан. Дараа нь 1.7 сая төгрөгөөр автомашин оношлох төхөөрөмж авч өгснөөр бүтээмж, орлого нь нэмэгдсэн. Хувь хүн ур чадвараа хөгжүүлж ахиц дэвшил гарвал өөрчлөгдөж болдгийг тэр залуу бодитоор харуулсан.
-Эдгээр ажлыг цаашид үргэлжлүүлэх үү. Ямар төлөвлөгөө гарган ажиллаж байна вэ?
-Байнгын ажил болгохоор зорьж байна. Тэр дундаа Залуучуудын хөгжлийг дэмжих хуулийн хүрээнд манай төвүүд ажилладаг. Бид залуустай хамтран ажиллаж тэднийг дэмжиж зөвлөгөө өгч байна.
Дээр дурдсан аяны хүрээнд бүх хороо, сумын Засаг дарга нар залуучуудад зориулсан хөтөлбөр төлөвлөгөөтэй болох нь чухал. Залуусыг хэрхэн хөгжүүлэх вэ, тэдэнд зориулсан хорт зуршилгүй, ээлтэй ямар үйлчилгээ, шийдвэрийг гаргах вэ гэдэгт анхаарлаа хандуулах шаардлагатай байна.
-Аймаг, дүүргүүдэд ажиллаж байгаа Залуучуудын хөгжлийн төвийн мэргэжилтнүүдээс ямар санал санаачилга ирж байна вэ. Тэдгээрээс хэрэгжүүлэх боломжтойг нь нэрлэвэл?
-Хувь хүний нууц учраас тэр болгоныг ярих боломжгүй. Эсвэл “Тийм хүнд тусаллаа” гэж хэлж болохгүй. Гэхдээ ерөнхийд нь харахад гэр бүл салалттай холбоотой асуудлууд бидний санааг зовоож байна. 108-ын түр хамгаалах байранд хүчирхийлэлд өртсөн хүмүүс ирдэг. Тэдгээрийн 75 хувь нь архины хамаарлаас мөн гэр бүлийн хүчирхийллийн тоо нэмэгдэх шалтгаан болж байна. Тиймээс бид 2022 оноос эхлэн цэргийн анги, их дээд сургуулийн оюутнуудад зориулан гэр бүлийн боловсрол олгох ажлыг эхлүүлээд байна. Энэ нь гэр бүлийн хүчирхийлэл, салалтын тоог багасгахад тодорхой хэмжээнд нөлөөлнө гэж харж байгаа юм.
Б.СИЙЛЭН